ЭХ ОРНЫ ТУХАЙ ШҮЛГҮҮД

Оруулсан : ☺. БОДОО 2010-07-11 19:47:29

ЭХ ОРНЫ ТУХАЙ ОМОГШИЛ ОНГОД БАДРААХ ШҮЛГҮҮДЭЭС ОРУУЛЛАА.

Сэтгэгдлүүд



  • ☺. БОДОО 2010-07-11 19:49

    О.Дашбалбар : Монголоо муулж харийнханд бөхөлзөгсдөд!!!

    Түмэн минь мөхөхийг чи үзэхгүй
    Үнэн минь алдрахыг чи үзэхгүй
    Үлгэр минь дуусахыг чи үзэхгүй
    Төрөл минь тасрахыг чи үзэхгүй
    Соёмбо минь бүдгэрэхийг чи үзэхгүй
    Соёл минь солигдохыг чи үзэхгүй
    Онон минь ширгэхийг чи үзэхгүй
    Олон минь зовохыг чи үзэхгүй
    Хэнтий минь намсахыг чи үзэхгүй
    Хэрлэн минь татрахыг чи үзэхгүй
    Хийморь минь доройтохыг чи үзэхгүй
    Хойморь минь ханхайхыг чи үзэхгүй
    Сүлд минь унахыг чи узэхгүй
    Сүнс минь дээшлэхийг чи үзэхгүй
    Сэтгэл минь сэвтэхийг чи үзэхгүй
    Сэрэмж минь алдрахыг чи үзэхгүй
    Ухаан минь самуурахыг чи үзэхгүй
    Учирсан минь салахыг чи үзэхгүй
    Эв минь эвдрэхийг чи үзэхгүй
    Эзэн минь залрахыг чи үзэхгүй
    Дуу минь саарахыг чи үзэхгүй
    Дуулиан минь тасрахыг чи үзэхгүй
    Балчиг шавар дундаас нь
    Бадамляньхуа ургадаг юм
    Баруун шугуй дунд нь
    Цагаан хус хяралздаг юм
    Хогтой агаар дунд нь
    Сэржигнэнхэн дэлбээлдэг юм
    Хогийн өвсөн дунд нь
    Алтан харгана туяардаг юм.
    Олон тэнэгүүд дундаас нь
    Цэцэн мэргэд нь төрдөг юм
    Овоохой бор гэрт нь
    Хүчит суутнууд төрдөг юм
    Орчлонгийн жам
    Гутарч гунихийн хэрэггүй
    Орог саарал мананг дэвтээж
    Саран туяардаг юм
    Харанхуй шөнийн тэнгэрт
    Одод хүчтэй гэрэлтдэг
    Хангайн уулын тагтанд
    Вансэмбэрүү ургадаг
    Өвс ногооноос зайдуу
    Өнө мөнхийн зэвэргэн салхинд
    Гундуухан байж ургадаг
    Амьдралын хар бараанаас
    Гэрэл гэгээг нь ялгасан
    Азтай тэр хүн
    Алсын замд гундахгүй
    Ертөнцийн эгэл амьдралаас
    Зөв замыг сонгосон
    Ерөөлтэй тэр хүнд
    Аяны олз алдахгүй
    Харанхуй дунд гэрэлтдэг зул гэж байдаг
    Хамгийн дундаас тодордог хутагт гэж байдаг
    Даваа хэдий өргөн ч
    Гаталж чадсан нь ялж байдаг
    Бүргэд болжмороос айдаггүй шиг
    Хорвоогоос би айхгүй
    Арслан гөрөөснөөс айдаггүй шиг
    Үхлээс би айхгүй
    Аав нь хүүгээсээ айдаггүй шиг
    Үнэнээс би айхгүй

  • ☺. БОДОО 2010-07-11 19:49

    О.Дашбалбар : Би эгэл хүн
    Биеэрээ ч, сэтгэлээрээ ч эгэл хүн!
    Уйлахад нулимс арчдаг гараас минь үнэтэй алчуур үгүй,
    Уухад үргэлж зэмлэдэг нөхдөөс минь илүү ухаантан үгүй,
    Унтахад толгой илбэдэг ээжээс минь илүү ачтан үгүй,

    Би-эгэл хүн!

    Олон намрын бороонд шавшуулж явахдаа
    Орчлон дэлхийн аугаа сайханд дурласан,
    Оройтсон сартай цуг хээр хоноглохдоо
    Онгон тал дээр хот босохыг зүүдэлсэн.

    Би-эгэл хүн!

    Аян замд явах сайхан ч, эргэж, ирэх бүр сайхан,
    Амраг бүсгүйдээ магтуулах сайхан ч, зэмлүүлэх бүр сайхан.
    Аливаад хянуур болгоомжтой улс намайг хурц зантай гэлцдэг ч
    Алганы хонхорт үл тогтох бөөрөнхий байхыг хүсээгүй!

    Би-эгэл хүн!

    Халамцуу ирчихээд агсан тавьж нехдедее тунирхаагүй
    Хавийн улсыг түйвээж, охидыг айлгаагүй,
    Хааяа хэтрүүлсэн бол өөрөө л шаналж
    Хашгичиж зовоодоггүй гэргийдээ баярласан!

    Би-эгэл хүн!

    Харыг хар, цагааныг цагаанаар нь хэлж
    Хан хорвоод нөхөр, дайсан байдгийг ялгана,
    Нөхөдтэйгээ ууна ч, дуулна ч...
    Нөмөр болсон гэртээ наргина ч, жаргана ч...
    Би-эгэл хүн!

    Амьдрал минь уртхан тууж шиг ч бай,
    Аль эсхүл богинохон шүлэг шиг ч бай,
    Уншиж дуусахад хувь заяа минь
    Уйтгар төрүүлэхгүйг мэдэж байна.

    Би-эгэл хүн!

    Малчны цагаан гэрээс орчлонгийн зах руу гишгэсэн юм.
    Монгол нутгийн нар эгэл цусанд минь халуун дөлтэйгээ бий!
    Талх идэж, шүлгээ бичдэг би,
    Тасарсан навчийг алган дээрээ энхрийлдэг би!
    Амь нас, сүр сүлд минь энэ навчинд шингэсэн юм шиг
    Амьсгал даран ширтдэг би!

