АНУ-ын “Millenial” болон “Z” үеийнхэн тэтгэврийн сандаа санаа зовохооргүй болжээ
2023, 10 сарын 9. 2:070

Сүүлийн үед АНУ-д “baby boomer” үеийнхэн (1946-1964 оны хооронд төрсөн иргэд) ядууралд ихээр нэрвэгдэж буй нь нийгмийн томоохон асуудал болж буй аж. Учир нь сар бүр авдаг тэтгэвэр нь орон сууцны үнийн өсөлтийн хурдыг гүйцэхгүй байгаагийн улмаас Флорида, Нью-Йорк зэрэг томоохон хотуудад дунд болон хижээл насныхан орон гэргүй амьдрах тохиолдол хурдацтай нэмэгдэх болсон байна.

Энэ үеийнхэн бусад насныхантай харьцуулахад мөнгөн хуримтлал маш багатай гэх тооцоо байдаг аж. Тэднийг өсвөр настай байхад 1970-аад оны газрын тосны хямрал болсон бол 30, 40 орчим настай байхад нь буюу 2000-аад онд дот-комын хөөс хагарч, NASDAQ индекс уналтад орж байсан билээ. 50 нас руу дөхөж байх үед нь 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал болсон бол 60 нас хүрэх үед нь “Ковид-19” цар тахал дэгдэн тэтгэвэрт гарсныхаа дараа хийж байсан цагийн ажлаасаа халагдахад хүрсэн тохиолдол олон.

Тэгвэл тэдний туулсан энэ олон хямрал, асуудлыг харж өссөн MZ үеийн (“millennial” болон “Z” үеийнхэн-1980-аад оны эхэн үеэс 2000-аад оны эхэн үед төрсөн) америкчуудын хувьд тэтгэвэрт гарахдаа харьцангуй сайн бэлтгэлийг хангаад байгаа аж. Тодруулбал тэд цалинтайгаа ижил хэмжээний тэтгэврийг авах тооцоо гарсныг Америкийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолжээ. Харин одоо бүгдээрээ тэднийг тэтгэвэрт гарахдаа хэрхэн бэлдэж буй талаар сонирхож үзье.

Америкийн хөрөнгийн менежментийн томоохон компани болох Vanguard-ын дүгнэж буйгаар, ирээдүйд АНУ-ын "MZ" үеийнхэн дунджаар цалингийнхаа 60 орчим хувьтай тэнцэхүйц тэтгэврийг авах болно хэмээн тооцоолсон байна.

Орлогоор нь авч үзвэл, нийт хүн амын дөнгөж 5 хувь буюу сард дунджаар 173.000 ам.долларын асар өндөр орлоготой "MZ" үеийнхний тэтгэвэр одоогийн орлогынх нь 85 орчим хувиар тооцогдох төлөвтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл одоогийн орлогынхоо 85 хувьтай дүйх хэмжээний буюу бараг л цалинтайгаа ижил хэмжээний тэтгэвэр авна гэсэн үг юм. Гэтэл тэдний өмнөх үеийнхэн буюу “X” үе (1960 оны эцсээс 1980 оны эхэн үе хүртэл төрсөн) болон “baby boomer” үеийн америкчуудын хувьд энэ хувь хэмжээ 75, 63 хувиас хэтэрдэггүй аж.

Дунд орлоготой “MZ” үеийнхний 40 хувь нь орлогынхоо 66 хувийг, 50 хувь нь 58 хувьтай тэнцэх тэтгэврийг авах тооцоо гарсан бол “baby boomer” болон “X” үеийнхний дийлэнх нь ердөө 50 хувиар тэтгэвэр авах аж.

Тэгвэл “МZ” үеийнхэн ямар шалтгаанаар тэтгэвэрт гарсан хойноо санаа зоволтгүй амьдрах боломжийг бусад үеийнхэнтэй харьцуулахад сайн бүрдүүлж чадаж буй хэрэг вэ? Үүний гол нууц бол тэд бусад үеийнхэнтэй харьцуулахад хамаагүй эрт “401K” гэх хувийн тэтгэврийн санд бүртгүүлж, маш өндөр өгөөжтэйгөөр тэтгэврээ эртнээс хуримтлуулж буйтай холбоотой хэмээн санхүүгийн ертөнцийнхөн үздэг байна.

