Хамгийн их хэрэглэгддэг үгээ ядаж зөв бичье
Биз-д маркетинг, эдийн засгийн чиглэлээр ажилладаг хүн олон. Ажлынхаа гадуур наймаа хийгээд хэдэн төгрөг олчих санаатай хүн ч бий. Тэгээд бүгдээрээ бүтээгдэхүүнээ сурталчилна л даа. Энэ бүтээгдэхүүн ийм лаг, тийм мундаг гээд л. Тэгээд явж явж ийм сайхан бүтээгдэхүүн ТАНЬД санал болгоё. :P. Хэн ер нь Танд гэхийг Таньд гэж бичдэг гээд хэлээд өгчихсөн юм. Нэг тультраа хэлтэй нь хэлж өгч дээ. Худлаа гэж үү? Тэгвэл ингэж батлаад өгье
Та - төлөөний үг
Тань - хамаатуулах хэлбэр
нд, д, т - өгөх оршихын тийн ялгал
Тийн ялгал хэзээ ч хамаатуулах нөхцлийн араас ордоггүй. Харин хамаатуулах нөхцөл нь тийн ялгалын араас ордог. Жишээ нь:
Мангар - ын - аа= Мангарынхаа /Зөв/
Мангар - аа - ын= Мангарааын?? /Буруу/
Тэгэхээр Тийн ялгалын нөхцлүүд Та гэдэг үгэн дээр шууд залгагдах ёстой. Жийрэг эгшиг гарч ирч байгаа юм энэ тэр гэх вий дээ. Хэрвээ танд гэхийг таньд гэж бичдэг байсан бол бусдыг нь ингэж бичих байсан
Нэрлэх ТЯ. За яахав ТА
Харъяалах ТЯ ТАНИЙ
ӨО ТЯ ТАНЬД /Ха ха/
Заах ТЯ ТАНИЙГ
Гарах ТЯ ТАНИАС /Харамсалтай нь ингэж бичдэг хүмүүс байсаар байна/
Үйлдэх ТЯ ТАНИАР /Бас ингэж/
Хамтрах ТЯ ТАНЬТАЙ
Чиглэх ТЯ ТАНЬ РУУ гэж
Монгол хэлтэй холбоотой наад захын хүн мэднэ. Гүндалай өөрөө ч мэднэ, Шүүдэрцэцэг хүртэл мэднэ. Тиймээс Биз-ын соёлтой, боловсролтой залуусаа. ЗӨВ бичицгээе.








Э. ЭЭН 2010-11-25 01:13
Аанхаан, сэдэв болон сэтгэгдлүүдийг уншлаа. Анхаарах ёстой асуудал мөн шүү.
Уншсан хүн нэгийг бодохоор, миний бас эргэлздэг, боддог зүйл энд хөндөгдсөн байна.
Талархав.
О. Гомбожав 2010-11-25 11:03
Компаний, компанийн хоёрыг мэдэхгүй юмаа. Үзэмжээрээ л болдог байх. Хэрэглэгчийг харин тайлбарлаж өгье. Дээр дугдардсан үгийн үгзүйн задаргаа нь
ХЭРЭГЛЭГЧ + Д (олон тоо) + Д (өгөх орших тийн ялгал) + ЭЭ (хамаатуулах) гэж байгаа биз. Эхний хоёрыг төвөггүй холбож болно. Тэгэнгүүт
ХЭРЭГЛЭГЧИД + Д + ЭЭ гэж гарна. Энэ үед л асуудал үүсээд байна. Манай энэ тохиолдолдо Гээгдэх эгшгийн гуравдугаар дүрэм үйлчилнэ.
"Гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахдаа өмнө нь эгшиг жийрэглэвэл мөн үгийн эцсийн гийгүүлэгчийн өмнөх эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: боловсор-л-боловсрол"
Тэгэхээр
ХЭРЭГЛЭГЧДЭД + ЭЭ гэж үлдэнэ. Нэг үгэнд хэд хэдэн залгавар залгахад нэгэнтээ гээгдсэн эгшгийг сэргээж бичихгүй гэсэн дүрмийн дагуу
ХЭРЭГЛЭГЧДЭДЭЭ болж байгаа юм.
S. Bat-Oyun 2010-11-25 11:53
Компанийн гэж бичих нь зөв. Компани гэж и үсгээр төгссөн үг. и болон ь тэмдгээр төгссөн үгнүүдэд -ийн гэсэн урт ий-тэй дагавар залганаа гэсэн дүрэм байдаг. Жишээ нь: Ганди-Гандийн, говь-говийн г.м
B. Bayashulang 2010-11-25 12:09
компани гэж үндэс нь байгаа юм чинь компанийн гэх нь зөв. шинэ~шинийн, шөнө~шөнийн гэдэгтэй адил, Монгол бичигт эгшгээр төгссөн үгэнд ийн , н-ээр төгссөн үгэнд ий залгадаг дүрэм кирил үсэгт байхгүй ч аманд үлдчихсэн байгаа.
С. Алтанхуяг 2011-07-24 20:00
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
С. Алтанхуяг 2011-07-24 20:08
монгол бичиг маш их хэрэгтэй шүү залуусаа
О. Гомбожав 2011-08-02 09:53
Алтанхуягийн зөв шүү. Яаж бичих, ямар язгууртай нтр гээд учир нь олдохгүй байгаа үгнүүдийг Монгол бичгээр бичгээр нь харах юм бол ойлгоход амархан байдаг юм.