2050 он гэхэд дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь Африк гаралтай болно
2023, 10 сарын 31. 5:050

Баян чинээлэг орнуудад төрөлт буурч байхад Африкийн хүн ам хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор дэлхийн улс орнуудын хоорондын харилцаа үндсээрээ өөрчлөгдөнө гэх таамаглал гарчээ.

Нью-Йорк Таймс сонин орон нутгийн цагаар 28-ны өдөр НҮБ-ын хүн амын ирээдүйн төсөөллийг иш татан дэлхийн хүн амын бүтэц өөрчлөгдөж байна хэмээн энэ талаар онцолсон байна. НҮБ-ын мэдээлснээр 1950 онд дэлхийн хүн амын дөнгөж 8 хувийг эзэлж байсан Африкчууд 2050 он гэхэд 25 хувь хүртэл хурдацтай өсөх төлөвтэй байна гэжээ. Тодруулбал, 2050 он гэхэд дэлхий дээрх 15-24 насны залуучуудын 35 хувь нь Африкт амьдрах тооцоо гарсан аж.

Одоогийн байдлаар АНУ болон Хятадын хүн амын дундаж нас 38 байгаа бол Энэтхэгт 28, харин Африк тивийн хүн амын дундаж нас ердөө 19 байгаа юм.

Нэмж дурдахад Африк тивд хотжих үзэгдэл дэлхийн хаана ч байгаагүйгээр хурдацтай явагдаж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор улс төр, эдийн засгийн өөрчлөлтүүд ч асар өргөн хүрээтэйгээр гарсаар байна.

Тус мэдээнд дурдсанаар цахилгаан автомашин, нарны зай хураагуур үйлдвэрлэхэд асар их хэмжээний ашигт малтмал шаардлагатай улс орнуудын эрх баригчид болон бизнес эрхлэгчид Африкийн удирдагчдад “хайр зарлах” болоод байгааг дурдав. Тухайлбал өнгөрсөн сард л гэхэд Африкийн холбоо нь Европын холбоотой статусаараа эн зэрэгцэхүйц “Их 20”-ийн бүлгийн бүрэн эрхт гишүүн болсон талаар Нью-Йорк Таймс сонин мөн мэдээлсэн байна.

Түүнчлэн эдийн засгийн тал дээр ч асар хурдтай тэлэх төлөв ажиглагдах болжээ. Жишээ дурдвал олон улсын зочид буудлын сүлжээ Хилтон таван жилийн дотор Африк тивд 65 шинэ зочид буудал нээхээр төлөвлөж байгаа аж. Гоо сайхны бүтээгдэхүүн, шампанскийн зах зээл хүртэл Африкт анхаарлаа хандуулж байгаа гэв. Кенийн нийслэл Найроби хотод нэг хүний ​​хамгийн багадаа 200 ам.доллараас эхэлдэг суши ресторанууд ч нээгдэх болжээ.

Лондонгийн Африк судлалын хүрээлэнгийн тэргүүн Эдвард Пэйс “Дэлхий ертөнц асар хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ үед Африк тивийн байр суурийг дахин авч хэлэлцэх шаардлага гарцаагүй үүсэн бий болж байна. Өдгөө Африк тивээс “цацарч” буй эрч хүч нь Европ, Азийн тогтворгүй байдалтай зөрчилдөж байна” хэмээн цохон тэмдэглэв. Гэтэл хүн амын дундаж нас 48 байгаа Япон улсын хувьд өнгөрөгч нэгдүгээр сард "нийгмийн үйл ажиллагаа доголдохын ирмэг дээр байна" гэх түгшүүр олон нийтийг сандаргаж байсан бол Италид ахмад настнуудыг асрах робот хөгжүүлэхээр судалгааны ажил хийгдэж байна.

Тэрчлэн урхагшсан ажилгүйдэл болон цаг уурын хурдацтай өөрчлөлт нь тус тивийн хувьд нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой томоохон асуудал хэмээн Нью-Йорк Таймс сонин мөн өгүүлжээ.

Next Africa номын зохиолч Обри Хруби "Уур амьсгалын өөрчлөлтийн дараа Африкийн ажлын байрны хямрал манай цаг үеийн тулгамдсан асуудал болно" хэмээн тус тив дэх ажилгүйдлийн асуудлыг дэлхий нийтийн анхааралд оруулахаар хичээж байна. 1970-1980-аад онд Өмнөд Солонгос, Хятад, Япон зэрэн улсууд яг энэ асуудлыг үйлдвэржилтээр шийдэж байсан боловч Африк тивийн ихэнх орнууд ийм байдлаар шийдэхээр хичээсэн ч бүтэлгүйтсэн юм.

Түүнчлэн Африкийн орнуудад жил бүр их хэмжээний үер, ган гачиг болон шуурга болдог гэдгийг онцлох хэрэгтэй.

Лондонгийн Их Сургуулийн Дорно дахины болон Африк судлалын сургуулийн профессор Ха Жун Жан хэлэхдээ Африк тивийн улс орнууд Өмнөд Солонгос шиг томоохрн бэрхшээлийг даван туулсны эцэст хөгжиж чадна хэмээн таамагласан байна. 1960-аад оны үед Өмнөд Солонгос нь өнөөгийн Африкийн орнууд шиг үл тоомсорлогдохын сацуу арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхалтад өртөж байсныг тэрээр дурджээ.

Профессор Ха үргэлжлүүлэн “Цаг хугацаа, хичээл зүтгэлийн ачаар гайхалтай өөрчлөлтийг тус бүс нутагт хийх бүрэн боломжтой. Гагцхүү алсын хараатай удирдагч болон боловсрол, ухаалаг бодлого, эрч хүч, инноваци хэрэгтэй” хэмээн өгүүлэв.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47