“401K” тэтгэврийн сан нь хувь хүний ​​хөрөнгө оруулалтын сонголтын дагуу зохицуулагддаг нэг төрлийн тэтгэврийн санхүүгийн бүтээгдэхүүнийг хэлнэ. Энэхүү сан нь ажилчид, ажил олгогчид тодорхой хязгаарт багтаан орлогын албан татварын хөнгөлөлт эдлэхийн зэрэгцээ сар бүр тодорхой хэмжээний мөнгөн дүнг тэтгэврийн дансанд хуримтлуулж, тухайн хүн түүнийгээ шууд удирдаж, хөрөнгө оруулалтын үр өгөөжөө хүртдэг санхүүгийн бүтээгдэхүүн аж. Тэтгэвэрт гарч буй хүмүүс маш бага хэмжээгээр орлогын албан татвар төлснөөр тэтгэврийн сангаа хүссэнээрээ зарцуулах боломжтой болдог байна.

Америкчуудын тэтгэвэрт гарах үедээ мөнгөн хуримтлал үүсгэдэг бас нэгэн арга бол нийгмийн даатгалын тогтолцоо юм. Нийгмийн даатгал нь яг л Монголын нийгмийн даатгалын тогтолцоотой ижил бөгөөд 10 жилийн турш орлогоосоо татвар төлсөн тохиолдолд 62 наснаас эхлэн тэтгэвэр авах боломж бүрддэг аж. Гэвч зөвхөн нийгмийн даатгалын тогтолцооны дагуу олгогддог тэтгэврээр амьжиргаагаа залгуулах нь хүндхэн даалгавар тул америкчууд “401K” тэтгэврийн санд идэвхтэй бүртгүүлэх болсон байна.

“MZ” үеийнхэн ажилд орохдоо тухайн аж ахуй нэгж, компанийн зөвлөсний дагуу “401K” тэтгэврийн санд бүртгүүлдэг аж. Тус улсын засгийн газар 2006 онд “Тэтгэврийн тухай хууль”-ийг шинэчлэн баталснаас хойш бүхий л ажил эрхлэгчдийг “401К” тэтгэврийн санд заавал хамрагдахыг шаардах болсон байна. Түүнчлэн тухайн хүн өөрөө хүсэлт гаргаснаар цуцлах боломжтой ч цуцлах хүсэлтэй “MZ” үеийнхэн тун цөөхөн байдаг юм.

Wall Street Journal сонины дүгнэж буйгаар “MZ” үеийнхэн бусад үеийнхэнтэй харьцуулахад тэтгэврийн тогтолцооны талаар харьцангуй муу ойлголттой байсан нь тэднийг “401К” тэтгэврийн санг сонгоход хүргэсэн гэжээ. Энэ нь “MZ” үеийнхэн коллеж төгсөх хүртлээ санхүүгийн хангалттай боловсрол эзэмшдэггүй тул өөрийн тэтгэврийн сангаа хэрхэн бүрдүүлэх талаар бараг ойлголт байдаггүйтэй холбоотой. Харин тэд ажил олгогчдын санал болгосны дагуу “401K” тэтгэврийн санд хамрагдсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлдэг байна.

Тус тэтгэврийн санд аль болох эрт хамрагдах тусмаа “MZ” үеийнхэн илүү өгөөж хүртэх юм. Тодруулбал, 2006 онд “Тэтгэврийн тухай хууль”-ийг шинэчлэн баталснаас хойш хэрэгжиж эхэлсэн ажил эрхлэгчийн цалин нэмэгдэхэд хуримтлалын хувь хэмжээ автоматаар нэмэгддэг системийг нэвтрүүлсэн нь “МZ” үеийнхний хуримтлуулсан тэтгэврийн санг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна.

Нөгөөтэйгүүр, “401К” тэтгэврийн санд заавал хамрагдахыг хуульчлахаас өмнө “baby boomer” болон “Х” үеийнхэн харьцангуй бага хамрагдсан хэмээн Wall Street Journal сонин онцлов.

Гэхдээ орон сууц гэх мэт үл хөдлөх хөрөнгийн салбарт “MZ” үеийнхэн “baby boomer” болон “X” үеийнхэн шиг тийм их хөрөнгөтэй болоогүй байна. Учир нь тэдний ихэнх нь сургалтын төлбөрийн зээлтэй учраас бусад үеийнхнээ бодвол мөнгө хуримтлуулахад хүндрэлтэй байдаг гэж шинжээчид дүгнэжээ.

Гэвч тэтгэвэр нь хүрэлцэхгүйн улмаас байрны түрээсээ ч өгөх боломжгүйд хүрч буй “baby boomer” үеийнхэн олширч байгаатай харьцуулахад “MZ” үеийнхэн харьцангуй их хэмжээний тэтгэвэр авахыг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01