Ажилгүй байх үедээ хийвэл зохих 10 үйл ажиллагаа
2015, 8 сарын 28. 11:060

Хэрэв та ажилгүй байгаа бол, хувийн танилцуулга дээрх ажилгүй байсан хугацаа чинь боломжит ажил олгогчид таагүй сэтгэгдэл төрүүлэх вий хэмээн эмээж байгаа бол – санаа зовох хэрэггүй. “CareerBuilder.com”, карьерын зөвлөгөө өгдөг вэбсайтаас явуулсан судалгаагаар, ажил олгогчдын ихэнх хувь нь иймэрхүү нөхцөл байдалд маш энэрэнгүй ханддаг гэдгийг тогтоожээ.

CareerBuilder –ийг төлөөлөн зах зээлийн судалгааны компани болох Harris Interactive,улс орон даяар 3023 хүний нөөцийн менежер, мэргэжилтэнгүүдийн дунд 2011 оны 11 –р сарын 9нээс 12 –р сарын 5н хүртэл онлайнаар судалгаа авсан байна.

CareerBuilder –ийн дэд ерөнхийлөгч Розмари Хефнерийн ярьснаар, “Ажил идэвхтэй хайгчдын 40 –өөс илүү хувь нь 6 сараас удаан хугацаанд ажилгүй байдаг” гэнэ. Хувийн танилцуулган дээр бичигдэх, ажилгүй байсан энэ урт хугацаа ажил горилогчдын боломжид сөргөөр нөлөөлж болох ч, тийм биш гэдгийг судалгаагаар нотолсон байна. Ажилгүй байсан тухайн хугацаагаа өөрийн ур чадвараа хөгжүүлэхийн тулд хийсэн үйл ажиллагаа, түүнээс олж авсан туршлагаараа нөхвөл, ажил олгогчдын ихэнх нь сөрөг хандлагаа хойш тавьж, таны оруулж чадах хувь нэмэр дээр анхаарлаа хандуулах болно.

Тэглээ гээд энэрэнгүй, бүхнийг ойлгодог ажил олгогч гэнэтхэн гарч ирээд ажил санал болгоно гэж дэмий мөрөөдөн суух нь утгагүй. “Ажил олгогчдын санааг зовоодог хамгийн гол зүйл нь тухайн ажил горилогч мэдлэг, ур чадвараа урт хугацаанд ашиглаагүй тул заримыг нь мартаж, гээсэн байх вий гэсэн бодол байдаг. Харин сайн дурын ажилд оролцдог байсан, түр хугацааны ажил хийж байсан, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх сургалт, семинарт суусан гэх зэрэг нь завтай цагийнхаа ихэнхийг үр дүнтэй ашиглаж, тасралтгүй суралцдаг нэгэн болохыг тань илтгэх болно” хэмээн Хефнер зөвлөсөн байна.

Энэхүү нийтлэлд ажил идэвхтэй хайж байгаа хүмүүст итгэл өгөх судалгааны бодит үр дүнгүүд болоод, шинэ албан тушаалд очиход тань дөхөм болох зарим зөвлөгөөг багтаалаа:

1.Богино хугацааны, эсвэл гэрээтээр ажил хийх

Судалгаанд оролцогч хүний нөөцийн мэргэжилтэнгүүдийн 78% нь ийнхүү зөвлөсөн байна. Яагаад? “Гол шалтгаан нь, хүмүүст хийж буй ажлаа, юу хийж чадахыгаа харуулах явдал.” “Богино хугацааны гэлтгүйгээр ажлаа чин сэтгэлээсээ, сайн хийвэл ажил олгогч тань байнгын албан тушаал санал болгож болох юм.”

2.Хичээл сургалтанд суух

Судалгаанд оролцсон хүний нөөцийн менежерүүдийн 61% нь ажилгүй байх хугацаандаа хичээл, сургалтанд суух хэрэгтэйг зөвлөсөн байна. “Мэдлэг туршлагаа нэмэгдүүлэх, карьерээ шат ахиулахын тулд тасралтгүй суралцсан хүн, зах зээлд өрсөлдөх чадвар өндөртэй байдаг.” “Салбарынхаа сургалт, семинарт суусан нь, өөрийн ажил мэргэжилдээ үнэнхүү дуртай, санаачлагатай нэгэн болохыг тань илтгэж байдаг.” Сургалт, семинарт суухын өөр нэгэн давуу тал нь: танилын хүрээгээ өргөтгөх боломж юм.

3.Сайн дурын үйл ажиллагаанд оролцох

Хүний нөөцийн менежерүүдийн 60% нь сайн дурын үйл ажиллагаа таныг улам эрэлттэй нэгэн болгодог гэжээ. Ямар нэгэн үйл ажиллагаанд сайн дураар оролцдог тань, хувь хүнийхээ хувьд хүнлэг нэгэн гэдгийг илтгэж байдаг. Хүсэл тэмүүлэлтэй, бусдад туслах сэтгэлтэй нэгэн гэдгийг тань харуулж байдаг – түүгээр ч зогсохгүй, мөнгө таны хувьд хамгийн чухал зүйл биш гэдгийг илэрхийлж байдаг. “Компаниуд зөвхөн тухайн ажлыг хийж чадах хүнийг биш, мөн хүнлэг, шударга нэгнийг эрж байдаг юм шүү дээ.”

4.Өөрийн бизнесээ эхлүүлэх

28% нь өөрийн бизнесээ эхлүүлэхийг зөвлөсөн байна – гэвч энэ нь хөрөнгө, цаг хугацаа шаардсан ажил байх магадлалтай. Хэрэв өөрийн хүсч, төлөвлөж байсан бизнесээ эхлүүлэх арга хэрэгсэл танд байгаа бол, энэ нь хувийн танилцуулгыг чинь анхаарал татам болгох маркетингийн гайхалтай хэрэгсэл болох болно.

“Өөрийн бизнестэй байхын сайхан нь хэн нэгний төлөө ажиллах албан тушаалтай болж чадах эсэхээс шалтгаалан бүтэн цагаар, эсвэл хагас цагаар ажиллах боломжтой байна гэсэн үг.”

5.Мэргэжлийнхээ дагуу блог хөтлөх

Судалгаанд оролцсон ажил олгогчдын 11% нь, өөрсдийгөө ажил олгогчдод эерэгээр сурталчлах хамгийн оновтой зам бол, мэргэжлийнхээ дагуу блог хөтлөх гэдэгтэй санал нэгдсэн байна. Яагаад гэвэл, та өөрийгөө салбартаа тэргүүлэгч, мэргэжлийн нэгэн гэдгийг харуулж байна. “Мэдлэгээ хуваалцаж, мөн дээшлүүлж, өөрийгөө бусдаас онцгойруулж чадаж байна.” “Ажил хайх хугацаандаа санаачлагатайгаар, хамгийн дуртай зүйл болох карьерийнхаа талаар блог хөтөлж байсныг тань харах, ажил олгогчдод нэн таатай байх болно.”

6.Тэргүүлэгч салбаруудын нээлттэй ажлын байрны мэдээлүүдийг тогтмол авч байх

CareerBuilder –ийн мэргэжилтэнгүүдийн үзэж байгаагаар, мэдээллийн технологи, инженерчлэл, эрүүл мэнд, худалдаа, хэрэглэгчийн үйлчилгээ гэх мэт топ салбарууд дахь нээлттэй ажлын байрны мэдээллийг тогтмол авч байх хэрэгтэй гэнэ.

7.Чөлөөт цагаа шинэ санаа олж авахад зориулах

Маркетингийн компанит ажил, орлого олж болох шинэ урсгал, зардал хэмнэх арга гэх мэтчилэн бүх төрлийн шинэ санаа олох тал дээр анхаарлаа хандуул. Шинэлэг санаа бүхий тантай ярилцсан ажил олгогч, таныг хүсэл тэмүүлэлтэй, мэдлэгтэй, шинэ шинэ боломжуудад нээлттэй нэгэн хэмээн харах болно. Энэ төрлийн ажил хайгчид үргэлж бусдаасаа ялгарч чаддаг гэнэ.

8.Холбоо үүсгэх

CareerBuilder –ийн мэргэжилтэнгүүдийн үзэж байгаагаар, компани доторхи хэн нэгэн ажилтнаас хүний нөөцийн менежерт дамжуулагдсан ажилд орох өргөдөл илүү их анхаарал татдаг байна. Харилцаа холбооныхоо хүрээг сошиал медиа, мэргэжлийн байгууллагуудаар дамжуулан бий болгож, өргөтгө. Найзууд, гэр бүлийнхэн, мэргэжлийн холбоо бүхий танилууддаа ажил хийж байгаагаа мэдэгд, сонирхож байгаа байгууллагатайгаа холбогдох арга зам олоход тань тусалж чадах эсэхийг асуу.

9.Тууштай байх

CareerBuilder –ийн мэргэжилтэнгүүдийн үзэж байгаагаар, ажил хайгчдын гуравны хоёр нь хувийн танилцуулгаа илгээснийхээ дараагаар ажил олгогчтой холбоотой байх тал дээр санаа тавьдаггүй гэнэ. Та тухайн ажил, албан тушаалыг үнэн сэтгэлээсээ сонирхож байгаагаа харуулахын тулд дахин нэг алхам хийх ёстой. Жишээ нь, ярилцлагын дараа талархлаа илэрхийлсэн захидал илгээх гэх мэт. Гараар бичсэн талархлын зурвас таныг бусад ажил горилогчдоос содон харагдуулж чадах боловч, имэйл илгээх нь ч мөн зохистой аргад тооцогддог.

10.Түлхүүр үгнүүдийг ашиглах

Хэрэв та ажил идэвхтэй хайж буй нэгэн бол, хувийн танилцуулгаа засварлах, илгээх ажил дээр багагүй хугацаа зарцуулж таарна. Түлхүүр үгнүүдийг ашиглахаа бүү март. Яагаад? CareerBuilder –ийн мэргэжилтэнгүүдийн судалгаагаар, ихэнх томоохон ажил олгогчид ажил горилогчдыг шүүж, эрэмбэлэхдээ электрон сканнер төхөөрөмж ашигладаг байна. Тийм учраас хувийн танилцуулгаа сонирхож буй албан тушаалтайгаа холбож өгөх хэрэгтэй, ялангуяа ажлын зар дээр тавигдсан тусгай үгнүүдийг ашигла. Ингэвэл хувийн танилцуулга тань ажил олгогчдын хайлтад дээгүүр гарч ирэх боломжтой болно.

Дээр дурдсан үйл ажиллагаанууд нь ажил горилогчдыг карьерийнхаа хөгжилд анхаарлаа хандуулдаг, тасралтгүй суралцаж хөгжихийг хүсдэг, идэвх санаачлагатай нэгэн гэдгийг ажил олгогчид харуулж чадах гайхалтай арга замууд юм. Ажил хайгчийн хувьд хийж байсан сайн дурын ажил, хөтөлж байсан блог, суусан сургалт, түр ажлын байр гэх мэт үйл ажиллагаанууд нь дараагийн ажил, албан тушаалд өөрийгөө бэлтгэж байсан гэдгийг илтгэж байх нь чухал. Хэрэв ингэж чадвал, ажилгүй байсан хугацаа чинь огтхон ч асуудалд тооцогдохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02