2011-01-21 01:39:52

"Ногоон" хувь хүн болох нь

Тэгэхээр цаг агаарын өөрчлөлт, дэлхийн дулааралтай тэмцэхийн тулд хүлэмжийн хийн ялгарлыг эрс бууруулах ёстой гэдэгтэй улс орнууд, олон улсын байгууллагууд санал нэгдэж хамтран тэмцэж эхлээд байгааг бид бүхэн бэлхнээ сонсож, мэдэрч байгаа билээ. Сүүлийн жишээ гэхэд Хятад улс хүлэмжийн хийн ялгарлын хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг гэдгээ хүлээн зөвшөөрч, их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулна гэдгээр шалтаглан байгаль экологио хамгалаалахаас хойш суусаар ирсэн Америк энэ чиглэлийн бодлого зорилтоо хэдхэн жилийн дотор эрс өөрчлөөд байна.

Дэлхийг дулааруулахад голлох нөлөө үзүүлж байгаа эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээ эрчимтэй нэмэгдэж, зарим судлаачдын үзэж байгаагаар хэрэв нэгдсэн зорилт тавьж хэрэгжүүлбэл 2030 он гэхэд дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийг 100% сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой хэмээн мэдэгдэж байна. Автомашин үйлдвэрлэлийн салбарт ч ногоон технологи нэвтэрч цахилгаан болон хайбрид автомашины үйлдвэрлэл, хэрэглээ нэмэгдэн, хэдхэн арван жилийн дотор нийт автомашины 30-50 хүртэлх хувийг хорт хий огт ялгаруулдаггүй болон маш бага хэмжээгээр ялгаруулдаг машинууд эзлэх төлөвтэй байна. Шинжлэх ухаан, технологийн салбарын чиг хандлага ч ихээхэн өөрчлөгдөж ногоон технологи бүтээхэд чиглэх боллоо.

Харин хувь хүмүүс бид нар энэ бүхнийг зүгээр хараад суугаад байж болж байна уу? Үр хүүхэд, хойч үеийнхээ ирээдүйг хамгаалах үүргээ умартах эрх бидэнд бий билүү? Их үйлийг бүтээхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй гэдэг, дуслыг хураавал далай болно гэж бас хэлдэг шиг хүн бүр бага гэлтгүй хүчин чармайлт гаргаж, байгальд ээлтэй амьдралын хэв маяг, дадал зуршил эзэмших чадвал ирээдүй хойчдоо үлдээх том гавьяа болно. Та, би, бидний хэн нь ч адилхан байгаль экологио хамгаалахын тулд юу хийж болох вэ, юу хийж чадах вэ гэдэг талаар өөрийн бодол санааг хуваалцахаар хэдэн үг хэлхэж сууна.

1. Технологийн дэвшлийг ашиглах.
Сүүлийн үед цахилгаан зарцуулалтын хэмжээг эрс бууруулж байгальд хортой технологиос татгалзсан гэр ахуйн цахилгаан болон электрон төхөөрөмжүүд олон төрлөөр үйлдвэрлэгдэж байна. Мөн дахин боловсруулах боломжтой, эсвэл байгальд хаягдсан ч хоргүйгээр задарч алга болдог материлаар хийгддэг болсон. Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл худалдан авахдаа ижил төрлийн бусад хэрэгслүүдтэй харьцуулж аль болох бага хэмжээний цахилгаан энерги зарцуулдагийг нь худалдан авч болно. Сүүлийн үеийн LCD (шингэн кристал дэлгэцтэй) , LED (гэрэл ялгаруулах диодон дэлгэцтэй) телевизорүүд өмнөх үеийнх (CRT, электрон цацрагт хоолойт)-ээс хэд дахин бага цахилгаан зарцуулдаг, мөн байгальд хортой бодис агуулдаггүй болжээ. Харьцангуй бага энергиэр үр ашигтай ажиллах чадвартай хөргөгчүүд ч бий болсон.

Гэр болон өрөө тасалгааны гэрэлтүүлэгт флуоресценц (өдрийн гэрэл буюу нуман цахилалтат)-ийн чийдэнг ашиглах боломжтой, ийм төрлийн чийдэн нь уламжлалт урт, гонзгой хэлбэртэйгээс гадна бөөрөнхий ламп хэлбэртэйгээр үйлдвэрлэгдэн худалдаалагдаж байна. Эдгээр болон LED лампууд хэдийгээр худалдах үнэ өндөртэй боловч цахилгаан зарцуулалтын хувьд уламжлалт улайсах чийдэнгээс 5-8 дахин бага, ашиглалтын хугацаа хэдэн 100 дахин их байдаг. Мөн халалт үүсдэггүй учир гал түймрийн аюул бага байдаг. Гэр байшингийн ойр орчимын болон цэцэрлэгийн гэрэлтүүлгийн зориулалттай нарны энергиэр ажилладаг, маш хямдхан үнэтэй чийдэнгүүд үйлдвэрлэгдэн худалдаалагдаж байна.

Угаалгын машин гэхэд ус маш бага болон огт хэрэглэдэггүй хуурай угаалгын машинууд бий болсон байна. Мөн усны хэрэглээг хэдэн арван хувиар багасгасан дэвшилтэт суултуурууд хэрэглээнд нэвтэрлээ. Хүн гараа ойртуулж холдуулж байгаа эсэхийг мэдэрч автоматаар ус гоожуулах, зогсоох чадвартай крант бүхий угаалтуурууд өргөнөөр хэрэглэгдэж байна. Мөн тосгуур дээрээ жижиг угаалтуур бүхий жорлонгууд хөнгөнөөр бие зассаны дараа гар угаах усыг хэмнэх боломж олгож байна.

Видео бичлэг, фото зураг, дуу хөгжим зэрэг мэдээллүүдийг дижитал хэлбэрээр ашиглаж хэмнэлт гаргаж болно. Ийм төрлийн уламжлалт хэлбэрийн бүх мэдээллийг дижитал хэлбэрт хувирган мэдээлэл хадгалах төхөөрөмж буюу зориулалтын хатуу (хаард) болон флэш (USB, SDD) дискэнд хадгалж хэвшвэл CD, DVD, видео кассет, тоглуулагчууд гэх мэт овор ихтэй эд зүйлсийн хэрэглээг халж чадвал тэдгээрийг үйлдвэрлэх, тээвэрлэх, хэрэглэх, устгахад зарцуулагдах цахилгаан энергийг бүрэн хэмнэнэ гэсэн үг. Ийм мэдээллийг үзэх, тоглуулах боломж бүхий телевизорууд, МР3 суурин болон автомашины хөгжим зэрэг төхөөрөмжүүд аль хэдийн хэрэглээнд нэвтэрсэн байгаа билээ.

Орлогын түвшин өндөртэй харьцангуй чинээлэг айл өрхүүд нар болон салхины жижиг оврын үүсгүүрүүдийг гэр байшиндаа сууриулж болно. Хэдийгээр эхний хөрөнгө оруулалтаа 10-аас дээш жилийн хугацаанд нөхдөг ч байгал дэлхийгээ хамгаалахад багагүй хүчин зүтгэл болно.

2. Шууд хэмнэлт
Усны хэрэглээг багасгах үүднээс шүршүүрт орох хугацааг 15 минутаас хэтрүүлэхгүй байх, шүд угаах, сахал хусах үед усаар зайлалт хийх зориулалт бүхий аяга хэрэглэж, аяга таваг угаах үед усыг үргэлжүүлэн гоожуулах бус, саванд тосч хэрэглэж заншвал бага ч гэсэн хэмнэлт гарна. Цахилгаан хэрэгслүүдийг ажиллуулаагүй тохиолдолд залгуураар нь салгаж хэвших, ингэснээр ахуйн цахилгааны хэрэглээг 6,4% бууруулах боломжтой гэсэн судалгааны үр дүн байдаг. Хүн бүхний мэдэх хамгийн ойр жишээ буюу олон дахин ашиглах уут, тор хэрэглэх, автомашин, мотоцикл зэрэг шатахуунаар ажилладаг тээврийн хэрэгслүүдээс татгалзаж эрүүл мэндээ давхар хамгаалж болно. Өвлийн улиралд хөргөгч ашиглахаас татгалзаж, зориулалтын сав, агуулах ашиглан хүнсний зүйлсийг байгалийн хүйтэн нөхцөлд хадгалж болно. Халаалт, сэрүүцүүлгийн төхөөрөмжийн хэм тохируулагчийг сайн тохируулж хэт халаахгүй, хөргөхгүй байлгаж хэвших хэрэгтэй.

3. Шууд бус хэмнэлт
Аль болох эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэхийг эрмэлзэж дулааралтай тэмцэж болно. Гадаад улсад үйлдвэрлэсэн адил төрлийн бүтээгдэхүүнийг импортлох, тээвэрлэхэд багагүй хэмжээний түлш шатааж утаа ялгаруулдаг нь ойлгомжтой. Мөн манайхны гар аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд гэрэлтүүлгээс бусад хэлбэрээр цахилгаан энерги бараг зарцуулагддаггүй билээ. Дотоодоо тээвэрлэлээ ч туулах зай богино учир гадаад бүтээгдэхүүнээс бага хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг гэсэн үг. Гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдээ аль болох урт удаан хугацаагаар хэрэглэж моод дизайн хөөхөөс зайлсхийж болно. Хог хаягдлыг ангилан ялгаж, дахин ашиглах боломжтойг нь хоёрдогч түүхий эд хүлээн авагч газруудад тушаах зэргээр хаягдлын хэмжээг багасгаж болно.

Эцэст нь энэ бүхэн Улаанбаатар хотын утаанаас ангид асуудал гэдгийг ойлгоорой гэж хүсье. Зөвхөн утаатай монгол улс, монгол хүмүүсийн хувьд гэж явцууралгүйгээр дэлхийн иргэн, хувь хүн, айл өрхөд хамааруулан бичихийг оролдов. Энэхүү мэдээллийг хэн дуртай нь ямар нэгэн эх сурвалж дурдалгүйгээр бүрэн болон хэсэгчилсэн байдлаар хуулбарлан ашиглах боломжтой, нээлттэй эх гэж ойлгоно уу.

2011-01-21 10:56-д бичсэн тодруулга.
1 дээр нэмээд хэлэхэд цаасан ном, сонин уншихаас зайлсхийх хэрэгтэй. Электрон уншигч худалдаж аваад ном хэвлэлийг онлайнаар захиалж уншаад байж болно. Мөн нетбүүк болон таблетүүд гараад ирчихлээ. Тэмдэглэлийн дэвтэр хэрэглэх шаардлагагүй болсон гэсэн үг. 4 Жи гар утаснууд үзэгдэж эхэллээ, тэгэхээр яваандаа компьютер, таблет хэрэглэхээ болих хүмүүс олон болж ногоон хувь хүн болж хувирна. Цаашлаад үүлэн тооцоолол гэх мэтчилэн яриад байвал олон юм хэлж болох боловч энэ удаад үүгээр өндөрлөв.

Сэтгэгдлүүд


  • С. Бурмаа 2011-02-25 23:54

    Финляндын ЗГ нь цаасны үйлдвэрүүдийн хаягдал усанд автомат хэмжигч тавьж тогтоосон стандартыг мөрдүүлдэг байна. Тэгээд жил ирэх тусам стандартаа шинэчилж чангатгадаг байна. Цаасны үйлдвэр Балтийн тэнгис рүү юүлж байгаа усаа стандартад нийцүүлэхийн тулд ус цэвэрлэх шүүх технологио байнга сайжруулахад хүрдэг ба олсон ашгийн овоохон хэсэг нь үүн лүгээ урсдаг гэж Финляндын ЗГ-ийн усны асуудал хянагч өгүүлсэн бөлгөө. Бид тэднээс суралцаж 1-д цэвэрлэх төхөөрөмжөө сайжруулчаад, бохир усаа бараг хэвээр нь Туул лугаа цутгалгүйгээр дахин ашиглаад, ядаж л арьс шир, ноос ноолуураа угаахдаа хэрэглээд сурчуул цаас хэрэглэхгүй эд нар гэсэн глобал юм ярилгүйгээр ногоорч бас болох бөлгөө. 2-д Хөргөгчний технологид перон хэрэглэхээ бас больсон бөлгөө. 3-д Улаанбаатарын шороон талбайг зүлэг мод, цемент, өнгөт хавтангаар дүүргээд тоос шороогүй болчуул, хүмүүс нь хогоо ангилж хогийн саванд яг таг хийдэг болчуул олон хүнүүс зундаа машинаар мөлхөхөө болиод явган алхаж ажлаа хурдан бүтээх байхоо. ядаж л эрүүл мэндэд тустай. 4-д энэ их бүтээн байгуулалт хот тохижилтын ажлын хөлснөөс дарга даамлууд авилгадаж авахаа болиод компаний дарга нь машин, байшинд шунахаа больчоод ажилтандаа овоохон цалин хөлс өгчөөд, ажилтан нь авсан шиг аваад хийсэн шиг хийчүүл бид бас амархан ногоорох гээд л байна шүү хөө.

  • С. Бурмаа 2011-02-26 00:04

    5-д Япон, Германы хог боловсруулах үйлдвэрийн туршлагаас нь судлаад хог боловсруулах үйлдвэр байгуулчуул Улаанбаатар маань хур их хогноосоо салах бөлгөө. Манай дарга нар энэ үйлдвэрийн төслөөс нэг ч төгрөг бүү авбал салах байхоо. (уул нь Герман эр манай хотын хогийг боловсруулж хоггүй болгоод өөрөө жаахан бизнесийн ашиг олох гэсэнд манай шадар сайд тухайн үеийн хотын мэр М.Энхболд гуай авилга нэхсэн байсан шүү, бас нэг Япон эр ийм бизнес хийх гээд нэг гайтай залиланчтай таарч бүтэлгүйтсэн байсан. энэ тухай сониноор л нэг хэрүүл гараад байсан шүү.)

  • С. Бурмаа 2011-02-26 00:06

    Ер нь эхлээд авилгалаас салчуул, компаниуд өгөх байсан авилгалаа ажилчдынхаа цалин, нийгмийн халамжинд нэмэрлээд, ажилчид нь авсан шигээ зүтгэлтэй ажиллаад байгуул ч Монгол улс тороо ногоороод цэнгэлийн манлайд хүрнэ дөө уул нь.

  • B. Enerelt 2011-02-26 11:08

    Байгальд ээлтэй том том төсөл хэрэгжүүлж, хортой хаягдал гаргадаггүй том жижиг үйлдвэр байгуулаад байвал дорхноо л ногоороод ирнэ л дээ. Гэхдээ энэ бүхнийг хэрэгжүүлэхэд хувь хүнээс хамаарах хүчин зүйл маш бага. Хичнээн сайхан санаа төлөвлөгөө гаргаад, эсвэл бүр жагсаж тэмцлээ гээд тэр бүр төрөөс, засгийн газраас дэмжигдээд хэрэгжээд байдаггүй. Манайд одоохондоо ард түмнээ яаж тогтсон ажилтай, орлоготой болгох вэ гэдэг тулгамдсан асуудал болоод бусад нь хойш тавигдаад байгаа нь үнэн. Гэхдээ мэдээж энэ хэвээрээ байхгүй.
    Харин хувь хүмүүс бид энэ бүхнийг хүлээгээд, бусдын гар хараад суугаад байлгүйгээр юу хийж чадах вэ, юу хийж болох вэ гэдгийг л сануулах гэсэн сэдэв юм. Захын хүнээс асуугаад үз. Чи яаж байгалиа яаж хайрлаж байна гээд. Хогийн саванд хогоо хаядаг, голын усанд машинаа угаахгүй, мод хугалахгүй гэхээс өөр хариулт ихэнх нь өгч чаддаггүй. Өөр олон боломж байгааг бид харж чаддаггүй. Тийм болохоор энэ сэдэв "хувь хүн"-д бага ч болов мэдээлэл өгөхийг зорьсон юм.

  • О. Мягмарсүрэн 2011-02-28 18:56

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • B. Enerelt 2011-03-24 15:25

    Өнгөрсөн жил Amazon болон iTunes-ээр 7 сая 200 мянган э-ном зарагджээ. Хэрвээ энэ ном нь цаасан ном байсан бол үүнийг хийх гэж 1 сая 267 мянган модыг огтлох байжээ. Тэгэхээр энэ моднууд аврагдсан гэсэн үг. Хөөрхий энэ аврагдсан моднууд маань 5,000 машины ялгаруулах 30,412 тонн СО2-ыг жилд шингээж, 2 сая 534 мянга 400 хүнийг амьсгалуулах амьдруулах дайны хүчилтөрөгч ялгаруулна гэжээ. http://nogoohon.blogspot.com/2011/03/e-reader.html