Хүүхдээ худлаа хэлүүлж сургах арга [Эмпати-Ертөнц]
• Тэдэнд хийж чадахгүй зүйлээ хийж чадна гэж амла.
• Хүүхдийнхээ хажууд бусдад худлаа ярь.
• Буруу зүйл хийгээд, буруугаа хүлээсэн ч гэсэн зод.
“Түүнийг өөрийн худал хуурмаг зүйлдээ гэрч болгон хэрэглэ”
Их сонин ааштай нэгэн эмэгтэй байжээ. Түүгээр ч барахгүй их харамч гэнэ. Байнга хөршийндөө зочилдог хэрнээ тэднийг гэртээ урих, зочин хүлээж авах маш дургүй гэнэ. Тэднийд хүн ирэхээр л хүүхдэдээ “хаалга тайлаад, зочин байвал ээж байхгүй, гадагшаа гарсан” гэж хэл гээд худал хэлүүлдэг байв.
Хэрвээ гуйлгачин байвал “бид ч гэсэн ядуу манайд идэх талх ч байхгүй гэж хэл, ичээд хэрэггүй шүү” гэж хүүхдэдээ захидаг байлаа.
Энэ харамч эмэгтэй, худлаа хэлэхийн хажуугаар их залхуу зантай байв. Унтах дуртай, ажил хийх их дургүй гэнэ. Үргэлж л угаах юм нь бөөгнөрчихнө. Нөхөртөө, угаалгын нунтагаа хэмнэхийн тулд ингэдэг гэж тайлбарлана.
Өглөө босоод хүүгээ сургуульд нь бэлтгэж чадаагүй үедээ түүнийг хичээлд нь явуулахгүй бөгөөд маргааш багш нь яагаад ирээгүйг нь асуувал өвдсөн гэж хэлээрэй гэдэг байв.
Аав нь ч гэсэн ээжээс нь дутахааргүй харамч байжээ. Хүүхдэдээ хүртэл хэрэгцээний хэдэн төгрөг өгөхгүй. Хүү нь мөнгө авахын тулд хэдэн цаг гуйж, аав нь ч өгөхгүй бөөн юм болж байж сүүлдээ өгөхдөө ээждээ хэлж болохгүй, олсон ч гэдэг юм уу санаанаасаа нэг юм зохиогоод аргалаарай гэдэг байлаа.
Аав нь мөнгө өгөхгүй их шаналгадаг болохоор хүү нь сүүлдээ мөнгө авахын тулд худлаа ярьдаг болж эхлэв. Сургуулиас хандивын мөнгө гэсэн, өөр нэг өдөр нь газар хөдлөөд тусламжийн мөнгө гэсэн гээд л авдаг байв. Худлаа ярих юм олдохгүй болохоор шинэ зүйл олно. Хүү сүүлдээ мэргэжлийн худалч болж, аав нь түүний ярьсан зүйлийн аль нь үнэн, аль нь худлаа болохыг ялгахад хэцүү болж байлаа.
Том болоод худлаа хэлэхийн хажуугаар бас зөндөө муу зуршилтай болсон байв. Амралтын өдрүүдэд номын сан явлаа гэж хэлээд, өөр болж бүтэхгүй газраар явна. Байнга хичээлээ таслан, найз нартайгаа кино үзэх юм уу эсвэл биллиард тоглохоор явдаг байв.
Сүүлдээ мөрийтэй тоглоом тоглодог болсон хүү, гэрээсээ юм хулгайлан зардаг болов. Аав нь юу болоод байгааг ойлгоод, нэг оройн хоолон дээр хүүгийнхээ нүд рүү харан :
“Энэ гэрт нэг хулгайч байна. Гэхдээ нэг өдөр мэдээж баригдана гэв.” Хүү нь юу ч тоосонгүй. Харин ч хоолны дараа аавдаа хулгайчийн хэн болохыг мэдмээр байна уу гэв? Аав нь итгээгүй ч хэн бол гэж сонирхов.
“Хүү минь, худлаа ярих юм бол өршөөхгүй шүү. Харин энэ талаар мэдэж байгаа ямар нэгэн зүйл байвал хурдан надад хэл” гэв.
Залуу гэмгүй царайлан:
“Хулгайч бол бид бүхний итгэж найддаг үйлчлэгч юм. Харамсалтай л юм. Мөрийтэй тоглоомд орчихсон гэж би сонссон. Түүнийг алтан зүүлт зараад явж байхыг нь манай нэг найз харсан гэсэн.” гэлээ.
Энэ бүхнийг сонсоод аав нь ихэд уурлаж, үйлчлэгчийг дуудав. Буруугаа хүлээвэл цагдаа дуудахгүй өнгөрөөнө гэлээ. Үйлчлэгч гайхан:
“Би ямар буруу юм хийсэн юм бэ ноёнтоон?” гэж асуужээ.
“Яагаав, алтан зүүлт. Өмнөхийг нь ч мэдэж байгаа байлгүй. Хоёр бугуйвч,нэг цаг гэх мэт...”
Үйлчлэгч:
“Юу ярина вэ та чинь? Өнөөдрийг хүртэл би танайхаас зөвшөөрөл авалгүй нэг зүсэм талх ч идээгүй. Хогонд чинь ч гэсэн гар хүрч үзээгүй шүү дээ” гэлээ.
“Яаж намайг гүтгэж чадаж байнаа?” гэв. Гэрийн эзэн хэлсэн үгээ буцааж авахыг хүссэнгүй. “Манайхаас юмаа аваад яв даа.” гээд үйлчлэгчийг ажлаас нь халав. Үйлчлэгч гэрээс явахдаа асуув.
“Ноёнтоон, та намайг хөөснөөр үнэт зүйлсийн хулайн хэргийг зогсоож чадахгүй ээ. Яагаад гэвэл тэр бүхнийг хүү чинь хулгайлаад байгаа юм. Мөн намайг хулгайч гэж гүтгэн, ажлаас минь халсан болохоор би таныг шүүхэд өгнө. Та намайг гүтгэсэн болохоор түүнийгээ батлах ёстой” гэв.
Гэрийн эзэн дотроо үйлчлэгчийн зөв гэж бодсон ч түүнд бууж өгсөнгүй.
“Миний гэрээс хурдан зайл. Чамайг үүнээс илүү сонсож чадахгүй” гэж уурлав.
Үйлчлэгч ч шүүхэд өргөдөл гарган, гэрийн эзнийхээ эсрэг зарга үүсгэв. Хүүгийн аав, бурууг баталж чадаагүй учраас үйлчлэгчийн нэр төрд халдсан болж шүүхийн шийдвэрээр түүний сэтгэл санааны хямралыг барагдуулахаар их хэмжээний мөнгө төлөв.
Хүү нь мөрийтэй тоглоомны өрнөөсөө болж улам л доройтсоор байлаа. Гэрээсээ үнэтэй цэнэтэй зүйл хулгайлан авахаас гадна өөр муу зүйл хийсээр байв. Хаана л муу хэрэг төвөг гарна түүний нэр тэнд л сонсогдоно. Аав нь түүний хийсэн зүйлийн өр төлбөрийг төлсөөр ядуурчээ. Тэр ирсэн, очсон хүн болгонд зовлонгоо ярин: “Бурхан надад яагаад ийм муу хүүхэд заяасан юм бол ойлгохгүй юм. Хийгээгүй хэрэг төвөг байхгүй. Байсан бүхнийг минь үрэн таран хийн, намайг ийм байдалд хүргэлээ.” гэдэг байв.
Хүмүүс түүнийг өрөвдөн хүүг нь буруутгаж байлаа. Гэвч хэний ч мэдэхгүй нэг үнэн байв. Аав ээж хоёр нь хамтран түүнийг ийм байдалд хүргэсэн байв.
“Үнэнийг хэлбэл зод”
Дөрвөн настай Тери цангажээ. Аавынхаа ус хийдэг савнаас ус уухыг хүсч байв. Ширээнд ойртлоо. Савны дээгүүр шумуул эргэлдээд байлаа. Шумуулыг гараараа үргээх гэтэл санаандгүй савыг гараараа цохин газар унаган хагалчихав. Тери санаа нь зовсондоо уйлчихлаа. Аавдаа юу гэж хэлнэ ээ? Ер нь үнэнээ л хэлэх нь хамгийн зөв байлаа. Тэр ч үнэнээ хэллээ. Гэрээс гаран цэцэрлэгт суугаа аавынхаа дэргэд очив.
“Ааваа” гэлээ. Маш их харамсалтай байна.....
Аав нь сууж байгаа газраасаа охин руугаа харав. “Юу гэсэн юм бэ? Хэл л дээ” гэв.
“Ааваа, ширээн дээр байсан савнаас ус уух гэсэн юм. Дээгүүр нь шумуул нисээд байхаар нь үргээх гэж байгаад савыг цохичихлоо.” гэв.
Аав нь ууртайгаар:
“Савыг хагалчихсан уу? Болор савыг минь хагалсан гэж үү? Бүтэлгүй хүүхэд вэ чи яасан?. Тэрнийг ямар үнэтэй болохыг мэдэж байна уу?” гэж хашгирав.
“Уучлаарай ааваа. Санаандгүй л ийм болчихлоо.” гэж охин хариулав.
“Санаандгүй гэнээ. Гэмгүй царайлан намайг хуурах санаатай юу? Шаахайгаа тайлан охины гар руу хэд хэдэн удаа хүчтэйхэн цохив. Теригийн жижигхэн гар нь улайв. Дахин үнэтэй цэнэтэй зүйлийг хагалахгүй гэж хэлээч.
“Ааваа, их өвдөж байна, битгий зодооч? Гуйж байна? Дахин таны өрөөнд орохгүй ээ, амлаж байна.” гэж охин уйлав.
Тэр өдрөөс хойш охин үргэлж ааваасаа айдаг болов. Түүнтэй харц тулгарахгүйн тулд зугтдаг болов.
Нэгэн өдөр Тери толь бичиг нээн уншиж суулаа. Гэтэл толь бичиг өвдөгнөөс нь гулган уначихав. Аав нь урагдсан хуудсыг харвал түүнийг зодно. Тиймээс тэр юу ч болоогүй юм шиг байсан газарт нь эвтэйхэн тавьчихлаа.
Олон сар өнгөрлөө. Тери ч толь бичгийн тухай бүр мартсан байв. Аав нь нэг өдөр үгийн сүлжээ бөглөж байгаад, нэг үг толь бичгээс харах болов. Гэнэт урагдсан хуудсыг олж харав. Териг дуудан, урагдсан хуудсыг үзүүлэн чи үүнийг урсан уу? гэж асуув.
Охины чих нь улайв. Хэдэн сарын өмнө зодуулсан нь санаанд нь орж дахин зодуулахгүйн тулд худлаа хэлэхээс өөр арга байхгүй гэж бодлоо.
Үгүй ааваа, би ураагүй гэлээ. Аав нь асуултаа дахин нэг удаа асуулаа.
Үнэн биз?. Чи ураагүй юу?.
Үнэн ааваа, би ураагүй. Аав ч дахин юм хэлсэнгүй. Ингээд Тери зодуулалгүй өнгөрсөн бөгөөд түүнээс хойш үргэлж энэ аргыг хэрэглэдэг болов. Худлаа хэлэхдээ ч гарамгай болжээ.
“Хүүхдээ худлаа хэлэхэд мэдээгүй юм шиг өнгөрөө”
Эмма гэж их гэнэн цайлган эмэгтэй байжээ. Дэлгүүр явах эсвэл хөршийндөө зочлох болгондоо хүүхдүүддээ намайг иртэл томоотой байж байгаарай, гадаа гарч болохгүй шүү гэж байнга захидаг байв. Үнэндээ бол тэднийг хэлсэн үгэнд нь орохгүй гэдгийг мэдэж байлаа. Магадгүй арай бага үймүүлж, ирэхэд нь гэртээ байгаасай гэж бодсондоо л ингэж хэлдэг байв.
Хүүхдүүд нь ээжийгээ гарангуут араас нь гарч гадаа тоглож, ээжийгээ ирэхийнх нь өмнөхөн гэртээ орж томоотой хүлээж суудаг байв. Ээж нь гэртээ ирээд, хүүхдүүд нь томоотой байхыг хараад баярлан, тэднийг гарсан гэдгийг мэдсэн ч, мэдээгүй юм шиг өнгөрөөнө. Миний хүүхдүүд ийм л сайн ээжийнхээ үгэнд ордог шүү гэж магтана.
Хүүхдүүд нь юу хэлэхээ мэдэхгүй нэг нэгэн рүүгээ харцгаана. Арай илүү худлаа ярьж чаддагаараа том хүү нь ээждээ “мэдээж бид хүний үг сайн сонсдог. Бид нар ерөөсөө гадагшаа гараагүй, сахилгагүйтээгүй, гэртээ томоотой таныг хүлээж байсан.” гэдэг байв.
Үнэн хэрэгтээ, хэн ч харсан тэднийг гүйсээр байгаад хөлрөөд улайчихсан, гэртээ саяхан орж ирсэн гэдэг нь мэдэгдэж байв. Мэдээж хувцас хунар нь бохирдсон байлаа. Яагаад ч юм мэдэхгүй ээж нь энэ бүх худал зүйлд итгэсэн юм шиг харагдахыг хүсч байлаа.
Яваандаа худлаа ярьж болоод байхаар, хүүхдүүд нь ч өөр зүйл дээр худлаа ярьдаг болов. Үгүй ээ, ээжээ, тэр аягыг бид нар хагалаагүй. Муур л хагалсан байх. Бялууг ч гэсэн тэр идсэн гэх мэт.
Томрох тусмаа сурамгай худлаа ярьдаг болж, ээжээрээ хүүхэлдэй шиг тоглодог болов. Ээж нь юу ч мэдэхгүй гэнэн царай гаргадагтаа хэчнээн их харамссан ч бүх зүйл нэгэнт өнгөрсөн байлаа.
“Мэдээгүй юм шиг бай”
Китти унтамхай бас залхуу хүүхэд байлаа. Орой даалгавраа хийхгүй унтдаг бөгөөд өглөө ч босох дургүй байв. Өглөө ээж нь түүнийг сэрээхээр ирж яваа хөлийн чимээг сонсоод хөнжлөө толгой дээгүүрээ татан, унтаж байгаа дүр үзүүлнэ. Ээж нь хөнжлийг нь татан:
“Миний охин босоорой, хичээлдээ явах цаг боллоо” гэж дуудав.
Китти сонсоогүй юм шиг л унтсаар байлаа. Ээж нь охиныхоо духан дээр гараа тавьж үзээд:
“Миний охин халуурч байна уу даа” гэж хэлэв. Ээж нь ийнхүү түүнд анхаарал тавьж байгаа нь түүнд таалагдав. Өвчтэй юм шиг дуугарав. Ээж нь бүр сандарч эхлэв.
“Үр минь юу болов? Нүдээ нээ?” гэж асуусныхаа дараа өөрийнхөө асуултад өөрөө хариулав.
“Тиймээ чи өвдсөн байна. Хичээлд явж болохгүй” гэв. Хичээлд явж болохгүй гэсэн үг Киттид их таалагджээ. Тэгээд:
“Ээжээ толгой өвдөөд, дотор муухай болоод байна” гэлээ. Ээж нь ч түүнд итгэв. Хөөрхий охин минь дээ, би чамайг өвдсөн гэж мэдсэн юм аа.
Орноосоо өндийж болохгүй шүү. Ээж нь шөл хийгээд ирье.” гэлээ.
Залхуу Китти тэр өдрийг сургуульдаа явалгүй орондоо хэвтэж өнгөрөөв. Хоол нь ч бэлэн. Өвдсөн дүр үзүүлэх ер нь сайхан байлаа. Хичээл их ч юмуу залхуу нь хүрч даалгавраа хийгээгүй үедээ өвдсөн дүр үзүүлдэг болов. Хичээлийн жил дуусч, гэрчилгээ авах өдөр бас л өвдсөн гэж баашлав. Гэрчилгээг нь ээж нь авахаар явав. Багш нь Киттиг залхуу мөн хариуцлагагүй хүүхэд бөгөөд хичээл давтдаггүй, хичээл тасалдаг учраас түүнийг улираахаас өөр аргагүй гэж хэлэв. Ээж нь энэ бүхнийг сонсоод санаа нь их зовов. Харамсалтай нь өөрөө охиныгоо худалч, залхуу болгосноо ойлгосонгүй.
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------
“Эмпати” төвийн “Хүүхдийг хэрхэн муу хүмүүжүүлэх вэ?” номноос.......
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Манай бусад номнуудыг доорх хаягаар хандаж дэлгэрэнгүй танилцаж болно.
www.empathy.mn








Б. Гантулга 2010-01-05 17:18
Хүүхдэдээ хулгай хийхийг заах ном хэзээ хэвлэгдэн гарах вэ?
Д. Бадамлянхуа 2010-01-05 21:28
Хүүхдэдээ архи уух, тамхи татах, садар самуунд уруу татах, ер гэмт хэрэгт хэрхэн холбогдохыг сургасан номнууд байгаа юу.
Ж. Цогт-Эрдэнэ 2010-01-06 22:18
ТВ-ийн кино болон нэвтрүүлэг үүнийг дэмжиж байгаа , номноос илүү хүчтэй
Т. Буянаа 2010-01-06 00:21
Гэмт хэрэг хийх талаар заасан ном байхгүй ээ. Энэ маань эсрэг талаас нь харуулсан шижээ. Хэрвээ та хүүхдээ сайн хүмүүжүүлэх юм бол таны хүүхэд муу зүйлээс хол байж чадна.
Ж. Цогт-Эрдэнэ 2010-01-06 17:52
Таалагдлаа , энэ чинь нь л чухал. Хэн болж хүмүүжүүлэх нь эцэг эхийн арга барилаас хамаарна. Тиймээс энэ төрлийн номнуудыг залуучууд их уншаасай гэж боджийно.
9. Gegeen.mn 2010-01-06 18:32
хүүхдээр хүн хийх шиг хэцүү юм алгаа. хайр дангаараа юу ч биш, ухаан, тэвчээр, цаг хугацаа, асар их хөдөлмөр хэрэгтэй байх.
О. Долгион 2010-01-07 19:33
Thh, huuhed chin barimliin shavar l gesen ug.