2012-01-23 11:00:30

about Outsourcing


Аутсорсинг, үүсэл хөгжил, төрлүүд
Аутсорсинг гэдэг нь томоохон компаниуд өөрсдийн дагавар үйлчилгээнүүдээ хямд ажиллах хүч, татвар багатай улс оронд байрлуулж интернэт ашиглан ажил үйлчилгээгээ эрхлэхийг хэлдэг. Энэ нь тухайн компанид асар их зардал хэмнэхээс гадна байрлуулж буй улс орны иргэдийг өндөр цалинтай ажлын байраар хангах, ихээхэн хэмжээний татвар төлөх, технологийн шинэ хөгжилтэй танилцуулах зэрэг утгаараа нэлээдгүй ашигтай байдаг.
Аливаа байгууллага зардлаа хэмнэж, бага зардлаар илүү өндөр бүтээмжийг бий болгох, үр ашигтай ажиллахыг үргэлж зорьж байдаг. Тэгвэл эндээс аутсорсинг гэдэг ойлголт анх гарч ирсэн. Outside resourcing гэдэг үгнээс гаралтай энэхүү үйл ажиллагаа, үзэгдэлийг эрдэмтэд маш олон янзаар тодорхойлсон байдаг. Тухайлбал: (Аутсорсингийн тухай эрдэмтэн, судлаачдын өгсөн тодорхойлолтыг эх хэлнээ буулгасан болон Монгол улсад өргөн хэрэглэгдэж байгаа ойлголтууд).
Аутсорсинг гэдэг нь:
№ Эх сурвалж Тодорхойлолтууд
Гадаад эх үүсвэрийн тодорхойлолтууд
1 Филип A. Лапланте, Пауан Сайн, Суди Биндиганавиль, Том Костелло, Марк Ландон “байгууллага өөрийн түргэн хугацаанд гүйцэтгэгддэг ажлуудыг гадны гүйцэтгэгчийг ашиглан гүйцэтгүүлэх үйл ажиллагаа”
2 Канадийн үндэсний бизнесийн мэдээллийн зөвлөх Ранди Сойфер “бүтээгдэхүүн болон үйлчилгээгээ өөрийн боломжоор хийснээс илүү чанартай, хурдан хийлгэхийн тулд гадны гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахыг хэлнэ”
3 “Global sourcing issues paper” сэтгүүлд “байгууллага өөрийн хийдэг зарим ажил үйлчилгээгээ гадны агент буюу бизнесийн байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх үйл ажиллагаа бөгөөд тэдгээр ажлууд нь богино хугацаанд гүйцэтгэгддэг, эсвэл байгууллагын хувьд шинэ ажлууд байдаг”
Монгол хэл дээр хэвлэгдсэн ном зохиол, сэтгүүл,
интернэтийн веб хуудсан болон блог дахь Аутсорсингийн тодорхойлолтууд
4 МШХХТГ “аутсорсинг гэдэг нь мэдээллийн технологийн давуу талд тулгуурлан дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас тоон хэлбэрт шилжүүлж болох бараа, ажил үйлчилгээг зайнаас хийж гүйцэтгэхийг хэлнэ”
5 МТҮП “аутсорсинг нь мэдээллийн технологийн давуу талд тулгуурлан оюуны хөдөлмөрийг хямд өртөгтэй газар шилжүүлэх процесс юм”
6 Дэлхий бөөрөнхий биш “аутсорсинг гэдэг нь танай компаний дотоод үйл ажиллагааны нэг хэсэг болох судалгаа, дуудлагын төв, татварын тайлан гэх мэт хязгаарлагдмал функцийг өөр нэгэн компани хийгээд буцаад та хоёрын ажлыг нийлүүлэх процессийг хэлдэг”
7 Олон улсын бизнес Н.Отгонсайхан “аутсорсинг гэдэг нь аливаа байгууллага их цаг, хөрөнгө, хүч шаарддаг, үндсэн үүрэг функцээс гадуур ажлуудаа бага зардлаар, түргэн хугацаанд чанартай хийж чадах гадаад, дотоодын мэргэшсэн байгууллага, хувь хүмүүстэй гэрээ байгуулан гүйцэтгүүлэхийг аутсорсинг гэж ойлгож болно”
8 Блог “оutsourcing гэдэг нь энгийн үгээр бол аль нэг байгууллага зардлаа багасгах үүднээс гадны орноос интернэт, цахилгаан холбоогоор дамжуулан хямд ажиллах хүч хөлсөлж байгааг хэлж байгаа юм”
9 Блог “аутсорсинг гэдгийг ихэнхдээ олон улсад тоон хэлбэрт шилжүүлж болох (компьютер дээр хийж болох) ажил, үйлчилгээг хийлгэх, хийхийг ойлгож байна”

Дээрх бүх тодорхойлтыг нэгтгэн авч үзвэл: Аутсорсинг гэдэг нь байгууллага өөрийн хийдэг зарим ажил үйлчилгээгээ гадны илүү мэргэшсэн агентлаг буюу бизнесийн байгууллага, хувь хүнээр гэрээлэн хямд, хурдан шуурхай, чанартай гүйцэтгүүлэхийг хэлэх бөгөөд тэдгээр ажлууд нь богино хугацаанд гүйцэтгэгдэх, нэг удаагийн, эсвэл тухайн байгууллагын хувьд шинэ ажил үйлчилгээ байж болно. Өөрөөр хэлбэл: Аливаа байгууллага “өөрсдөө хамгийн сайн хийж чадах ажлаа гүйцэтгэж, бусдаар хамгийн сайн хийж чадах ажлыг нь гүйцэтгүүлэх” гэсэн зарчмын дор тухайн ажил үйлчилгээний хэсгийг эсвэл бүхэлд нь гадны ямар нэг эх үүсвэрийг ашиглан явуулахыг хэлдэг.

Аутсорсингийн үүсэл, хөгжил
XX зуунд эхэлсэн үндэстэн дамнасан корпорациудын үйлдвэрлэлээ хямд зардалтай газар шилжүүлэн байршуулах замаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх стратеги нь XXI зуунд оюуны хөдөлмөрийг хямд зардалтай газар шилжүүлэх замаар үргэлжилж байна. Аутсорсингийн бизнесийн чиглэл нь анхлан мэдээллийн технологийн салбарт үүсч хөгжсөн бөгөөд өнөөгийн байдлаар тоон хэлбэрт шилжүүлж болох буюу (компьютер дээр хийж болох) бүхий л ажил, үйлчилгээг хийлгэх, хийхийг ойлгож байна.
Хамгийн анх Ирланд улс 30 жилийн өмнөөс аутсорсингийг хийж байсан гэж судлаачид үздэг. Энэ үеэс аутсорсинг гэдэг ойлголт гарч ирсэн. Тэд эхлээд гадны томоохон компаниудын салбарыг өөрийнхөө газар нутаг дээр байгуулан ихээхэн амжилт олж байжээ. 1980 аад оны сүүлээр энэ ойлголтыг эрдэмтэд олон янзаар тодорхойлж байжээ. Яг тэр үед ихэнх судлаачид аутсорсингийг их аз туршсан дэмий зүйл гэж үзэцгээж байсан.
Харин сүүлийн 20 жилийн дотор аутсорсинг огцом хурдацтайгаар өсөж нийт мөнгөний эргэлт нь жилд 450 тэрбум доллар /2009 онд/ болтлоо өссөн байна. Өнөөдөр тоон системд хувиргаж болох үйлчилгээ бүхнийг хаана, хямд, чанартай ажиллах хүч байгаа газарт нь хийлгэдэг болоод байна.
Дэлхийн аутсорсингийн хурдацтай өсөлтийн гол шалтгаан нь улс орнуудын мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн үнэлгээ харилцан адилгүй байдагт оршиж байна. Жишээ нь: Дундаж Америк ажилчинд цагт 20 доллар төлж байхад Энэтхэгт яг адилхан ажлын бүтээмжтэй, чадвартай хүн түүнээс 10 дахин хямд буюу 2 доллараар ажиллах сонирхолтой байна.
Иймээс пүүс компаниуд зардлаа багасгаж ашгаа нэмэгдүүлэх зорилгийн хүрээнд гадаад аутсорсингийг өргөн ашиглаж байна. Тухайлбал: Баруун Европ, АНУ, Япон зэрэг орны аж ахуй нэгжийн удирдлага өөрийн орны өндөр өртөгтэй ажиллах хүчнийг хөлслөн ажиллуулахын оронд хөгжиж буй орны хямд, чадварлаг ажиллах хүчийг хөлслөн ажиллуулахыг эрмэлзэх болсон нь аутсорсинг глобал шинжтэй бизнес болоход нөлөөлсөн.

Аутсорсингийн төрөл хэлбэрүүд
Аутсорсингийн захиалгийг хийхдээ аливаа байгууллага “өөрсдөө хамгийн сайн хийж чадах ажлаа гүйцэтгэж, бусдаар хамгийн сайн хийж чадах ажлыг нь гүйцэтгүүлэх” гэсэн зарчмын дор тухайн ажил, үйлчилгээг гадны ямар нэг эх үүсвэрийг ашиглан явуулахыг хэлдэг гэж өмнө тодорхойлсон.
Эдгээр эх үүсвэрээс нь шалтгаалан аутсорсингийг дараах байдлаар ангилан авч үздэг. Үүнд:
1. Бизнесийн үйл ажиллагааны аутсорсинг (Business process outsourcing-BPO). Бизнесийн үйл ажиллагааны аутсорсинг нь байгууллага тодорхой бизнесийн үйл ажиллагаа, ажилбаруудаа гадны эх үүсвэр ашиглан гүйцэтгүүлэх, аутсорсинг хийх үйл ажиллагаа юм. Тухайлбал: Цалингийн тооцоогоо өөр компаниар хийлгэх, татварын тайлангаа гадны нягтлан бодогчоор гаргуулах зэрэг. Үүнийг ихэвчлэн 2 үндсэн ангилалд авч үздэг.
 Үндсэн ажлуудыг гүйцэтгүүлэх аутсорсинг (Front office outsourcing)- Үндсэн, гол ажлуудын аутсорсинг. Маркетинг болон харилцагчийн үйлчилгээ зэрэг харилцагчидтай холбогдсон ажил функцууд байна.
 Арын албаны ажлуудыг гүйцэтгүүлэх аутсорсинг (Back office outsourcing) - Арын албаны ажлуудын аутсорсинг. Эдгээр ажилтнууд нь хэрэглэгчтэйгээ шууд харилцдаггүй бөгөөд тэдний захиалгыг авах, боловсруулах, борлуулалтыг төлөвлөх гэх мэт байгууллагын дотоод дахь ажил, үүргийг гүйцэтгэдэг ажил, үйлчилгээ байна.
2. Мэдлэгийн үйл ажиллагааны аутсорсинг (Knowledge process outsourcing-KPO). Ихэнх бизнесийн үйл ажиллагааны аутсорсинг нь тогтсон, нэгэн хэвийн гүйцэтгэх шинжтэй ажилбаруудыг агуулж байдаг бол мэдлэгийн үйл ажиллагааны аутсорсинг нь илүү ахисан түвшний судалгаа, дүн шинжилгээ, шийдвэр гаргах үйл ажиллагаа бүхий ажилбаруудыг хамардаг. Тухайлбал: эм зүйн шинжлэх ухааны судалгаа хөгжил, өгөгдөлд анализ хийх болон зохиогчийн эрхийн судалгаа гэх мэт. Энэ төрлийн аутсорсинг нь бизнесийн үйл ажиллагааны аутсорсингийн салбарын хөгжлийг гүйцэх болоогүй байгаа ч өндөр ашиг, үнэ цэнэ бүхий маш ирээдүйтэй салбар юм.
3. Дуудлагын төвийн аутсорсинг (call center outsourcing). Дуудлагын төвийн операторууд нь тусламж хүссэн хүмүүст заавар зөвлөгөө өгөх, зам болон компьютер зааж өгөх, хаяг хэлж өгөх, дансны мэдээллийг нь хэлж өгөх, гэр ахуйн засвар, цахилгаан, орон сууц, гар утасны төлбөрөө төлөх, онгоцны тасалбар захиалахаас эхлээд бараа үйлчилгээ борлуулах, айл өрх болон компаниуд руу утасдаж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ сурталчилж, улмаар борлуулах замаар телемаркет байгуулж болно. Манайд ч эдгээр үйлчилгээнүүд тухайлбал, телемаркетинг, 4 оронтой утаснууд гээд нилээд дэлгэрч байгаа бөгөөд зарим нэг талаар дотоод аутсорсингийн үйлчилгээ үзүүлж байна гэж хэлж болох юм. Одоо гадны мэдээллийг авч үйлчилгээгээ экспортлох асуудал чухал байна. Утсаар маш олон төрлийн үйлчилгээ үзүүлж болох бөгөөд эдгээр ажилтнууд англи хэлний өндөр боловсролтой байх хэрэгтэй болдог.
4. Мэдээллийн технологийн аутсорсинг (Information technology outsourcing-ITO). Мэдээллийн технологийн аутсорсинг нь бизнесийн үйл ажиллагааны аутсорсингийн бие даасан хэсэг нь болох мэт харагддаг. Гэвч хийгдэх ажил, үйлчилгээний цар хүрээнээс хамаарч тусдаа бие дааж гарсан аутсорсингийн нэг томоохон салбар юм. Бүхий л аутсорсинг нь Мэдээллийн технологи аутсорсингийн давуу тал дээр тулгуурлан явагддаг билээ.
 Програм хангамжийн үйлдвэрлэлийн аутсорсинг
 Мэдээллийн технологийн үйлчилгээний аутсорсинг
5. Үйлдвэрлэлийн аутсорсинг (Fabless outsourcing). Үйлдвэр байгуулахгүйгээр гадаад орны газар, капитал, хямд хөдөлмөрийн нөөцийг ашиглан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлүүлэх хандлага. Дэлхийн хэмжээнд 1999 онд ийм пүүс 500 байсан бол 2006 онд 1350 болсон байна. Жишээ нь: Монголын улсын “ГОЁ” ХХК өөрийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, дотоодын ажиллах хүч болон түүхий эдийг ашиглаж Европын томоохон брэндийн хувцасыг захиалгаар хийж гүйцэтгэх үйл ажиллагааг энэ ойлголтонд хамруулж болно. Энэ нь “ГОЁ” ХХК-ийг дэлхий дахинд сурталчилахгүй ч ихээхэн хэмжээний бүтээгдэхүүнийг бөөнөөр худалдах нь тус пүүсийн хувьд ашигтай юм. Энэ чиглэлээр дэлхийд хамгийн их амжилттай ажиллаж байгаа пүүс бол Nike корпораци юм. Nike корпораци дэлхийн хамгийн том спорт хувцасны үйлдвэрлэгч боловч өнөөгийн байдлаар нэг ч үйлдвэрийн ажилчид, байшин барилга, тоног төхөөрөмжгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа нь үйлдвэрлэлийн аутсорсингийг ашиглаж байгаа загвар хэлбэр юм.

Эх үүсвэр нь хаана байгаагаас шалтгаалан дараах байдлаар ангилдаг. Үүнд:
№ Нэр Тайлбар
1 Оншор аутсорсинг (Onshore outsourcing) Энэ хэлбэр нь аутсорсингийн үйл ажиллагаа нэг улсын дотор явагдаж байхыг хэлдэг. Өөрөөр хэлбэл оншор аутсорсингийн захиалагч болон нийлүүлэгч нь хоёул дотоодын компани, эсвэл иргэд байдаг.
2 Оффшор аутсорсинг (Offshore outsourcing) Захиалагч гүйцэтгэгчээ сонгохдоо хилийн чанад дахь ажиллах хүчийг ашиглаж байгаа бол үүнийг оффшор аутсорсинг гэж нэрлэнэ.
3 Инсайт аутсорсинг (Insite outsourcing) Аутсорсингийн гүйцэтгэгч компани өөрийн зарим мэргэжилтэнүүдийг захиалагч компани дээр ажиллуулан, холбогч багийн тусламжтайгаар бусад ар талын мэргэжилтэнүүдтэй холбогдож ажиллахийг хэлнэ.
4 Аутсайт аутсорсинг (Outsite outsourcing) Энэ нь аутсорсингийн захиалагч компани ажлыг гүйцэтгэхдээ тухайн гүйцэтгэгч компаний ажлын байранд байрлалгүй, өөрийн ажлын байрнаас утас, интернэт гэх мэт харилцаа холбооны технологи ашиглан үйл ажиллагаагаа явуулхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл захиалагч компаний зарим ажил үйлчилгээг бие дааж явуулах хэлбэр.

Эдгээр нь хослож хэрэгжиж болно. Жишээлбэл, хилийн чанадад өөрийнх нь ажлын байранд, дотоодын компаний ажлыг өөрийнх нь ажлын байранд, хилийн чанадад байгаа компанийн ажлыг өөрийн ажлын байрнаас интернэт болон утас ашиглан гүйцэтгэх гэх мэт.
Тухайлбал, хөгжиж байгаа орны мэргэжилтнүүдийг өөрийн компанид урьж баг бүрдүүлэн ажиллуулах хэлбэр байдаг ч энэ нь зардал өндөртэй учраас ажил нийлүүлэгчид төдийлөн сонирхдоггүй. Эсвэл ажил нийлүүлэгч талаас тухайн улс оронд нь гүйцэтгэгч багийг бүрдүүлээд тэнд нь цөөн мэргэжилтэн очиж ажиллах хэлбэр түгээмэл байдаг. Үйл ажиллагаа нь төлөвшсөний дараа тэдгээр мэргэжилтнүүд буцаж хилийн чанадад зайнаас ажиллах хэлбэрт шилждэг. Үүний жишээ нь Америк улс Энэтхэгтэй ажилласан туршлага юм.
Түүнчлэн цөөн тооны “гүүр” гэгдэх мэргэжилтэн ажил нийлүүлэгчээс ажил хүлээн аваад захиалагчтай харилцах үүргийг гүйцэтгэж, улмаар хүлээн авсан ажлаа гүйцэтгэгч баг руугаа өгч ажиллах хэлбэр байдаг. Энэ хэлбэр нь япон улстай аутсорсинг хийж буй орнуудад түгээмэл хэрэглэгддэг.
Өнөөгийн байдлаар аутсорсингийн хамгийн их өргөн хэрэглэж, зах зээл нь өргөжиж байгаа төрлүүд. Үүнд:
 Програм хангамжийн үйлдвэрлэлийн аутсорсинг
 Бизнесийн үйл ажиллагааны аутсорсинг
 Үндсэн ажлуудыг гүйцэтгүүлэх аутсорсинг
 Арын албаны ажлуудыг гүйцэтгүүлэх аутсорсинг
 Мэдээллийн технологийн үйлчилгээний аутсорсинг
 Дуудлагын төв
 Мэдлэгийн үйл ажиллагааны аутсорсинг
 Хэрэглэгчдэд туслалцаа үзүүлэх төв
 Оффшор (гадаад) бүтээгдэхүүний хөгжил
 Үйлдвэрлэлийн аутсорсинг



Сэтгэгдлүүд



  • Ц. Намсрай 2012-01-23 11:07

    Аутсорсингийн талаар өөрийн мэдэх мэдээллээс бага багаар оруулдаг юм билүү гэж бодлоо. Та бүхэн өөрсдийн санал бодлоо хуваалцаарай. Явцдаа ажлын санал энэ тэр дээр тухайтай мэдээлэл солилцох хэрэгтэй байх. Маш хэрэгтэй бүлэг шүү. Залуучуудаа идэвхитэй байгаарай...

  • C. Khishigklham 10 өдрийн өмнө

    tiimee angli hel mash chuhal um bn lee hiij uzeh gsn hel bhgui bolchood buteegui