Бизнес төлөвлөгөө бичих аргачлал

Оруулсан : Б. Тогтох 2011-01-31 21:48:52

Компаний танилцуулга

- Компаний түүх
- Одоогийн үйл ажиллагаа
- Дүрмийн сан, түүний өөрчлөлт, хувьцаа эзэмшилт
- Бүтэц зохион байгуулалт, удирдлага, хүний нөөц


Зах зээлийн судалгаа

- Зах зээл, хэрэглэгч, зах зээлийн ерөнхий чиг хандлага
- Бизнесийн хууль эрх зүйн орчин
- Өрсөлдөөн, өрсөлдөгчид
- Бизнес төлөвлөгөө бичих болсон үндэслэлүүд


3.3 Төлөвлөсөн бизнесийн үйл ажиллагаа

- Компаний зорилго, зорилт
- Төлөвлөсөн үйл ажиллагаа
- Борлуулалтын төлөвлөгөө, маркетингийн төлөвлөгөө
- Менежментийн төлөвлөгөө
- Үйл ажиллагааны төлөвлөгөө
- Санхүүгийн төлөвлөгөө
- Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө
- Эрсдлийн менежмент /бууруулах арга зам

Бизнес төлөвлөгөө гэж юу вэ?

Бизнес төлөвлөгөө бол бизнес ба түүний орчин, удирдлагын систем, зах зээл, тухайн компаний өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд шаардагдах нөөц, зорилтот үр дүнд хүрэх арга замыг тодорхойлж бичсэн баримт бичиг юм.

Аливаа бизнес төлөвлөгөөг боловсруулахаас өмнө бизнес эрхлэгч та дараах асуултуудыг өөрөөсөө асуух хэрэгтэй:

1. Ямар бизнес эрхлэх гэж байгаа?
2. Энэ бизнесийг эрхлэх болсон шалтгаан нь юу вэ?
3. Энэ бизнесийн хэрэглэгчид, өрсөлдөгчид нь хэн байх вэ? Энэ шинэ бизнес хэрэглэгчдийн таашаалыг хэрхэн хангаж өрсөлдөгчидтэй өрсөлдөх вэ?
4. Энэ бизнесийг төлөвлөж, үйл ажиллагаа явуулах хамгийн оновчтой арга зам юу вэ? Таньд ямар нөөц бололцоо байгаа вэ?
5. Санхүүгийн талаас үнэхээр ашигтай ажиллаж чадах уу? Хэдий хугацаанд ашигтай ажиллах вэ? Тогтвортой ашигтай ажиллуулахын тулд ямар хөрөнгө, эх үүсвэр шаардагдах вэ?

Бизнес төлөвлөгөөны ач холбогдол:

• Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх этгээд болох жишээлбэл компаний удирдлагын баг, ерөнхий гүйцэтгэх ажилтан нь төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлвэл бизнестээ амжилт гаргахад илүү тустай.
• Бизнес төлөвлөгөөг зөвхөн санхүүжилт олох зорилгоор биш үйл ажиллагаагаа төлөвлөсний дагуу зөв зохистой явуулах үүднээс хийх хэрэгтэй. Бизнес төлөвлөгөөг нягт нямбай, зөв хийх нь алдаа гаргаж алдагдалд орохоос сэргийлнэ.
• Санхүүгийн жил бүр /1 жил/ бизнес төлөвлөгөө боловсруулж, ирэх жилд явуулах үйл ажиллагаагаа төлөвлөснөөр бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх, бизнесээ зөв амжилттай удирдан зохион байгуулах гол үндэс нь болдог.
• Жил бүрийн бизнес төлөвлөгөөнөөс гадна компаний ойрын 5 жилд хийх үйл ажиллагааг төлөвлөсөн стратеги төлөвлөгөөг бэлтгэж, бизнесээ хэрхэн өргөжүүлэх талаар төсөөлөлтэй байх нь бизнес эрхлэгчидэд хөрөнгө, эх үүсвэрээ үр ашигтай бизнест хөрөнгө оруулах, зах зээлийн аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг олон талын чухал ач холбогдолтой.
• Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнд зах зээл, эрэлт бий эсэхийг сайн судлаж шалгах төлөвлөх шаардлагатай.
• Бизнес төлөвлөгөөний санхүүгийн хэсэгт хөрөнгийг хэрхэн төлөвлөж зарцуулахыг харуулах мөнгөн урсгалын тооцоог заавал оруулсан байх шаардлагатай.
• Зардлууд нь бодитой, хэмнэсэн байх бөгөөд зохиогчийн бодит нөхцөл байдлын тухай ойлголтыг аль болох нарийн гаргавал зохино.

Бизнес төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсгүүд:

Төлөвлөгөө 4 үндсэн хэсгээс бүрдэнэ. Эхнийх нь бизнес төлөвлөгөөний хураангуй бөгөөд бусад бүлгүүдийг бичсэний дараа бичиж одоогийн бизнес болон шинэ бизнесийн төслийн ерөнхий дүр зургийг уншигчид харуулдаг. Хоёрдугаарх нь одоогийн бизнесийн тухай өгүүлнэ. Үүний дараа шинэ бизнес явагдах орчныг тодорхойлон бичсэн зах зээлийн тухай байна. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэх хэрэглэгч байгаа бөгөөд тэд тухайн компанид ашигтай үнээр түүнийг өрсөлдөгчдийнхөөс сонгох илүү сонирхолтой байгааг харуулах тул энэ хэсэг нь хамгийн чухал байдаг. Эцэст нь шинэ бизнесийн тухай дэлгэрэнгүй бичсэн хэсэг бий. Энд удирдлага зах зээлийг харгалзаж үзсэний дагуу тухайн бизнесийг нэвтрүүлж явуулах хамгийн оновчтой арга замыг сайтар бодож төлөвлөснийг дэлгэрэнгүй үзүүлнэ.



Бизнес төлөвлөгөөний үзүүлэлт Тайлбар:
3.1 КОМПАНИЙ ТАНИЛЦУУЛГА

Компаний түүх

Энэ хэсэгт танай компани анх хэдэн онд байгуулагдсан, ямар бизнес анх эрхэлж байсан зэрэг компаний байгуулагдсан болон хөгжиж ирсэн түүхийг бичнэ. Мөн компанийн ололт амжилтын талаар хэрвээ шагнал, урамшуулал, цол өргөмжлөл авч байсан бол тэдгээрийн талаар танилцуулна.


