Гүржийн ерөнхийлөгч асан Михаил Саакашвилигийн амийг Оросууд хөнөөх гэж байна хэмээн Украины ерөнхийлөгч Володимир Зеленський буруутгаж, холбоотон орнуудаа арга хэмжээ авахыг уриалав.
Зеленский хэлсэн үгэндээ “Кремль Украины иргэн Саакашвилиг Гүржийн засгийн газрын гараар хэрхэн хөнөөлгөхөөр оролдож байгааг дэлхий дахин харлаа” хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Ерөнхийлөгч Зеленськийгийн зүгээс Гүржийн засгийн газарт хандан өдгөө шоронд ял эдэлж буй Саакашвилигийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхийн тулд түүнийг суллаж, Украин руу явуулахыг мөн шаардсан юм.
Саакашвили нь 2004-2013 онд Гүржийн ерөнхийлөгчийн албыг хашиж байсан бөгөөд барууны талыг барьсан хүчирхэг шинэчлэлийн бодлогыг баримталж байсан нь Оростой ноцтой зөрчилдөөн үүсгэсэн билээ.
Гурав дахь удаагаа улиран сонгогдож чадалгүй Украин руу дүрвэсэн Саакашвили 2021 онд Гүржид буцаж ирснийхээ дараа шууд баривчлагдсан ба эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр зургаан жилийн ял аван өдгөө Гүржид ялаа эдэлж байгаа юм.
Тэгвэл тус улсын орон нутгийн телевиз шоронд хоригдож буй Саакашвилигийн одоогийн байдлыг саяхан олон нийтэд ил болгосон бөгөөд зүгээр л “араг яс” болтлоо турж эцсэн түүний дүр төрх дэмжигчид болон Европын удирдагчдын санааг ихэд зовоосон аж.
Саакашвили нь шүүхийн танхим дахь энэхүү дүрс бичлэг дээр “Улс төрийн үйл явцад нээлттэй оролцох боломжийг надад олго” хэмээн шаардахын сацуу Гүржийн ард түмнээс дэмжлэг хүссэн байна.
Эх сурвалж: YTN