    Би-эгэл хүн!

    Та нараас мөнгө зээлж, маргааш нь буцааж өгдөг,
    Та нартай адил аливаад шаналж, өвөр хоосон, халаас дүүрэн явдаг.
    Хуралд сууж, сонинд магтуулж, болчимгүй жаал шиг аашлан аавдаа загнуулж,
    Хүүхэд шиг агшин зуур гомдоод, дорхноо мартдаг!...
    Болох болохгүй хэрэгт өөрийгөө өмгөөлөн, хэцүү үг хэлчихээд,
    Сүүлд нь амаа барьдаг!

    Би-эгэл хүн!

    Чанх дээрээс ивээдэг нарыг шүтэж
    Чадал, ухаан хоёроороо амьдарч явна.
    Олноос илүү ч үгүй дутуу ч үгүй
    Орчлонгийн баяр жаргалыг эдэлж явна.
    Унтаж байгаа хүүгээ энхрийлэн үнссээр сэрээчихээд
    Уйлахад нь аргадах гэж хүзүүн дээрээ суулган шогшдог би,
    Ход ход инээх дуу зүрхэнд минь баярын хонх дэлдэж
    Хонгор сэтгэлт гэргий минь ''алдчихваа" гэж сануулдаг.
    Яг энэ агшинд шүлэг бичих санаа тархинд од шиг харваж
    Яруу найрагч болдог би!
    Яаран үзгээ шүүрээд, ширээний ард суудаг.
    Цагаан цаас тал шиг, би үр цацаж яваа тариачин шиг.
    Цаглашгүй жаргал сэтгэлийн хөндийд найрал хөгжим эгшиглүүлэхэд
    Би-яруу найрагч
    Цасан будрахад сэтгэл хенгерч, енийг мөрееддөг би,
    Цаг мөч, шувуудын далавч шиг дэрэвсээр тэнгэрийн гүнд уусахад
    Шүлгээн би та нарын гар дээр бүлээн талх шиг тавьдаг,
    Шүүдэр цуглуулж, цай чанаж өгснөөс дутуугүй баярладаг!

    Сэтгэлд минь салхи шуурга хуйлран, хүйтэн салхитай едер шиг хямрахад
    Сэтгэлд минь шар навчис хийсэн, нулимс минь бембөрөн байхад
    Хүний месее би эцэг шигээ дээдэлж явсан,
    Хүч хүрэхгүй бол сэтгэлдээ шаналж
    Хүмүүс та нарт яаж шүү туслая даа гэхээс алаг зүрх минь тогтож ядсан!...

    Хаа нэгтээ болж буй дайны цуурай дэлхийд тархахдаа
    Хадаас адил зүрхэнд минь шигдэж зовоодог байсан.
    Олон үгтэй гэж хэн нэг нь намайг зэмлэг,
    Орчлон ертөнц шархтайгаа зүрхэнд минь багтдаг шүү!
    Галт тэргэнд суугаад хол явахдаа би,
    Гар даллан үлдсэн хүмүүсийг сэтгэлдээ тээж явдаг.
    Газар дэлхий дээр азаар төрсөндее баярладаг
    Газар минь надад дандаа хуримын ширээ шиг санагдаагүй ч
    Галын дэргэд үлгэр сонсож суухдаа диваажингийн жаргалыг мэдэрдэг би!
    Үдшийн гуниг, өглөөний баяраа хуваалцаж явсан болохоор
    Үнэндээ хүмүүс минь та нарт л итгэж, та нарт л сөгднем...
    Өнөөдөр та нарыгаа би өргөн хорвоотой цуг тэвэрье,
    Өмнө чинь нарны гэрлээр шаглаж, тэнгэрийн цэнхрээр эмжсэн дууны баглаа тавья!
    Эмэгтэйчүүлд нь цэцгийн дээжис солонгоор ороож баръя,
    Эрчүүлтэй нь хундага тулгаж, оддын туяаг тэнгэрээр амтлан ууя!

  • ☺. БОДОО 2010-07-11 19:50

    О.Дашбалбар: Эх орноо бид үр ачдаа хүлээлгэж өгнө
    Хайрт аав Ж.Очирбатын гэгээн дурсгалд зориулав.

    Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан,
    үр ачдаа хүлээлгэж єгнє!
    Туг,
    Сүлд,
    Тусгаар тогтнол,
    Тулгын гурван чулуу
    Тулсан голомтоо

    Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан!
    үр ачдаа хүлээлгэж єгнє.

    Алтай, Хангай, Говь, Талаа чулуу бүхэнтэй нь,
    Өвс ногоо, шорооных нь ширхэг бүхэнтэй,
    Алтан нар, мөнгөн сарыг тоолохын аргагүй од мичидтэй нь
    Хөвсгөл, Увс, Буйрыг усных нь дусал, загас бүхэнтэй нь
    Хөөцөлдөн наадах долгисыг нь хүртэл
    Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан,
    үр ачдаа хүлээлгэж өгнө!

    Гал,
    Ус,
    Газар шороогоо
    Гардаж авсны учир, бид
    Ганц бус түм түмэн амиараа дүйж хамгаалсан!
    Галдан бошигт, ван Магсаржав
    Илдээ далайж босоогоороо нөгчсөн эрс,
    Идэрхэн насандаа Монголоо аварсан Сүх
    Ахиж олдохгүй эх орныхоо эс ширхэг бүхэнд
    Алтан амь, хүсэл хайраа шингээсэн
    Эх орон, хойч үеийнхээ тєлєє
    Энэ бие дээдсийн тангаргийг давтнам.
    Тужийн нарснаас эхэлсэн хувьсгалын түүх
    Туган дээрх эртний бичээс, Сүхбаатарын гэрээстэй
    Гучин ес, дөчин таван оны
    Гуйвж дайваагүй ялалтын гэрчтэй
    Эх орноо бид өвөг дээдсээсээ хүлээж авсан,
    үр ачдаа хүлээлгэж өгнө,

    Соёмбот тугаа гурван зууны тэртээгээс бидэндээ ирүүлсэн
    Цогт хун тайжийг ч,
    Сод ухаанаа хөх судартаа үлдээж, хойч үедээ илгээсэн
    Суу билэгт Инжинашийг ч
    Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан, үр ачдаа хүлээлгэж өгнө!