Одоогийн үйл ажиллагаа
Компани ямар чиглэлийн бизнес эрхэлдэг, ямар бүтээгдэхүүн болон үйлчилгээ, үйлдвэрлэл эрхэлдэг, одоогийн бизнесийн орчин ямар байгаа зэрэг мэдээллүүд орно. /Жишээ нь: Ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, үйлчилгээ үзүүлдэг, тэдний шинж чанар, давуу тал, тоо хэмжээ, компаний борлуулж байгаа үнэ, бусад компаниудын борлуулж байгаа үнэ, худалдан авах сонирхол хэрэгцээ ямар байдаг гэх мэт/

Үйлдвэрлэлийн талаар одоогийн эзэмшиж буй техник технологи, тоног төхөөрөмжийн байдал, үйлдвэрлэлийн ба үйлдвэрлэлийн бус зориулалттай барилга, байгууламжийн одоогийн тоо хэмжээ, талбай түүнийг нэмэгдүүлэх, өргөжүүлэх, шинэчлэх шаардлага, шаардагдаж буй хөрөнгө оруулалтын хэмжээ зэргийг дурьдана. Мөн түүхий эд бэлтгэдэг сувгууд, түүхий эдийн жагсаалт тэдний үнэ, тоо хэмжээ зэрэг мэдээллүүдийг танилцуулна.

Борлуулалт, борлуулалтын сувгууд, маркетингийн үйл ажиллагааны талаар бүтээгдэхүүн буюу үйлчилгээний борлуулалтын тоо хэмжээ, одоо хэрэглэж байгаа борлуулалтын сувгууд, хичнээн зуучлагчтай хамтарч ажилладаг, маркетингийн хувьд ямар бодлого баримталдаг, идэвхжүүлэлтийн ямар хэрэгслүүдийг ашигладаг талаар мэдээллүүдийг багтаана. Мөн одоогийн нийлүүлэгч, хэрэглэгч, борлуулагчидтай байгуулсан албан болон албан бус гэрээний тухай бичвэл зохино.


Дүрмийн сан, түүний өөрчлөлт, хувьцаа эзэмшилт
Компанийг анх ямар хүмүүс, хэдий хэмжээний хөрөнгөөр байгуулж байсан, түүнээс хойш дүрмийн санд оруулсан хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөн эсэх, мөн хувьцаа эзэмшигчид өөрчлөгдсөн эсэх талаар мэдэээлнэ.
Компани байгуулснаар хувьцаа эзэмшигчид өмнөх хугацаанд ямар үр ашиг хүртсэн, хэдий хэмжээний ногдол ашиг авсан талаар тодруулж өгнө. /Жишээ: эхний жил 10 сая төгрөгөөр байгуулагдаад, 20 сая төгрөгийн ашиг олж 10 сая төгрөгийг ногдол ашиг болгон олгосон, эсвэл 10 сая төгрөгөөр компанидаа үндсэн хөрөнгө худалдан авсан гэх мэт/


Бүтэц зохион байгуулалт, удирдлага, хүний нөөц Энэ хэсэгт тухайн байгууллагын боловсон хүчний бүтэц, зохион байгуулалт, удирдлагын багийн танилцуулга, тэдний өмнө хийж байсан ажил, ажлын туршлага, одоогийн хариуцан ажилладаг ажлын талаар танилцуулна. Мөн тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг схемчлэн зурж болно.
Хүний нөөцийн талаар одоо компанид нийт хэдэн хүн ажилладаг, тэднээс хэд нь үндсэн ажилчин, хэд нь гэрээт ажилчин байдаг, ямар ямар чиглэлийн ажил хариуцдаг, ажилчид дотроо газар, хэлтэс, салбар зэрэгт хуваагддаг эсэх талаар бичнэ.
Одоогоор ажилчид дунжаар ямар цалин хөлс авдаг, цаашид цалин хөлсийг өөрчлөх эсэх, ажилчидыг тоог нэмэгдүүлэх эсэх тухай тодруулна.


Компаний эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр, Зээлийн түүх Компаний дүрмийн сангаас гадна өөр эргэлтийн хөрөнгө ашиглаж байсан эсэх хэрвээ зээл авч байсан бол зээлийн түүхийг өгүүлнэ.
Зээлийн түүх хэсэгт өмнө нь банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч байсан эсэх, ямар зориулалттай, ямар хэмжээ, хүү, хугацаатай авсан, авсан зээлээ ямар хугацаанд төлж байсан эсэх зэрэг мэдээллийг багтаана.



3.2 ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА / тухайн бүтээгдэхүүн/үйлчилгээний хэрэгцээ байгаа, тиймээс эрэлт байх болно гэдгийг харуулах/

Зах зээлийн судалгаа
Зах зээлийн судалгаа бүлэг нь ерөнхий зах зээлийн байдал, хэрэглэгчид, зах зээлд гарч байгаа ерөнхий чиг хандлага, тухайн бизнесийн хууль эрх зүйн орчин, тухайн салбар дахь өрсөлдөгчдийн талаар мэдээллүүдийг багтаана. Зах зээлийн судалгаан дээр үндэслэн бизнес төлөвлөгөө бичих болсон шалтгаануудаа тодорхойлж бичнэ. Зах зээлийн судалгаа нь дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.

• Зах зээл, хэрэглэгч, зах зээлийн ерөнхий чиг хандлага
• Бизнесийн хууль эрх зүйн орчин
• Өрсөлдөөн, өрсөлдөгчид
• Бизнес төлөвлөгөө бичих болсон үндэслэлүүд
Зах зээл, хэрэглэгч, зах зээлийн ерөнхий чиг хандлага Энэ хэсэгт зах зээлийн хэмжээ, хэрэглэгчдийн тоо хэмжээ, тухайн компаний зах зээлд эзлэх хувь, зах зээлийн өсөлт, ирээдүйн зах зээлийн байдал, зах зээлийн тогтвортой байдал, зах зээлд гарч байгаа ерөнхий чиг хандлагууд үүн дотор технологийн хөгжил, байгалийн хүчин зүйлс, хүн амын суурьшилт, нүүдлийг оруулна.

Энэ хэсэг бол чухал бөгөөд эхэндээ нэлээд адармаатай байх талтай. Бүх зүйлийг харгалзаж үзсэн эсэхийг шалгах нэг арга бол дараах асуултанд хариулах юм.
1. Зорилтот зах зээл юу вэ? Үүнийг яаж тодорхойлсон?
2. Өрсөлдөгчид хэн бэ? Ямар зах зээл дээр тэд өрсөлддөг/өрсөлддөггүй?
3. Зах зээл хоорондоо ямар ялгаатай байна? Бүтээгдэхүүнээрээ юу эсвэл газар зүйн байдлаараа юу?
4. Зах зээл цаг хугацааны турш яаж өөрчлөгдөж байна? Өсөж байна уу? Тогтвортой байна уу? Эсвэл багасаж байна уу?

Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн хэмжээ, нөөц боломж ийг тооцоолох олон арга байдаг бөгөөд бүтээгдэхүүн бүрд харилцан адилгүй байна.

Энэ бүлгийн хамгийн чухал нь тухайн бүтээгдэхүүн/үйлчилгээний хэрэгцээ байгаа, тиймээс эрэлт байх болно гэдгийг харуулах юм. Дараа нь бүх хүч хөрөнгийг зарах хангалттай эрэлт байгаа гэдгийг харуулах. Зах зээлийн нарийн хэмжээг гаргах онц шаардлагагүй бөгөөд боломжийн зах зээлийн нөөцийн хэмжээ, тооцооны үндэслэлийг илэрхийлэхэд л болно.
Бизнесийн хууль эрх зүйн орчин хэсэгт Тухайн бизнесийг эрхлэхтэй холбоотой хуулиудыг судалсан эсэх, зөвшөөрөл, лиценз өөр шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж баталгаажуулсан эсэх, үйл ажиллагаа нь ямар нэгэн хуулийн заалтын эсрэг биш болохыг тодруулсан байх шаардлагатай
Өрсөлдөөн, өрсөлдөгчид хэсэгт тухайн зах зээл дээрх ижил төрлийн бизнес эрхэлж байгаа ААНБ -ын тоо хэмжээ, нэр, байршил, хүчин чадал, зах зээлд эзлэх хувь, давуу болон сул талуудын талаар дурьдана.

SWOT шинжилгээг яаж хийх вэ?

Компаний дотоод хүчин зүйлс:
Давуу тал Сул тал
Энд компаний дотоод давуу талуудыг тодорхойлж бичнэ. Энд компаний дотоод сул талуудыг тодорхойлж бичнэ.
Компаний гадаад хүчин зүйлс:
Боломж Аюул
Компанид нөлөөлж, учирч байгаа мөн ирээдүйн таатай, эерэг нөлөөтэй гадаад хүчин зүйлсүүдийг бичнэ. Компанид нөлөөлж, учирч байгаа мөн ирээдүйн аюултай, сөрөг нөлөөтэй гадаад хүчин зүйлсүүдийг бичнэ.

Бизнес төлөвлөгөө бичих болсон үндэслэлүүд хэсэгт яагаад шинээр бизнес эрхлэх, зах зээлийн судалгаa/туршлага/, өөрийн хүчин чадлын хэмжээг харгалзаж өргөжүүлэх болсон тухай бичнэ.

Энд компани шинэ бизнесийг амжилттай явуулах боломж бүрдүүлэхийн тулд бизнесийн орчинд ямар өөрчлөлт гарсан тухай тайлбарлана.

3.3 ТӨЛӨВЛӨСӨН БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
/Зах зээлийн судалгаа, өмнөх жилүүдийн санхүүгийн гүйцэтгэл дээр үндэслэн ирээдүйн төлөвлөгөөг гаргана/
Төлөвлөсөн бизнесийн үйл ажиллагаа бүлэг 1. Компаний зорилго, зорилт
2. Төлөвлөсөн үйл ажиллагаа
3. Борлуулалтын төлөвлөгөө, маркетингийн төлөвлөгөө
4. Менежментийн төлөвлөгөө
5. Үйл ажиллагааны төлөвлөгөө
6. Санхүүгийн төлөвлөгөө
7. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө
8. Эрсдлийн менежмент /бууруулах арга зам
2. Төлөвлөсөн үйл ажиллагаа

а. Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Үйлдвэрлэл, Түүхий эд материал
Бүтээгдэхүүн/үйлчилгээ хэсэгт ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон ямар үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа тухай бичнэ.

 Энэ хэсэгт тухайн компани зээлийн хөрөнгөөр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа тухай өгүүлнэ.

Энэ бүлэг мөн бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнэ хөлсөд өөрчлөлт орох эсэх, бүтээгдэхүүний шинж чанар, шинэчлэлт өөрчлөлт хийгдэх эсэх, бусад ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс ялгарах онцлог, хэрэглэгчдийн санал хүсэлт, давуу тал, чанарын шаардлага хангасан эсэх, чанарын болон бусад хяналт шалгалт хийгдсэн эсэх, холбогдох газруудаар баталгаажсан эсэх, бүтээгдэхүүнийг хадгалах хугацаа, агуулах бий эсэх талаар мэдээллийг багтаана.

Үйлдвэрлэл хэсэгт түүхий эд материал, технологи, ажиллах хүч гэх мэт үйлдвэрлэлийн орц, гарцад өөрчлөгдө шинэчлэлийн талаар өгүүлнэ. Үйлдвэрлэлийн үйл явц хэрхэн явагддаг үйлдвэрлэлийн процессийн тухай өгүүлж түүний хэсэг дамжлага нь хоорондоо яаж холбогддог тухай тайлбарлана.

Мөн түүхий эд бэлтгэдэг сувгууд, түүхий эдийн жагсаалт тэдний үнэ, тоо хэмжээ зэрэг мэдээллүүдийг хавсаргана.

Түүхий эд материал хэсэгт үйлдвэрлэлд чухал түүхий эд материалын хэрэглээ, бэлтгэх арга зам, татан авалтын сувгууд, бэлтгэн нийлүүлэгчдийн талаар төлөвлөнө.
• Шаардагдах түүхий эд материалын төрөл, тоо хэмжээ, шинж чанар
• Түүхий эд бэлтгэх арга зам
• Түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид, тэдгээртэй байгуулсан гэрээ, хэлэлцээр бий эсэх, үнийн санал, үнэ, тоо хэмжээ, тээвэрлэлтийн зардал, тээвэрлэх хугацаа, захиалга хэзээ өгдөг, төлбөрийн нөхцөл
• Хадгалалт
• Түүхий эд татдаг хугацаа

Технологи хэсэгт ямар технологи шаардлагатай, одоо бий эсэх, байхгүй бол хаанаас ямар үнээр яаж худалдаж авах, хаана сурахаа төлөвлөж дэлгэрэнгүй танилцуулна.

Мөн судалгаа, шинжилгээний хүрээлэн, үйлдвэрүүдийн холбоодтой харилцаа холбоотой эсэх тийм байх нь ямар ашиг тустай зэргийг бичнэ.

б. Үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл Үндсэн хөрөнгийг үндсэн 4-н бүлэгт ангилж болно:
1. Үл хөдлөх хөрөнгө /Барилга, байшин/
Үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус зориулалттай /офисийн, дэлгүүрийн, агуулахын зориулалттай/ барилга, байшингийн тоо ширхэг, талбайн хэмжээ, байршил зэргийг тодорхойлж өгөх ба үл хөдлөн хөрөнгө байгаа эсэх, үгүй бол бизнесээ явуулах шаардлага хангасан байрыг хэрэгцээний дагуу худалдаж авах уу, түрээслэх үү гэдгээ төлөвлөж бичнэ.
Бизнес төлөвлөгөөний дагуу шинээр худалдах авах гэж байгаа бол байрны үнэ, талбай, байршил, төвийн дулаанд холбогдсон эсэх, өмнө нь ямар зориулалтаар ашиглаж байсан, өмчлөгчийн эрх баталгаажсан эсэх, худалдагч нь хэн болох, худалдах түрээслэх гэрээ байгуулагдсан эсэхийг тодотгож өгнө.
Хэрэв үйлдвэрлэлийн байрыг өөрсдөө шинээр барих, эсвэл бариулах гэж байгаа бол холбогдох зөвшөөрлүүдийг /газрын зөшөөрөл, барилгын ажил эхлэх зөшөөрөл г.м/ авсан эсэх, барилгын зураг төсөв хийгдсэн эсэх, техникийн нөхцөлүүд авагдсан, барилгыг барих барилга угсралтын компанитай албан ёсны гэрээ хэлэлцээр хийсэн эсэх, барилгын материалын болон ажлын хөлсны, хугацааны талаар төлөвлөсөн, тохиролцсон гэрээ хэлэлцээр бий эсэх талаар мэдээллийг оруулах шаардлагатай.

б. Үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл
Үйлдвэрлэлийн байрыг түрээслэхээр төлөвлөсөн тохиолдолд, түрээслэх байрны байршил, үнэ ханш, хугацаа, гэрээ бий эсэх талаар бизнес төлөвлөгөөндөө оруулж өгнө.

2. Тоног төхөөрөмж
Бизнесээ явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг тодорхойлж, тоног төхөөрөмж нь хангалттай эсэх, хэрвээ хангалтгүй бол нэмж худалдан авах эсвэл түрээслэх төлөвлөгөө, боломжуудын талаар өгүүлнэ.

Тоног төхөөрөмж шинээр худалдан авах тохиолдолд дараах мэдээллийг дэлгэрүүлнэ:
• Үнийн судалгаа хийсэн эсэх
• Хаанахын ямар компаниас худалдан авахаар төлөвлөсөн, гэрээ хэлэлцээр, үнийн санал бий эсэх
• Худалдан авахаар тохиролцсон тоног төхөөрөмж чанарын шаардлага хангаж байгаа эсэх
• Тоо хэмжээ, хүчин чадал, ашиглах хугацаа
• Үнэ, тээвэрлэлтийн зардал, суурилуулалтын зардал, баталгаат хугацаа, даатгал
• Тоног төхөөрөмжийг ажиллуулж сурах сургалт

Тоног төхөөрөмж худалдан авах бол төслийн шаардлагын дагуу доод тал нь 3-н нийлүүлэгчээс ирсэн үнийн санал байх хэрэгтэй.
Хэрэв одоогоор хаанаас худалдаж авахаа шийдээгүй бол зах зээлийн ерөнхий үнэ, бусад зардал, хүчин чадлын талаар мэдээлэл өгөх хэрэгтэй.

Тоног төхөөрөмж түрээслэх тохиолдолд дараах мэдээллийг дэлгэрүүлнэ:
• Түрээслүүлэгчийн нэр, хаяг, холбогдох гэрээ хэлэлцээр бий эсэх
• Тоног төхөөрөмжийн тоо хэмжээ, хүчин чадал,
• Түрээсийн үнэ, ашиглах хугацаа, бусад нөхцөлүүд
• Даатгал

3. Техник хэрэгсэл
Бизнесээ явуулахад шаардлагатай техник хэрэгслүүдийг тодорхойлж, хангалттай бэлтгэгдсэн эсэх, хэрвээ хангалтгүй бол нэмж худалдан авах эсвэл түрээслэх төлөвлөгөө, боломжуудын талаар өгүүлнэ. /Жишээ нь: автомашин, компьютер, принтер гэх мэт/

4. Бусад үндсэн хөрөнгө
Дээр дурдсан ангилалд хамрагдаагүй бусад үндсэн хөрөнгүүдийн талаар мэдээлнэ. /Жишээ нь: ширээ сандал гэх мэт/

в. Удирдлага, бүтэц зохион байгуулалт, боловсон хүчин Энэ хэсэгт зөвхөн үйлдвэрлэлтэй холбогдолтой биш ерөнхий бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай тухайн компаний удирдлага, бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчний зохицуулалттай холбоотой асуудлуудыг төлөвлөж бичнэ. Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд үүсч байгаа шаардлагын дагуу дараах сэдвүүдээр төлөвлөгөөг хийнэ.
• Удирдлага, удирдах ажилтан, ялангуяа шинэ үйлдвэрлэл эрхлэхэд шаардагдах нэмэлт ажиллах хүчин
• Байгууллагын бүтэц зохион байгуулалт болон өөрчлөлт
• Боловсон хүчин, ажилчдыг бэлтгэх, сургах
• Боловсон хүчин, ажилчдад цалин, урамшуулал олгох
• Боловсон хүчнээ хөгжүүлэх

Байгууллагын жирийн хялбар бүтэц нь тухайн компани ямар зохион байгуулалттай бөгөөд шинэ үйлдвэрлэл явуулахад хаана ажилчин нэмж авч болохыг харуулна.

3. Борлуулалт, маркетингийн төлөвлөгөө
Борлуулалт, борлуулалтын сувгууд, маркетингийн үйл ажиллагаа гэсэн хэсэгт бүтээгдэхүүн/үйлчилгээний борлуулалтын тоо хэмжээ, одоо хэрэглэж байгаа борлуулалтын сувгууд, хувиарлалтын хичнээн шат дамжлагыг ашигладаг, хичнээн зуучлагчтай хамтарч ажилладаг, маркетингийн хувьд ямар бодлого баримтладаг, идэвхжүүлэлтийн ямар хэрэгслүүдийг ашигладаг талаар мэдээллүүдийг багтаана. Мөн одоогийн нийлүүлэгч, хэрэглэгч, борлуулагчидтай байгуулсан албан болон албан бус гэрээний тухай бичвэл зохино.

3. Борлуулалт, маркетингийн төлөвлөгөө
Борлуулалт, маркетингийн төлөвлөгөө
Борлуулалтын төлөвлөгөө нь үйлдвэрлэх бүтээгдэхүүний үнэ, хэмжээг тодорхойлно. Маркетингийн төлөвлөгөө нь компани хэрхэн өөрийн хүссэн хэмжээгээр хэрэглэгч бүтээгдэхүүнийг худалдаж авахад ятгах вэ гэдгийг харуулна. Үүнд:

Борлуулалтын төлөвлөгөө. Энд одоогийн бүтээгдэхүүний үнэ, хэмжээ, сүүлийн гурван жилд борлуулсан бүтээгдэхүүний хэмжээг ирэх оны борлуулалтын төлөвлөгөөтэй харьцуулан тооцож, тайлбарлах хэрэгтэй. Үүнд:
• Борлуулалтын орлогыг бүтээгдэхүүний төрөл бүрээр 1-3 жилээр тодорхойлох (доод тал нь 2 жил)
• Бүтээгдэхүүний үнийг шинэчлэн тогтоох эсэх, өрсөлдөгчдийн ижил төрлийн бүтээгдэхүүний үнийн судалгаа хийх
• Борлуулалтын сувгуудыг тодорхойлох /бөөний худалдаачин, жижиглэнгийн худалдаачин, хэрэглэгч
• Борлуулагчдын /өөрийн болон гэрээт/ тоо, нэр, байршил, албан ёсны гэрээ хэлэлцээр, борлуулалтын хэмжээ, барааны эргэлт, үнэ, төлбөрийн нөхцөл
• Борлуулалтыг идэвхжүүлэх арга хэмжээ /борлуулалтын урамшуулал, зар сурталчилгаа, худалдсаны дараах үйлчилгээ, нийгмийн холбоо, түншлэл, үнийн хөнгөлөлт г.м/
• Эргэлт удаан эсвэл, улирлын чанартай бүтээгдэхүүний хувьд стандартын дагуу хадгалах агуулах байгаа эсэх

Бүтээгдэхүүнээ гадаадын зах зээл дээр борлуулахаар төлөвлөж байгаа компаний хувьд дараах зүйлүүд дээр илүү анхаарах нь зохистой.

• Орон бүрийн улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжил, соёл, сэтгэл зүйн ялгаа байдгийг анхаарч бүтээгдэхүүний онцлог нь тухайн улсын стандартад тохирох эсэхийг судлах
• Албан ёсны худалдааны гэрээ хийсэн эсэх /Худалдан авагч тал, албан ёсны харъяалал, бүтээгдэхүүний хэмжээ чанар, хугацаа, төлбөрийн нөхцөл г.м/
• 2 орны хууль, эрх зүйн орчин, гадаад худалдаа, татварын бодлогын талаар судлах
Борлуулалтын төлөвлөгөө бодитой, хэрэгжихүйц гэдгийг хянах, Бүтээгдэхүүн тус бүрд жил бүрийн өсөлтийн түвшинг судлах, өсөлт хэт ихтэй он байна уу? Энэ өсөлтийг зохицуулах чадвар бий юу? Үүнтэй холбоотой зардлын өсөлт байна уу? Энэ борлуулалтын өсөлт нь үнийн өөрчлөлтөөс эсвэл борлуулалтын хэмжээний өсөлтөөс үүдэн гарч байгаа эсэх?

Хэрэв бүтээгдэхүүнүүдийн зөвхөн нэг нь өсөлтөөрөө давамгайлж байгаа бол? Үүний тайлбар, үндэслэл нь оновчтой эсэх?

Борлуулалт, үйлдвэрлэлийн төлөвлөгөө нь тухайн салбарын стандарттай тохирч байгаа эсэх; Жишээ нь тонн/ гектар, үйлдвэрлэлийн гарц/нэг хүнд, хөдөө аж ахуйн гарц ямар байх,

Маркетингийн төлөвлөгөөг бизнесийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хийх бөгөөд өмнөх бүлэгт хийсэн зах зээл, хэрэглэгчдийн судалгааг үндэслэн боловсруулна. Үүнд зах зээлээ сонгох, борлуулалтыг идэвхжүүлэх үйл ажиллагаа орно. Маркетингийн төлөвлөгөө нь маркетингийн иж бүрдлээс бүрдэнэ. Үүнд: Бүтээгдэхүүн (үйлчилгээ), Үнэ (үнийг хэрхэн тогтоох), Байрлал (суваг, хуваарилалт), Идэвхижүүлэлт (зар сурталчилгаа) зэргийг хэрхэн шийдвэрлэсэнээ тодорхойлно.

Маркетингийн иж бүрдлийг хэрэглэхүй
Бүтээгдэхүүн/үйлчилгээ нь зүгээр л нэг биет зүйл бус харин үйлчлүүлэгчийн авч байгаа нийт ашиг шимийн багц бөгөөд үнэ цэнэ нь юу вэ гэдэг үүднээс авч үзвэл зохино.
Байрлал нь хуваарилалтыг тодорхойлдог бөгөөд эрэлтийг хэрхэн бий болгож хангаж, ямар санал бодол гарч, борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэхийг тайлбарлана.
Идэвхжүүлэлт нь үйлчлүүлэгчидтэй харилцаж тэдний бүтээгдэхүүний тухай ойлголт, өвөрмөц шинж чанар, онцлогийн тухай мэдлэг, худалдаж авах сонирхол, магадлал, давтамжийг нэмэгдүүлэх аргуудын цогц юм. Зан байдлыг өөрчлөхийн тулд гол хоёр төрлийн идэвхжүүлэлт байдаг. Нэг нь татах буюу үйлчлүүлэгчийг идэвжүүлэх замаар, жишээ нь үнэгүй дээж тараах; нөгөө нь хуваарилах сувгаар буюу хөнгөлөлт үзүүлэх, хямдруулах юм.

Маркетингийн иж бүрдлийг хэрэглэх нэг хялбар арга бол дараах асуултад хариулах юм.
Үйлчлүүлэгч яагаад миний бүтээгдэхүүнийг худалдан авдаг вэ?
Бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчид яаж хүргэх вэ?
Шинэ болон одоогийн үйлчлүүлэгчдэд мэдээллийг яаж хүргэх вэ?
Маркетингийн иж бүрдлийн эдгээр хэсгүүд эцсийн үнэнд нөлөөлбөл зохино.
Үүнээс гадна хэрэв тухайн аймагт үйлдвэрлэл явуулж байгаа шууд өрсөлдөх өөр компаниуд байхгүй бол үйлчлүүлэгч төлж болох үнийг буюу бусад аймгийн жишээнээс харж үнээ тогтоож болно.


4. Менежментийн төлөвлөгөө, 5.Үйл ажиллагааны төлөвлөгөө Менежментийн төлөвлөгөөг
 Байгууллагын удирдлагын бүтэц, зохион байгуулалт
 Удирдах ажилтан бүрийн хариуцлагын тодорхойлолт
 Ажилчдын нэрсийн жагсаалт, Цалингийн зардал
 Боловсон хүчнийг бэлтгэх, чадваржуулах шаардлага ба сургалтыг тусгана.

Үйл ажиллагааны төлөвлөгөөг хийхдээ Бизнес төлөвлөгөө болон Маркетингийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хугацаа, давтамжийг гаргаад цаг хугацааны хувьд графикчилсан төлөвлөгөөг гаргах нь зүйтэй.

6. Санхүүгийн төлөвлөгөө
Санхүүгийн төлөвлөгөөнд бизнесийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах мөнгөн хөрөнгийн эх үүсвэр, зардал, орлого, ашиг тооцох, нийт мөнгөний эргэлтийг удирдах, хянах, зохицуулах талаар тусгана.

1. Зардлыг тооцох
2. Орлогыг тооцох
3. Бэлэн мөнгөний удирдлага /Мөнгөн урсгал/
4. Ашиг алдагдлын тооцоо

1. Зардлын нийт хэмжээг зардлын үндсэн бүлгүүдийн тооцоог нэгтгэн гаргана.
 Маркетинг, борлуулалтын зардал
 Үйлдвэрлэлийн зардал
 Удирдлага зохион байгуулалттай холбогдсон зардлууд
 Зээлийн хүү
 Өр төлбөр
 Албан татвар , хураамжууд
 Даатгал
 Хөрөнгө оруулалт
 Бусад зардал

Маркетинг, борлуулалтын зардал

Маркетингийн зардлыг тооцохдоо маркетингийн үйл ажиллагаатай холбогдсон зардлын төрөл тус бүрээр нь гаргаж тэдний нийлбэрээр тооцно. Бизнесийг шинээр эхэлж байгаа, өрсөлдөөн их, шинэ бүтээгдэхүүн гаргах тохиолдолд маркетингийн зардал харьцангуй их байх хандлагатай.

Борлуулалтын зардлыг тооцохдоо борлуулалт, хувиарлалттай холбоотой зардлыг элемент тус бүрээр нь тооцож нэгтгэнэ. / тээвэрлэлтийн зардал, борлуулагчийн цалин, урамшуулал, дэлгүүрийн лангууны түрээс г.м/

Санхүүгийн зардал дутуу тооцох магадлалтай байдаг тул орхигдсон зүйлс, гэнэтийн зардал гарч болзошгүйг анхаарч бусад зардалд нэмж тусгах хэрэгтэй байдаг. Үүнийг хянах нэг хурдан арга бол одоогийн зардал нь орлогын хэдэн хувь болж байгааг тооцож, урьдчилан төсөвлөсөн дүнтэй харьцуулж болно. Хэрэв урьдчилсан тооцоо харьцангуй бага байвал мартагдсан, эсвэл үйл ажиллагааны зардлыг бууруулах оновчтой арга зам байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй.

Компанийн онцлог, бизнесийг циклийг мөн харгалзах хэрэгтэй. Жишээ нь: Тухайн бизнесийн улирлын чанартай шинж чанартай зардлууд, малын өвлийн тэжээлийн зардлыг оруулсан эсэх, шинэ төхөөрөмжийн засвар үйлчилгээг бодолцсон эсэх гэх мэтийг харгалзан улирал бүрийн зардалыг тусад нь төсөвлөл илүү бодитой болно.

Хэрвээ зардал өссөн ч, орлого түүнээс илүүгээр өсөх боломжгүй тохиолдол үүсвэл хэрхэхийг урьдчилан тооцох хэрэгтэй. Мөн зардлыг хувьсах болон тогтмол шинж чанараар ангилж, ямар зардлууд тогтмол байнга гарч байх шаардлагатай, ямар зардлууд бүтээгдэхүүн үйлчилгээ үйлдвэрлэлийн өөрчлөлтөөс хамаарч өөрчлөгдөж байхыг тооцолсноор бизнес эрхлэгч нь: Ашиг буурахад зээлийг төлөхөд саад учрах уу? Компани ямар үед зээлийг төлж чадахгүйд хүрэх вэ? Орлого олох өөр бэлэн мөнгөний эх үүсвэр байгаа эсэх? зэрэг олон бэрхшээлтэй асуудлыг урьдчилан таамаглаж, түүнээс сэргийлэх, мөн хэрхэн шийдвэрлэх арга замаа зөв тодорхойлоход тустай.

Төсөв, тооцоо нь алдаа мадагтай байх магадлалтай гэдгийг санаарай. Гэвч зөв тооцож, төсөвлөх нь компани бүх орлого, зарлагыг нарийн тооцож гаргах нөхцөл болох бөгөөд бизнесийн үйл ажиллагааны явцад гэнэтийн асуудал гарч ирэхэд зөв алхам хийх боломжийг бүрдүүлнэ. Мөн энэ нь бизнесийн зохион байгуулалтын чиглэлийг илүү сайн ойлгуулна.


6. Санхүүгийн төлөвлөгөө
Үйлдвэрлэлийн зардлыг тооцох
Үйлдвэрлэлийн зардлыг тооцохдоо үйлдвэрлэлийн шууд зардал болон нэмэгдэл зардал буюу бусад зардлыг тооцно. Шууд зардалд тоног төхөөрөмж, барилга байгуулалт, түүхий эд материал, технологи, үндсэн ажиллагсдын зардлыг тооцож нэгтгэнэ.
• түүхий эд, материал
• барилга байгууламжийн элэгдэл, эрчим хүч, ус, дулаан, түрээс
• тоног төхөөрөмжийн элэгдэл, засвар, суурьлуулалт
• ажилчдын цалин хөлс, шагнал урамшуулал,
• бусад: төрөл бүрийн туслах материал, хөдөлмөр хамгаалалт
Удирдлага зохион байгуулалттай холбоотой зардлыг тооцохдоо удирдагчдын цалин, зохион байгуулалттай холбоотой зардлуудыг тооцно.
• офисийн түрээс, туслах материал, холбоо, гэрээ хэлэлцээрийн зардал, албан томилолт





















Албан татвар, хураамжууд:
НДШ, ЭМДШ нь цалингаас бодогдож, цалингийн зардалд тооцогдоно. Харин бусад татвар хураамжийг нэгтгэж болно.
• Гаалийн татвар
• Лиценз, зөвшөөрлүүдийн зардал
• Газрын болон үл хөдлөх хөрөнгийн татвар гэх мэт.

Хөрөнгө оруулалтын зардлыг тооцохдоо удаан хугацааны хөрөнгө оруулалтын зардлуудыг нэгтгэж тооцно. Тухайлбал удаан хугацаанд ашиглах барилга байгууламж, тоног төхөөрөмж худалдан авсан үнэ буюу зардал нь үндсэн хөрөнгөд бүртгэгдэж, харин тэдгээрийг ямар хугацаанд ашиглахыг тооцолж жил бүрийн элэгдлийн зардлыг тооцоолон үйл ажиллагааны зардалд бүртгэдэг.
2. Орлогыг тооцох
Санхүүгийн төлөвлөгөөнд орлогыг орлого бүрдүүлэх эх үүсвэр бүрээр тооцож нэгтгэнэ. Борлуулалтын төлөвлөгөөнд борлуулалтын өсөлт, үнийг тодорхойлсон ба орлогын төлөвлөгөөг тэндээс тооцно.

3. Бэлэн мөнгөний удирдлага буюу мөнгөн урсгал
Мөнгөөр орж гарч байгаа орлого, зарлагын дүнг мэдэх үүднээс сар бүрийн мөнгөн урсгалын тайлан, төлөвлөгөөг дэлгэрэнгүй гаргах хэрэгтэй.

Мөнгөн урсгалын тайлангийн агуулга, орлого, зарцуулалт

 ААНэгж бэлэн мөнгийг хэрхэн үйлдвэрлэж, ашиглаж байгааг тодорхойлдог
 Орлого тооцоолохдоо яг бэлэн мөнгөөр орж ирснийг тайланд тусгана.
 Эх үүсвэрээ тайлант хугацаанд хэрхэн зарцуулахыг мөн тусгах.
 Компаний орлого – (үйлдвэрлэлийн, ү/а-ны, үндсэн бус ү/а-ны, санхүүжилтийн зардал)+санхүүжилтийн орлого = ү/аны дараах цэвэр бэлэн мөнгө
 Энэ нь бэлэн мөнгө дутагдалтай, хүрэлцээтэй эсэхийг харах боломжтой.
6. Санхүүгийн төлөвлөгөө
Мөнгөн урсгалын шинжилгээ, санхүүгийн төлөвлөлт

 Бэлэн мөнгөний урсгал нь бизнес дэх бэлэн мөнгөний нөөц ба ашиглалтын дэлгэрэнгүй хуваарилалтыг илтгэнэ.
 Энэхүү бэлэн мөнгөний урсгал нь компаний урт хугацааны өр төлбөрийн чадварыг үнэлэхэд нэмэр болно.
 Мөнгөн урсгалын шинжилгээгээр нийт зээлийн үйлчилгээний хүчин чадлыг тодорхойлоход дөхөмтэй байдаг

Санхүүгийн төсөөлөл хийх зайлшгүй шаардлага нь:

 Зээлд хяналт тавих,
 Зээлийн төлөх хугацааг тогтоох,
 Зээлийн хэмжээг тодорхойлох,
 Зээл эргэн төлөх хуваарийг гаргадаг ба Бизнес төлөвлөгөөг илүү бодитой болгодог байна.

Төсөөллийг хийхдээ санхүүгийн бүх баримтан дээр тулгуурлаж хийнэ.

 Тайлан тэнцэл
 Орлогын тайлан
 Мөнгөн гүйлгээний тайлан
 Санхүүгийн харьцаанууд
МГТайлангийн төсөөллөөс зээл төлөх хугацаа, зээл төлөх хуваарийг гарган авч болно.
Зээл авсны дараагаар хөрөнгө хуваарилалтын мөчлөг бүрийн дараа зээлийн өрийг төлөх хичнээн хэмжээний мөнгө гарч байгаагаас хамаарч зээлийг төлөх учир ийм төсөөлөл дээр хийсэн зээл төлөх хуваарь нь зээлийн эрсдлийг багасгаж өгдөг.


Мөнгөн урсгалын тайлангийн үзүүлэлтүүд Өнгөрсөн жилүүдийн бодит мөнгөн урсгал Нийт Төсөөлсөн мөнгөн урсгалын тайлан
2004 2005 2006 Дүн 2007-03-31 2007-06-30 2007-09-30 2007-12-31
1 Бэлэн мөнгөний эхний үлдэгдэл 0 0 0
Борлуулалт
Авлагаар орох мөнгө
Хөрөнгө борлуулсны орлого
Үйл ажиллагааны бус орлого
2 Нийт мөнгөн орлого 0 0 0 0 0 0 0 0
Түүхий эд материал худалдан авалт
Сэлбэг худалдан авалт
Үйл ажиллагааны зардал /элэгдэлгүй/
Хөрөнгө худалдан авалт
Өглөг
Үйл ажиллагааны бус зардал
Хүүний төлбөр
Татварын төлбөр
бусад төлбөр
3 Нийт мөнгөн зарлага 0 0 0 0 0 0 0 0
4 Цэвэр орлого (1+2-3) 0 0 0 0 0 0 0 0
5 Зээлийн хэрэгцээ
6 Зээлийн төлбөр
7 Бэлэн мөнгөний эцсийн үлдэгдэл (4+5-6) 0 0 0 0 0 0 0 0

Санхүүгийн тайлан баланс зэрэг тоон үзүүлэлтийг бизнес төлөвлөгөөнд тусгахдаа өмнөх онуудын гүйцэтгэл болон ирэх жилийн төлөвлөгөөтэй зэрэгцүүлж харьцуулсан байдлаар нэгтгэн тусгах нь таньд илүү ойлгомжтой байх болно. Зээлийн хугацаанаас хамаарч хэдэн жилийн төлөвлөгөө хийхийг шийдвэрлэнэ. /Жишээ нь: 3 жилийн хугацаатай зээл авах бол 3 жил тус бүрээр төлөвлөнө/



7. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ / Зээлийн дүн
Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гэдэг нь өмнөх жилүүдэд бизнестээ хэдий хэмжээний хөрөнгө оруулсан болон, ирэх жилүүдэд ямар төлөвлөгөөтэй байгааг тайлбарлана. Өөрөөр хэлвэл: Шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр, ашиглалтын тухай дэлгэрэнгүй бичнэ. Тухайлбал:

• Шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа, үүнээс өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс оруулж чадах хөрөнгө оруулалтын хэмжээ
• Гаднаас шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулалтыг хаанаас авахаар төлөвлөөд байгаа /Засгийн газрын зээл тусламж, банкны зээл, гадаадын хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагын тусламж хөрөнгө оруулалт, гадаадын банкнаас зээл, хувь нийлүүлэгчдийн хөрөнгө оруулалт/
• Өглөг авлага бий бол нарийвчилсан жагсаалт

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЙЛАН (жилийн эцсээр)
2005 2006 Төсөвт жил
(Тухайн жилийн төсөөлсөн байдлаар)
1. Өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс, үүнд:
Мөнгөн хөрөнгөөрх эх үүсвэр
Биет хөрөнгө оруулалт /дэлгэрэнгүй/
……..
2. Гаднаас, үүнд:
Банкны зээл
Тусламж
Бусад зээл
….. /гэх мэт/
3. Бусад өглөг, авлага /дэлгэрэнгүй/
4. НИЙТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МӨНГӨН ДҮН /4=1+2+3/
5. Цэвэр ашиг

8. УЧИРЧ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛ, ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД:

Эрсдэлийн төрлүүд
Бизнес эрхлэхэд 5 төрлийн үндсэн эрсдлийг тооцоолж болно.
1. Техникийн
2. Санхүүгийн
3. Байгалийн гай гамшигийн
4. Хууль зүйн
5. Улс төрийн

Техникийн эрсдэл:
Энэ нь бүтээгдэхүүний төрлөөс хамаарч өөр өөр байдаг, жишээлвэл:
• Барилга байгууламж, тоног төхөөрөмж, түүхий эд сэлбэг, эд анги хугацаанаас хожимдож ашиглалтанд орох, нийлүүлэгдэх, тасалдах
• Бүтээгдэхүүн боловсруулах график тасрах
• Өрсөлдөгчийн үйл ажиллагаанаас шалтгаалсан эрсдэл учрах
• Бүтээгдэхүүний чанар буурах, норм, норматив зөрчигдөх
• Тухайн салбар нь бизнес эрхлэгчийн хувьд шинэ, гаршиж дадаагүй салбар байх гэх мэт.

Санхүүгийн эрсдэл:
Энэ хэсэгт алдагдалгүй ажиллагааны цэгийг тодорхойлох хэрэгтэй, Өөрөөр хэлбэл хичнээн хэмжээний бүтээгдэхүүн/үйлчилгээг борлуулвал тухайн байгууллага ашигтай ажиллаж эхлэх хэмжээг тодорхойлно гэсэн үг. Жишээлвэл:
• Өрсөлдөөнөөс болж бүтээгдэхүүний үнэ буурах
• Бүтээгдэхүүн боловсруулах явцад төлөвлөсөн зардал хэтрэх
• Валютын ханш нэмэгдэх
• Банкны зээл авахад бэрхшээл учрах
• Бэлэн мөнгөний хомсдолд орох
• Борлуулалт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх гэх мэт.

Байгалийн гай гамшгийн эрсдэл:
Энд байгалийн гэнэт учирч болох бүхий л гай гамшиг (үер, түймэр, газар хөдлөлт, зуд гэх мэт) хамаарна.

Хууль зүйн:
Хууль эрхзүйн зохицуулалтанд ямар нэгэн өөрчлөлт орсноос тухайн бизнесээс олох ашигт нөлөөлж болох эрсдэл энэ хэсэгт хамаарна. Жишээ нь:
• Онцгой татварын хэмжээ нэмэгдэх
• Импортын татвар нэмэгдэх
• Түүхий эд экспортлох/ импортлохыг гэнэт хориглох баримт бичиг батлагдах гэх мэт.

Улс төрийн эрсдэл:
Энэ төрлийн эрсдэлд гэнэтийн ажил хаялт, улс орны хэмжээнд онцгой дэглэм тогтоох, үймээн самуун гарч эмх замбараагүй байдал бий болох гэх мэт зүйлс хамаарна.

Эрсдэлийг багасгах боломжууд
Таны бизнест ямар төрлийн эрсдэл учирах магадлал илүү вэ? Эрсдлийг доод хэмжээнд байлгах, түүнээс сэргийлэх, бууруулахын тулд та ямар арга хэмжээ төлөвлөснөө бичих нь зүйтэй. Мөн даатгалд хамруулж болох эрсдэлийг ангилж ямар нөхцлөөр аль даатгалын компанитай гэрээ хийхээ тодорхойлж болно. Харин даатгалд үл хамаарах эрсдэлийн талаар авах арга хэмжээг хэрхэн төлөвлөж байгааг тодорхойлох шаардлагатай.


ХАВСРАЛТ
Бизнес төлөвлөгөөнд хавсралтаар үзүүлэх бусад материалыг хавсарган оруулна.
Жишээ нь: Зах зээлд оролцогчидтой хамтран ажиллах нийлүүлэгчид, үйлчлүүлэгчид, борлуулагчдын хооронд байгуулсан албан болон албан бус гэрээ, хэлэлцээр байгаа эсэх гэх мэт.





Сэтгэгдлүүд


Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold