Тэнцвэртэй, аз жаргалтай, харамсахгүйгээр амьдрах 4 алхам
2015, 2 сарын 16. 9:410

Аз жаргал гэдэг бол хүч чадал биш тэнцвэрт байдал, 

дэг журам, эмх цэгц, хэмнэл ба эв нэгдэл юм.” ~Томас Мертон

Тэнцвэр гэдэг зүйл гарт үл баригдах, ойлгоход бэрх асуудал болжээ. Бид амьдралыг хялбар болгох зорилгоор технологийн ололтуудыг амьдралд нэвтрүүлж, тэр хэрээр нийгмийн хүлээлт ч бий болжээ.

Ажил олгогч нар биднийг бага хугацаанд их ажил амжуулж чадна гэсэн хүлээлт нэмэгдэж байгаагаас үүдэн бидний хийж байгаа ажил “цус сорогч” болон хувирч байна. Бидэнд 7 хоногт унтаж амрах, ажиллах, амрах, хайртай хүндээ цаг хугацаа зориулах, хувийн сонирхолдоо цаг гаргахад нийтдээ 168 цаг байна.

Харамсалтай нь, дэлхий дээрх хүн амын дийлэнх нь өөрсдийнх нь үнэт цагаас ихээхэн хумсалж байгаа их ажлын үүрэг амлалтаа биелүүлж чадахгүй байгаа талаар гомдоллож байна.

Энэ талаар хангалттай нарийвчлан бодож чадахгүй байгаа бөгөөд “шар шувууны амьдрал” буюу шөнийн амьдрал амьдралыг хялбар болгож, өдрийг уртасгаж байгаа хэмээн ярьж байна.

Бид тэнцвэр гэдгийг чухам юу вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Тэнцвэр гэдэг ойлголт хүн бүрийн хувьд харилцан адилгүй байж болох юм. Ажилдаа хэр их цаг хугацаа зарцуулах вэ, түүнчлэн амьдралынхаа бүхий л хэсэгт тэнцвэртэй байх арга замыг хайх хэрэгтэй.

Хэдэн жилийн өмнө тэнцвэргүй амьдралын хэв маягаас болж сайн найз маань амиа хорлосныг санаж байна.

Таньд гэнэтийн хүнд гарз хохирол тохиолдох үед өөрийнхөө талаар гүн гүнзгий тунгаан бодож, өөрийгөө олох, өөрчлөх хэрэгтэй болох байх. Би ч бас өөрийнхөө гарз, хохирлыг хүлээн зөвшөөрсөн.

Ийм үед би гэрээ цэвэрлэж, амьдралынхаа хэрэггүй зүйлсийг “гаргаж хаядаг. Түүнчлэн амьдралынхаа бүхий л хэсэгт байгаа үнэн шударга, утга учиртай зүйлсийг авч үлддэг.

Надтай хамт цагийг өнгөрөөж байсан хүмүүс, оролцож байсан үйл ажиллагаа, амьдарч байсан газар гээд олон зүйлийг би эргэж хардаг. Энэ хүмүүс, үйл явдал, үйл ажиллагаа, амьдарч байсан газрууд миний сэтгэлийг тэжээн тэтгэж, миний амьдралын аялалд дэмжлэг үзүүлж, хайр, дэмжлэг туслалцаагаар тэтгэж байсан болов уу гэж өөрөөсөө асуудаг.

Энэ бол миний амьдрал ямаршуухан байсныг ойлгож ухаарах бодит “бүртгэл” гэж хэлж болно. Би дараах үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж ирсэн бөгөөд та бүхэндээ хуваалцаж байна.

1. Утга учиртай зүйл эхлүүл.

Та арагшаа суугаад үзэг, цаас аваад өөрийнхөө хувьд үнэ цэнэтэй, утга учиртай бүхий л зүйлсийнхээ жагсаалтыг гаргаарай. Түүнчлэн ач холбогдлоор нь жагсаагаарай.

Миний амьдралын хамгийн чухал зүйлсэд аз жаргал, хайр, нөхөрлөл, шулуун, шударга байдал, оюун ухаан гэх мэт зүйлс багтдаг. Та өөрөө өөрийнхөө тодорхойлсон хамгийн чухал үнэтэй, утга учиртай зүйлсээ тэмдэглэж, амьдралдаа хэрэгжүүлээрэй.

Жишээ нь, би оюун ухааны хувьд холбоо, харилцаатай байдаг бүхий л зүйлсийнхээ эх сурвалжийг тодорхойллоо. Би өдөр бүр бясалгал, залбирал хийж, хийж байгаа ажил болон буяны сангаараа дамжуулан дэлхий ертөнцийг улам сайхан болгох хүчин чармайлтыг эрхэмлэдэг. Түүнчлэн өгөөмөр байдал, талархал, энэрэнгүй сэтгэл зэргийг хүндэтгэн эрхэмлэдэг.

2. Амьдралынхаа бүхий л хэсгийг харж, хэсэг бүрт байгаа тэнцвэргүй байдлыг тодорхойл.

Амьдралынхаа тухай ярих үед өөрийнхөө тухай, ажил алба, харилцаа холбоо, нийгмийн хүрээлэл нөхөрлөл, хамт олон гээд олон зүйлсийн тухай ярих хэрэгтэй болдог.

Өөрийн мөн чанар:Энэ хэсэгт та, таны цаг хугацаа, сонирхол, өөртөө тавих анхаарал багтана.

Ажил алба:Энэ хэсэгт таны одоогийн ажил, албан тушаал, ажил олгогч багтана.

Харилцаа холбоо:Энэ хэсэгт таны хайртай хүмүүс, найз нөхөд, гэр бүл багтана.

Нийгмийн хүрээлэл/нөхөрлөл/:Энэ хэсэг таны нийгмийн хүрээний оролцоог илтгэнэ. (Сайн дурын ажил, шашин шүтлэг, хүүхдийнхээ тоглодог багт зөвлөгөө өгөх ажил гэх мэт.)

Та дахиад үзэг цаас аваарай. Дээр тодорхойлсон 4 тодорхойлолтын дагуу амьдралынхаа бүхий л хэсгийг тодорхойлж, тэнцвэртэй байгаа эсэхийг тодотгоорой. 4 хэсэг бүрээ нарийвчлэн тодорхойл.

Жишээ нь, харилцаа холбоо гэсэн хэсэгт байнга уулзаж, хамт байхыг хүсдэг хүмүүсээ тодорхойл.Ямар давтамж, ямар нөхцөл байдалд тэдэнтэй уулзмаар байна? Тэдэнтэй уулзахын тулд юу хийх вэ?

Мөн дээрх хэсэгт бүр дээрх хамгийн чухал үнэт зүйлсээ тодорхойлж, хэрхэн дэмжлэг үзүүлж байгааг илүү ойлгох хэрэгтэй.

Жишээ нь, хайрын “харилцаа холбоо” хэсэгт ямар утга учир, ач холбогдолтойг дурдая. Би эелдэг байж, намайг дэмждэг хүмүүсийг хайрладаг. Тэднийг эргүүлээд дэмжихийг хүсдэг.

Гол зорилго юу вэ гэвэл дээрх хэсэг бүр дээр тодорхойлсон тэнцвэрийн бодит алсын харааг бүтээх явдал юм.

3. Дээрх хэсэг бүр дээр одоогийн нөхцөл байдал ямар байгаагаа бич.

Хэрэв таны амьдрал тэнцвэргүй байгаа бол тэдгээр тэнцвэргүй зүйлсийг бичиж, тэнцвэртэй болгохын тулд юу хийх хэрэгтэйг тодорхойл.

Жишээ нь, таны “ажил алба” хэсэг шаардлага өндөртэй даргаасаа болоод хэт олон цагаар ажилласнаас тэнцвэргүй байдалд орсон бол тэнвцэрт байдлаа олох аргын талаар бодоорой.

Даргаасаа тусламж хүсэх эсвэл цөөхөн цагаар ажиллах талаар даргатайгаа ярих хэрэгтэй ч байж магад. Хэрэв таны ажлын орчинд энэ төрлийн яриа таатай биш бол өөр илүү дээр ажил хайх хэрэгтэй байж магадгүй.

Хэрэв таны амьдрал тэнцвэртэй байгаа бол тэнцвэргүй болохоос урьдчилан сэргийлэх алхмуудыг тодорхойлж, бичээрэй.

4. Өөрчлөлтийг бодит амьдрал дээр харахыг хүсвэл өөрчлөлтийг хэрэгжүүл.

Дээр тодорхойлсны дагуу тухайн цаг хугацаанд та нэг л хэсэгт анхаарал хандуулж, өөрчилж болно шүү дээ. Аль нэг хэсгийг сонгоод эхний өөрчлөлтийг хэрэгжүүл.

Та тухайн өөрчлөлтөө амжилттай хэрэгжүүлж, шинэ хэвийн байдлыг бий болгосон бол дараагийн өөрчлөлтийг хийгээрэй.

Эхний хэсэгт бүхий л өөрчлөлтийг хийж, хүсч байсан тэнцвэртээ хүрч чадсан бол дараагийнхаа хэсэг рүү орж болно. Өөрчлөхөд хамгийн амархан хэсгээсээ эхлэхийг би таньд зөвлөж байна.

Илүү тэнцвэртэй байдлыг бий болгоход тустай эрч хүчтэй өөрчлөлтийг хийж эхлээрэй. Орой бүр 8 цагт компьютерээ унтрааж байвал гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөж, эрүүл хооллож, амралтын өглөө эцэг эхийндээ зочлох боломжтой ч болно.

Эдгээр жижигхэн ч болов өөрчлөлтүүд таны амьдралд томоохон нөлөө үзүүлэх болно.

Өдрийн төгсгөлд амьдралынхаа бүхий л хэсгийг харамсалгүйгээр өнгөрөөгөөрэй. Дараа нь амьдралаа эргээд харахад (хүүхэд, гэр бүл, ажил алба, албан тушаалын хүсэл эрмэлзлэл гэх мэт) амьдралынхаа тодорхой хэсгүүдийг анхааралгүй орхиж, сайжруулахын төлөө шаардлагатай алхмуудыг хийгээгүйгээс болж харамсахгүйгээр өнгөрөөвөл сайхан шүү дээ. Тэнцвэрт байдал гэдэг бол хүрэхэд хялбар зүйл биш. Гэхдээ маш сайн хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Тэнцвэртэй амьдрахын тулд өнөөдрөөс өөртөө амлалт өгөөрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53