Ээждээ бичсэн захидал
Ээждээ бичсэн захидал
Ээжээ,
Гэрэл үгүй бол сүүдэр гэж юуг хэлэх билээ?
Ээжийн минь зөөлхөн гар үгүй бол
Эгэлгүй хатуу гэж юуг мэдрэхсэн билээ?
Тийм ээ ээж ээ, аз жаргалыг таныхаа дэргэд мэдрээд, амьдралын эрээнийг түүнтэй харьцуулж охин тань ухаарч сууна аа.
Ээжээ та санаж байна уу? Дүү маань гэдсэнд байхад охин тань дүүгийнхээ зулай дээр тэвхийтэл суучихаад буухгүй уйлж байсныг? Тэгэхэд би дөнгөж таван настай байж билээ. Ааваараа загнуулаад таны өвөр дээрээс нус, нулимсаа асгаруулан байж буухдаа энэ “дүү”, ээжийг минь надаас булаадаг … гэж дотроо бухимдан, байж ядаж байснаа санадаг юм. Хөөрхөн бяцхан дүүгээ хараад яах учраа мэдэхгүй, ямар ч байсан таныг алдахгүйг хичээж, аав та хоёрын анхаарлыг татах гэж худлаа уйлаад л, байдгаараа хичээдэг байж. Дүүгийнхээ зулаа дээр гишгэн байж ээж таныхаа өвөр рүү зүтгэж, дүүгийнхээ нүдийг хариулан байж эжийнхээ мөөмийг атган байхдаа охин тань таныгаа зулай дээр нь гишгэж өссөн дүүгээсээ ч, хайртай ханиас тань ч харамлаж байж билээ. Тийм ээ ээжээ, таны охин болж энэ дэлхийд мэндэлсэн тэр цагаасаа л хайрын халуун өлгийнд бойжсон болохоор охин тань хамаг сэтгэлээрээн ээжийгээн харамлаж дотроон хайрладаг болсон юм шүү.
Ээжээ:
Бүүвэйн дууны тань аялгуунд нойрсоод сэрэхдээ охин тань
Бяцхан нүднийхээн буланд ээжийгээн л хайж бүлтэгнэсээн
Хоёр гуравхаан гишгэлээд хөлд орохдоон охин тань
Хоёр алгыг тань бараадаад тэнтэр тунтар алхалсаан
Бүлтгэр хөөрхөн нүдэндээн таныгаан олж харахгүй болохоор
Байдаг хоолойгоон гаргаад уйлдаг байсан охин тань
Тэнтэр тунтар алхахдаан танаасаан хол байвал
Тэнцэж чадахгүй ойчоод, орилдог байсаан охин тань
Бага ангийн багш шиг минь бага багаар үелүүлж
Бичиж хэдэнтэй сурсаан бяцхан үрстэйгээн ээж минь
Бүлээрч өвдөөд орилоход нь бага эмч шиг чагнаад
Бас өөрөөн өвдөж сэтгэлээн хэдэнтээ чилээсээн
Чихэндээн ээмэг зүүхээр чимх эрдэм зүү гэж
Чамаас хэн ч булаахгүй, чиний л ганцхан өмч эрдэм гэж
Нойронд өөрийгөөн өлгийдхөөр номонд өлгийд гэж
Насан балчир үрстээн насаараан сургаж өсгөсөөн
Өөрөөн эдлээгүй гоёлоороон охин намайгаан гоёж
Өтлөхдөөн харин охиноороо өөрийгөөн гоёсон ээжийнхээн
Өтөл буурал насыг нь хуваалцахсандаа охин тань
Өвтгөж сүлсэн өргөсийг нь сугалаад нэг хаяхсаан
Хоёр бумбагар хөхийг тань үлгэж өсөхдөөн охин тань
Хайрын дулаан илчийг хамаг биедээн шингээсээн
Хөтөлж таниасаан зүүгдсээр хүн болсон охин тань
Хайртай ээж таныгаан сэтгэлдээн зүүгээстэй торнисоон
Хайрын халуун өлгийнд бойжсон болохоор охин тань
Хамаг сэтгэлээрээн ээжийгээн харамлаж дотроон хайрлана
Хайртай ээжийг минь хазлах шумуулыг ч би өршөөхгүй
Хатан зүрхийг нь шаналгахыг хэнд ч би зөвшөөрөхгүй
Хүйтэн салхиа холуур үлээгээч гэж хөх тэнгэрээс охин тань гуйна
Хайрга чулуу бүү тээглүүлээч гэж хөрст дэлхийд би залбирна
Хайртай ээжийнхээн өмнөөс галд ороо гэвэл харин
Хормын төдийхэн ч эргэлзэхгүй үсрээд охин тань орно о
Миний ээж, миний хайртай ээж минь ээ. Охин тань дүү нартаа өөрийнхөө мөөмийг өгч, ээжийнхээ өврийг хураалгахдаа гайхаж, уурлаж, уйлж байсан бол одоо надад ийм сайхан дүү нар байгаад, хайртай аав минь, ах эгч нар минь дэргэд байгаад хамгаас их баярлаж, энэ дэлхийн хамгийн азтай хүнд өөрийгөө тооцож явдаг юм шүү. Хамгийн нандин эрдэнийг эрдэм гэж эрхэмлэж өсгөсөн ээж минь та, хайртай ханыхаа нэрний өмнө Доктор нэрийг гурвантаа зүүсэн улс орондоо хэрэгтэй найман мэргэжилтэн төрүүлэн өсгөсөөн. Бид бүгдээрээ тандаа маш их хайртай.
Ээжээ ээ
Дулимагхан би нэгэнтээ гишгэхэд
Духанд тань нэг үрчлээс нэмэгддэг гэж үү ээжээ
Дундуурхан сэтгэлдээн би шаналахад
Дутуу нойртой хонодог юм уу ээж минь
Дугтуй захиа явуулахад
Дуу шуутай суудаг юм гэнэ үү миний ээж
Дуу аялан алхахад минь
Дундуур сэтгэл тань дүүрдэг юм уу ээжээ
Тэгвэл хүү чинь яг одоо залгая
Тэртээд суугаа ээж таньдаа мэндчилье
Тэнийлгэж тавьсан цаасан дээр
Тэвхийсэн хуруугаан зураад би явуулья аа.
Тийм ээ ээжээ, таныг юунд баярлаж юунд гомддогийг ааваас илүү мэдэхгүй ч, охин тань сайн сайхан явж ээжийнхээ магнайг тэнийлгэхсэн гэж байнга хичээдэг ээ.
Таны бичсэн захиануудыг ахин дахин уншиж, ухаарал хайрласан сургааль бүрийг ахин дахин тунгаан, хүний нутгийн хүйтэн салхийг нөмөрлөн байж эрдэм өвөрлөж ирсэн шүү охин тань. Харь нутгийн чулуу хатуу хүйтэн байсан ч, халуун нулимс түүн дээр асгаагүй ирсээн охин тань. Ээжийн минь зөөлхөн гар, энгэр дээр минь байгаа юм шиг, энхрий үгтэй захиаг тань дэрлэж яваад ирсээн.
Харин охины тань бичсэн энэ захианы үг бүхэн мянга мянган гэрэлтэй өдрийг танд бэлэглэг ээ. Ээжээ охин тань тандаа маш их хайртай.
Оюүка








Б. Очхүү 2010-03-09 13:01
Ээждээ бичсэн захидал чинь сайхан захидал байна шүү бүүр сэтгэл хөдөлчихлөө
Н. ZUULUN 2010-03-09 13:54
Сайхан бичжээ.
Т. Батжаргал 2010-04-29 12:15
Харин тийм ээ. Үнэхээр сайхан бичиж.
Надад зориулаад нэг шүлэг бичээд өгөөч, :)
T. Zayaka 2010-04-29 16:35
Сайхан шүлэг бичсэн байна шүү.
Өөр гоё гоё шүлэг бичээд байгаарай амжилт.......
B. Amanji 2010-05-02 05:38
боломж олдож л байвал чимэг маярхалгүйгэээр хайртай гэж хэлж л байвал ...
М. Тогтуунбаяр 2010-05-02 20:56
Гайхалтай сэдэв оруулсан байна.
Ж. батсүх 2010-05-08 22:58
үнэхээр гайхалтай, сайхан болж, Хамгийн гол нь энэ бүхэн сэтгэлийн үг гэхээр гайхалтай бахархууштай санагдаж байна
S. Haliunaa 2010-08-03 13:53
Ямар сайхан шүлэг бичсэн юм бэ. Бүүр сэтгэл хөдөлчихлөө. Өөрөө зохиосон бол үнэхээр агуу юмаа. Хүний сэтгэл үгэнд уярч үгэнд бүдэрдэг шүүдээ агуу агуу