Оруулсан : Ц. Бямбатүвшин 2010-05-29 19:54:47

алдартай хүмүүсийн намтар Гаусс

Математикийн хаан хэмээн алдаршсан Карл Фридрих Гаусс 1777 оны 4 сарын 30-д Германы Брауншвейг хотод усан хоолойн мастерынд төржээ. Эцэг нь тоо бодлогод сайн учир зарим чухал тооцооны ажил гарахад уригддаг байв. Гауссын гайхалтай сод ухаан багаас нь илэрч байсан тухай олон яриа, дурсамжууд байдагийн нэгийг дурдвал: эцэг нь нэгэн өдөр хөлсний чулуучдаар ажил хийлгэн хөлсийг нь бодож, олгох гэтэл хажууд нь зогсож байсан гуравхан настай Гаусс: Аав аа та эндүү бодов бололтой. Төдий байх ёстой биш үү гэж дуугарсан байна. Эцэг нь бяцхан хүүгийнхээ үгэнд эргэлзсэн боловч тооцоог дахин бодож үзээд буруу бодсоноо ухаарсан гэдэг. Ингэж Карл Гаусс гурван настайдаа зургадугаар ангийн хүүхдийн хүндхэн бодлого бодож чаджээ. Түүний авьяас билэг сургуульд орсон цагаасаа улам тодорч багш нарынхаа гайхшралыг төрүүлсээр байв. Багш нь 1-100 хүртэлх тоог нэмж нийлбэрийг нь бодох даалгавараа хэлж дуусаагүй байтал залуу хүү Гаусс бодлогын хариуг олчихлоо гэжээ. Гаусс сайн бод, хүнд бодлогыг ийм хурдан бодох нь худал гэж багш нь хэлснээ –за яахав үзье гэтэл Гаусс энгийн бөгөөд гайхалтай аргаар зөв бодсон байсанд ихэд гайхан бусаддаа хэлж өг гэжээ. Карл: Сайн ажвал энэ бодлого маш хялбархан бодогдох байна. Өгөгдсөн цуваа тоонууд эхнээсээ эцэс хүртэл ижил байрласан адил нийлбэртэй байна. Тиймээс 100+1, 99+2, 98+3 гэх мэт хослоход бүгд 101 гэсэн нийлбэр гарна. Ийм хослол 50 давтагдах учир бүх нийлбэр нь 101*50=5050 гэж хэлжээ. 10 настай хүүгийн онцгой авьяасыг Вангийн сонорт дуулгасанаас гадна материалын дэмжлэг авч байхаар болсон байна. Тэрээр хичээлдээ төдийгүй эртний болон Европын хэд хэдэн хэлэнд хурдан бөгөөд сайн суралцаж 1795 онд дунд сургуулаа төгсөөд Гёттингений их сургуульд оржээ. Эхний жилд тооны ухаан, хэлбичгийн ухаан хоёрын алийг сонгохоо шийдэж чадахгүй байлаа. Ньютон, Лагранж, Эйлер нарын бүтээлүүдтэй танилцсанаар математикийн судалгааны тодорхой үр дүнд хүрч, зөв 17 өнцөгтийг гортиг шугамын тусламжтайгаар байгуулж болох тухай нээлтэй хийжээ. Энэ нээлтээ хийснийхээ дараа математикч болохоор шийдсэн Гауссын нэр хүнд ч өссөн байна. Мөн тойрогт багтаасан зөв 17 өнцөгтийг хожим хөшөө дурсгал дээрээ сийлбэрлэхийг гэрээслэсэн Гаусын дагуу хийжээ. Тэрээр 1807 оноос эхлэн Гёттингений их сургуульд математик, астрономын тэнхимийг удирдаж насан туршдаа энэ ажлаа хийсэн юм. Гауссын оролцоогүй математикийн салбар ховор бөгөөд математикт дээд алгебр, магадлалын онол, тооны онол зэрэгт тулгуур нээлт хийсэн юм. Тиймээс ч тэр үед математикийн нээлт хийсэн хүн бүр бүтээлээ түүнд илгээдэг. Гаусс зөвшөөрвөл хүчин төгөлдөр болдог байжээ. Тэрээр “Би ярьж сурахаасаа өмнө тоолж сурсан” гэж хэлсэн байдаг. Гаусс зөвхөн математикч байгаагүй байгалийн шинжээч, астрономич, геометрч, геодезич, цахилгаан соронзоны онолч байсан юм. 30 насандаа ажлынхаа өрөөнд тооцоолон бодох аргаар ажиглалт хийж шинэ гарагийн эргэх замыг бодон хаана байгааг тун нарийвчлалтайгаар тодорхойлов. Тэр даруй одон орончид Гауссын заасан зүгт дурангаа чиглүүлэн Церарийг олжээ. Түүнчлэн анх удаа соронзны оргилыг үндэслэсэн Гаусс “Арифметикийн судалгаа” “Огторгуйн биетийн хөдөлгөөний ололт” зэрэг алдартай номуудыг бичиж үлдээсэн юм. Суут математикч 78 насандаа хорвоогийн мөнх бусыг үзсэн боловч шинжлэх ухаанд түүний нэр мөнхжиж, хүн төрөлхтөний бахархал болон дурсагдсаар байна.

Сэтгэгдлүүд

Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold