Гар хөл амны өвчнөөс сэргийлэхийн тулд юу хийх вэ?

Оруулсан : С. Мэндсайхан 2010-06-09 10:50:17

Гар хөл амны өвчин нь энтеровирүс, коксакивирүсүүдээр голдуу үүсгэгддэг.
Эдгээр вирүсүүд нь ионжуулалт, кварц, формальдегид, фенол, хлор агуулсан бодис, 50-иас дээш хэмд идэвхгүйждэг. Гадаад орчинд 4-өөс доош хэмд 1 жил, хасах 20 хэмд удаан хугацаагаар, хүний өтгөнд хэдэн 7 хоног амьдрах чадвартай.
Зуны улиралд буюу намрын эхэн сард хамгийн түгээмэл гардаг. 10-аас доош насны хүүхэд илүү өртөмхий байна. Эдгээр өвчин нь хүүхдийн байгууллагад (сургууль, цэцэрлэг гэх мэт) голомтлон гарч, өвчлөл, хүндрэлийн 90 хүртэлх хувь нь 4 хүртэлх насанд тохиолддог.
Эх уурхай нь бүдэг балархай, цочмог хэлбэрээр өвчлөгсөд, вирүс тээгчид байдаг.
Халдвартай (эмнэлзүйн шинж тэмдэггүй ч байж болох) хүний хамар, хоолойн шүүрэл, өтгөнтэй шууд хавьтсан тохиолдолд, агаар дуслын зам, бохирлогдсон ус, хөрс, хоол хүнсээр дамжин тархана.

ГХАӨ-өөр 0-10 насны хүүхдүүд зонхилон өвчилж байгаагийн дотор 85,2% нь 0-4 насны хүүхдүүд байна.
Өвчлөлийн 151 (45,5%) тохиолдол 89 хүүхдийн байгууллагад бүртгэгдээд байна.
Өвчлөгсөдийн 83,5% нь гэрээр өрхийн эмчийн хяналтанд хөнгөн хэлбэрээр эмчлүүлж байна. ХӨСҮТ-д 35 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээнд хавсарсан халдвартай эмчлүүлж байгаа 1 хүүхдээс бусад хүүдүүдийн биеийн байдал сайжирч байна.
Эмнэлзүйн хувьд тууралт (100%), халууралт (34,6%), хоолонд дургүй болох, шүлс гоожих шинжүүд илэрч, тууралт аманд (94,2%) цэврүүт, толбот тууралт хэлбэрээр зонхилон илэрч байна.
ГХАӨ буюу энтеровирүст цэврүүт тууралт бүхий стоматит өвчнөөс урьдчилан сэргийлэх, голомтод авах хариу арга хэмжээний зааврыг ЭМС-ын тушаалаар батлан мөрдөж байна.
1. Бүх шатны Засаг захиргаа, Мэргэжлийн хяналтын газраас авах арга хэмжээ
1.1.Энтеровирүст цэврүүт тууралт бүхий стоматит өвчнөөс сэргийлэх талаар мэдээлэл, сургалт, сурталчилгааг тогтмол явуулах, эрүүл аж төрөх ёс, зан үйлд хүн амыг сургах.
1.2.Хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай, гар дээрээс худалдаалах явдлыг таслан зогсоох, баталгаатай хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг хангуулах ажлыг зохион байгуулах.
1.3.Хүүхдүүдэд гар угаах зан үйл, дадал хэвшлийг эзэмшүүлэх, сургууль, цэцэрлэгийн нягтралыг багасгах, эрүүл ахуйн норм нормативийг баримтлах, хүүхдийн насны онцлогт тохирсон бие засах газар, гар угаагуурыг ариун цэврийн шаардлага хангахуйц тохижуулж, халдваргүйтгэх бодисоор халдваргүйтгэл хийж байгаа эсэхэд хяналт тавих.
1.4. Орчны хөрсний бохирдлыг багасгах, ундны усны аюулгүй байдлыг хангуулах.
2. Хүүхдийн байгууллагаас хэрэгжүүлэх арга хэмжээ
2.1.Сургууль, цэцэрлэгийн анги танхимд чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж, өдөрт 4-5 удаа салхивчийг 10-15 минут онгойлгон агаарыг сэлгэнэ.
2.2.Хүүхдийн байгууллагын захирал, эрхлэгч нар нь эмч, багш, туслах багш, нийгмийн ажилтан, үйлчлэгч нарыг энтеровирүст цэврүүт тууралт бүхий стоматит өвчний үед хүүхдийн байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, халдваргүйтгэлийн бодисыг найруулах, хэрэглэх талаар мэдлэг олгох сургалтад хамруулна.
2.3.Хүүхдийн гарыг хоол идэхийн өмнө, бие зассаны дараа тогтмол савандаж угаалгана.
2.4.Хүнсний аюулгүйн баталгаатай хоол, хүнсээр хүүхдийг хангана.
2.5.Цэвэр, бохир усны дамжуулах хоолойн хэвийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавина.
2.6. Ясли, цэцэрлэг, сургуульд бие засах суултуур, гар угаалтуурыг норм хэмжээнд нь ажиллуулна.
2.7.Хүүхдэд ариун цэврийн мэдлэг, дадлага эзэмшүүлэх, гудамж, талбайд тогтсон ус, шалбаагаар тоглуулахгүй байлгана.
2.8.Хүүхдийг сургууль, цэцэрлэгт хүлээн авахдаа халуунтай, гар, хөл, амны хөндий, биеийн бусад аль нэг хэсэгт тууралт гарсан эсэх, эрүүл мэндийн байдалд ажиглалт хийж, биеийн халууныг үзэж, тэмдэглэл хөтлөн ирцийг хянана.
3. Халдваргүйтгэл хийх
3.1.Их хэмжээний талбай хамарч бүхэлд нь халдваргүйтгэл хийх шаардлагагүй. Зөвхөн хүний гар хүрэлцдэг хаалганы бариул, тосгуур, суултуур зэргийг 0.5-1%-ийн хлорамины уусмалаар халдваргүйтгэнэ.
3.2.Ариун цэврийн өрөө, бие засах газрыг 1%-ийн хлорамин, 1%-ийн хлорын шохойн сүүн уусмалаар арчих буюу шүршинэ.
3.3.Өрөө тасалгааг саван, угаагч нунтаг бүхий бүлээн усаар угаасны дараа 0.5%-ийн хлорамины уусмалаар халдваргүйтгэнэ.
3.4.Ширээ, сандал, тавиур зэрэг хатуу эдлэлийг саван, угаагч нунтаг бүхий бүлээн усаар сайтар угаасны дараа 0.5%-ийн хлорамины уусмалаар халдваргүйтгэнэ.
3.5.Өвчтний хоолны үлдэгдэл, ялгадсыг хлорын шохойн 3%-ийн сүүн уусмалаар халдваргүйтгэнэ.
3.6. Хүүхдийн байгууллага, нийтийн хоолны газруудын аяга, таваг, халбага, сэрээ, хоол унд, усны сав суулгыг 3 дамжлагаар угааж, 20-30 минут жигнэх буюу буцалгаж халдваргүйтгэнэ.
3.7.Хүүхдийн тоглоомыг сайтар савандаж угаасны дараа 1%-ийн хлорамины уусмалаар халдваргүйтгэх ба хэв нь алдагдахгүй тоглоомыг буцалгаж халдваргүйтгэж болно.
3.8.Өвчтний нүүр, гарын алчуур, цагаан хэрэглэл, хувцас зэргийг угаасны дараа 0.5%-ийн хлорамины уусмалаар халдваргүйтгэж, наранд хатаана. Хөнжил, гудсыг нар, салхинд тавина.

Сэтгэгдлүүд



  • Ц. Доржбат 2010-06-18 23:07

    Хүн ер нь угаасаа өвдөж байх ёстой юмуу. Үнэхээр өвдөхгүй байя гэвэл өөрийнхөө энерги, биеийнхээ давтамжийг дээшлүүлэх хэрэгтэй. энерги бол маш том ойлголт доо. Үүнд: оюун ухаан, сэтгэл санаа бие махбодь сүнслэг гэж 4 түвшин багтдаг. Энэ талаар дэлхийн шилдэг квантын физикчид маш том нээлт хийсэн. Ирээдүйд бид эмч домч эмнэлэг гэхгүй өөрсдөө өөрсдийгөө эмчлээд яваад байх тийм гайхамшигтай технологи аль хэдийн гараад ирсэн. Дэлхийн олон хүн дээр сонин хачин үр дүнгүүд гарч хүмүүсийг гайшируулж байна. Та манай Аура студиэр зочлоорой.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold