2012-01-06 17:07:12

Хилээр оруулж болох барааны нэр төрлийг зааж өгөөч

Монголд үйлдвэрлэв - гэсэн шошготой барааг эрс нэмэгдүүлээд бас монгол дотроо жигтэйхэн олон санагддаг боловч үнэндээ бол цөөхөн ажилгүйчүүдээ бүрэн ажилтай болгох нэг зам надад харагдаад байдаг юм. Мулгуу би буруу ч бодож байж болох юм.
Ганзагын наймаачин хэмээх нэр зүүж ард түмнээ өргөн хэрэглээний бараагаар хангадаг төрд тоогддоггүй гавъяатнууд маань нэг үеээ бодвол гадаад худалдааны сайн мэргэжилтэнгүүд болтлоо өсжээ. Том нь том юмаа , жижиг нь жижиг юмаа шоргоолж шиг л зөөцгөөж байна. Одоо харин төр засаг зөв шийдвэр гаргаад өгвөл хамгийн жижиг үйлдвэрлэгчидээс авахуулаад , ажилсаг мөртлөө ажилгүй авгай хүүхнүүд , за тэгээд л бүх л мэргэжлийн шинэ төгсөгч залуучуудын амжиргаа өөдөө гарчих болов уу . Ямар шийдвэр вэ гэвэл : Монгол улсын хилээр оруулах барааны нэр төрлийг тогтоож өгөх. Зөвхөн 10000 \жишээ шүү\ төрлийн түүхий эд ба зүсэн зүйлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон дотооддоо үйлдвэрлэх боломжгүй цөөхөн тооны эцсийн бүтээгдэхүүнийг оруулна. Оймс , бээлий, ороолт малгай, цаасан хаймран шиврийн үүр мөртлөө дулаанд нэмэргүй хаягдлаар хийсэн гутал, хамгийн муу нийлэг хиймэл материал хайчилж нааж хийсэн элдэв хог , үйлдвэрийн хаягдал гологдол гээд л эцсийн бүтээгдэхүүн ерөөсөө оруулахаа болиод оронд нь, жишээ нь: нийлэг утас, түүхий хөвөн, пластик үрэл, цувимал метал, дамартай цаас, химийн үйлдвэрийн үндсэн хэдэн нэр төрлийн зайлшгүй шаардлагатай бодисууд өөр юу юу ч байдаг юм ...зах дээр зарж байдаг, хүмүүс худалдаж аваад цааш нь боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгодог бараанууд гээд л, оруулдаг болгочихвол яадаг юм бол гэж бодох юм.
Жишээлбэл өвөл болохоор бүгдээрээ ороолт , малгай, бээлий авдаг. Хийц загвар муутай, хэт нимгэн хэт зузаан дээрээс нь хужаа нар үнэн мэдрэмжгүй хийхийг нь яана. Аргагүй л дээ, хамгийн бүдүүлэг ядуу, гэрийн үйлдвэрлэгчид ар монголд зориулж нэхэж байхыг бид өөрсдөө хардаг шүү дээ. Харин манай хүүхнүүд ямар гоё нэхэж чаддаг байсан билээ. Зөвхөн төрөл бүрийн нэхмэлийн утас оруулаад бэлэн нэхмэл , сүлжмэл бүтээгдэхүүн оруулахыг хориглочихвол мөн ч олон эмэгтэй ажилтай болноо доо. Хамаг арьс ширээ гаргачихаад оронд нь хиймэл материалтай гутал шүү юмнуудаас үзэж үзэж дуртай дургүй нэгийг нь авч углаад хөлөө хөлдөөх шахаж өвлийг давна. Ядахдаа тэр хиймэл материалыг нь хуйлаатай хэлбэрээр нь оруулж ирээд өөрсдөө гутал, цүнх болговол 500 хужаагийн авах цалинг 500 монгол авна биз дээ. Үгүй ядаж монгол хүн байна даа хоншоор хавьд нь ахиухан зузаалаад хийчих байлгүй. Дэвтэр , бичгийн цаас , зургийн альбом , бэлгийн цаасан уут гээд л цаасан болон хэвлэмэл бүтээгдэхүүнүүдийг бэлнээр нь оруулахгүй байвал хэдэн хэвлэлийн үйлдвэр нэмэгдэх бол .
Хэрвээ тийм болвол үнэ өртөг нь өндөр болно гэж бодож байвал хүмүүсийн орлого нэмэгдэхийн хэмжээгээр худалдан авах чадвар нь өсөөд тогоон дотроо эргэлдэнэ гэсэн шүү юм бодов оо хөөрхий. Би ч бизнесийн ухаантай хүн биш л дээ.

Сэтгэгдлүүд