Оруулсан : Г. Даваажаргал 2011-02-16 10:35:41

Компанийн засаглал гэж юу вэ?

АНУ-д ажил мэргэжлийн гараагаа эхлээд 10 гаруй жил болжээ. Компанийн засаглал сэдвээр мэргэжил нэгт нөxдүүддээ зориулан Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт дээр уншсан лeкцээ энд толилуулж байна. Монголын компаниудыг АНУ-ын компаниудын туршлагаас xуулбарла гэж би цэцэрхэхгүй, тэгэхдээ бидний чанагдсан тогоон дотор авах юм нэлээд бий гэдэгтэй та маргахгүй биз ээ. Компанийн сайн засаглал, удирдлагын чадвар, ёс зүйн эрүүл шударга тогтолцоог монголд зуршил болгоход бага боловч нэмэр болох болов уу гэж энэ сэдвийг сонгон ярилцсан билээ.
Компанийн засаглал гэж юу вэ?
Хувь нийлүүлэгчдийн эрх ашиг, тэдгээртэй адил тэгш харьцах зарчим, мэдээллийн ил тод байдал, компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн үүрэг хариуцлагын тогтолцоо болон компанийн удирдлагын зүй зохистой бүтэц суурийг бүрдүүлэх гэсэн гол зарчимд компанийн засаглал тулгуурладаг.
Эдийн засгийн тогтвортой хөгжил, бизнесийн орчны таатай нөхцлийг бүрдүүлэхэд хууль ёсыг дээдэлсэн хариуцлагын ил тод тогтолцоог бүрдүүлээд зогсохгүй хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх компанийн зохистой удирдлагын зарчмуудыг хэрэгжүүлж ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Хөрөнгө үнэт цаасны зах зээлийн хөгжил мөнгөний урсгалыг дэлхийн нэг орноос нөгөөд чөлөөтэй хөрвөх боломжийг илүүтэй бүрдүүлж байна. Эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг болсон энэхүү мөнгөний урсгалыг үндэсний зах зээлд татах, их хэмжээний хөрөнгө босгох боломж бүрдээд байгааг гадаадын нэлээд хэдэн улсын зах зээлд манай улсын хөрөнгөөр баталгаажин хийгдээд буй IPO харуулж байна.
Хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгийг зөв зохистой удирдан зарцуулж, арвижуулах "итгэмжлэгдсэн" бүлэг бол компанийн төлөөлөн удирдах зөвлөл юм. Төлөөлөн удирдах зөвлөл нийт хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт нийцүүлэн тодорхой нэг хэсэг бүлгийн ашиг сонирхолд үйлчлэхгүйгээр компанийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэгтэй. Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг ТУЗ-с томилогдсон гүйцэтгэх захирлууд болон бусад удирдлагууд хариуцна. Эдгээр удирдлагуудад хувийн ашиг сонирхлыг урьтал болгохгүйгээр ажиллах ёс зүйн дэг журамтай хараа хяналттай, урамшууллын зөв тогтолцоотой орчинг бүрдүүлж өгөх үүрэг эргээд ТУЗ-д ноогдоно.
Компанийн засаглал яагаад чухал вэ?
Компанийн засаглалын зөв тогтсон орчин эдийн засгийн нээлттэй, тогтвортой байдлыг улс оронд бий болгодог. Ийм орчинд xөрөнгө тодорхой xэмжээгээр чөлөөтэй урсаж, эдийн засгийн xөдөлгүүрт xөшүүрэг болж байдаг.
Ялангуяа гадаадын xөрөнгө оруулалтын урсгалыг монголын бизнесийн орчин руу татан оруулахад xууль ёсыг дээдлэх орчинд, компанийн удирдлагын олон улсад xүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зарчмуудыг xэрэгжүүлэн ажилладаг гэдгээ олон улсад таниулах xэрэгтэй.
Компанийн сайн засаглал ТУЗ-ийн хувьцаа эзэмшигчдийн өмнө хариуцлага хүлээх чадвартайг илтгэж, мэдээллийг ил тод байх нөхцөлийг бүрдүүлж байдаг. Компанийн шударга ил тод байдал, ганц улс орны төдийгүй дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд ихээхэн нөлөөтэй. Компанийн засаглалын тогтсон дэг журмыг дэлхийд үнэлж зэрэглээ тогтоодог байгууллагууд ч бий болсон төдийгүй сайн засаглалтай компанийн хувьцаанд нэмэгдэл үнэ төлөхөөс буцахгүй хөрөнгө оруулагчид дэлхийн эдийн засгийн удаа дараагийн хямралын дараа ихээр бий болж байна.
Компанийн засаглалыг хөгжүүлэхэд чухал хүчин зүйлс
Компанийн засаглалыг хөгжүүлэхэд дотоод болоод гадаад хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлнө.
• Хууль эрх зүйн болоод зохицуулах байгуулагуудын дүрэм журамтай танилцан хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах
• Боловсон хүчний зөв бодлого - компанийн засаглалыг сайжруулахад чанартай, мэдлэгтэй, боловсон хүчнээр багаа бүрдүүлэх
• Дотоод xэрэгцээгээ тодорхойлох - ТУЗ байгууллагынхаа бүтэц зохион байгуулалтыг шинжлэн дүгнэж, захирлуудын чадавхийг тодорхойлж, сайн засаглалын суурь бүтцийг бүрдүүлэх
• Хувь эзэмшигчдийн эрх ашиг - Хувьцаа эзэмшигчдээс гадна тухайн салбарын өрсөлдөгчид, улс орны болон ажилчид, нийгмийн сонирхол гээд компанийн өсөлтөөс тодорхой хэмжээгээр хувь хүртэгсдийн ашиг сонирхлыг харгалзах
• Сайн төлөвлөлт - Удирдлагын алсын хараатай, зөв зохицуулалттай бодлого чухал. Төлөвлөлтийг тухайн цаг үе нөхцөл байдалд тохирсон богино хугацааны төлөвлөгөө байнга дагалдах
• Нарийн мэдрэмж, зааг - ТУЗ удирдлага 2-ын хооронд тодорхой зааг байх нь зүйтэй, тэгэхдээ ТУЗ компанийн удирдлагынхаа арга барил, тогтсон дэг журам түүнчлэн удирдлагын цалин хөлс урамшууллын асуудлаар мэдрэмж сайтай байх
• Сайн засаглал - Компанийн удирдлага компани дотроо удирдлагын ямар арга барил, соёл ёс заншлыг дэлгэрүүлэх вэ гэдэгт шийдвэрлэх гол үүрэгтэй, компанийн үнэт зүйлсийг сахин дээдлэхийг уриалан, өөрсдөө үлгэр жишээ болоод зогсохгүй хэрэгжилтийг хянах
• Нягтлан бодох бүртгэл болон мэдээллийн чадварлаг системийг бүрдүүлэх - чанартай санхүүгийн мэдээ тайланг цаг алдалгүй гаргаж чадах санхүү нягтлан бодох бүртгэлийн чадварлаг багийг бүрдүүлэх,
• Хүчирхэг хяналт шалгалт -Ил тод, зохицуулалт хяналт сайтай хяналт шалгалтын дотоод болон гадаад аудитын баг компанийн засаглалын амжилтанд маш их үүрэгтэй. Тайлан тэнцлийн чанар, хавсралт материал нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу байгаа эсэх нь аудиторуудын мэдлэг, мэдлэгээ цаг үедээ тохируулан шинэчлэн баяжуулж байдаг эсэхтэй шууд холбоотой
Компанийн cайн засаглалын үр дүн:
Бизнесийн үйл ажиллагааг удирдахад хэрэглэгддэг тогтсон бүтэц, процесс, ёс зүйн төлөв хэв хэмжээг чанаржуулж компанийн өмнө тавигдсан зорилго болон санхүүгийн чадавхийг сайжруулдаг.
Компанийн засаглал эрх мэдлийн зөв хуваарилалтанд тулгуурласан хариуцлага хүлээх чадвартай, ил тод байдлыг дэмжсэн тогтолцоог бий болгодог. Энэхүү бүтэц зохион байгуулалтаас үүдэн гүйцэтгэх засаглал ТУЗ-ынхөө өмнө, компанийн санхүүгийн тайлан бусад хэрэглэгчдийн өмнө хариуцлага хүлээх чадвартай болно. Хөрөнгийн бирж санхүүгийн зах зээлээс орж ирэх капиталыг нэмэгдүүлж, дотоодын хяналтыг сайжруулан капиталын өгөөжийг нэмэгдүүлнэ. Сайн засаглалыг хэрэгжүүлснээр ирээдүйд үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх боломжийг бүрдүүлж үндэсний болон гадаад хөрөнгө оруулагчдыг татан, зээлийн зардлыг бууруулна.
Энэхүү засаглалын үр дүнд удирдлагын цалин хөлс урамшууллийн хэмжээ өрсөлдөхүйц, "мэдрэмжтэй", тохирсон түвшинд хүрч тэд компанийн эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос дээгүүрт тавих нөхцөл бүрдэнэ. Хөрөнгө оруулагчдын хувьд оруулсан хөрөнгийнхээ байршилд сэтгэл хангалуун байх мэдээллийн нээлттэй, ил тод орчин бий болно.
Компанийн сайн засаглалын үр дүнг хэн хүртэх вэ?
Зөв чадварлаг удирдлагатай компани хөрөнгө оруулагчдыг хүндэтгэдэг, ажилчид үйлчлүүлэгчдийнхээ ач тусыг үнэлдэг, нийгэмд эзлэх байр суурь хүлээх хариуцлагаа ухамсарлаж чаддаг.
Сайн засаглал удирдлагатай компаниуд ерөнхийдөө сайн ажиллагаатай, үр дүнтэй байдаг. Хөрөнгийн олон эх үүсвэрийг татах чадвартай, ихэвчлэн алсыг харсан удирдлагын зохистой бодлоготой, зөв төлөвшсөн ёс суртахууны орчин бүрдсэн байдаг.
 Компани
Компанийн хариуцлагаа ухамсарласан тогтолцоо бүрдсэн орчин ажилчид, хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчид, үйлчлүүлэгчид болон засаг захиргааны байгууллагуудын хооронд шударга байдал, итгэлцэл дээр үндэслэсэн удаан хугацааны сайн харилцаа үүсдэг.
 Хувь нийлүүлэгчид
Хөрөнгөө бусад компанид байршуулах шийдвэр гаргахдаа хөрөнгө оруулагчид гол төлөв сайн удирдлагатай, ил тод шударга тогтолцоонд түшиглэсэн, хүндээ хөрөнгө оруулалт хийж чаддаг зөв төлөвшсөн, нийгмийн хариуцлагаа ухамсарласан компаниудад илүү үнэ төлж мөнгөө байршуулдаг. Хөрөнгө оруулагчид шуналдаа хөтлөгдсөн, хариуцлагаа ухамсарладаггүй, үр дүн хариуцлагын тогтолцоогүй удирдлагад мөнгөө атгуулахаас зайлсхийдэг.
 Хувь хүртэгч сонирхлын бүлэг, нийгэм
Сайн засаглал ажилчид, харилцагчид, бэлтгэн нийлүүлэгчид болоод нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарласан тогтолцоог хөхүүлэн дэмжиж байдаг. Эдгээр сонирхлын бүлэг компанийн засаглалын ёс зүйг шүтэн дээдэлсэн шударга орчин, итгэлцэлд түшиглэсэн найдвартай харилцааны үр өгөөжийг тал бүрээр хүртдэг. Ажлын тогтвортой байрыг бий болгож нийгмийн үүрэх ачаанаас эдгээр компаниуд хөнгөлж өгдөг.
Гадаад зах зээлээс хуримтлуулсан санхүүгийн эх үүсвэрээ дур мэдэн үргүй зардалд зарцуулах, зүй бус хэлбэрээр танил тал, хээл хахуульд нөөцийг хуваарилах зэрэг нь капиталын өгөөжийг бууруулж гаж эдийн засгийг хөхүүлэх талтай байдаг. Үүнээс сэргийлэх нэг гарц бол компанийн удирдлагыг сайжруулж, ил тод, зарчимч байдлын ашиг тус ач холбогдлыг нийгмийн бодлого боловсруулах, зохицуулах, хэрэгжүүлэх бүхий л хүрээнд таниулан үзэл бодлын шинэчлэл хийх явдал юм. Харьцангуй жижиг эдийн засагтай, төвлөрсөн удирдлагатай монгол орны хувьд төрийн сайн тогтолцоо, компанийн зохистой удирдлага түүнчлэн төр бизнесийг холбосон хуулиа дээдлэх харьцаа юунаас чухал. Монгол улс бизнесийн хувийн хэвшлийг эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болгон ашиглах гэж буй нөхцөлд өрсөлдөх чадвартай, ашигтай, ёс зүйг удирдлага болгосон бизнeсийг тэтгэсэн орчныг бүрдүүлэх хэрэгтэй.
http://davaajargalpost.blogspot.com

Сэтгэгдлүүд


  • Г. Тэгшжаргал 2011-02-16 11:36

    unetei medeelel bn. Gehdee uuniig unshih yostoi humuus n shiidwer gargah tuwshnii humuus baih yostoi yum shig ee. yagaad geheer jishee n jijig dund uildwerlel dotoodod uil ajillagaa yawuuldag companiig demjij tusul zeel orj irehed ter muyngu hureh yostoi humuustee yurduu hurdeggui. nuguu talaar manai mongolchuud dotooddoo buteegdehuun uildwerlehdee urgelj aldaa gargadag, bas urgelj negniigee huurdag. ene bol bj bolomgui aldaa. sain tuluwlultiig hiihdee zuwhun hereglechded hurgeh tal ruu hiideg n haramsaltai. jishee n neg zairmagnii baganahn uildwer deer awch uzehed neg shine buteegdehuun gargahdaa saw baglaa boodol reklam une geed buh zuil deer anhaarsan bdag, sariin daraa gehed unuu zairmagnii amt uridiinhaasaa uur, harin une n 100 tugruguur nemegdsen baih jisheetei. Mongoliin uildwerlel erhlegchdiin, ter ch buu hel guanz ajilluulj baigaa humuus bugd ene tom aldaag bainga dawtdag n humuus dotoodiinhoo buteegdehuuniig heregleh dur sonirholiig ugui hiij bn. Deerees companii uil ajillagaag demjih sain orching burduuleh nuhtsul bhgui bn. gadnii zah zeel, ter dundaa hytadiin zah zeeliig demjdeg tendees irj baigaa hunsnii bolon busad buteegdehuuniig hynalt shalgalt shinjilgee tun baga bdag. jishee n bi shinlej uhaanii ololt amjiltuud gedeg newtruulgiig 7 honog bur unshij duu oruuldag. ene newtruulgeer jims jimsgene hunsnii nogoog hereglegchdiin gar deer yaj urgasan bdalaar hurgeh we gedeg deer delhii niiteer anhaarch bhad manaid urd hurshuush orj irj baigaa hunsnii buteegdehuun zugeer l neg achaanii wagon ali eswel conteinereer orj irdeg, Jims jimsgene hunsnii nogoo n zoriulaltiin teewerlettei bdag buguud uuniigee dagaad zardal n ch undur getel mongold hezee ch iim teewerleltiig hiij baigaagui n haramsaltai. ene meteer companii zasaglaliig buruu bii bolgoj baina, uund irgediin ch tuhai companii ch turiin ch buruu baigaa. tal buriin huchin zuil nuluulj baigaa. gewch uuniig zasah tsag hugatsaa bidend bii

  • D. Otgonbat 2011-02-17 17:31

    Баярлалаа. Сайхан зүйл байна. Монголын нөхцөлд Нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл зохилтой вэ? (tunneling) , Нэг гишүүнтэй компани дээр компанийн зөв засаглалыг хэрэгжүүлэх шаардлагатай юу?

    Бас ажиглаад байхад манай бизнесменүүд компанийнхаа хувьцааг аль болох их хэмжээгээр эзэшихийг хүсдэг. Энэ хандлага зөв үү? Хэрвээ буруу бол яагаад? үүнээс хэрхэн гарах вэ?

  • B. Enerelt 2011-02-17 19:19

    IPO гэж монголоор юу гэсэн үг юм?

  • Э. Мөнхзул 2011-02-20 13:00

    IPO гэж компани шинээр хувьцаагаа олон нийтэд санал болгох үйл ажиллагаа. товчоор компани шинээр хувьцаа гаргах.

  • Б. Норовсүрэн 2011-02-20 19:27

    Компаний засгалалын талаар бас энд http://vganzorig.blogspot.com/search/label/Research%20work ингэж бичсэн байна.

  • Г. Даваажаргал 2011-02-21 12:01

    Отгонбат-аа маш сонирхолтой сайхан асуулт асуужээ, гэхдээ чиний асуултанд хариулах гэж тус тусад нь нийтлэл бичих хэрэг гарах нь ээ. Дараа блог бичнэ гэж амлая.

    Компанийн засаглалын сайн төлөвшсөн орчинд захирлууд duty of care, duty of loyalty буюу in general term "mandatum"-аа умартахгүй байх нөхцөл бүрдэнэ. Тийм нөхцөлд бас “tunnelling” эсвэл “аgency problem" г.м-ээс сэргийлэх бас тодорхой хяналтын орчин бүрдэх болно. Тэгэхдээ, бүх зүйлд absolute ганц хариу хэзээ ч тохирохгүй л дээ. (Нэг гишүүнтэй буюу, private компани-д бол компанийн засаглалыг хэрэгжүүлнэ гэдэг илүү ажил, миний бодлоор шүү.)
    Компанийхаа хувьцааг давуу эрхээр эзэмшнэ гэдэг controlling right-аа алдахгүй байхтай холбоотой. Монголд яг сонгодог утгаараа хэрэгжиж эхлээгүй хэдий ч удирдлагын хувьд хяналтын багцаа гартаа байлгах нь маш олон зүйл дээр дауу эрх авчирдаг...

  • О. Uuganhuu 2011-02-22 17:45

    よく分からん。

  • Б. Gg 2011-02-28 20:50

    Компаны засаглал гэж УИХ-н гишүүдийн талаас илүү нь Бизнесменүүд болоод байгааг л хэлэх байх...

  • E. Taivansaikhan 2011-03-04 21:08

    Сайн байна уу. Таны бичсэн сэдэв их таалагдлаа. би "Corporate Governance Index"-ийн талаар баклаврын дипломын ажил бичиж байгаа юмаа. Тэгээд таниас АНУ-д corporate finance-н чиглэлээр ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа туршлагатай хүний хувьд Corporate Governance Index-ийн талаар мэдэж байгаа зүйлсээ хуваалцаач гэж хүсэх гэсэн юмаа.

  • Г. Даваажаргал 2011-03-05 10:35

    Тайвансайхан-д,
    Чи энэ xаягаар ороод уншаарай, олон xэлээр байгаа.
    Монголчууд индекс гэж xэрэглэсэн xэдий ч Corporate Governance Principles гээд байгаа:

    http://www.oecd.org/document/49/0,3343,en_2649_34813_31530865_1_1_1_1,00.html

    Амжилт!

  • E. Taivansaikhan 2011-03-11 20:41

    баярлалаа. Corporate Governance Principles-г болхоор монголд Компанийн засаглалын кодекс гэж нэрлээд байгаам шиг байгаан миний ойлгосноор кккк. би болхоор eрөнхийдөө компанийн засаглалын төвшинд үнэлгээ өгөх индексийн талаар л судлаад байгаам л даа.

  • S. Түвшинзул 2011-03-18 09:34

    сайн байна уу? та монголын компаниудад маш хэрэгтэй зүйлийг хөндсөн байна. банк санхүүгийн байгуулага дахь компанийн засаглалыг хөгжүүлэх талаар гадны орнуудын мэдээлэл, туршлагын талаар мэдэх зүйлээ хуваалцаач.

  • Б. Солонго 2011-04-13 16:31

    Сайн байна уу та,

    Миний бие Гэр бүлийн компанийн засаглал сэдвээр эрх зүйн баклаврын дипломоо бичиж байгаа юм. Монгол улсын хувьд энэхүү сэдэвтэй холбоотойгоор ямар өнцгөөс нь бичвэл илүү байх бол?

    Баярлалаа

  • Б. Баяраа 2011-04-13 19:02

    Гэр бүлийн компанийн засаглал гэдгээ тодруулж болж байна уу? компанийн засаглалд гэр бүлийн нөлөө ямар байх тухай асуудал уу? засаглал гэдэг үгэн доор гэр бүл компани 2 нэгдмэл утгыг илэрхийлж орохгүй байх тийм үү?

  • П. Чалва 2011-04-13 19:47

    Дарга байгаад цэрэг байвал тэнд засаглал байна. Дарга нь аав нь цэрэг нь ээж, эсвэл дарга нь аав, нягтлан нь ээж, баахан цэрэгтэй бол хэцүү хэцүү. Ядаж л захирал аав нь аятайхан нарийн бичигтэй болж болохгүй. Ингээд л гэр бүлийн бизнесийн 90% нь 3 дахь үе дээрээ унадаг гэжуугаамшд. НуА-ын ач холбогдол эндээ ч юм уу. хаха. Зар арзганах яахав.

    Нэг пиво импортлогч компанийн охин компани болох нэг мебелийн дэлгүүр гэж нэг ялзарсан газар байна. Ашигтай ажилласан сар байдаггүй бололтойм билээ. Е/Захирлынх ээж нь нягтлангийг нь хийгээд нэг Г/Захирал гээд нөхөр зүгээр сууж байдаг газар. Юм хийе гэхээр хийлгэдэг ч үгүй. Тэгээд Орос хувь нийлүүлэгчид нь ирж баахан ГЗ-г нь бангадаад л явдаг. Хэдэн ч ГЗ солигдсон билээ дээ. Энд КЗ, тэр дундаа гэр бүлийн бизнесийн засаглал чухал болох нь харагдаад байх шиг санагддаг юм. Би л лав тэд нартай учраа олохгүй юм билээ.

  • Г. Даваажаргал 2011-04-14 10:41

    Солонгоо, Би гэр бүлийн компанийн засаглал гэсэн ойлголтыг бол сайн мэдэхгүй юм байна. Компанийн засаглал яагаад чухал болдог вэ гэхээр, тухайн компанийин үйл ажиллагааг xянах, мэдрэх xөндлөнгийн ашиг сонирхол үүсэхэд л энэ асуудал яригддаг. Мөнгөө зээлүүлэх банк, xувьцаа эзэмших xувь xүмүүс г.м.
    Тэрнээс бусдаар бол чи өөрийнхөө мөнгөөр ямар компани байгуулаад яаж наргих нь бусдад xамаатай асуудал биш л баймаар?

  • П. Чалва 2011-04-14 12:33

    Ер нь нийтлэг нь өмчийн эзэн удирдлагаас гарч байгаа нөхцөлд.

    Солонгоод: АяЭфСи, эсвэл КЗХТ-ээр нэг ороодохоорой. Яг энэ сэдвээр нэг ном гаргасан.

  • Б. Солонго 2011-04-18 17:10

    Баярлалаа, энэ номыг олж уншсаан. Гэр бүлийн компани гэдэг ойлголт нь ерөнхийдөө тухайн компанийн саналын эрхийн дийлэнх нь нэг болон түүнээс гэхдээ нэг гэр бүлийн гишүүдэд байдаг, тэгээд дараагийн үр удамдаа өөрийн компаниа эзний хувиар өв залгамжлуулах хүсэлтэй байдаг компанийг л ойлгоод байгаа юм. Жишээлбэл монголд Эм Си Эс, Нью Ком зэрэг гэр бүлийн хяналтанд байдаг, тэгсэн хирнээ маш олон охин компаниудыг үүсгэх замаар аж ахуйн бүх салбарт хүрээллээ бий болгосон улсын ДНБ болон татварын төлөлтийн байдлаараа өндөр болсон ийм томоохон гэр бүлийн компаниуд олон л байна. Үйл ажиллагаа нь өргөжих тусам түүнд зохистой засаглалыг бий болгох асуудал маш чухал болж байна. Та бүхэн 1997 оны БНСУ-ын эдийн засгийн хямралын тухай олж уншвал, энэхүү гэр бүлийн компаниудыг засаглалынх нь хувьд үр дүнтэйгээр зохион байгуулалтанд оруулах асуудал чухал юм гэдгийг тодорхой хэмжээгээр ойлгох байх гэж найдаж байна.

  • Б. Солонго 2011-04-24 17:03

    Манайхаан, ,,,, Freeze Out of Minority Shareholders гэх ойлголтыг мэдэх хүн байна уу?




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold