Эмээ бид хоёр
Эмээгийн хүүхдүүд ажилч, хариуцлагатай, хүнлэг байдаг. Ажил амьдралын харгуйд чиг болох сургаалийг эмээ л ухааруулж өвлүүлдэг.
Эмээтэйгээ холбоотой нандин бүхнээ хуваалцацгаая
2011-01-21 19:17-д бичсэн тодруулга.
Өвөөгийн хүүхдүүд дурсамжаа хуваалцаарай :-)
Сэдвийн гарчиг өөр боловч хэдүүлээ энд өвөө, эмээгийнхээ талаар ярилцацгаая








Г. Солонго 2011-01-19 18:34
ЭМЭЭ БИД ХОЁР /1-р хэсэг/
Энэ зурган дээрх хөөрхөн охин бол би. Эмээтэйгээ хоёулаа байгаа нь. Саяхан цомгоо үзэж байтал гарч ирэхээр нь сонин санагдаад, бас бага насаа санаж өөрийнхөө зурганд хайр хүрч байгаа гэж жигтэйхэн.
Зургаан настай байсан. Эмээ бид хоёр бүүр хөдөө бригадын төв дээр мал маллаж амьдардаг байсан агаад өвөлдөө хоёулаа аймгийн төв орж ирээд байгаа царай нь энэ. Байшинд бөгчимдөөд эмээгээ бушуухан хөдөө гэртээ харъя гэж "шаналгадаг" байж билээ. Ямар ч жаргалтай байсан юм бэ дээ, одоо бодоход... Ээж маань хань татаад намайг авч үлдэх гэдэг боловч түүнийг ажилдаа явсан хойгуур хоосон байранд цоожлуулж үлдэхээс зугтаад огт зөвшөөрдөггүй байж билээ.
МИНИЙ ЭМЭЭ ДУУЧ ХҮН БАЙСАН
Би 5 настай байсан юмдаг. Нэг өдөр айлын хуриманд эмээ маань уригдав аа. Мал хуйгаа харах хүнгүй байсан учраас би яалт ч үгүй үлдлээ. Шөнө боллоо. Би айж байсан боловч угийн гүргэр зангаараа лаагаа асаагаад, галдаа аргал өрдөөд, аймгийн төвөөс ээжийн явуулсан, морь унасан хоёр хүүхдийн зурагтай, хатуу хавтастай номоо үсэглэж, зургийг нь харж сатаарч суулаа. Цаг нэлээн оройтсон байх. Алсаас уртын дуу аялсан эршүүд хоолой морин төвөргөөний хамт сонсогдож, удалгүй эмээ гадаа ирэв. Тэр үед эмээ маань 70 гаруй настай, тэнхлүүн хөгшин байлаа. - Миний шар охион? Эмээгээ буулгаарай... Би баярлан гарахдаа гутлаа өмсөхөө мартжээ. Зуны шөнийн чийглэг зүлгэн дээр хөл нүцгэн гишгэх тэр мэдрэмжийг та ямар гэж санана. Бас эмээгээ хараад баярлан хөөрсөн, санаа зовохоосоо илүү чихэр горьдсон тэр харцыг та бүүр таашгүй. Эмээ нэлээн халжээ.
... Гэртээ орж ирлээ. Нээрээ зөндөө гоё чихэр авчирсан байлаа. Би эмээдээ хийсэн хоолоо гаргаж халаах гэтэл : - Ишш, миний охин тусад оржээ. Сүрхий хүүхэн шүү. Ажилтай, ухаантай сайн хүн болно доо. Тэр үед миний зэрэмгэр цагаан охиныг хүмүүс яасан их хүндлэх бол... гээд, би түүнд нь онгирч байгаа гэж жигтэйхэн. Тэр зураглалыг хальснаа буулгаж үлдээсэн бол ямар их хайр энэрэл, бас ямар их өнчрөл хагацал, бас ямар их хатуужил тэвчээрийг хадгалж үлдэх байсан бол.... Эмээ надад тэр орой урианхайн богино уртын дуу зааж өглөө
Харуул Алтайн ус нь
Хадыгаа дагаж урсана
Хан буурал аавм /аав минь/
Манийгаа гэгожэ суунаа л /Намайг гэсээр сууна л /....
Богинохон атлаа эрс тэс шуранхайлсан энэ дууг би нутгаа санахаараа, эмээгээ санахаараа аялдаг юм. Аялахын учир би хотын байшин дунд байгаадаа тэр. Хаашаа ч харсан хэдэн байшин, утаан хөшгөн дунд чанга дуулах аваас миний урианхайн их шуранхай уусан одох мэт харам төрнө... Тэрнээс биш чанга дуулалгүй яахав.
МИНИЙ ЭМЭЭ ҮЙЛЧ БАЙЛАА
Их сайхан оёно доо эмээ маань. Түүний ач тус нь хэдхэн хоногийн өмнө хүртэл гарав. Би энэ жилийн шинэ жилээр үдэшлэгт өмсөх плажаа өөрөө оёсон юм. Интернэтээс плажны загвар харлаа. Оллоо. Өөрөө эсгэлээ. Ажил зөндөө их байсан ч 2 өдөр шөнө нойргүй шахам байж оёлоо. Оёдлын машинтай байсан бол арай л эрт дуусах... Бүгдийг нь гараар оёсон. Ямар таашаалтай байв аа. Эмээгээ бодон бодон учиг сүвлэн суухдаа өвлийн шөнө миний хажууд дэнгийн гэрэлд гутлын минь ханзархайг нөхөн суусан, ажилд эвэршсэн хатуухан, бахим хуруунууд харагдах шиг... гэгэлзэн гэгэлзэн уйлан уйлан суулаа. Ямар ч сайхан байжив дээ, тэгэхэд...
ЭМЭЭГЭЭС ҮЛДСЭН БОДОЛ...
Эмээ мундаг аа. Өвдөнө гэж байхгүй. Ная насалж, бурхны оронд одох хүртлээ нэг ч шүд нь унаагүй тийм сайхан хүн байж билээ. Үеийнх нь хөгшчүүл юм идэхдээ амаа муруйлган хачин жигтэй улаан буйл гаргахад, эсвэл ёрдойсон 2-3 шүд гарган хооллоход би татаж унатлаа хөхрөөд эмээд загнуулдаг байж билээ. Надад шүдгүй хөгшчүүл үнэхээр элэг хөшөөм харагддаг байсан. Яагаад гэвэл миний эмээ хөгшин мөртлөө бүтэн шүдтэй учраас тэр шүү дээ.
Сургуульд сураагүй мөртлөө орос хэлтэй гэж байгаа. Үгийн язгуур, өгүүлбэрийнх нь бүтэц зохион байгуулалт нь зөв атлаа хэлэхдээ жаахан хазгай ярина. Тэрнийг нь би их шоолно оо. Өөдөөс эмээ маань - Би та нар шиг ингэж заалгаж сурсан бол лав Ерөнхий сайд болчихсон байхгүй юу гэж хошигноно. Сүүлд Монгол улс зах зээлд шилжсэнээс хойш нэг удаа эмээ- Би өдийд ядаж 60 настай байсан бол бизнес гэж юу байдгийг энэ нутгийнханд нэг харуулахсан ..гэж шүүрс алдаж билээ. Эмээ тэгэхэд 80 дөхчихсөн байлаа.
Сэтгэлийн хатан тэвчээр гэж чухам эмээд маань байлаа. Алтан хэвлийгээсээ 11 хүүхэд гаргасан гэдэг. Амьд сэрүүн байгаа нь 5, үлдсэн нь бурхан болсны нэгээс бусад нь хүү байжээ. Өвөө маань тэр үеийн сэхээтэн байсан, ажил алба гэж их явдаг байсан учраас ар гэрийн бүхий л ажлыг эмээ амжуулна. Ажил хийхдээ дуртай гэж жигтэйхэн. Яг энэ чанарыг нь би өвлөсөн юм шиг байгаам. Ямар ч хэцүү ажлыг дуртай, сонирхолтой болгож хийхийг хүсдэг. Ингэсэн тохиолдолд тэр ажлын цаана гарах юу ч биш санагддаг аа
Эмээд маань хийж чадахгүй, хэлж мэдэхгүй ажил, үг гэж байхгүй дээ. Жигтэйхэн цэцэн цэлмэг, бас их эрэмгий зоригтой хүн байсан. Орчин тойрныхондоо их нөлөөтэй. Хөдөөний хүн атлаа цаг үеэсээ хоцрохгүй. Хоёрхон жишээ авъя л даа.
- 1988 он. Эмээгийн толгой наранд их халдаг, би өдөрт хэд хэдэн удаа шанагаар булгийн хүйтэн ус хийж өгдөг байлаа. Гадаа сууж ааруул хийхдээ, арьс элдэхдээ, бас айл хэсэхдээ эмээ байнга шүхэр /зонтик/ барина. Цэнхэр өнгөтэй, жижигхэн жижигхэн цэцэгтэй нарны шүхэр их гоё харагддаг байж билээ. Хөдөөний зарим нэг хэрэгт дуртай авгай нар эмээг маань битүүхэн шоолдог байсныг би санаж байна. Нэг удаа ичээд эмээгээс та хөгшин хүн байж зонтик битгий барь аа гэхэд эмээ - Үүнийг чинь гоёх гэж биш эрүүл мэндээ хамгаалах гэж хэрэглэдэг юм шүү дээ гэж билээ.
- Хөдөөний хөгшид зуны халуунд ч тэрлэгтэй байдагсан. Харин эмээ болохоор өөртөө гоё плаж хийж өмсөнө, бас болоогүй сийрсэн сандаалаар гоёно. Дал гарчихсан, дээлтэй хэдэн хөгшчүүлийн дунд эмээ тавин хэдтэй юм шиг залуухан харагддаг байж билээ. Тэд цайнд ааруул дэвтээн идэж байхад эмээ хажууд нь өөхтэй мах алаглуулан хөшиглөсөн шигээ.... инээж хуучлаад л... Үнэн тэнгэрлэг харагдана даа...
Яриад байвал тоймгүй... Үргэлжлүүлж бичнэ ээ.
Нэг л зүйлийг боддог юм. Би эмээгийн насан дээр тийм байж чадах болов уу гэж. Гэхдээ би саак эмээ болно оо... Яагаад гэвэл тийм мундаг эмээгийн охин муу явж болохгүй...
/сэтгэл сэмрээд, уйлмаар.../
.... 2007 оны 12-р сарын 20-нд бичиж байжээ.
Г. Солонго 2011-01-19 18:41
ЭМЭЭ БИД ХОЁР /2-р хэсэг/
Гурван зүгтээ сантай
Гурвалжин их Алтай
Гурван түмээрээ суухад
Жаргал ихтэй Алтай...
Эрдүүхэн, бас жаахан тасалданги дуу чихнээ нэг ойртож, нэг холдоно. Эвий муу эмээ минь ганцаардахдаа дуугаар хань хийдэг байж үү дээ. Жаргал ихтэй Алтайдаан жаран жилийг элээхдээ юу эсийг үзээ билээ. Хааяа халширч шантрахад минь - Миний үзсэн хэрийн зовлонгийн хумсны толион /толины/ чинээг үзээгүй байж юун ч амар бууж өгдөг юмб... гээд л зэмлэнэ. Үйл мэтгэж сур, хоол сайхан хий, ажилтай ч ааштай ч бай. Тэгвэл хаа ч явсан ахуй амьдралаа өөд нь татаад л явчихна... Заримдаа ийн ярихдаа галын ганц зээгийнхээ хувь заяаг мэдэж байсан ч юм шиг одоо санагдахийн. Аашнаас бусдыг нь сурсан даа, би
ХӨГЖИЛТЭЙ ТҮҮХ
Эмээ 76-тай л байсан шиг. Нэг өдөр надад өөрийнхөө залуу насны тухай ярьж байна аа. Эмээ нь залуудаа хэр баргийн эрчүүдээс дутахгүй тэнхээтэй явлаа. Далын шуудайнд хийсэн ааруулыг хэвтээ тэмээн дээгүүр гаргаад шидчихдэг байлаа шүү дээ гээд ярьж байх зуур би үсгийг нь самнаж өгөнгөө сахилгагүйтмээр санагдаад цэнхэр өнгийн тууз байсныгаа цэцэглээд зангидчихав аа. Эмээгийн яриа ч дуусаж, үдийн саах боллоо. Хойд талд хэдэн казак айлууд хаяа залгаж зусдаг байсан юм. Олоон хүүхдүүдтэй. Тэдний хоёр нь хурга ишгээ гэрээс холдуулаад тууж одов. Би хонь ямаагаа холбох гэж эмээгээс түрүүлээд хотонд ирлээ. Дандаа л хөл нүцгэн явдаг болохоор хурдан гүйнэ ч гэж жигтэйхэн. Эмээг саваа бариад ирэх хүртэл аль хэдийнэ холбоогоо гүйцээчихсэн байлаа.
Гэтэл... эмээгийн үсэнд тууз зангидсанаа гэнэт хараад...хэлье гэхнээ чадахгүй...малаа саахаар цугласан авгай хүүхнүүд энд тэнд татаж унатлаа хөхрөөд, аальгүй юм бэ гээд эмээ тэднийг загнаад... :-) Ямар ч л байсан тэр өдөр хотоор нэг хөхрөлдөөн болсон юмдаг. Удалгүй эмээгийн үеийн нэг хөгшин ирснээ - Чи одоо жаахан буруу зөнөөд байна уу, эсвэл мань хэдийгээ жаахан инээлгэмээр байсийм уу гэснээ наад үсэн дэх хүүхдийн тоглоом шиг юмаа авч хая гэдэг байгаа. Эмээ толгойндоо гараа хүргэснээ хачин уурлаад намайг дууддаг байгаа. Мэдээж хэрэг би зугтах нь ойлгомжтой. Эмээ маань тэгж айхтар үглэхгүй л дээ. Би тэр өдөржингөө гэртээ оролгүй өнжиж билээ. Орой болж, үнээ саах үеэр яалт ч үгүй эмээд баригдав. Эмээгийн уур аль хэдийнэ гарсныг би яаж мэдэхэв. Духан дээр минь үнэрлэснээ эмээ маань: - Миний зэрэмгэр цагаан охин ганцаарддагшуу ухаантайм байх даа... Өдөртөө саахалтын хүүхдүүдтэй очиж тоглож бай за юу гэж билээ. /би ихэвчлэн гэртээ юм оёж, эсвэл эмээтэй цуг арьс элдэж, ааруул зүсэж, үгүй бол аргал түүгээд хээр ганцаараа дуулаад явдаг охин байсан.../
Яасан ч их санах юм бэ...
Намрын нэг үдэш би жигтэйхэн халуурав. Яг юу өвдөж байгаа нь мэдэгддэггүй. Айлуудын түрүүч намаржаандаа буусан боловч манайхаас алсдуу байлаа. Тэр үед гар утас гэж байх биш, ганцааранг минь хаяад айл руу явж болохгүй, хараад суугаад байж болохгүй, эмээ тэнд ёстой л нэг барайж байна аа. Эмээ бид хоёр хүн бүл муутай учраас өвөлжөөнийхөө жижигхэн байшинд 15 орчим км газар гэрээ барьж "намарждаг" юм. Хүйтрэхээр 2 дугуйтай том модон тэргээр хэдэн удаа зөөгөөд л болоо.
Манайхаас баруун хойшоо 40 км яваад уулан дээр антенн байдаг, тэнд ажилладаг хүмүүстэй уулзаж чадвал сумын төвөөс юм уу аймгаас түргэн дуудах боломжтой байлаа. Халууны эм уусан ч намддаггүй ээ. Дээр нь миний ямбалж байгаа гэж жигтэйхэн. Эмээ тэнд үглэж байна аа ..."Том хүн шиг санаад муу охиноо хайхрахгүй, намрын сэрүүнд хөл нүцгэн гүйлгээд. Би ч гэж би юм. Одоо яадагшуу юм билээ. Миний охин тэсээд байж байх уу. Эмээ нь антенны хүмүүс дээр очоод ирье. Юухан байхав. Замд унаа машин таарах байлгүй. /тэр үед бид хоёр морьгүй байлаа/ Ээжийн зэрэмгэр цагаан охин номоо хараад хэвтэж бай за юу гэж байна.
Би толгой дохилоо. Эмээ явахаар шийджээ. Нар жаргах дөхөж байв. Ойролцоогоор 8 цагийн үе л дээ. Хөлийг минь сайн хучиж өгөөд, орны минь хажууд сандал тавьж дээр нь хатуу ааруул, хярам хийж үлдээв. Би их ямбатай байсан. Зөөлөн ааруул иддэггүй, заавал шинэ тараг уудаг, өрөм идэхгүй голдог... Эмээ явлаа. Бүрий ч боллоо. Яагаад ч юм надад тэр үед эмээг чоно идчихвэл яана гэж бодогдоод зөндөө их уйлж билээ. Харин одоо бодоход эмээ 40 км газар яаж явган алхаж хүрэх байсан юм бол оо? Үрийнхээ төлөө гэсэн эхийн халуун сэтгэл тэр хүнийг тийм зоригтой болгож байж дээ зайлуул. Бид хоёрын аз болж замд унаа тааран, эмээ аймаг руу хэл дуулгаж, нэлээн шөнөөр ээж нөхөртэйгөө цуг эмч дагуулан ирж билээ...
Бид хамтдаа аймаг явсан. Би 7 хоног эмнэлэгт хэвтэж, залуу ээжээр гоё гоё хувцас, тоглоом авахуулж, эмээтэйгээ цуг аймгийн төвийн айл хэсэж чихэр цуглууж, жигтэйхэн баян хүн хөдөө гэртээ ирж билээ. Муу бор гэрийнхээ гадаа ирж машинаас буухдаа хөдөөгөө ямар их санаснаа мэдэрсэн. Эмээгийн чанасан шаргал цайны ааг аргалын утааны үнэртэй хамт сэтгэлд амтагдаж, эрх охины биеийг асуухаар ирсэн нутгийн эгч нарын урианхай аялга чихэнд уусаж, муу бор гэрийн минь унинд хавчуулсан хатуу хавтастай цагаан толгойн номын минь зурагнууд хүртэл намайг үгүйлсэн мэт санагдаж билээ.
Нутгаа, бага насаа, эмээгээ би ямар их санах юм бэ....
2007.12.23
Т. Энхтүвшин 2011-01-22 01:46
эмээгийн аяаар бид өдий зэрэгтэй яваа байхаа
Г. Солонго 2011-01-19 18:44
ЭМЭЭ БИД ХОЁР /3-р хэсэг/
Блогоо шинэчлээгүй сар шахам болжээ. Шинэ сэтгүүлийнхээ дугаарыг чанартайхан гаргачих санаатай ажилласаар нэг мэдэхэд өдөр хоног харвасан сум мэт талийж одож. Өнгөрсөн шөнө эмээг зүүдэлж байх юм. Миний охин удахгүй ихэр хөвгүүдтэй болох нь ээ. Эмээгийнхээ захисан нэрийг өгдөг юм шүү. Хэдийгээр дов жалганы үзэл мэт боловч их урианхайн удам тасрах ёсгүй шүү үр минь...гэж шивнээд алга болж одлоо. Зүүднээсээ улбаалан би ийнхүү "Эмээ бид хоёр" цувралынхаа 3-р хэсгийг бичихээр шийдлээ.
"ГАЗАР ГЭРТИЙНХЭН..."
Хэзээ ч юм эрт балгасын үед газар доор амьдардаг хэсэг омог байжээ. Тэнд их үзэсгэлэн төгөлдөр, хүдэр чийрэг эрчүүлтэй, үйлч уран бүсгүйчүүлтэй, цовоо цолгиун хүүхдүүдтэй нэгэн удмынхан ан гөрөө хийн, аж амьдралаа залгуулдаг байв. Мориндоо мордон яваа эрчүүлийг араас нь харахад сүлжмэл тав гэзэг нь бор /цагаан зүсмийн адууг ийн зүслэнэ/ морины хондлой цохин харагдах авай. Баруун их Алтайд уулс ч бий, хөдөө цайдам ч бий. Уужран харагдах их талын дундуур довтолгож асан тэр бор морьтон залуу нэг л мэдэхэд харагдах нь үгүй уусан одно. Тэдний амьдардаг газар нь газар дорх гэр аж. Ийнхүү Газар гэртийнхэн хэмээх овогтон амьдарсаар ирсний үргэлжлэл нь миний эмээ ажгуу.
Аливаад залхуурч хойргошиход минь "Манай газар гэртийнхэн ажилтай анхиатай улсууд байсийм шүү, удмын нэр гутаав" хэмээн уурсан харах эмээгийн төрхийг би зүүдэндээ харлаа. Ийн уурсахын учрыг ч бас сэрчихээд нэлээн бодсон билээ. Ихэр хөвгүүдийн "сураг", залхуурлаа хэмээн уурсах харц надад юу өгүүлнэ вэ? Номын хүч, уул ус, байгалийн сүр жавхааг бишрэн хүндэтгэдэг асан надад өнгөрсөн хавар нэгэн зурхайч эмэгтэй "Чи хулгана жилд хүүхэдтэй болох нь..." гэхэд би айх, гайхах зэрэгцсэн билээ. Тэднийхээс гараад хэлсэн үгийг нь ор тас мартаж орхиж. Түүнээс хойш 8 сар өнгөрсөн байна. Амны билгээс ашдын билэг гэдэг. Хувьтай хүмүүс олноор мэндэлдэг хулгана жилдээ би ихэр хөвгүүдтэй болох ч юм бил үү? хурай хурай хурай....
Харин залхуурахын тухайд юусан билээ. Бодохул би өнгөрсөн 14 хоногт шинэ сэтгүүлийн ажилтай зууралдаж, бусад дагалдах ажлуудаа хийсэнгүй ажээ. Нэгэн анд минь чи бүгдийг нь бус хамгийн чухлыг нь хийх хэрэгтэй дээ гэсэн нь санаанд орно. Нэг зүйлийг сайн хийх гэж нэжгээдийг мартаж яахин болох билээ. Эмээ үүнийг л сануулсан байх. Юуны хэрэгт би эмээгийн охин билээ. Зорьсноо хэрэгжүүлж, санасандаа хүрэхийн тулд зэрэг бодож, сэтгэж, хийх хэрэгтэйгээ ухаарлаа.
УХААНТАЙ ХҮН ЗОВДОГ Ч УЛМАА ҮЙЛС НЬ ҮЛДДЭГ ЖАМТАЙ....
Эмээ ингэж хэлдэг байв. Хүний хорвоод мэндэлчихээд үр удмаа үлдээх нь жам боловч сайн үйлс бүтээж, түүнийгээ мөнхлөх нь орчлонд мэндэлсний утга учир юм шүү дээ гэх. Хаа газрын ухаант үр сад амьдарч асан үедээ зовдог нь жам юм хойно доо. Гэхдээ зовлонг зовж байна гэж шаналахгүйгээр, жаргалаа жаргаж байна гэж ташуурахгүйгээр амьдрах хэрэгтэй. Сэтгэлийн их тэнхээ, ухааны цараа л үүнээс харагдана шүү дээ. Чадахгүй мэдэхгүй зүйлээ нэрэлхэлгүй асууж бай, юунаас нь зовдог юм, Чи ямар бурхан биш. Чаддаг, мэддэгээ харин бусдаас бүү харамла, Чи ямар орчлонд гав ганцаараа амьдарч байгаа биш.
Хамгийн гол нь ажил, амьдрал чинь тэгш, үйлс бүтээл чинь дэвжин дээшлэх тусам өмнө нь ямар байсныгаа, яаж явсныгаа хэзээ ч бүү март... гэх. Бодоод байх нээ, миний эмээ гүн ухаантан байж дээ. Хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь санагдахыг яана. Тухайн үедээ их л ядаргаатай бас хатуу сонсогддог, заримыг нь ойлгодог ч үгүй байлаа.
Шинэ жилээс хойш бүтэн долоо хоног учиргүй их халуурч, хоолой өвдөж гэртээ хэсэг хэвтлээ. Юм юм л бодогдож байх юм. Би уг нь тийм их гутранги хүн биш л дээ. Бас аливааг дандаа эргэцүүлж байдаг ухаантай ч хүн биш. Гэтэл энэ удаа юу болсон юм гэмээр их зүйл бодогдож байна аа... Ямар ч байсан халуунаа дийллээ, ханиадаа эдгээлээ. Ажил, амралтаа зохицуулж байна аа эмээ. Зорилгодоо хүрэхэд, бас ихэр хөвгүүдтэй болоход надад эрүүл бие хэрэгтэй :-)
2008.01.29
Ц. Ууганцэцэг 2011-01-19 18:46
Манай Солонгоо эгч унэхээр дундрашгуй их эрч хүч, авъяас билэгтэй юмаа. Энэ бүхнийг уншсан чинь өөрийн эрхгүй нүдэнд харагдаж байна шүү таны эмээ. Байнга л ганган явдаг байсан цагаан үстэй эмээ сэтгэлд хоногшсон байнаа. Бас миний санахад их цэвэрч тайван бөгөөд их хатуу хүн шиг санагддаг байсан. Би ч жоохон байсанда.
Таньдаа амжилт
Г. Солонго 2011-01-22 01:49
үнэн шүү.Эмээ минь их нямбай, хал нь гаднаа хайр нь дотроо хүн байж билээ
Г. Солонго 2011-01-19 18:46
Блогоор минь зочилдог байсан хүмүүс, найз нөхөд маань энэ бичлэгийг уншсан. Биз найзууддаа дуулгамаар санагдаад оруулчихлаа. Та нар минь эмээгийнхээ талаарх дурсамжаа хуваалцаарай
Н. Одпүрэв 2011-01-22 01:49
тэгээд ихэр хїїхэдтэй болсон уу.
Г. Солонго 2011-01-22 01:49
удахгүй болно оо хө
Б. Ганжаргал 2011-01-19 18:55
би ч бас эмээтэйгээ 2лаа өссөн. Намайг буруу зүйл (айхтар гүнзгий битий бодооройдоо хэхэхэ) хийгээд ээж, аавыг хааяаа ирэхэд нь хэлж загнуулах байхдаа гэхэд харин ч эсрэгээрээ магтдаг байж билээ. Тэгэх тусам нь ичиж нэгийг боддог байж билээ
Ч. Эрдэнэ 2011-01-19 18:58
Маш их таалагдлаа, Солонгоогийн энэ бичсэнийг уншаад надад ч бас багын түүхээс, эмээ, өвөө нартайгаа байсан тэр мөчүүд санаанд бууж байна. Сэтгэл нэг л хачин болчихож байна даа... бага нас, эмээ, өвөө нар аа гэж... Эргэн дурсах цаг мөчийг өөртөө гаргаж байх хэрэгтэй юм байна шүү. Солонгоодоо баярлалаа.
Г. Тэгшжаргал 2011-01-19 19:19
гоё юмаа, өдөржингөө бизээр 2 тэнэгтэй хэрэлдээд орой ажил тарахын алдад ийм сайхан нийтлэл уншиндаа баяртай байна. Би ч гэсэн эмээгийн хүүхэд, хүмүүжил, хүнлэг ёс, хүнийг хайрлах сэтгэл гээд бүгдийг нь эмээгээсээ сурч өвлөж өссөн хүүхэд. Надад ч гэсэн хөгшин эмээгий маань сануулчихлаа. Хөдөө байгаа түүнийгээ хараагүй уджийн. Удахгүй очино доо. муу эмээгээ саначихлаа байна. Голийг нь олж бас цагийг нь олж ийм сайхан нийтлэл бичсэнд баярлалаа. өнөөдөржингөө өөрийгөө лаг мэдлэгтэй гээд бодцон - залууд гудамжны гуйлгачин, гарал үүсэл муутай дуу энэ тэрээрээ дуудуулаад хэцүүхэн байлаа. яг гарал үүслээ яривал миний эмээ тайж хүний отгон охин байсан юм. Хэлмэгдүүлэлтээр аавыг нь хороосон хүн байдагиймаа. Их сайхан түүх ярьж өгдөг болохоор би эртний бөхчүүлийн бас хэлмэгдүүлэлтийн талаар их сайн мэддэг болсоон. Баярлала Солонго
Г. Солонго 2011-01-22 02:23
эмээгийнхээ тухай заавал бичээрэй.Бичлэгийг маань үнэлсэнд их баярлалаа.Сайхан мэдрэмж төрж байна
I. Ундраа 2011-01-19 19:30
Солонгоо найз минь чи дандаа л сэтгэл хөвсөлзүүлж, зүрх уяраам сайхан нийтлэлүүд бичдэг шүү. Найз нь зав гарахаараа уншиж хайртай буурал эмээгийнхээ дурсамжийг бас хуваалцана.
Г. Солонго 2011-01-22 02:33
нийтлэл гэхээсээ илүү сэтгэлд хоногшсон дурсамж минь юм даа.Эмээгийнхээ тухай заавал бичээрэй хө
Ч. Эрдэнэзаяа 2011-01-19 19:40
Сайхан бичжээ. Миний 90 шүргэсэн жижигхэн буурал эмээ минь санаанд бууж байна. Эмээтэйгээ уулзалгүй 2 сар гаран болчиж. Очиж уулзанаа
Эмээ маань хэдий 90 шүргэсэн ч 8 настайнхаа түүхийг ярьдаг юм. Тэгээд л Гучин хэд, Дөчин хэдэн оны аймшигт түүх ярина. Нүдэнд харагдтал шүү. Гэтэл бид чинь хэдхэн жилийн өмнөхөө л мартчаад л явж байдаг улс шүү дээ. Энэ эмээ өвөө нарын ухаан ямар агуу байсан байнаа.
Г. Солонго 2011-01-22 02:44
хэлээд юүхэв ээ,үнэхээр ой сайтай, бие ч сайтай. Гайхамшигтай эмээ нар
Б. Мөнхчимэг 2011-01-19 19:44
Гоё сэдэв байнаа. Би ч гэсэн эмээгийн өвөөгийн хүүхэд. Гэхдээ одоо 2лаа байхгүй л дээ. Би тэдэндээ маш их хайртай. Өвөө маань 1994 онд намайг 6хан настай байхад бурхан болсон юм. Эмээтэйгээ харин 21 жил бараг 22 жил хажуунаас нь огт холдолгүй хамт амьдарсан. Эмээ маань их сайхан /бүр хайр хүрчихлээ/ хүн байсаан. Бичих юм ямар их юм бэ? Яг юу эхэлж бичихээ ч мэдэхгүй байна. Бид 2-ийн хөгжилтэй сайхан дурсамжууд маш их. Бид 2 шагай тоглодог байсан. Би эмээдээ ном их уншиж өгдөг байж билээ. Тэгээд тэр номынхоо талаар ярилцаад л... Өдөржин л 2лаа байдаг байж дээ.
Г. Солонго 2011-01-22 02:48
эмээгийн хүүхэд ч цаанаа өөр шүү.Хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаарай,сайхан байх болно
Б. Мөнхчимэг 2011-01-19 19:50
Бага байхдаа эмээгээсээ өндөр болох гэж хичээгээд л.. Хэхэ хүүхэлдэйнүүдээ эмээгийн толгойны алчуураар өлгийдээд энд тэнд тавьчихна. Эмээ алчууруудаа хайгаад л бүр сүүлдээ миний хүүхэлдэйнүүдэд хувцас оёж өгөөд нэг юм алчуураа хайхаа больсон доо. Оюутан болчихоод л эмээ 2лаа ерөөсөө тэтгэвэрээ сольчихий би одоо таны тэтгэвэрийг авъя. Та намайг хөгширхөөр миний тэтгэвэрийг аваарай гээд л мөнгө авчихна. Бүр заримдаа эмээ тэдэн төгрөг бүр мөсөн зээлээч гээд л хэхэ.
Б. Мөнхчимэг 2011-01-19 19:56
Буруу хэрэг хийхээр эмээ таягаа бариад л зодно доо. Тэгээд болохгүй болохоор нь таягийг нь нуугаад би нээрээ сахилгагүй байжээ. Бас болоогүй ээ эмээ өвөө 2ийн танилцсан түүх, хүүхэд байх үеийг нь яриулаад л эмээтэйгээ байхад үнэхээр гоё байжээ. Хамгийн сүүлийн өдөр нь би эмээтэйгээ хамт 1 орон дээр чихэлдэж хэвтээд үнсүүлээд эрхлээд авсандаа. Заза бичих юм дэндүү их юм байна. Бичээд л бичээд байх шинжтэй шүү
Г. Солонго 2011-01-22 02:59
Зав зайгаараа бичээрэй хө
Г. Солонго 2011-01-22 02:59
эмээгүй хүн л хасах дарсан байж таараа,ямар муухай юм бэ? тэнцүүлж нэмэх дарчихлаа
Г. Солонго 2011-01-19 20:08
жоохон байхад нээрээ л эмээ их том, тарган харагддагсан. Би дунд сургуульд орчихсон үе юмсан. Улирлын амралт эхлэхээс 7 хоногийн өмнө чөлөө аваад явна, хичээл эхэлснээс хойш 7 хоногийн дараа ээжийнд /аймгийн төвд/ ирдэг байлаа. Аймаг, эмээгийнх хооронд 45 км зайтай, аймгаас гараад 35 км орчим яваад хот айлын баруун дээд талд өссөн гэр минь харагдана даа. Эмээ намайг очих үеийг сайн мэддэг болохоор байнга саравчлаастай. Машины цонхоор гэрээ харчихаад нисчихмээр санагддаг байж билээ. 10хан км газар машин яасан удаан явдаг юм гэж уурсаа л...
машинаас буунгут эмээ намайг үнэрлэх гэж зүтгэнэ, харин би тавиурын тийшээ тарваганы мах хайгаад давхичина даа... /зун намартаа ах тарвага агнадаг, тарваганы махыг өөрийнх нь тосонд дарчаад өвөл хавар идэж болдог/
G. Gegee 2011-01-19 20:11
үнэхээр сайхан санагдлаа. манай эмээ бас их зовлон үзсэн, ухааны цараа ихтэй тэвчээртэй хүн бий.та үнэхээр ухаалаг хүн юмаа. амжилт хүсье
Г. Солонго 2011-01-19 20:16
Хүмүүсийн нандин дурсамжуудын хажууд хасах дараад сууж байдаг муухай хүн бас байх аа...? Эмээгүй юм болов уу? Нэг хартал бүх хүний бичлэг дээр хасах дарчихаж...
Д. Золбоо 2011-01-22 03:20
би ч бас эмээгийн ганц эрх охин байлаа энэ бичлэгийг уншаад эмээгээ саналаа маш ихээр.
S. Saskia 2011-01-22 03:32
harin tiin.ene neeree hasah darj bdag ih l zuggui nohor b.a daa.bitii too egch min
Т. Энхтүвшин 2011-01-19 20:20
би ч эмээгийн хүүхэд
Т. Энхтүвшин 2011-01-19 20:20
эмээ нар адилхан юм аа
Т. Энхтүвшин 2011-01-19 20:24
хасах дарсан хүн бодлоггүй сахилаггүйтээ байлгүй гэж өөрсдийгөө тайвшруулья
Ч. Уранбаяр 2011-01-19 20:36
хасах дарсан хүний эмээ тэр хүнд их хар дурсамж үлээждээ.