“Guerilla” маркетинг буюу партизаны маркетинг
2013, 3 сарын 19. 12:030
Guerrilla маркетинг буюу партизаны маркетинг гэдэг нь зар сурталчилгааны нэгэн төрлийн стратеги бөгөөд бага зардлаар өндөр бүтээмжтэй ажиллах маркетингийн уламжлалт бус арга хэлбэр юм.

Энэхүү маркетингийн шинэлэг аргыг 1984 онд ЖейКонрадЛевинсонөөрийн бүтээсэн “Партизаны маркетинг” хэмээх номондоо анх нэлээд дэлгэрэнгүй тайлбарлаж санааг нь гаргасан гэж үздэг. Тэрээр анх партизаны маркетингийн санааг гаргахдаа түүхэнд дурдагдсан дайн байлдааны олон стратеги, аргуудыг судлан үзэж, тэдгээрээс санаа аван хамгийн бага зардлаар хэрхэн өндөр амжилт гаргаж байгааг маркетингийн салбарт нэвтрүүлэх нь ашигтай гэдгийг олж мэдсэн байна. Дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн улс хоорондын дайн байлдааны явцад маш олон төрлийн байлдааны стратеги хэрэглэж ирсэн бөгөөд тэдгээрээс дурдвал урхи тавих, цэргийн төлөвлөгөөнд санаатайгаар саад хийх, санаандгүй байдлаар дайралт хийх гэх мэт маш олон төрлийн арга хэлбэрүүдээс санааг нь авсан байдаг. Энэ утгаараа партизаны маркетингийг ашиглаж хэрэглэгчийн төлөө дайн хийж байгаа бизнесийн байгууллагуудыг улс хоорондын ширүүн тэмцэл, дайн байлдаан хийж байгаатай адилтгаж болох юм.

Партизаны маркетинг нь уламжлал болсон зардал ихтэй идэвхжүүлэлтийн аргуудаас татгалзаж, хэний ч урьд өмнө хийж байгаагүй шинэлэг өвөрмөц бөгөөд хямд төсвөөр бүтээгдэхүүнийг сурталчилж таниулдгаараа онцлогтой. Мөн энэхүү маркетингийн аргыг ашигласнаар хэрэглэгчиддээ гэнэтийн бэлэг барьж, тэдний сэтгэл хөдлөлийг ашиглан мэдээллийг нийт хэрэглэгчдэд цаашлаад нийгэмд түгээж чаддаг. Дэлхийн өнцөг булан бүрт партизаны маркетингийн сонирхолтой кампанит ажлууд өрнөж байдаг бөгөөд ихэнхи нь хэрэглэгчийн сэтгэлийг татахын тулд тэдний хуучны сайхан дурсамж эсвэл өнөө цагийн элдэв сонин хачин зүйлсийг агуулсан байдаг. 


Партизаны маркетингийг жижиг дунд бизнес эрхлэгчдэд хамгийн сайн тохирдог гэж үздэг. Үүний учир нь бага зардал гаргаж, түүнээс давсан өндөр бүтээмжийг бий болгодог явдал бөгөөд үүгээрээ бусад маркетингийн арга хэрэгслээс илүү давуу талтай юм. Гэхдээ энэ нь зөвхөн жижиг дунд бизнесийнхэн байнга ашигладаг гэсэн үг хараахан биш юм. Томоохон брэнд үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгчид ч мөн адил массыг хамарсан партизаны маркетингийг оновчтой хийх нь бий.

Партизаны маркетингийн түүх

Зар сурталчилгааны түүхийг эргэн авч үзвэл МЭӨ 4000 мянган жилийн тэртээ хананы сүг зураг, үйсэн дээрх бичиг зэргээс үүссэн хэмээн тодорхойлдог. Харин шинэ цагийн эрчимтэй хөгжлийг нь 1900 оны эхэн үе гэж үздэг. Тахайн үеийн сурталчилгааны гол үүрэг нь хэрэглэгчийн бараа бүтээгдэхүүний талаарх боловсролд хувь нэмэр оруулах замаар тэдэнтэй холбоо тогтооход оршиж байв. Харин 1960–аад онд зар сурталчилгааны их гурвал хэмээгдэж байсан телевиз, радио, сонин хүчээ авч хамгийн үр дүнтэй хэрэгсэл болжээ. Энэ үеэс бизнесийн байгууллагууд өөрсдийн зар сурталчилгааг дээрх 3 хэрэгслийг ашиглан өөрийн бизнесийн онцлог, мөн чанартаа тохируулан ашиглаж ирсэн байна. 1980-аад оны сүүл 1990-ээд оны эхээр телевизийн сувагт кабелийн телевиз хэмээх шинэ зүйл гарч ирсэн бөгөөд энэ нь та бидний мэдэх MTV, HBO гэх мэт сувгууд нээгдсэнээр телевиз нь хэрэглэгчийн хүсэл сонирхолд нь нийцсэн хэлбэртэй болж түүнийг бизнесийн байгууллагууд зар сурталчилгаандаа хүчтэй ашиглаж ирсээр байна. Өөрөөр хэлбэл зөвхөн зорилтот хэрэглэгчиддээ өгөх мессежийг зөв сувгаар өгч чаддаг болсон байна.

Партизаны маркетинг гэдэг ойлголт нь анх зар сурталчилгааны сувгуудын хөгжлийг дагасан хэрэглэгчийн зан төлөв, сэтгэл хөдлөлийг ашиглан тэднийг өөрсдийн сурталчилгааны суваг болгон ашигласнаар бий болжээ. Ингэж партизаны маркетинг нь зар сурталчилгааг түүхийн шинэ эрин үе, шинэ шатанд авчирч чадсан юм. 1984 онд маркетер Жей Конрад Левинсоны бичсэн “Партизаны маркетинг” гэдэг номыг энэхүү уламжлалт бус маркетингийн аргын үндсийг тавьсан гэж үздэг. Партизаны маркетингийг үндэслэгч Левинсон энэхүү маркетингийн аргаа тодорхойлохдоо: “Партизаны маркетинг” гэдэг нь ердөө л бага төсвөөр бүтээгдсэн нийтийг алмайруулж, шоконд оруулах зар сурталчилгааны хосгүй кампанит ажлыг хэлнэ. Миний хувьд би өөрийгөө энэ аргыг нээсэн бус хөгжүүлсэн хэмээн хэлэх дуртай. Учир нь миний бие бүгдээрээ сайн мэддэг байсан зүйлийг онолын түвшинд гаргаж ирсэн. Ердөө л энэ шүү дээ” гэжээ.

Партизаны маркетингийг онолын түвшинд ч тэр практик түвшинд ч тэр хамгийн өндөр хөгжүүлж чадсан хүмүүс бол яах аргагүй дэлхийд алдартай томоохон брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын маркетерууд, гүйцэтгэх шатны мэргэжилтнүүд билээ. Та бидний амьдралд өдөр тутам тохиож буй уг маркетингийн арга, зар сурталчилгааны стратеги нь өнөөдрийг хүртэл улс, улсын онцлог шинж чанарыг хадгалан өөрчлөгдөн шинэчлэгдсээр байна.

Партизаны маркетингийн төрөл, арга хэрэгслүүд:

Партизаны маркетинг нь уламжлалт маркетингийн арга хэлбэрээ бодвол илүү чөлөөт сэтгэлгээг шаарддаг. Тэр ч утгаараа тогтсон дүрэм журам гэж байддагүй. Маркетерууд, маркетинг судлаачид партизаны маркетингийн хэд хэдэн аргыг нээж хөгжүүлсэн байна. Үүнд:

-    Ханан дээр сурталчлах урлаг:

Тус арга нь гудамжны зураачдаас үүдэлтэй бөгөөд гудамжны графит зургийг маркетерууд овжноор ашиглан түүгээрээ зар сурталчилгаа хийх арга юм. Магадгүй та энэ төрлийн зар сурталчилгаатай таардаг байх. Ханан дээр 3D зураг зурах, шууд сурталчилгаа хийх, сонирхолтой зургууд зурах зэргээр хэрэглэгчдийн анхаарлыг татаж болдог.

-    Вайрал буюу вирус маркетинг

Энэ төрөл нь партизаны маркетингийн хамгийн алдартай төрөл юм. Сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж байгаа олон нийтийн цахим хуудсуудыг ашиглан сонирхолтой зураг, видео, сурталчилгааг хэрэглэгчдээр түгээлгэж, тэднийг сурталчилгааны хэрэгсэл болгон ашиглахыг “вайрал” маркетинг гэдэг. Вайрал маркетингийн гол зарчим нь энгийн, хөгжилтэй, бусадтай хуваалцахад чөлөөтэй гэсэн санаанд тулгуурлана. Хэрвээ зөв сэтгэж чадвал таны сурталчилгаа яг л вирус мэт тархах болно.

-    “Buzz”маркетинг буюу аман ярианы маркетинг

Аман ярианы маркетинг нь эрт дээр үеэс үүдэлтэй боловч партизаны маркетингийн арга хэлбэр болсон нь саяхан юм. Маркетерууд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх сонирхолтой аман яриа үүсгэж, түүнийгээ нийгэмд тарааж түгээнэ. Ингэхдээ ихэвчлэн олны танил алдартай хүмүүсийг ашигладаг.

-    Хүлээлтийн маркетинг

Хүний амьдралд маш олон төрлийн хүлээлт байдаг. Түүн дотроос хамгийн их тохиолддог нь гэрлэн дохио, замын түгжрэл, вагон, нислэгээ хүлээх явдал юм. Тэгвэл маркетерууд үүнийг маш овжноор ашиглан өөрсдийн партизаны маркетингийг хийж байдаг. Та хүмүүсийн хүлээлт дээр ямар ч тоглолтыг хийж болно.

Эцэст нь дээр дурдсан арга хэлбэрүүдээр л партизаны маркетинг хязгаарлагдахгүй гэдгийг эрхэм уншигч танд сануулах нь илүүц биз ээ.

Томоохон бизнесийн байгууллагууд Партизаны маркетингийг хэрхэн ашигладаг вэ?


Партизаны маркетингийн хамгийн гол зорилго нь төсвийг хэмнэж бага зардлаар ихийг бүтээх явдал байдаг тухай өмнө өгүүлсэн билээ. Энэ ч утгаараа жижиг бизнесийн байгууллагуудад илүү зохицох логиктой харагддаг. Гэвч тийм биш гэдгийг сүүлийн хорин жил партизаны маркетингийг өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг таниулахдаа ашиглаж байгаа томоохон брэндүүдийн жишээгээр харж болно. Яагаад чухам жижиг, том бизнес хэмээн ялгаж байгаа нь дараах учиртай. Томоохон бизнесийн байгууллагууд ихэвчлэн уламжлалт зар сурталчилгааны хэлбэрийг ашиглаж илүү PR буюу олон нийтийн харилцааны чиглэлтэй байдаг бол жижиг, дунд бизнесийн байгууллагууд PR гэхээсээ илүү шууд сурталчилгаа илүү үр дүнтэй байдагтай холбоотой юм. Мөн томоохон бизснесийн байгууллагуудын хийж буй партизаны маркетинг нь супер сурталчилгаа болохоосоо илүүтэйгээр хар, сөрөг PR болох эрсдэл байдаг. Тиймээс хэрвээ та томоохон бизнесийн байгууллагын маркетер бол партизаны маркетингийг хийхдээ эрсдэлийг аль болох сайтар тооцож үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шинэлэг, галзуу сэтгэх гэхээсээ илүү аюул, сөрөг талыг маш сайн харах шаардлагатай. Мэргэжилтнүүд партизаны маркетингийн хамгийн муу жишээнд АНУ-ын Бостон хотод болсон бяцхан үймээнийг тооцдог. 2007 оны нэгдүгээр сарын 31 өдөр Cartoon network сувгийн Aqua teen Hunder Force хэмээх цуврал хүүхэлдэйн киноны шинэ ангийн сурталчилгааг тэсрэх бөмбөг тавьсан хэлбэрээр зохион байгуулжээ. Гэвч энэхүү кампанит ажил нь хотын иргэдийг айдаст автуулж олон иргэд цагдаагийн газарт дуудлага өгснөөр партизаны маркетинг бус террорист ажиллагаа болж хувирсан байна. Энэ үйл явдлын улмаас төслийн хоёр ч ажилтанг цагдан хорьсон бөгөөд тухайн хүүхэлдэйн киноны гарах эрхийг хязгаарлаж 2 сая ам доллараар хэрэгжүүлэгчдийг шийдвэр гарч байжээ. Үүнээс партизаны кампанит ажлыг зохион байгуулахдаа урьдаар нийгэмд үзүүлэх нөлөөг сайтар судлах нь ихээхэн чухал болох нь харагдаж байна.

Үргэлжлэлийг Marketing Today сэтгүүлээс уншаарай.......

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00