    Уулсыг өндөлзүүлж, ус голыг мэлмэлзүүлэх
    Уяхан хоёр чавхдаст морин хуур, уртхан аялгуут дуугаа,
    Уужим баянаараа хорвоо шигээр хорвоод тэнцсэн
    Ухаант ардынхаа яруухан алдар МОНГОЛ нэрээ
    Сансарт ниссэн гавъяа, атрыг хагалсан түүхтэйгээ,
    Сайхан бүхнийг нэмж бүтээсэнтэйгээ
    Ураг элгэнээ улам олон болгож,
    Ус нутгаа улам сайхан болгож,
    Тэнгэрээ цэлмэг, нараа тунгалаг хүлээлгэж өгнө!
    Өвөг дээдсээсээ хүлээж авсан эх орон шүү!
    үр ач минь ээ!

  • ☺. БОДОО 2010-07-11 19:52

    Р.Чойном : Азийн Монгол
    Булганы арьс нөмөрсөн
    Анчин малчин баатар эрс
    Арчаад өнгөрсөн түүхтэй
    Найман зууны түүхтэй
    Суут Монголын баатар эрс
    Нарийн ширэн гөлмөн дээр
    Ган дөрөөг дөрөөлж
    Намхан чийрэг мориныхоо
    Хур дэл дээр бөхийж
    Наран шингэх зүг рүү
    Саран бугуйл шидэж
    Намтар түүхтэй Парижийн
    Алтан цамхагийг уургалаад
    Нааш цааш нь ганхуулж үзсэн түүхтэй

    Засгийн сүр гэдгээр дэлхийг ингэж айлгасан юм
    Зарлиг тушаал хоёрыг Европ тэгэхэд ойлгосон юм
    Залуу баатар Тэмүжингийн
    Санасан санаа тэгэж
    Замбуу тивийн элгэн дээр
    Хүн чулууг үлдээсэн юм
    Овтой манжийн хаад шиг
    Охидоо худалдаж
    Оросын ядуу хаан шиг
    Нийслэлээ галдуулж
    Тэртээ Америк шиг
    Тэнэгээрээ турхирч
    Тэсэртлээ баяжиж
    Тэнэж үзээгүй
    Утаан дунд ч морьтойгоо явж
    Усан дунд ч хувцастайгаа сууж
    Ууж идсэн ч сэтгэлтэйгээ байж
    Унтах нойрондоо хуягтайгаа хэвтэж
    Өөрийн эрхийг тэгэж бид
    Өдтэй сумаараа харваж олсон юм
    Өөрийн гүрнийг тэгэж бид
    Өдөр шөнөгүй хамгаалж төвхнүүлсэн юм
    Москваг шатаасан Напелоны
    Мөнхийн алдрыг дуулж байна
    Альпыг даваад Европ руу
    Атаклаж явсан Суворовыг
    Түүхийн хуудсанд
    Алтан үсгээр бичиж байна
    Тэгвэл яагаад бид
    Тэмүжинг дуудах нь байтугай
    Эцсийн эцэст сайн мөрийг нь ч
    Энхрийлэн нэрлэж болохгүй болов оо
    Дэлхий дахины түүхэнд ч
    Төрийн нуруу босгосон
    Дэглэм сайтай цэргийн
    Төмөр хүрээг анх үүсгэсэн
    Тэргүүн жанжин Чингисийн
    Төрж өссөн нутаг
    Тэмүүжин Хасар хоёрын
    Тоглож өссөн газар
    Дэлүүн болдогийг ороосон
    Ононгийн гол ширгэхгүй
    Дээдэс хаадаа хүндэлсэн
    Монгол түмэн устаагүй
    Удам сайт Монголынхоо
    Алдар түүх хоёрыг
    Ураг хойчийн хүүхдүүддээ
    Монгол сэтгэлээр хүргэх гэж
    Уушгиныхаа гурван судсыг
    Тасартал дуулна

  • ☺. БОДОО 2010-07-11 19:52

    О.Дащбалбар: Тэнгэр шиг бай
    Хамаг бүгдээр чамайг
    Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
    Хамгийн сайн хүмүүс гэж
    Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

    Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
    Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
    Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
    Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

    Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
    Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
    Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
    Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
    Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
    Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
    Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
    Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
    Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
    Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
    Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
    Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
    Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
    Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
    Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
    Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...
    Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
    Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
    Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
    Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

    Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
    Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
    Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
    Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...
    Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
    Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
    Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
    Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...
    Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
    Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
    Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
    Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...
    Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...
    Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
    Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
    Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
    Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм
    Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
    Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
    Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
    Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...
    Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
    Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
    Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
    Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина
    Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
    Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
    Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
    Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
    Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
    Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
    Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
    Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

  • ☺. БОДОО 2010-07-11 19:52

    Б.Галсансүх : Англи хэлэнд итгэж зориулав
    Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл…
    Б.Ринчен

    Загас, сармагчин хоёртой хэлээ ололцолгүй
    Зовж, хэлмэрч хайж 1600 үеийг туулахад
    Зуслан эсвэл өвөлжөө рүүгээ нүүх аятайхан санагдаад, Арслан
    Заан агнаж, агуйд амьдрах аягүй санагдаад 1200 үе өнгөрлөө
    Монголын радио хятадаар мэндлэхэд би үхнэ.

    Өвөө, эмээ хоёрт минь үсэг нүдлүүлэх гэж 24 нь нойргүй хоноод
    Өөрийн минь номыг хэвлэх гэж 22 үе минь хүлээхийн жаргал эдлээд
    Нэг зуун мянган жилийн өмнөх их мөстлөгөөр бурхан цусыг минь хөлдөөхгүй гэж зовоод
    Наранд итгэхгүй надад цахилгаан зуух өвлүүлэх гэсээр зургаан ч үе барагдлаа
    Монголын ТВ солонгосоор цаг агаарын мэдээ уншихад би үхнэ

    Шуурга тавьсан солирын бөмбөгдөлтөнд бөмбөрцөг 20 тэрбум жил ёолоод
    Шөнө, сар хоёрыг төрүүлсэн нар 10 тэрбум жил ганцаардаад
    Шоргоолж юм уу, өтний өвөг сарнаа явагч шиг хорвоог хэмжсээр зургаан тэрбум жил наслахад
    Шугуйн жимсийг зах дээр надад 10 жилийн өмнө худалдаж байлаа
    Монголын сонинууд японоор мэдээ нийтлэхэд би үхнэ.
    Бороо зүгээр л шивэрнэ
    Бодол ухаанд хүрэлгүй зүгээр л шаагина
    Уул толгодыг ундааланхан шивэрнэ
    Ухаан санааг ариусгалгүй зөнгөөрөө л асгарна
    Сэтгэл санаа нэг л гунигтай
    Сэмрэх үүл мэт харуусалтай үед
    Дотрыг минь ариусгахгүй бороо шивэрнээс
    Дор хаяж ганц аянга буулгавал цэлмэх вий миний сэтгэл…

  • ☺. БОДОО 2010-07-11 19:53

    Дащбалбар: БИ - ТАЛЫН ХӨХ ЧОНО
    БИ - ТАЛЫН ХӨХ ЧОНО
    Би-талын хөх чоно!
    Сур шиг сунаж,
    Сухай шиг улайж,
    Эрчит дөрвөн хөлөөрөө
    Ээрэм талыг гаталж
    Агт сайн морьдын туурайг сульдааж
    Анч сайхан эрсийн хорхойг хөдөлгөж
    Арван халтар нохойг замд нь цувуулж
    Агшин бүрдээ үхэлтэй тэрсэлсэн


    Би-талын хөх чоно!

    Хуйлрах их хөндийг төмөр хүлгээр туучин
    Хурдан буутай эрс алах гэж занана
    Арьсыг минь хуулахын төлөө л ухаант хүн
    Араатан намайг зогсоо зайгүй мөрденө..
    Байгаль намайгтөрүүлж, байдал төрхийг минь урлаж
    Байгаа биеийнхээ чадлаар амь зуух болгосон!
    Гэвч хүн намайг үзэн ядна, хаа явсан
    Гэтэж алахыг завдана, үл өрөвдөнө!
    Өдер бүр үхэлтэй амь дүйж, өл залгана би
    Өртөе газар давхиад ч заримдаа хоосон!...
    Тэргэл сарны гэрэлд сүүдэртэйгээ цуг би шогшино
    Тэнхэл минь барагдаж, сульдсан хөл минь гуйвна!
    Тэнүүн тал зах хязгааргүй цэлийнэ
    Тэнгэрийн доор би гав ганцаар шогшино
    Тэмцэл гэдгийн жинхэнэ утга, ялахын жаргал, ялагдахын зовлонг
    Тэнэмэл чоно би ясандаа тултал мэдрэнэ

    Хорвоо дээр би чоно болж төрөөд
    Хорсол заналыг хэн бүхэнд төрүүлж,
    Өвлийн шөнө цасан дээр цонхигор сарыг ширтэн
    Өлсөхийн зовлонд ульж байхад уулс дагжина
    Эрийн чадлаар амьдардаг хээрийн хөх чоно
    Эрх чөлөөг туйлгүй хүсэх яруу найрагчтай ижил!
    Төрөлхийн зэрлэг араншингаараа би
    Төмер хавхтай хөлөө ч тас хазаж явсан !
    Тамын зовлонг биеэр эдэлсэн миний
    Тасарсан хөл минь тэр жалганд хоцорсон !
    Цагаан цасан дундуур улаан цусаа цувуулсаар
    Цаашлаад зугтсан гурван хелтэй намайг
    Хүн - араатнууд тасралтгүй мөрдөж
    Хүйтэн жавар дундуур машинтай элдсэн !
    Эцсийн агшиндаа би эргэж дайрахыг завдсан ч
    Энэ л удаа эрлэг намайг өршөөж
    Эрэг рүү тэд тэрэгтэйгээр уналаа !...
    Би-талын хөх чоно!
    Биеэр минь салхи нэвт шуурч
    Өл залгахын эрхэнд явсаар
    Өрөөсөн хөпөө алдав ...
    Элчилгүй талын араатан намайг
    Зэрлэг гэж нэрлэсэн нь
    Этгээд гажуу сонсогдоно
    Энэрлийг мэдэхгүй хүмүүс
    Надаас илүү зэрлэг!
    Ад үзэгдэж
    Амьд явахын зовлонг
    Ясны найрагч л
    Яг чоно шиг мэднэ
    Буруу хэрнээ буруутанг
    Бурхан тэнгэр минь өршөе!

    Сайхан амьд явж чадахгүй бол
    Сайхан үхэж чадах авьяас
    Сарны доор яруу найрагч
    Сац бас чононд л заяасан
    Би-чоно!
    Би хүн шиг сэтгэж
    Биеэ хайрлаж, үзэн ядаж
    Бас яруу найрагч шиг ганцаарднам
    Намайг хэн ч үл өрөвдөнө
    Нартаас үтэр тонилгохыг завдана
    Бурхнаас оноосон хоног хугацаагаа эдлэх
    Буруугүй хэрнээ буруутан чоно би
    Хээр талдаа салхи үхэл хоёртой тэрсэлдэж
    Хэрчлээт уулсыгдагжтал ульж явна!...

  • ☺. БОДОО 2010-07-11 19:53

    М.Билигсайхан : ЭХ ОРНЫ МИНЬ БОСГО ӨНДӨР
    Харийн хүн та шүлгийг минь сонс
    Хатуу байж мэднэ шүү
    Монголчууд гэдэг чинь намхан нуруутай, номхон зантай улс, гэвч
    Монгол гэдэг чинь
    Нар дурлаж өдөржин саатдаг эх орон
    Сар дуншиж шөнөжин мэлмэрдэг ээж орон


    Манай нутагт та зочлохдоо даарч мэднэ
    Малын арьсаар хийсэн хувцасыг нь авч өмсөөрэй
    Илчтэй дулаахан байдаг гам
    Магадгүй бас халууцаж мэднэ
    Магнаг өндөр уулсынх нь оргил юунд гараарай
    Сэрүүхэн байдаг юм
    Монгол гэрийн босго өндөр өө өндөр
    Бөхийж ороорой
    Монгол төрийн цааз хатуу хатуу
    Бүтэн сонсоорой
    Эрдэнэ нуумал нутагт минь эвтэйхэн гишгээрэй
    Эцэг дээдсийн минь онгонд ёс төртэй мөргөөрэй
    Тэгвэл тэнгэр өршөөнө
    Тивийн цаадах гүрэнд Монгол баярлана
    Бие гоо бүсгүйчүүдээр минь нүдээ л хужирлаж яваарай
    Би чамд хайртай гэж битгий худлаа яриарай
    Аминдаа бол хүн та
    Амрагаасаа ч илүү хайртай шүү дээ
    Монголчууд гэдэг чинь бор газар, цэнхэр тэнгэрийн ноён хүмүүс
    Босоо цагаан сүлдэн хийморьтой хаан хүмүүс
    Унасан газар харсан тэнгэртэй уян хүмүүс
    Уух дарс, суух нөхөдтэй учрал хүмүүс
    Дэлхийг эзэлсэн түүхтэй улс
    Дэрлээд унтах чулуутай хүмүүс
    Дэргэд минь уярах ханьтай улс
    Дээлийг минь өмсөх удамтай хүмүүс
    Унасан газартай улс
    Харсан тэнгэртэй хүмүүс
    Харийн хүн та
    Манай нутагт зочилж байгаарай
    Харин бид нар чинь
    Эх орондоо таныг урих эзэн байя
    Эх хэлээр минь хазгай битгий яриарай
    Эх орон дээр минь хатуу битгий гишгээрэй
    Харийн хүн та шулгийг минь сонсов уу
    Хатуу байна уу
    Эх орны минь босго өндер өө өндөр
    Бөхийж ороорой
    Эх монголын минь цааз хатуу хатуу
    Бүтэн сонсоорой.

  • ☺. БОДОО 2010-07-11 19:53

    Миний МОНГОЛ
    Хөх толботой төрдөг баатар МОНГОЛчууд
    Хөрст дэлхийг доргиосон МОНГОЛ морьдын төвөргөөн
    Дэнжийн цэцэгс нь хүртэл айн чичрэх МОНГОЛ хаадын сүр
    Дэлхийн цээжийг тамгалсан МОНГОЛ гутлын мөр

    Сүлд тугаан дээдлэн тэнгэрт залсан МОНГОЛ
    Сур жавхаагаан бадруулан дэлхийг эзгэнэсэн МОНГОЛ
    Үр удамдаан бахархал нь болсон Модун Шанью, Чингэс хаанууд
    Үнэнч сэтгэл нь гайхагдсан Зэв, Субээдэй, Боорч баатрууд
    Манж гоогоос нутгаан хамгаалан тэмцэгч Амарсанаа Чингүүнжавууд
    Машид гайхамшигийг үзүүлсэн Данзанравжаа, Далив хутагтууд
    Цэцэн мэргэнээрээ алдаршсан Сэцэн хан, То вангууд
    Цэгц шулуунаараа хундлэгдсэн Хандсүрэн, Цэрэндоржууд
    Халх голын дэргэд тугаан өргөсөн Аюуш, Олзвойнууд
    Хамаг МОНГОЛыг минь тунхагласан Сүхбаатар, Чойбалсангууд
    Уудам эх орны минь түүхийн нэг хэсэг энэ билээ
    Уртын дууны шуранхай эгшиглэсэн миний МОНГОЛ билээ
    Моритоогоон болоод ташууртайгаан байвал
    МОНГОЛчууд бид алзахгуй
    Мохошгүй чин зориг цагаахан сэтгэл нь байвал
    МОНГОЛчууд бид хэнд ч дийлдэхгуй
    МИНИЙ МОНГОЛ ҮҮРД МАНДАН БАДРАГ
    МИЧИД ТҮГСЭН ТЭНГЭР НЬ ҮҮРД ЦЭЛМЭГ БАЙГ

  • ☺. БОДОО 2010-07-11 19:54

    .Ичинхорлоо: ЭХ ОРОН

    Цэл залуугийн орь ганцхан хайр
    Цээжний шарх мэт эмзэг анхны харц
    Чөлөө алдуулж нисэх бяцхан шувуудын жиргээн
    Цөмийг нь надад итгэж өгсөн Эх орон

    Гандсан туг шиг дэрвэсэн үдшийн хөх салхин
    Онгосон талын дээгүүр эрх чөлөө мэт зоргоороо
    Цангасан хулан бүрдийн усанд зогсох шиг
    Сунгасан хараа төөрөм эх орондоо би дураараа
    Чиний төлөө хүний үрс идэр насыг элээж
    Чиний төлөө хүний үрс илд мэсийг далайж
    Чи эр зоригийн хүйтэн хөшөө болж
    Чи эх хүний халуун нулимс болном
    Эндүү хайрын үгнээс би зүрхээ харамладаг
    Гэнэдүү хагацлын гунигаас дотно бүхнээ харамладаг
    Дэндүү гэнэн насаа хорвоогоос харамладаг
    Дандаа дээдэлдэг эх орноосоо юугаа ч харамлахгүй
    Орь зуны шүүдэр шиг гэгээн тунгалаг үе
    Орчлонгийн шарх мэт эмзэг анхны харц
    Чөлөө алдуулж нисэх бяцхан шувуудын жиргээн
    Цөмийг нь таньд итгэж үлдээх Эх орон минь

  • ☺. БОДОО 2010-07-11 19:54

    Ц.Хулан: ЭХ ОРОН
    Хайртай гэж чангахан хэлсэндээ үнэн байдаггүй
    Хайртай л бол хэлээд байхын хэрэг юун!
    Эх орон гэж элдэв тангараг, сүржин үгийн хэрэггүй
    Эгэл жирийн хамгийн чимээгүйд ч эх орон байдаг юм
    Хайрлана гэдэг сүржин үг, танхай шүлэг биш
    Халамцуухан явахдаа Чингисийг магтаж ширээ тойрсон яриа биш


    Шивнэж цөөхүүлээ ярьдаг нууцгайхан сэдэв ч биш
    Шивнээ ярианы дайтай
    Эх орон гэж байдаггүй юм
    Салхин шүүдэр тусаагүй шувуун цоохор өндөг шиг
    Саран доорх орчлонд эмзэг зулай эх орон минь!
    Таныг хайрлана гэдэг чухамдаа юусан билээ?
    Тасархай үлэмжийн хайр бидэнд үгүй бил үү?
    Өчигдрийг муулж, өнөөг магтах нь хамаагүй
    Өнчирч ганцаардсан эх орон хэзээ ч лав байгаагүй
    Чимээгүйхэн он жилүүд бүхнийг далдлаад өнгөрөхдөө
    Чи биднээс харин эх орныг минь л нууж чадаагүй.
    Хайртай гэж хожим нь хэлэхийн тулд
    Халуун зүрхнээс эхэлдэг нутгийнхаа хилийг манаж
    Хазааргүй хүлэг шиг он жилүүдийг дөрөөлөн
    Хаяа тусгаар Монгол Улсыг өнөөдөрт би авчраагүй.
    Туждаа балчир үрс голомт залган үлдэх
    Тулгандаа сахисан улаан нар хэвээрээ байна.
    Эндэж осолдсон тавилан бидний дунд дутуу ч
    Элэгдэж хорссон юм алга, Эх орон бүтнээрээ байна.
    Чалчаа дэмий ярьж, тангараг өргөхөө боль!
    Чамаас чухам юу хүлээж, алгаа тосох вэ? Эх орон

  • ☺. БОДОО 2010-07-11 19:54

    Б.Галсансүх : Бурханд хэлэх зөвлөгөө
    Чи хийсэн кино бүхэнд нэжгээд МӨНГӨ үг орох ёстой гэж
    Чанга дуугаар хэлсэн. Мөнгө гэсэн үгтэй киног хүмүүс мөн ч их үзэж байна
    Чи зохиосон дуу бүхэнд нэжгээд ХАЙР гэсэн үг орох ёстой гэж
    Чанга дуугаар хэлсэн. Хайр гэсэн үгтэй дууг хүмүүс хамгийн их сонсож байна
    Чи гаргасан зарлал бүхэнд нэжгээд НАЙДВАРТАЙ гэсэн үг байх ёстой гэж
    Чанга дуугаар хэлсэн Найдвартай гэсэн зарлал нээрээ хүмүүсийг их залхааж байна
    Чи шилжилтийн үед бүгд ЗОВОХ ёстой гэж надад
    Чанга дуугаар хэлсэн. Шилжилтийн үе нь юм байлгүй, бүгд л зовж байна
    Чи бичиж байгаа ном бүхэнд ЖАРГАЛ гэсэн үг орох ёстой гэж
    Чанга дуугаар хэлсэн. ЖАРГАЛ гэсэн үгтэй номыг хүмүүс жигтэйхэн их уншиж байна
    Чи зохиосон хөгжим бүхэнд О ля ля гэсэн номыг хүмүүс аяз байх ёстой гэж
    Чанга дуугаар хэлсэн. О ля ля гэсэн аяз хүмүүст онцгой таалагдаж байна
    Чи тамхины хайрцаг бүр дээр ХОРТОЙ гэсэн үг байх ёстой гэж
    Чанга дуугаар хэлсэн. Хортой гэсэн тамхийг хүмүүс хамгийн их татаж байна
    Чи уух архины шил болгон дээр ЧАНАРТАЙ гэсэн тэмдэг тавь гэж
    Чанга дуугаар хэлсэн. Чанартай гэсэн архийг хүмүүс шил шилээр нь ууж
    Чиний хэлсэн бүхнийг чинь БУРХАН гуай бид бүгдийг биелүүлдэг
    Чамд хэлэх нэг зөвлөгөө байна: -Чи битгий давар!

  • ☺. БОДОО 2010-07-11 19:54

    Ц.Бямбажаргал : Үндсэрхэг бай бүсгүй минь
    Харамлана харамлана чамайг л ганцхан харамлана
    Ханиа л гэж ганцхан өмчилсөн гэргийгээ
    Бурханаас хүртэл харамлана
    Үндсэрхэг бай бүсгүй минь
    Өөрийг чинь өмчилсөн эр нөхөртөө үндэсрэхэг ханд
    Үнэндээ бүсгүй хүнд эр нөхөр чинь эх орон
    Үйлийн чинь аясаар хатуурч зөөлөрч
    Үнсэлтийн чинь цэнгээр гандаж мандана
    Хазгай гишгэхэд чинь тэнгэр шиг хилгэнэж
    Хайлган айланд чинь дуу шиг уярна
    Харамлана харамлана чамайг л ганцхан харамлана
    Ханиа л гэж ганцхан өмчилсөн гэргийгээ
    Бурханаас хүртэл харамлана
    Өнгө нь бараан хорвоод тавилангаа холбосон
    Өөрийг чинь овоглох эх орондоо үнэн ч бай
    Өдрийн цагаанд урьдаан барьж
    Шөнийн бараанаас өмнүүр чинь халхлах
    Өөрийнхөөн эх оронд үндсэрхэг бай бүсгүй минь ээ
    Өөдрөг итгэлтэй байна гэдэг
    Өсөн дэвжихийн маргашгүй үнэн
    Өөдгүй, арчаагүй байна гэдэг
    Өлбөрч доройтохын гашуун үнэн
    Итгэсэн бүхэн сэтгэл гишгэхийн цагт
    Үхэл хүртэл зөөлөн мэт байсан
    Анд минь . . . .
    Урвахын гашуун элэг өмлөхийн үест
    Сар хүртэл бүлээн мэт байсан
    Амраг минь . . .
    Нулимасаа залгиж тэргүүн өргөхийн цагт
    Надад чи өчүүхэн байсан шүү
    Шаналан минь.

  • ☺. БОДОО 2010-07-11 19:55

    Ц.Хулан : Эх орон танаа

    Тарааж болохгүй, хувааж ер боломгүй
    Талынх нь дов жалгаар салхи дэгдэж барамгүй
    Саран өртөөлж, наран тойроглож ханамгүй
    Сайхан эх орон танаа хатуу үг хэлье
    Элэг зүрхнээс уяатай гэж хэдэн үеэрээ монголчууд дуулдаг юм
    Энэ хэдэн хүүхэд чинь жаргах цаг хэзээ байдаг юм бэ
    Талаар нэг тараасан хүн чулуудаа та хар,

    Таны элгэнд өвс болж ургасан баатруудаа сана, эх орон...
    Ямбатны олбог, найрагч миний ширдэгнээс
    Ямар ялгаатай байдаг юм
    Ясны нимгэн, цусны өнгөөр
    Монголоо хэд хуваах гэсэн юм
    Яагаад миний сэтгэлд харин
    Бүтнээрээ байдаг юм, эх орон...
    Алтайг давж, Өлгийг орхисон хасгууд чинь
    Ага-Ыигийн дэгдээхэй, уран жиргээт домбороосоо
    Арай л илүүтэй Монголыгоо зүүдэлж яваа шүү
    Захчин, торгууд амтай хэлтэй мянгад чинь
    Заяын хүрээ сахисан номхон торгон өөлд чинь
    Босоо нүдэн сартуул, Дарьгангын дөрвөд чинь
    Ботгоны мөр шиг Монголдоо бултаараа хайртай
    Болоо юм биш үү, эх ороон?
    Осолдохгүй, таны л гунигаар хоолой норгож
    Орь залуудаа Боржигон Нацагдорж шүлгээ хумьж
    Тоостой судар шагайсан мэргэд хөвгүүд чинь
    Торны цаанаас чамайг л дууддаг биш бил үү
    Тоож хэний нулимсыг арчих юм бэ, эх орон?
    Хаад ноёдын өмнө бөхөлздөгөө больж үз,
    Харийн улсын алган дээр алтаа дэлгэхээ азнаж үз
    Хар толгойны дээр отго жинс л тогтдог
    Харц биднийхээ цээжинд эх орон та хоргоддог...
    Нүүдэл гүйцэхгүй тогорууны даль шиг хөх туганд
    Нүүрээ нааж үнсдэг харцынхаа хүүхдийг хайрла
    Хадаг дэлгэдэг гар дээрээ ерөөл тавьж айлтгая
    Харуусал гунигтай цээжинд минь итгэл өгч хайрла
    Соёмбо алтарсан ууланд минь
    Солонго тоглосон талд минь
    Хулан хулжаах говьд минь
    Хуур эгшиглэх монгол гэрт минь
    Ялгуусан төрийн ивээлээ тэгшхэн хүртээж үз
    Ямар ч цагтаа эх орон та Эх орон шиг байж үз
    Зуузай холбосон дэлхийн гүрнүүд
    Зуун хүлэг шиг уралдаж гэмээнэ
    Тоосон дундаас сарваа даага шиг
    Торойтол ганцаараа түрүүлээд ир
    Торгууд, халх, буриад чинь
    Тосоод авна эх орон минь
    Залбирдаг бурхан шиг минь гийгүүлээд ир
    Сөхрөөд уная, эх орон минь
    Загнуулдаг хүү шиг минь өмөлзөөд ир
    Тэврээд авна, ард түмэн чинь!

  • ☺. БОДОО 2010-07-25 22:14

    Sunday, March 1, 2009
    БААТРУУДАА БИД МАРТСААН

    Олон баатруудаа бид мартсаан, ор байгаагүй мэт явсаан
    Онцлох юмгүй болохоор нь мартав уу, огтоос гавъяагүй болохоор нь царцав уу
    Баатар хэрэггүй болчихоод гээв үү, баатар нь бид юм болохоор хаяв уу
    Баяр жаргал маань хэтэрчихээд огооров уу, багтаж шингэхгүй болохоор нь золив уу...

    Чин гүрнээс тусгаарласан, арван нэгэн оны цөс зүрхтэнүүд
    Чингисийн цэрэг л тул, оньсон төмөр цагийг дийлнэ л гээд боссон
    Эх орноо хамгаал гэхэд л цахиур буу, ташуураа аваад эрсэлдэг ардууд байсийм
    Эгэлгүй гэгээн тэд түмний төлөө амиа өргөхийг лавайн дуу шиг санасийм

    Насаа тэд сэлмийн ир, ариун сэтгэлээ цавчис болгон хурцалсийм
    Нармай улсынхаа л төлөө ар өвөр монгол, тагна урианхай гэлтгүй боссийм
    Асар их гүрний сүрийг сүүдрийн төдий санаж, цэрэг цайзыг нь бүслэн цохисоор
    Ардыг минь зовоосон дөнгийг итгэлээрээ л эвдэн, түүхийн хог дээр хаясаан...

    Арван гурван оны баатрууд их гүрнийг биш, эх орноо их гэж боддог байсийм
    Аяа, баатар хүний, жинхэнэ хүний зүрх гэж ийм л эрдэнэ байдгийм
    Таван замын цэрэг минь талд тулалдаж явсан ч, өндрөөс өндөрт байж
    Тавилан заяагаараан олон уулсын цаадхийг, олон улсын ч цаадхийг харсийм

    Хөххот, Чуулалтхаалга, Батхаалга, Долнуур, Бугат – гавъяаны маань цуурай
    Хөх цэргүүд минь олон ялалтыг байгуулж, Цагаан хэрмийг ч намсхийлгэв
    Далай их цэрэгтэй тулсан ч, дарийг дэлбэлэх хэт болгоё гээд түмэн зүрхээн өргөсийм
    Дан дээлтэй цэргүүд минь эр зоригоороон л хуяглаад Бээжинг зорьсийм...

    Хорин оны баатрууд минь Цэвээн тэргүүн, Баян гүнээрээ оройлуулж
    Харийн хар цэргүүдийг цагаан болтол хиар цохин, улсаа аварсаан
    Ард түмнээ л гэсэндээ, албин чөтгөртэй эвсэж, галзуу бароны хазаг сэлмийг гамин руу далайлгасан
    Аз жаргалын минь л төлөө гэж, дууль зоригт, дуулга сэтгэлт баатрууд минь талын түймэр шиг ассаан

    Хорин оны баатрууд хотол түмнээ чөлөөлчихөөд урвагч гэгдсэн эмгэнэлтэй
    Хорин нэгэн оны баатрууд ч ардынхаа төлөө, бугтай эвсээд ирэхэд нь мөргөлдөн сүйрсийм
    Улаан цагаан чөтгөрийн хүчийг, хар чөтгөртэй тэмцэхэд хэрэглэнэ гэсэн баатрууд минь хөөрхий
    Улс Монголынхоо л төлөө явсан Цэвээн тэргүүний цэргүүд дайснуудаа цөөлөөд л унтарсан зул цэргүүд ээ…

    Гучин хоёр оны баатрууд минь бас л дайснууд гэж зүхэгдсийм
    Гудайм тэр цаг үед мянган сүм түймэрдүүлж, бүхий ард боолчлогдсийм
    Цуст улаан гинжийг маань тарнийн хүчээр биш, чойжингийн хилэнгээр тасчина гэсэн хуврагууд
    Цугаараа нирваанаас татгалзан, Самбуу ламынхаа зарлигийг сахил болгоод л өндийсийм

    Өт хорхойн ч амийг хөнддөггүй хуврагууд маань, суманд даагдахгүй гээд зангиагаан зүүсээн
    Өшөөт дайсны түрэмгийг сөрж, өлөн баавгайн өрцөнд номын сүлдийг залсаан
    Улаан чөтгөрүүдийг авлахаар, Шамбалын дайндаа мордсон хуврагууд минь суманд даагдаагүй ээ
    Угсаат түмнийг чиглэсэн олон сумыг хариулан буцааж, аллага хядлага, гашуун зовлонг нимгэлсэн юм шүү...

    Хатуу ширүүн дөрвөн оныхныг л биш, хадыг хадаар хаах хаттай баатруудаа бид одоо чиг л мартсаар
    Хамаг хэцүүгээр үерлэсэн ч хагалж сөрөөд зогсох баатрууд минь нар, тэнгэр, тал “буц” гэж ятгасан ч, давших л байсан
    Баатар гэдэг зөвхөн дайсныг дарахын төлөө л, өгсөж уруудах, уруудах өгсөхийг ялж шижиртдэг
    Бадрах түмнийхээ уур хилэнг өрөөсөн мутраар өргөн далайх тэнхээтэй, хувь тавиланг нь зүрхэндээ багтааж цохилдог

    Агуу олныхоо ирээдүй өөд түмэн оныг нэвтлэн харах сэтгэлийн оночтой
    Асар сүрлэг уухайлах нь л сэлмийн цавчилт, исгэрэх сум, асгарах цус шиг хүчтэй
    Арван нэг, арван гурав, хорь, гучин хоёр оны баатруудаа дурсъя, саная, амилуулъя гэтэл
    Арай дэндүү бид мартаж; мөлхөж, огшиж, цовхорч, яаж л бол яаж мартаж

    Хүний цагаан сарыг хүж барин авъя гэж бархирч, хөлөг мийкртээ чихэлдэн мартаж
    Хүссэн нь Монголын бүх баялгийг ав гэж, хөсөр гуйлгачин заяагаа бахдан мартаж
    Харийн цагаачдын мөр л болж, хөлөөрөө толгой хийн бүжиж, хөлчүү торонд улин мартаж
    Хаашаа ч хамаагүй харайж, хатсан шувууны ханиад тусаж, хадаасан өсгийд гишгүүлэн мартаж

    Зугтаж, зулгааж, гэтэж, зулгарсан дугуй, ном, сэтгэлийг шатааж, уудам эх орноо зөвхөн утаан баатар болгож,
    Зуун нэгэн баатаргүйгээр зусардаж дөнгөдөгтөө сагаж, зуд гүрнээс чөлөөлөгдөх биш, зуйрган боол нь болохыг хүсэн мартаж
    Ялаатай уралдан нисч, салхины ширхгийг ороож сүлжин хулгууж, гудмыг гуниг, өлөн, ашгийн нүдээр харж,
    Ядарсан лаазыг өшиглөж, зүлэг талхчиж, ясан дээр эрээчиж, хашлага эвдэн мартаж

    Арван нэгэн оны баатрууд шиг эх орноо хариас чөлөөлөхийн оронд, их гүрний хэнбугайн ч арван нэгэн дагуул болохыг зорьж
    Таван замаар улс Монголынхоо төлөө амь хайргүй тулалдахын оронд, таван хилэнцийн замаар цэрэглэн хөдөлцгөөж
    Хорин оны баатрууд шиг буг чөтгөрийг ч дайсны эсрэг зүтгүүлэхийн оронд, хорин дар мамаан шүтээнээ болгож
    Гучин хоёр оны баатрууд шиг улаан шулмыг намнахын оронд, гучин хоёр шүдний завсарт улаан мах гуйн, шулмыг тахиж

    Баатруудаа бид мартсан байна, баатруудаа мартсаны тул баатар болохоон ч мартсан байна
    Баатруудгүй бол эх орон бадар болчихдог юм, байгаа бүхэн минь балар болчихдог юм
    Баатруудаар оршдог юм аа, эх орон, улс түмэн, монголчууд гэдэг чинь, таминь ээ
    Баатруудаа бид олж үзэхээн ч байсан, тоолж үзэхээн ч байсан, баатар ч үгүй, бадаг ч үгүй л болмуй

    Ч.Мөнхбаяр




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold