Далай ламын чойжин /Түвдэн Готов/
“Би өөрийгөө сонсох адил Чойжингийнхоо хэлэхийг анхааралтай сонсдог” Далай лам
Хоргой дурдан өмсгөлтэй Чойжин тайзан дээр гарч ирээд бурханлаг хөдөлгөөнөөр толгойн хүнд гэгчийн гоёлынхоо унжлага зүүсгэлийг хийсгэн бүжиглэнэ. Түүний царай нь минчийн хавдаж аймшигтайгаар ярвайж амьсгаа нь давчдан, биеийн үе мөч нь мултран унах гэж байгаа юм шиг бүжих нь үнэхээр сүрдмээр. Түүний сэлэм агаарт эргэлдэн хангинах нь үл үзэгдэгч дайснуудыг цавчин унагаж, алхаа бүртээ тоолж баршгүй олон чөтгөр шулмыг гутлынхаа улаар гишгэн тонилгож байгаа ч юм шиг...
Түвдэн Готов нь 1987 оны 3-р сарын 31-ний өдрөөс хойш 17 дахь Найчун буюу сахиус бурхан - Дорж Дагдэнгийн Гүртэн болсон билээ. Дорж Дагдэн сахиус түүний биеэр дамжуулан Далай лам болон Түвдийн ард түмний тусын тулд зарлигаа айлддаг юм.
8-р зуунд Тисрон Дэзэн хаан, түүнийг залгамжлагч хүү Мунэ Цэнпогийн үед Түвдийн цэргийн хүчин түрэмгийлэн эзлэх аян дайн хийх үедээ Түвдийн хойд нутгаас Байгаль нуур хүртэл суурьшиж байсан Монгол аймаг болох Уйгарын хаант улс руу довтолжээ. Энэ улсад Их хүчит Пекар хэмээх хамгаалагч бурхны шүтээн хадгалагдах аж. Уг шүтээнд Пекар бурхны арьсан баг, оюу ногоон өнгийн Дарь эхийн шүтээн, танан эрдэнээр урласан Жанрайсаг бурхны шүтээн зэрэг зүйл байдаг. Их багш Бадамсамбавагийн удирдлагаар Пекарын шүтээн, эд зүйлсийг Түвд рүү авчруулав...
“Эзэн сахиус” Дорж Дагдэн нь Пекараас арай доогуур дэстэй бөгөөд энэхүү Найчун хийдэд залагдсан Дорж Дагдэн бурхан Пекарын нэг ёсны “төлөөлөгч” сахиус нь ажээ. Тэрээр Пекарын “эзэн сахиус”, түүний сүнстэй нэгдмэл учир тэр хоёр ялгагдах шинж чанар үгүй юм.
Хоёрдугаар Далай лам болох Гэндүнжамц /1475-1542/ билгийн мэлмийдээ Пекарын хувилгаан дүрийг олонтаа үзсэн гэдэг. Далай лам сахиус бурхдын хооронд нягт барилдлага тогтож, бурхад түүний хамгаалагч сахиус болохоо амласнаас хойш Далай ламын үе залгамжлагч нар болон Дорж Дагдэн бурхны хоорондох барилдлага огт тасралгүй өнөөг хүртэл үргэлжилсээр иржээ.
Түвдийн уламжлалд дэлхий ертөнц нь зөвхөн ил харагдах хэм хэмжээгээр хязгаарлагдахгүй. Орчлонд олон сав шим ертөнц байдаг тул манай дэлхий дээр амьдарч буй төрөлтөн тоо томшгүй юм. Тэдгээр төрөлтөнгүүдийн зарим нь махбодийн шинжтэй, зарим нь аливаа газар нутагт хамааралтай байдаг. Эдгээр газар усны бурхад нь өөрсдийн оршин байх тодорхой газартай, тэдгээртэй нарийн шүтэлцээтэй байдаг. Тэдгээр нь булаг шанд, уулын орой, агуй, хад чулуу, ой мод, ойн цоорхой, мод гэх мэт өөр олон зүйл байдаг.
Сахиус бурхан түүхэнд анх удаа 1544 онд чойжин буужээ. Тэр үед гуравдугаар Далай лам /1543-1588/ дөнгөж төрөөд байж. Анхны гүртэн нь Лувсан Балдан юм. Нэг удаа өмнөх Далай ламын нарийн бичгийн дарга Сунграва лам түүн дээр ирж багшийн хойд дүрийг хэрхэн тодруулах талаар асууж. Сахиус буух үедээ Гэндүнжамц зуугаад төрлийг олжээ, хамгийн чухал төрөл нь Лхасын ойролцоо Толун хэмээх газар төрсөн байна, түүнийг олох хэрэгтэй гэж хэлсэн байна. Энэ мэдээллийн дагуу Сономжамцыг хайн олжээ. Энэ явдлаас хойш Гүртэн нь Далай ламын хойд дүрийг тодруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг болсон гэдэг.
Гүртэнгийн чойжин буух үедээ өмсдөг өмсгөл нь билэгдлийн нарийн утга учиртай. Гутлыг монгол гутлын загвараар бүтээсэн нь Пекар бурхны гарал үүслийг сануулж буй мэт. Гутал нь солонго шиг олон янзын өнгөтэй, ул хэсэг нь цагаан байдаг. Дээлийг олон өнгийн торгоор хийсэн нь Дорж Дагдэн бурхан хэнийг ч ялгалгүй ивээл хамгаалалдаа авч, асран нийгүүлсэх сэтгэлийн үрээр өөрийн биеийг огоорох сэтгэлийг билэгдсэн ажээ. Толгойн өмсгөл нь маш хүнд, малгай нь дангаараа 15 килограмм байдаг тул жирийн байдалд байгаа хүнд гүртэний толгойн өмсгөлийг өмсүүлэх нь ямар нэгэн бэртэл үүсгэх аюултай. Эрт үед үүнээс ч хүнд байсан гэдэг. Сахиус буугаагүй үедээ үүнийг өмсөж үсэрч харайх байтугай бүжиглэнэ гэдэг нь боломжгүй зүйл агаад сахиус буусан хүн ер бусын хүчтэй болдог.
Чойжин оршсон үед би Далай ламд хүндэтгэл үзүүлж өргөл барьдаг. Би өөрөө бол сахиус буух үеийн үйл явцыг хүний ярианаас сонсох эсвэл дүрс бичлэгээс хардаг. Гүртэн Далай ламд өргөл барьдаг нь Дорж Дагдэн бурхан түүнд хүчин зүтгэдгийг харуулж байгаа юм. Бадамсамбава түүнийг Далай ламын мөргөж, тахил өргөдөг бурхад болон дээрхийн гэгээнтнээс доор төвшинд байлгахаар эрхшээлдээ оруулжээ. Урьд нь ад чөтгөр байсан гэдгийг нь Дорж Дагдэнд үргэлж сануулж байх хэрэгтэй байдаг.
Түвдэд цагаан хадгийг хэрэглэдэг байхад Монголд тэнгэр шиг цэнхэр өнгөтэй хадаг хэрэглэдэг уламжлалтай бөгөөд энэ нь Пекар бурхны улбаа Монголд өнөө хэр хадгалагдаж байгаагийн нэг жишээ юм. 2008 оны зун би дахин Монголд айлчилж, Пекар бурхны “оршиж” байсан газар очиж хүндэтгэл бишрэлээ илэрхийлсэн зан үйлийг үйлдэхийг хүсэв. Бид Улаанбаатар хотоос онгоцоор 2 цаг нисч Завхан аймагт очив. Тэндээс цааш машинаар бартаа гүвээ ихтэй замаар явсаар арван цагийн дараа очих газраа хүрэв. Бид нэгэн уулын оройд хүрээд машинаа тэнд орхиж цааш явган алхацгаав. Тэндэхийн байгаль үнэхээр гайхалтай сайхан юм. Тээр дор уулын бэлд нэгэн жижиг нуур нарны туяанд гялтганан үзэгдэнэ. Нуурын цаана сүрлэг сайхан уул сүндэрлэн харагдах нь Монголчуудын сахин шүтдэг Очирваань бурхны сахиус оршдог уул юм.
Найзаасаа энэ номны талаар сонсоод үнэгүй хүргэдэг гэхээр нь УБ1617 лавлахаас захиалж авчруулан уншиж үзэв. Тун дажгүй санагдсан болохоор нь энд хэсгээс нь оруулж тавьлаа.








Б. Алтантуяа 2011-09-13 20:05
энэ номыг жоохон нь л уншсан. Найчин Чойжингоос адис авч, мөргөж байсан юм. Их л сайхан хүн шиг санагдсааан. Үндэсний Телевизийн Ариуслын Гүмүда нэвтрүүлгээр яг Чойжин бууж байгаа байдлыг нь харж, номноос нь уншиж байсан юм байнаа.
Д. Сэргэлэн 2011-09-15 10:21
Энэ номноос Чойжин буулгах үйл явцын талаар их зүйл мэдэж болохоор юм билээ. Энэ нь бөөгийн онгод тэнгэр оруулах зан үйлтэй адилхан юм уу даа. Анх Чойжин буулгасан цаг үе нь Монголд шарын шашин дэлгэрч байх үетэй давхцаж байгаан. Миний бодлоор 16-р зуунд Монголын хаад Түвдтэй өргөн харилцаатай байж тал нутагт шарын шашин эрчимтэй дэлгэрч байсан тэр үед уул усаа шүтэх бөөгийн ёсноос шарын шашинд нэвтэрсэн нэг зан үйл болов уу.
Ж. Алтанцэцэг 2011-11-19 22:50
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.