Оруулсан : А. Даваасүрэн 2009-03-24 15:44:45

Ээжийн тухай шүлэгнүүд... Ээждээ хайртай хүмүүст

Ээжийн тухай мэддэг шүлгүүдээ энд оруулцгаая. Ээждээ хайртай хүмүүс хайртайгаа илэрхийлэхэд нь тус болог гэж бодлоо. Бид хамгийн хайртай хүндээ хайртай гэж хэлж тэр болгон амжаагүй л байдаг. Амьд бурхан ээжүүд минь бидэндээ урт насалж хайрла.

Сэтгэгдлүүд


  • А. Даваасүрэн 2009-03-24 15:47

    Ц. Хулан - Ганцхан ээждээ унших шүлэг


    Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
    Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай
    Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
    Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
    Ганцхан намайг гэж ижий та
    Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ?
    Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
    Балчраас минь өдий хуртэл та оёдолчин явлаа
    Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй
    Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд
    Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа
    Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
    Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
    "А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
    Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа
    Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
    Цагдаа, эсвэл үүдний манаач
    Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
    Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа
    Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь
    Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
    Даамай их хайр тань аанай л хэвээрээ
    Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана
    Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ
    Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай
    Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
    Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа!
    Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
    Зүгээр л дэргэд минь байж хайрла
    Ижий! гэж дуудах болгондоо баярладаг
    Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла аа!

  • B. Baasandorj 2009-03-24 15:47

    Долгилсон хар гэзгээ мөр зэхлэн мишээсэн
    Дорнын нэгэн үзэсгэлэн хайрт ээждээ зориулав
    гэж мэндчилгээ бичээд нэг баяраар ээждээ бэлэг өгч билээ.

  • А. Даваасүрэн 2009-03-24 15:52

    Ээжээ Би Таньдаа Хайртай

    Намайг хайрласан хайр шиг тань
    Нартад тэжээсэн сүү шиг тань
    Надад гомдоогүй сэтгэл шиг тань
    Насаараа Би Таньдаа Хайртай

  • А. Даваасүрэн 2009-03-24 15:53

    Ээжээ гэж би хэлд орсон

    Энхэр нярай насандаа
    Эгшиг бүүвэй үгүйлээд
    Ээ ээ, ээдээ ээдээ гээд
    Ээрч муурч уйлахдаа

    Энэрэл хайрын учиг
    Ээжээ ээжээ хэмээх
    Энэ л сайхан үгээр
    Эрхэлж анх хэлд орсон

    Элдэв өнгөнд дурлаж
    Энэ биеэрээ гоёсон
    Эрмэг залуу насандаа
    Ээжээ гэж дуудахдаа

    Эмгэрч яваа ээж минь
    Эрхгүй муухай санагдаж
    Эргэж харахдаа уцаарлаж
    Ээдэж анх ухаан суусан.

    Эргэх хорвоогийн жамаар
    Эсэргэн бүхнийг амсаад
    Эргүү арилах насандаа
    Элбэрэл хайраа санахдаа

    Ээжээ ээжээ хэмээх
    Энэ л муухай хүнийг
    Эрээд эрээд олохгүй дээ
    Эмтэрч анх хайр төрсөн

  • А. Даваасүрэн 2009-03-24 15:56

    Ээжээ Би Таньдаа Хайртай


    Энэ дэлхийн амин эрдэнэ
    Хүн цэцгийг ургуулагч
    Эх хүн та бүхэндээ болон

    Булбарам ялдам инээмсэглэл
    Бүлээн зүрхний амьсгал
    Бүсгүйчүүд Та бүхэндээ
    Эмэгтэйчүүдийн баярын Мэндийг дэвшүүлье.

    Энэ дэлхийн эгэл бурхан
    Ээжийгээ хайрлаж харамлаж яваарай. Хүмүүсээ.

    Нимгэн зулай битүүртэл Бүүвэй аялахаас уйдаагүй
    Нялхарч өөрөө ариусдаг Эх хүний сэтгэл
    Нас насны намарт Мартагдана гэж үгүй...

  • А. Даваасүрэн 2009-03-24 16:45

    Миний сайхан ээж (Сүүний үнэр)

    Үг. Яруу найрагч А.Дандий-Ядам
    Ая. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Эрэгзэнгийн Чойдог
    Дуучин. Улсын гавьяат жүжигчин Сүрэнгийн Цэрэндолгор

    Сүүний үнэр шингэсэн
    Сэвлэг даахьтай байхад минь
    Дууны сайхан эгшгээрээ
    Эвлэг зөөлөн бүүвэйлсэн
    Миний ээж сайхан ээжий
    Мяндас зөөлөн уян ээжий
    Бурууг хийвэл хатуу ээжий
    Буурал болсон ч чадуу ээжий

    Хүүгээ гэсэн намайгаа
    Хүний зэрэгт хүргэх гээд
    Цаг эргэх мөч бүрийд
    Цацлаа өргөсөн миний ээжий
    Миний ээж сайхан ээжий
    Мяндас зөөлөн уян ээжий
    Бурууг хийвэл хатуу ээжий
    Буурал болсон ч чадуу ээжий

    Ямар хүү төрүүлснээ
    Ээж минь та хараарай
    Ямар хүнээр мануулснаа
    Эх орон минь та үзээрэй
    Миний ээж сайхан ээжий
    Мяндас зөөлөн уян ээжий
    Бурууг хийвэл хатуу ээжий
    Буурал болсон ч чадуу ээжий

  • А. Даваасүрэн 2009-03-24 16:45

    Эхийн тухай дуу (Мөнхийн ус)

    Үг. Төрийн соёрхолт зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэн
    Ая. Хөгжмийн зохиолч Ч.Нянгар

    Алган дээрээ бөмбөрүүлсэн
    Айлын хооронд үүрсэн
    Азай буурал ээжийнхээ
    Ачийг яаж хариулна даа

    Энгэрийн гэнэн яргуй шиг
    Эмзэг залуу насандаа
    Өтлөнө гэдгийг санан
    Өрөвдөж явлуу ээжийгээ

    Мөнхийн ус нь байдаг бол
    Хаанаас ч гэсэн олох юмсан
    Миний ээж настай хүн
    Хайртай ээждээ өгөх юмсан

    Өвсний толгой цайраад байна
    Өвөл болсны шинж үү дээ
    Өөрөө ч мэдэлгүй уйлах юм
    Ижийгээ санасны шинж үү дээ

    Ганганах шувууд буцахын цагт
    Ээж минь намайгаа дурсаад
    Гадны хүнээс сурагласаар
    Хүүгээн хүлээж суугаа даа

  • А. Даваасүрэн 2009-03-24 16:45

    Хорвоод ганцхан ээждээ

    Үг. Соёлын гавьяат зүтгэлтэн, Яруу найрагч С.Оюун
    Ая. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг

    Наран наадавч харламгүй
    Насны салхитай үсийг чинь
    Ариун гангын усаар угааж
    Ачийг тань нэг хариулахсан

    Гургалдай дуулавч толиймгүй
    Цагийн сүүдэртэй магнайг чинь
    Мянган шөнө алгаараа дулаацуулж
    Сэтгэлийг тань нэг баярлуулахсан

    Томоогүй явж боллоо ээжээ
    Тогоруу буцаж зэгс шаргалтлаа
    Хорвоод намар ирдгийг мартсан
    Хонгор хүүгээ уучлаач ээжээ

    Цурамгүй хонуулсан үеэ
    Цэцэг болгон өргөе ээжээ
    Зул цэцэг шиг залуу нас
    Зуу наслах илч хайрлаг ээ

  • А. Даваасүрэн 2009-03-24 16:46

    Намайг гэсэн ээжий

    Үг. Яруу найрагч Сүхбаатарын Батмөнх
    Ая. Улсын гавьяат дуучин Н.Чулуунхүү

    Өвлийн хүйтэн цагаар
    Жавар хаасан ээжий
    Үүр шөнийн заагаар
    Нойроо хагасалсан ээжий

    Хариг хаврын цагаар
    Хайраа харамлаагүй ээж
    Халуун хүйтний алинд чиг
    Халширч халгаагүй ээжий

    Зуны халуун нарнаар
    Зулай норгосон ээжий
    Цурам хийлгүй бүлээрэхэд
    Цугтаа өвдсөн ээжий

    Намрын сэрүүн цагаар
    Нар шиг ээсэн ээжий
    Намайг өсгөх гэхдээ
    Насаа зориулсан ээжий

  • А. Даваасүрэн 2009-03-24 16:46

    Үртэй хүн жаргалтай

    Үг. Яруу найрагч Шагдарсүрэнгийн Цогт
    Ая. Л.Батаа
    Баян Монгол чуулга
    Эстрадын дуучин Л.Оюунчимэг

    Тоймгүй баяраар үнэгчлэн баясах
    Тохойн чинээхэн алагхан үр минь
    Тоонот гэрийнхээ хойморт нь залрах
    Туяа татсан наран юмаа хө

    Элгэн хайраар бүүвэйлэн суудаг
    Эх хүний жаргал байнаа хө

    Эрх дураараар торнин бойжих
    Эрхийн чинээхэн эрэмгэр үр минь
    Эрдмийн гэгээн оргилд зорих
    Эрдэнийн гэрэлт одон юмаа хө

    Эрхэм сургаалаа хайрлан суудаг
    Эх хүний жаргал байнаа хө

    Торомгор харцаараа тольдон байгаа
    Төгрөг нүдэн хөөрхөн үр минь
    Төвшин жаргалаа угтан золгох
    Тодоос тодхон цолмон юмаа хө

    Элбэрэл баян амьдралд умбасан
    Эх хүний жаргал байнаа хө

  • А. Даваасүрэн 2009-03-24 16:46

    Сүүн цагаан сэтгэл

    Үг. П. Минжирмаа
    Ая. Хөгжмийн зохиолч Ц.Чимиддорж
    Улсын гавьяат дуучин Дондовын Банзрагч

    Наран мандмал уудам нутагтаа
    Настай ижий минь жарган байгаа
    Намайгаа явсан алсын нутгийнханд
    Найртай сайхныг ерөөж суугаа

    Саран гиймэл саруулхан нутагтаа
    Сайхан ижий минь жарган байгаа
    Сааль сүүнийхээ өнгөн дээжийг
    Сансарт өргөн хүүгээ хүлэээгээ

    Хөхрөн униартах хөдөө нутагтаа
    Хүлгийн жолоо залнаа ээжээ
    Хаврын шувуудын ирэх түрүүчээр
    Хайртай хүү чинь ээжээ зориноо

  • А. Даваасүрэн 2009-03-24 16:46

    Ээжээ дурсана (Хөөрхөн борлог морь)

    Үг. Хасагбатын Хуушаан
    Ая. Д.Пунцагбал

    Хөөрхөн борлог мориороо
    Хөндийгөө туулах сайхан сан
    Хөгшин буурал ээжийгээ
    Хүндлэн асрах сайхан сан

    Ганган борлог мориороо
    Газраа туулах сайхан сан
    Голын хайртай ээжийгээ
    Гараас нь хөтлөх сайхан сан

    Энгэрийн ганцхан модондоо
    Элээ шувуу эргэлдэнээ
    Эмгэн буурал ээжий минь
    Эргэж наддаа олдохгүй
    Ээжээ гэж би хэлд орсон

  • Г. Бат дэлгэр 2009-03-24 17:26

    saihan ban aaaaaaaaaa eejiigee sanchlaa naizaa oor goe shvlgvvd oruulaa

  • S. SiSi 2009-03-24 18:03

    Харуусал

    Хүний хүүхдийг өмөөрч охиноо аашилахад тань ээжээ
    Хүний хүүхдээс дорд үзлээ гэж
    Омогшиж байсанаа бодхоор ичиж үхэхнээ

    Дэрвэж явах хэнзхэн насанд мин
    Дэггүй зан хормойг чин сэмлэнэ гэж хориход
    Дэнгийн эрвээхэйтэй жишлээ гэж
    Дэвхцэж байсан минь нүднээс гарахгүй юмаа ээжээ

    Наргиж дарвиж цэнгэж явхад мин
    Наадаж болсон бол ирээ гэж зандрахад тань
    Насанд хүрсэн хүн шүү би гэж
    Намжирдаж байсанаа бодхоор уйлмаар байнаа ээжээ

    Хий гишгүүлж хазгай алхуулаагүй таныхаа ухаанаас
    Хүсэж аваагүй хэр нь уусаж шингэжээ охин нь
    Эргэж харах мөч бүрдээ таныхаа үгийг
    Эгээ л өчигдөр шиг тодхон санах юмаа ээжээ

    Хорвоогийн жам мөнх биш гэдгийг мэдэрлээ ээжээ
    Хорь гарж ойлгох учир юу байсын болоо
    Хажууд нь байхдаа мэдрээгүй хэрнээ
    Хэзээ хойно нь сүүмэлзээд байхынмаа

    Хэлмээр үг хоолойд аргаад байхынмаа ээжээ
    Хэтэрхий хожуу ухаарсан харуусал мин шаналгаад байхынмаа
    Хэнд ч хэлэхгүйгээр сэтгэл өөрөө сэмэрдэгийн байнаа
    Хэзээ ч төлж барахгүй өр мэт дотор өмөрдөгийн байнаа

    Эргэж хардаггүй хорвоод ээжийгээ санаад байхынмаа
    Энэрэл хайр шингэсэн таныгаа эргээж авчраад жаргаамаар байхынмаа
    Энэ дэлхийн бүх хүүхдүүд эндүү над шиг бүү хожимдоосой
    Эргэх хорвоо зогсдог болхоор ээжийгээ одоо л амжиж хайрлаарай

    Тука 2009/03/24

  • Ж. Хорлоо 2009-03-24 18:03

    Үнэхээр олон сайхан шүлэг оруулжээ. Баярлалаа.

    Эх хүн та ясаа заадсаараа салтал өвдөж байсан ч энхрий үрээ төрүүлэхийн тулд тэвчээрийн дээдийг гаргаж чаддаг гайхамшиг... Хичнээн шөнө нойргүй хоносон ч нүдээ арай ядан нээн, босч үрээ хуурайлаад, элгэндээ тэвэрдэг гайхамшиг... Хөхний толгой хагараад янгинатал өвдөж байсан ч шүд зуун гүрийж үрээ хөхүүлдэг гайхамшиг... Үрийнхээ төлөө өөрийгөө зориулж чаддаг, үнэхээр агуу хайрын эзэн "эх хүн" та "гайхамшиг".

    http://ehiinsetgel.blog.gogo.mn/

  • А. Даваасүрэн 2009-03-24 22:56

    Хорлоо эгчийн оруулсан зүйл үнэхээр сэтгэлд хүрлээ. Баярлалаа Танд.

  • Н. Нямдаш 2009-03-24 23:23

    Бүсгүй хүний хоолой нь хө
    Бүүвэйн дууны уянгатай билээ....

  • P. BOLD 2009-03-24 23:50

    Би ээжидээ хайртай. энэ шүлгийг сонсохоороо хамрын самсаа шархираад нэг л хачин болчдийн...
    ийшээ ороод үзээрэй...
    http://www.youtube.com/watch?v=GLYaLl4g7j0

    бас Сосрбарамын "Миний Шүтээн" гэдэг шүлгийн заавал олж сонсохгүй бол ээжийнхээ өмнө өөрийгээ өртэй гэж санаарай... (миний л бодол юм шүү....)

  • А. Даваасүрэн 2009-03-25 00:03

    Болд ахын оруулсан линк дээр заавал дарж үзээрэй. Б.Лхагвасүрэнгийн "Цэцгэн эрхи" шүлгийг Ананд гэж хөөрхөн жаахан хүүхдийн уншсанаар сэтгэл хөдлөмөөр толилуулсан байна лээ.

  • B. Baasandorj 2009-03-25 00:26

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold