2012-01-12 10:25:21

С.Дулам. Хүмүүний сүйрэл - II (Пост-постмодерн бодрол)

Юуны өмнө энэхүү бодролыг “Өдрийн сонин”-д (2011. 12. 24, Бямба, № 309) хэвлэгдсэн цагаас нь хойш болон шавь нар маань блогтоо тавьж, түүнээс улбаалан онлайнаар түгсэн цагаас хойш санаанд оромгүй сонин сайхан санал бодол бичигдсэнийг үндэслэн үргэлжлүүлэн бичих ёстой юм байна гэж үзлээ. Санал бодлоо илгээсэн хүн бүрт гүнээ талархаж байна. Чингэхдээ эхлээд энэхүү бодролыг бичсэн учир шалтгаанаа дурдан гаргах нь зүйтэй гэж үзлээ. Сүүлийн хорин жилд дэлхий дахинд болон манай оронд болсон үйл явдал, өөрчлөлтөд хувь бодгалийн хувьд нэг их сочиж хэлмэсэн зүйлгүй гэдгээ цохон тэмдэглэе. Мэдээж хэрэг миний амьдралын дөч орчим жил нь хуучин соц нийгмийн дунд өнгөрсөн боловч энэ өөрчлөлтийг оюун санаагаараа хүлээн авах бүрэн бэлтгэлтэй байсан маань 1985-аас 1987 оныг дуустал Парисын хэл, иргэншлийн дээд сургуульд гурван жил багшилж, өрнөдийн соёл иргэншил, түүний үнэт зүйлстэй болон техник, технологийн ололттой аль хэдийнээ танилцаж, франц хэлийг шамдан сурч, бүх мэдээллийг олж авах боломжтой байсантай маань холбоотой билээ. Парисын хаяа хот Нантеррт байдаг угсаатан судлал, социологийн лабо-д нэрт эрдэмтэн, профессор Роберт Амайоны багтай хамтран Монгол-Франц толь зохиоход нь тусалж, Монголд огт сураггүй байсан, хазсан алимын ялгац тэмдэгтэй, тэнд нь үндэслэгч Стив Жобсын хажуугийн галбир (profile) харагддаг “Apple” компанийн “Макинтош” компьютер дээр ажилладаг байсансан. Монголд ирсэн хойноо ч энэ компанийн анхны загварын зөөврийн нөүтбүүкээр ажиллаж, одоо дөрөвдэх компьютерээ элээгээд сууж байна. Хамгийн гол нь монгол утга соёлоо судлан сурвалжлах, тайлан тайлбарлахыг нэгэн насны маань дуудлагат үйл хэрэг хэмээн мэдэрч, өрнөдийнхөн “нийгэм, соёлын хүн судлал” (Social and Cultural Anthropology) хэмээн нэрлэдэг энэ салбарт олон жил ажиллалаа. Тэгээд энэ мэргэжлийнхээ буянаар өрнө, дорнын олон оронд уригдаж, олон улсын хурал, симпозиумд тогтмол оролцдог, урт богино хугацаагаар лекц уншдаг маань газар газрын их, дээд сургуулийн багш, профессорууд, эрдэм шинжилгээний шилдэг ажилтан, тухайн мэргэжилдээ шинжээчийн зэргэмжид хүрсэн (expert) хүмүүстэй уулзуулж, танилцуулж, үргэлжид шинэ сэргэг бодол, сэтгэлгээ, мэдээлэл авах аз завшааныг бүрдүүлсэн юм. Одоо ч гэсэн Францын Франсуа Раблегийн нэрэмжит Турын их сургуульд, тэр дундаа Юнескогийн түүх, соёлын төлөөлөгчийн газрын анхны зочин профессороор уригдан лекц уншиж байна. Энэ маань бас хувийн аж амьдралд ч их нэмэр нөөлөгтэй, дунджаас дээш амьдралтай явахад маань нөлөөлсөн гэж боддог (ямар хөрөнгө орлогын мэдүүлгээ бичилтэй нь биш). Тэгэхлээр би цагийн цавиргаан, төрийн төвөргөөнд, аж амьдрал, оюун санаагаараа хохирч уруудангаа, гутранги үзэлтэй болчихоод энэ бүхнийг бичсэн юм биш. Тэгээд дээр нь орчин цагийн дэлхийн түгээмэл гурван хэл англи, орос, францаар бүх мэдээллээ олж аваад, дэлхийн газар бүрийн анд нөхөдтэйгөө харилцдаг нэгэн. Ингэхлээр энэ эрин цагийнхаа нүргээнд барьц алдаад, түүртээд байсан юм алга. Гэвч миний хувийн аж амьдрал хэчнээн сайн сайхан байх нь яахав, гэрээс гаруут нүдний өмнө тохиолдож байгаа бодтой байдал, энэ нь тэгээд дэлхий дэхиний (global) шинжтэй байгаа нь эмзэглэл төрүүлж, хувийн харилцаатай дотоод, гадаад оюунлаг анд нөхдийнхөө санал бодлыг байнга сонсч, харилцан ярилцдаг маань энэ асуудлыг эргэцүүлэн бясалгахад хүргэж, сүүлдээ үзэг цаас нийлүүлэхээс аргагүй болсон билээ. Хэрэггүй юм хийсэн бол үүнээс хэрэггүй юм хийдэг хүн алийг тэр гэхэв. Хэрэгтэй юм байсан бол дэмий алмайрч суугаад алдчихна гэх үү дээ (За, ямар СV-гээ бичилтэй нь биш). “Харанхуй байна” гэж орилохын оронд нэг ч гэсэн гэгээ гаргах гэсэн л хэрэг.
Энэхүү бодролоо “пост-постмодерн” хэмээн нэрлэсний учир нь 1970-аад оны үеэс эрч хүчээ авсан постмодернизмын өгөөжийг бид хүртдэгээ хүртээд, зарим үндэслэлүүд нь цаашид саад тотгор учруулж мэдэхээр төлөвтэй болсон тул түүний дараагийн сэтгэлгээ хэрэгтэй боллоо гэсэн санаагаар ийнхүү нэрлэсэн билээ. Хамгийн наад зах нь постмодернизмын нэгэн гол төлөөлөгч Жан-Франсуа Лиотарын “Постмодерн нөхцөл байдал: Мэдлэгийн тухай тайлан” хэмээх тулгуур бүтээлд “мэдлэг заавал үнэн байх албагүй” гэснээс ямар нэгэн хэмжээгээр үүдэлтэй, ерөөсөө ч постмодерн нийгэмд хуурмаг мэдлэг, мэдээллийн орчин нөмөрч, хүмүүний аж төрөл, хувь заяаг сүйтгэх төлөвтэй болсонд эмзэглэж, үнэн мэдлэг, мэдээллийн төлөө эрмэлзэх чин санаагаа эрэлхийлж байгаа маань энэ нэгэн жишээ болох юм. Хүмүүн төрөлхтөн хэдүй хэр төөрөгдөн буйг хэлж заадаг хүн нь би биш боловч ямар ч байсан төөрөлдөөд байгааг нь харин бага сага гадарлахын эрхэнд, юунд төөрөлдөөд байгаа юм гэсэн асуултанд “мөнгөний шашинд” гэж эхлээд товчхоноор хариулъя. Тэгвэл яг эсрэгээр үнэн мэдлэг (энэ нь заавал шинжлэх ухааных ч байх албагүй), мэдээлэл нь урьд өмнө бидний мэдэх бүх баялгаас (алт эрдэнэс, орд харш, үйлдвэр уурхай, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, мөнгө төгрөг, үнэт цаас өөр юу байдаг юм) эрхэм баялаг, хүмүүний орших, эсэхийг шийдэх үнэ цэнтэй баялаг, амь амьдралын маань авралын од гэдгийг хэлье.
Энэ байдлаас гарах гарц, эцсийн шийдэл нь юу вэ гэсэн асуултыг хүмүүс тавьсан байна. Үүнд маш олон талтай хариулт байж болох бөгөөд өөрийн санаж сэрсэн зүйлээс заримыг нь хуваалцъя. Эхлээд хүмүүн төрөлхтөнд нийтэд нь хамаатай асуудлаас эхэлбэл, бид эхлээд бүх үнэнийг биш юмаа гэхэд зарим хагас үнэнийг нь ч атугай санаж сэрэх, түүнээсээ улбаалаад залуу хойч үедээ ойлгуулах, улмаар ёс зүйн үнэлэмжийн баримжаагаа өөрчлөх, ер нь ч цаашдаа (аж амьдралын) философийнхоо морийг юүлэх цаг болсон шиг байна. Намайг сургуулийн сурагч байхад Оросын ургамал зүйч Иван Владимирович Мичурины “Байгалийн хишгийг бид горьдож суух ёсгүй, булааж авах хэрэгтэй” гэдэг үг уриа лоозон болдог байлаа. Тэр цагтаа их л мэргэн сэцэн сонсогддог байсан энэ үг хожим үзэхэд ямар хуйхар харгис номнол байсан нь мэдэгддэг бөгөөд нэгэн цаг үеийнхэн энэ номнолоор явж, “уулыг нурааж, усыг эргүүлэх” “баатарлаг үйлст” шамдан, эх байгалиа сүйтгэх эрдэмд дориун гэгч суралцсан билээ. Гэтэл дэлхийн нөгөө бөөрөнд үүнээс ч долоон доор номнол гарч ирсэн нь “Надад зорилгодоо хүрэхэд минь тус болж буй бүх зүйл зөв” гэдэг прагматик үзэл баримтлал болно. Ээ, тэнгэр минь, энэ дэлхийн долоон тэрбум хүн тус бүрдээ ингээд үзэлцчих юм бол одоо энэ хорвоо ертөнц дээр чинь юу үлдэх юм бэ? Үүнийг чинь ялимгүй өөрчлөх юм бол “Зорилго нь аргаа зөвтгөнө” гэсэн өнөөх л аюумшигт гаргалгаанд яах ч аргагүй хүрч очоод байна (Энэ маань ямар аюумшигт үр дагавартай болох талаар 1991 онд миний бие Монголын Үндэсний чөлөөт зохиолчдын анхдугаар хуралдайн илтгэлд онцлон дурдсан билээ). Ядаж тэр зорилго нь ямар ч зорилго байж болоход, тэр тусмаа арга нь ямар ч арга байж болоход хамаг аюумшиг нуугдаж байна. Тэгээд газар дээр үг дуугүй үйлчлэгч цөөхөн хэдэн зомби үлдээгээд бусад хүмүүн төрөлхтнийг бултаар устгах зорилготой нэгэн байвал яах юм? Бас л зорилго, арга хоёр нь зөвдөнө гэсэн үг үү? Тэртэй тэргүй, долоон тэрбум хүнийг “тосонд умбуулж, торгонд хөлбөрүүлэх” нөөц баялаг эх дэлхийд маань байхгүй. Тэгэхлээр үлдсэн жаахан баялгийг цөөн хэдэн “ухаантай” нөхөд л өөрсдөө эзэмшээд, үлдсэнийгээ гаргуунд хаях өөр нэгэн арга бий. Энэ нөхөд маань үнэхээрийн биширмээр ухаантай хүмүүс билээ. Гагцхүү энэхүү их биширмээр ухаанаа ад мөрийн юманд гүйлгэхдээ даанч гарамгай, тийм ч хэв зуршилтай амьдраад удчихсан болохоор энэ дэлхийд үлдсэн нөөц баялгийг хэнтэй ч хуваалцахыг хүсэхгүй.
Эндээс их ухаантай байх, ёс суртахуунтай байх хоёрын хоорондын тэнгэр газар шиг хол зөрүү гарч ирээд байна. “Шунал ихэдвэл шулам болдог” хуулиар билгүүн мэлмий нь сохроод, тэр их ухаан нь байгаль дэлхийд болон бусад хүмүүст аюул гамшиг тарих талдаа л ахиухан гүйнэ гэсэн үг. Гэхдээ ухаантай учраас өөрсдөдөө ашигтай үйлдэл хийхдээ хүн бүрийн сэтгэл оюунд нийцсэн тусгай суртал, шашин, нийтийн соёл бодож олоод, хөлсний агентуудаараа дамжуулан улс орон болгонд түгээдэг. Нэг тийм “моод” шиг юм бий болгодог. Ихэнх хүмүүс өнөө “моодноос” нь хоцордоггүй хүн болох гээд үхэлдэж гардаг, тэгээд мөнөөх сүрхий “зорилго” гээч юм нь биелж, нөгөө “ухаантнууд” маань хүний санаа саванд багтамгүй олз ашиг, орлоготой болж байдаг. Үгүй ядаж л ойлгож ухаарсан хүн байлаа гэхэд өөдөөс нь юу ч хийгээд нэмэргүй байхаар бодож төлөвлөсөн байдаг. Тэд мөнгийг бүхнээс дээгүүр тавьж, шүтэн биширсээр нэгэн зүйл шашин болгож орхисон. Тэрхүү “мөнгөний шашин” гэхэд л газар дэлхийн ихэнх хүн амыг нэвт эзлээд, өдөр тутмын хэв суртахуун болчихсон тууж явна. “Мөнгө” гэдэг маань амин зуулгын нэг л хэрэгсэл болохоос хүмүүний хамаг үнэт зүйл нь биш шүү дээ. Гэтэл өнөө хүртэл хүмүүн төрөлхтний бүтээсэн бүх үнэт зүйлийг ганцаараа орлочихсон байгаа нь л гайхал төрүүлж байна. Түүнээс биш, сайн сайхан, аз жаргалтай аж амьдралыг мөрөөдөн дурлахгүй хэн байх билээ дээ? Гагц энэ арга хэрэгсэл гэдгээсээ цааш давраад, бидний олон сая жилийн турш бүтээсэн хүмүүн мөн чанарыг маань эзэлчихсэн сүйтгэлийн шуурга дэгдээж, сүйрлийн манан хадуулаад байна. Хүмүүн бид чухам ингэхдээ тулах ёстойсон уу, эсвэл үгүй юү гэдэг асуулт гарч ирээд байна. Ёстой л нөгөө орших уу, эс орших уу гэдэг шиг.
Өнөөдөр энэ дэлхийд болоод байгаа дайн самуун, өнгөт хувьсгал болон эдийн засаг, санхүүгийн хямралын “далд зохиогчид” нь нэлээд тохиолдолд нөгөө “цөөхөн ухаантнууд” байдаг. Та нар сайн ажаад үзвэл энэ дайн самуун чинь байгалийн баялаг ихтэй газар л болоод байгаа. Байгалийн баялагт нь эзэн суусан хойноо өнөө дайн нь дуусчихаад байгаа даа. Байгалийн баялаггүй газар тийм юм болох нь бараг үгүй дээ. Одоогийн Ливи, Сири хоёрыг л харьцуулаад үз. Үүнийг мэдэж байдаг хүмүүс нь тэдэнд үйлчлэгчид, ашиг болон хишгийг хүртэгсэд, үзэл сурталчид, мөнгөний шашныг номлогчид, хэвлэл мэдээллийн агентууд нь байдаг болохоор илчлэхийг хэзээ ч хүсэхгүй (“хар нүднээс хөмсөг гадуур” гэгчээр), хүссэн ч цаадуул нь “Чи дуугай урдах ажлаа л хий, бид мэдэж байна” гэсэн ганцхан хариултаар амыг нь таглана Эдний далд эздийн хамгийн гарамгай чаддаг юм нь бусдын баялагт эзэн суух, зүрхэн тарни нь “Дэлхийн аль ч баялаг бол зөвхөн минийх” гэсэн аман шившлэг болой. Гэвч үүнийгээ тэд хаана ч, хэзээ ч бичиж нийтлэхгүй, амнаасаа ч унагахгүй, зөвхөн шившиж байгаад ажил үйл болгон бүтээхэд л оршино. Тэр ажил үйлээ бүтээхэд нь хамгийн их тус нэмэр болдог зүйл бол худал мэдлэг, хуурмаг мэдээлэл. Тэд аливаа баялгийг их бага гэж ч голохгүй, хөгшдийн тэтгэвэр, хүүхдийн тэтгэмж юу л бол юуг хамж авахад бэлэн. Мөнгөний шашны сүм хийдүүд нь дэлхий хэрсэн банк- санхүүгийн сүлжээс, хувраг санваартан нь тэднийг удирддаг луйвар санхүүчид (санхүүчин болгон луйварчин биш л дээ), банкны эзэд (banker), номлогчид (missionary) нь газар болгон томилогдсон эдийн засгийн алуурчид болой. Мөнгөний шашинд мунхрагсад нь яг л шашны фанатууд шиг байдаг. Гүрэн дамнасан сүлжээгээрээ дамжуулж, аль хүссэн банк, тэр ч байтугай улс орныг ч, тив бүс нутгийг ч дампууруулж, далд гараараа дэлхийг жолоодож байдаг. Ер нь дэлхийн эдийн засгийн хямрал гээд байгаа юм нь ямагт банк санхүүгийн хямрал байдагт нэг жого байна аа даа.
Гадаад хэлбэр дүрсийн бэлгэдэл нь хүртэл адилхан гээд бод. Католик шашинт өрнөдийн аль нэгэн хотод дээр үед хамгийн өндөр, хамгийн сүрлэг уран барилга юу байсан гэхээр “катедрал” (cathйdrale) хэмээх цогчин дуган байсан. Тийм болохоор хот болгон нэг нэг тийм сүрлэг сайхан Нотр-Дамтай, үлдсэнүүд нь мөн “эглиз” (йglise) хэмээх дагалдах сүм хийдүүд. Тэдний уран барилга нь готик (gothic) хэмээх тэнгэр сүлбэсэн хэлбэртэй. Харин одоо дэлхийн аливаа постиндустриал хөгжилтэй орны хот болгонд хаана тийм өндөр сүрлэг, тэнгэр чичилсэн уран барилга байвал тэр нь банк, санхүүгийн байгууллага л байдаг. Тэнд нь мөнгөний шашны мөргөлчид өдөр шөнөгүй хөлхөлдөж, ажлаа хийж байдаг. Хэлбэрийн энэ давхцал бас ч санаандгүй юм биш, хүмүүний далд ухамсрын үйлдэл байж мэднэ. Мөнгөний шашны энэ аймшигт сүлжээний гол гогцоог өнөөдөр хүртэл эцэст нь тултал хэн ч тайлж чадаагүй байна. Чадахгүй ч байж магад. Зах зухаасаа шүүрч эхэлж байгаа нь л гэхэд Америкийн Уол-Стритийн “Goldman Sachs”-ийн хэрэг билээ. Эндээс юу мэдэгдсэн гэхлээр хэрэглэгчдийн дунд хуурамч цуурхал дэгдээж, “санхүүгийн хорт бүтээгдэхүүн” (financial toxic product) гарган, түүн дээрээ тоглож “новшийн гэрээ” байгуулснаас үй олон хүн цалин, тэтгэвэр, хадгаламжаасаа хагацсан агаад, санхүүгийн луйварчид өөрсдийн зөв гэдгийг нотлуулахын тулд бусад нэр хүндтэй санхүүчдийг авлигадан хуурамч нотолгоо гаргуулдаг нь тогтоогдсон юм. Чингэхдээ энэ бүхэн огт зүгээр суугаад байж болохгүй болмогц нөгөө “цөөхөн ухаантнуудын” хийж буй илүү аюумшигт үйлдлээ халхавчилсан золиосууд ч байж магадгүй. Тэндээс олсон ашиг орлогоо хэдхэн хүн хувааж тансаглаад, ард үлдсэн олон түмнийг амь амьдралаар нь хохироодог, тэгээд наргин цэнгэцгээж байхдаа тэднийгээ “тэнэгүүд” хэмээн элэглэн шоолцгоодог байна. Тэхлээр бидний хэн нь ч гэсэн тэдгээр “тэнэгүүдийн” нэг болой. Өнөөгийн монголчууд бид ч гэсэн “тэнэгүүдийн” тоонд ороход ойрхон байгаагийн нэг жишээ нь Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй болох юм бол улс орон байтугай, хувь хүний хөрөнгө, санхүүгийн мэдээлэл манай хөрөнгийн биржээр дамжин бусдын гарт орж, хэзээ ч, хэнийг ч нүд ирмэхийн зуур үгүйрүүлэхэд бэлэн болох юм. Улс төрчид бол тэртэй тэргүй л барьцааны хүмүүс гэсэн үг. Санхүүгийн ийм үлэмж болон бичил луйврын загварууд нь манайд “хадгаламж зээлийн хоршоо”, “сүлжээний бизнес” нэрээр орж ирчихээд, аж амьдралаа дээшлүүлчих гэсэн жирийн олныг бужигнуулж байгаагаас бага ч гэсэн санаа авч болох л доо. Энэ бүх үлэмж болон бичил луйврын аль нь ч гэсэн өмнөх бодролд өгүүлсэн ёсоор хүмүүнд заяамал оршдог муу авьяас, “муус хөрөнгөн” дээр тоглож чаддагаараа адилхан.
Дэлхийн банк санхүүгийн төв болох гэсэн өрсөлдөөн, мөнгөний солиоролд хэт автсанаас бүхэл бүтэн улс гүрэн, түүний нийслэл хэрхэн хэлмэгдэж байдгийн сонгодог жишээ нь Саудийн Аравийн Дубай хот юм. Манай сэтгүүлчид тэнд очиж ирээд, баян тансгийг нь ам шүд алдан хэлэх үгээ олж яддаг энэ хотын цаад үнэн байдал арай өөр юм. Дэлхийн хамгийн өндөр цамхаг цогцлуулах, цөлийн дөчин хэмийн халуунд, сэрүүн гудамжтай аялал жуулчлалын арлууд байгуулах мэтийн хоосон мөрөөдлийн улмаас хөрөнгө оруулагчдын хөрөнгө мөнгийг сүйтгэж, одоогоор хэн ч хэрэгсдэггүй хорооллууд, эзэнгүй гоёмсог цамхгуудтай болчихоод байж байна.
Мөнгөний шашны номнол нь юу вэ гэвэл орчин цагийн болхичлон гуйвуулсан ашиг хэрэглээний үзэл-прагматизм (pragmatism) болно. Би энд прагматизмын өөрийнх нь бодит агуулгыг муучилж хэлээгүй, “болхичлон гуйвуулсан” гэж онцоллоо шүү. Тэд тоталитаризмыг (totalitarism) шүүмжлэхдээ хэдүй гарамгай мэргэн боловч өөрсдөө өөр маягийн тоталитаризмыг бий болгосон юм. Тоталитаризм гэж нэг л үзэл дангаар ноёрхохыг хэлдэг юм бол өнөөдөр мөнгөний шашин дангаар ноёрхож байгаа шүү дээ. Ямар ч сайн сайхан номнол нөгөө тийшээ хэлбийхлээрээ аюул гамшиг тарьдгийн бас нэг жишээ нь энэ. Прагматизмыг үндэслэгч сэтгэгчид (Чарльз Пирс, Уильям Жеймс, Жон Дьюи) маань ийм үр дагалдалд хүрнэ гэж бодоогүй ч байж мэднэ, тэдний зорилго болоод арга нь өөр байсан ч байж мэднэ, тэгээд эцсийн үр дүнг нь мэдрээд, “Ээ, би юу хийчих вэ” гэж халагласан ч байж магад. Тэгэхлээр өнөөгийн сэхээтнүүд наад зах нь хэний хэд дэх гарын “цэвэрлэгч” нь болоод явж байгаагаа мэдэж л амьдармаар байгаа юм даа? “Цэвэрлэгч” гэснээс ер нь одоо “клиниксийн цаг үе” болоод байх шиг байна. Бид ч гэсэн өдөр тутам, цаг тутам, нэг удаагийн хэрэглээний нойтон алчуураар (нойтон салфетка гэдэг дээ) гар нүүрээ арчаад л хаяад байгаа биз дээ. Энэ маань үнэт зүйлсээ бас ингээд л арчаад хаяад байгаатай агара (агаар биш шүү) нэгэн буй. Хайр сэтгэл гэж хэрэггүй, шөнө болгон нэг нэг хүүхэн хэрэглээд л хаяад байна, гэр бүл, үр хүүхэд гэж хэрэггүй, өөр өөр зочид буудал дамжаад л, угаалгын газар (laundry) нь юмаа өгчихөөд л яваад байна. Чамайг ч гэсэн ил, далд эзэд чинь түүн шиг хэрэглээд л хаяад байна. Яг л “клиникс” гэсэн үг. Нэг л мэдэхэд чи өөрийнхөө насан туршийн амьдралыг эргээд нэг харсан чинь өөрийн хүссэн биш замаар, зүүдэндээ ч ороогүй үйлээр, толгойдоо ч ороогүй зүйлийг хийчихсэн цохиж явах бий вий. Энэ бол манай эрин цагийн мөнгөний шашны риди шидийн гайхамшиг юм. Нэг л мэдэхэд чамайг хэн нэгэн клиникс болгоод хогийн саванд хаяж байх магадлал бий? Хэдүй их шан харамж – бонус (bonus) амлаад л, аваад л байгаа бол төдүй их клиникс болоод байгаа, хүмүүн мөн чанараа төдүй зэргээр арчуулж, зүлгүүлээд л байгаа гэсэн үг.
Далайд яваа хөлөг онгоцоо “живж байна” гэж хашгирсантай адил юм болохоор энэ бүх үнэнийг хэргийн эзэд нь өөрсдөө задална гэж хэзээ ч горьдолтгүй. Тэгэхлээр “тэнэгүүд” бидний хийж чадах зүйл нь үнэнийг хагас заримдаг ч гэсэн ухаарч сэхээрэх, үр хойчистоо захиж үлдээх, улмаар ёс зүйн үнэлэмжийн баримжаагаа өөрчлөх, ер нь ч цаашдаа (аж амьдралын) философийнхоо морийг юүлэх явдал болоод байна. Тэр нь явж явж эргэлт буцалтгүй алдчих гээд байгаа “хүмүүн мөн чанартаа эргэхийн” нэр юм. Нэг мөрөөдлөө хэлэхэд, хүмүүн төрөлхтөн өдөр тутмын аж амьдралын энгийн зүйлээс, тухайлбал, задарсан замбараагүй хэрэглээгээ эмхлэхээс эхэлж болно. “Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөхийн” үлгэрээр хэсэг харайлгасан япончууд маань одооноос байгаль ээжийн сургамжаар хэт хэрэглээгээ бодолцож, зах зухаас нь хумьж эхэлж байна. Хэрэглээнээс юу үлдэж байна гэхлээр далайд хөвж яваа хорин сая тонн хог л овоорч байна. Тэр хогон давалгаа нь өнөөдөр Америк, Канадын эрэг хавийнхныг хэцүүдүүлж байна.
Орчин цагийн болхичлон гуйвуулсан ашиг хэрэглээний үзэл – прагматизмын үндсийн үндэс нь миний бодлоор явж явж, ХVII зууны Францын гүн ухаантан Рене Декартын (лат. Renatus Cartesianus 1596-1650) рационализм, түүний үр хүүхэд нь болох картезиан сэтгэлгээ юм. “Би сэтгэж байгаа учраас оршиж байна” (лат. cogito, ergo sum, фр. je pense, donc je suis) хэмээх философи санаанаас үүдэлтэй энэ үзэл маань соёл иргэншилд нэн чухаг хувь нэмэр оруулсан боловч хүмүүн бидний уг мөн чанарт арга билиг болон хослон оршдог иррациональ талыг үгүйсгэхэд, зүйрлэн хэлбэл, өрөөсөн тал биеийг маань сүүдэр болгон хувиргахад, хатуухан хэлбэл, хүмүүнийг өрөөл татанхай болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Яагаад гэвэл, би сэтгэж байхдаа төдийгүй, мэдэрч байхдаа ч оршиж байдаг. Таван ухаан минь сарнисан ч, тансаг билиг минь тасраагүй л бол оршиж байдаг. Үүнээс юу юу болсон бэ гэвэл, хүмүүний иррациональ талыг тээгч үй олон үнэт зүйлийг үгүйсгэж, яргалан устгах зам руу орсон юм. Энэ нь рационализмыг үндэслэгчдийн буруу гэхээсээ илүүтэй дахиад уг үзлийг болхичлон хэтэрхийлсэнтэй л холбоотой. Олон зүйл соёл суртахуун, урлаг, урлал, дотогшоо гүнзгийрсэн бясалгал, домог зүй, бэлгэдэл зүйг мохоож мөхөөсөн юм. Гэтэл хүмүүний бүтээлч хүч чадал, авьяас билгийн шавхагдашгүй эх ундарга нь хүмүүний иррациональ талд бас оршиж байдаг. Чингээд өнөөгийн хүн хэн болж хувирах гээд байна гэвэл, өөрсдийн бүтээсэн машины нэгэн төрөл, анхны бодролд өгүүлсэн ёсоор “махан машин” болж хувирах гээд байна. Тэгээд нэг талд нь хиймэл оюун ухаан, нөгөө талд нь заяамал оюун ухаан хоёр л үлдэх гээд байна. Тэгэхлээр яадаг юм гэж үү, энэ хоёрын алалцаан эхэлнэ гэж бодож байна. Энэ хоёрын ижил төстэй тал нь “эх нярайлах” гэдгийг “том төмрөөс жижиг төмөр тасарч унах” гэхчлэн загварчилна. Алалцаанаас юу үлдэхийг харин хэлж мэдэхгүй юм даа. Чухам ийм аюул нүүрлэж байгааг анзаарсан дээрээс өрнө дэхиний олон иррационалист философи чиглэлүүд (И. Г. Гаман, Ф.Г. Якоби, Артур Шопенгауэр), Фрейдийн сэтгэц задлаг, экзистенциализм (Сёрен Кьеркегор, Карл Ясперс, Мартин Хайдеггер, Жан-Поль Сартр, М.Мерло-Понти) зэрэг философиуд гарсан юм. Гэвч өрнөдийнхөн өөрсдийн философи сэтгэлгээнд шинэ зүйл авчирсан боловч соёл иргэншлийнхээ хөгжлийн хурдац дунд хүмүүний иррациональ мөн чанарыг бүрэн ойлгох боломжоо нэгэнт гээсэн учраас өөрсдөө “алдагдсан иргэншил” (civilization perdu) болсон гэж ярьдаг. Зарим тохиолдолд энэ нь “моод” хөөцөлдөх, шуугиан- сенсааци дэгдээх явдал болоод өнгөрөх нь ч бий.
Рационализм болон түүний үр хүүхэд нь болох картезиан сэтгэлгээ хүмүүн төрөлхтөнд шинжлэх ухаан, технологийн ер бусын дэвшил хөгжлийг авчирсан нь үнээн. Харин энэ дэвшил хөгжлөөс нь бидэнд сайн зүйлээс илүүтэй саар зүйл л олон тулгарлаа. Атом цөмийн нууцыг нээснээр бидний мэдлэг “ертөнц дотогшоо хязгааргүйг” мэдсэн боловч түүний үр шимээр үй олноор хөнөөх зэвсэг-атом, ус төрөгчийн бөмбөг мэтийг бүтээж бие биесээ ахиухан тоотой алах, улмаар бидэнд заяасан цор ганц алаг бөмбөрцгөө хэд дахин устгах л боломжтой болов. “Цөмийн гар цүнх” хэн нэгэн солиотны гарт орчихвол ухаантай, ухаангүй, баян, ядуу гэх юмгүй цөм л хорвоогоос тонилно. Генийн нууц кодыг тайлснаар бид хэнээс юунаас үүсээд, хаанаас хаашаа түгэн тархсанаа мэдэх боломжтой болсон авч мөнгөтэй “ухаантнууд” нь мөнгөгүй “тэнэгүүдээ” генийн аргаар газрын хөрснөөс арчих боломжтой болсон төдийгүй, бүүр байчихаад Гитлерийг босгож ирэх ухааны юм яриад байцгааж байна. Энэ бүхний улмаас хүмүүн мөн чанар маань улам л цөвүүн шинжтэй болж байна. Хаа байна тэр хүмүүнийг төгс төгөлдөр, сайн сайхан болгосон чинь? Нэгэнт олсон ололтоо буцаагаад булшлах нь утгагүй боловч энэ бүхэн яавч сайн сайхан юманд хөтлөхгүй нь нэгэнт тодорхой болоод байна. Яахав өнгөн талын засал чимэг хийчихэж болох болох боловч эдийн засгийн нэг хямрал болоод л бүхнийг арчиж орхиж байна. Хэдэн жилийн өмнө байсан европ хүний сэтгэлгээ эргээд нэг очиход л өөрчлөгдөөд байна. Харин хаа очиж, Карл Ясперсын хэлсэн нэг мэргэн үг их үнэн болох нь тодорхой боллоо. “Хүний [хүмүүний] бодот ахуйг шинжлэх ухаанаар танин мэдэх боломжгүй, шинжлэх ухаан бол эд юмсын л тухай мэдлэг өгөхөөс биш, хүнд [хүмүүнд] хамгийн чухал зүйл болох оршихуйн үнэ цэнийг тогтоон өгч чадахгүй” гэдэг л яг үнэн голыг нь олж хэлжээ. Үүн дээр нэмээд хэлэхэд шинжлэх ухаан, технологийн ололт нээлтүүд нь хэрэв соёл иргэншилт дэлхийгээ устгачихгүй шиг байлгаж чадвал бидний тав тухтай амьдралын бүхий л нөхцөлийг хангаж өгөх нь тодорхой боловч бидэнд байдаг заяамал муу авьяас, “муус хөрөнгөнөөс” маань жаахан ч гэсэн зайцуулж хүчрэхгүй нь ч бас л тодорхой байна. Шинжлэх ухаан, технологи маань хүмүүний гадаад ертөнцийн болон нийгмийн зүй тогтол, өөрийнх нь биологи, физиологийн хууль жамыг нээж чадах боловч харин хүмүүний оюун санааны оршихуйг ухааран тайлахад ямар ч тус нэмэргүй гэсэн үг. Ийн хэлснээрээ би шинжлэх ухаан, технологийн хөгжлөөс бүрэн татгалзъя гээд байгаа юм биш, түүнийг болж өгвөл аль болох энэрэнгүй зорилгод чиглүүлье, дахиад л мөнгөний боол бүү болгочихъё гэх гээд байна. Гэвч мөнгөний шашин ноёрхож, МӨНГӨ хаанчилж байгаа цагт тэр бүхэн бүтэхэд даанч төвөгтэй. Тэгэхлээр би МӨНГӨ хэмээх хаанаа сольё, зүгээр л байх ёстой байрт нь аваачъя, эсвэл сүйрүүлэх тэр их хүчийг нь хүмүүнийг аврахад чиглүүлье, түүний үндэс хөрс болоод байгаа философийг сольё л гэх гээд байна. Дүрсээ юүлье гээгүй, морио юүлье л гэж байгаа ухаантай юм.

Францын Франсуа Раблегийн нэрэмжит Турын Их Сургууль
2012.01.09
http://greenbough.mn/article.php?content=140

Сэтгэгдлүүд


  • Д. Энхмаа 2012-02-09 14:41

    Зүйтэй ээ, уран юмыг урнаар сэтгэхгүй бол яаж ойлгох вэ дээ.

  • B. Донгио 2012-02-09 15:28

    Шашин бол ертөнцын мөн чанарыг тайлбарлах гэж оролдсон шинжлэх ухаан ,, гэхдээ жаахан хоцорогдсон ,, ?

  • Д. Энхмаа 2012-02-09 16:05

    Шинжлэх ухаан гол гол зүйл дээр араас аь явж байгаа, зарим талаараа зэрэгцэж яваа, бас материаллаг зүйлсийг судлах тал дээр бол түрүүлж яваа.

  • Д. Энхмаа 2012-02-09 16:23

    Харин оюун санааны хөгжлийн хувьд шинэ хуучин гэдэг ойлголт байх боломжгүй. Ерөөсөө хоцрогдох гэдэг ойлголтыг цаг хугацааны араас дагаад л үе үеийнхэн гаргаж байдаг болохос үнэндээ бол тойрог замын аль талыг нь урьдах нь, аль талыг нь хойтох нь гэж үзэх болж байна даа.

  • О. Долгион 2012-02-09 17:40

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • О. Долгион 2012-02-09 17:43

    Шашин уран байж болно. Гэвч ертөнцийг үнэн зөвөөр нь огт нээгээгүй. Шашин бол хүн өөрийн зоргоор бодсон төсөөлөл, мөрөөдөл учир уран яруу байлгүй яахав. Харин бодит ертөнц огт тийм биш. Агааргүй нөхцөлд шашны тухай бодоод үз. Агааргүй, усгүй нөхцөлд хүн шашны тухай биш амьд үлдэхийн тухай л бодно.

    Философи, шашин,.. энэ бүгд агаар ус нь бэлэн зэлэн байгаа нөхцөлд л бодож сэтгэж болох сайн дурын сэтгэлгээнүүд. Тиймээс энд хил хязгаар, үнэн худал, буруу зөв гэж үгүй. Бүгд ялгаагүй хүний чөлөөт бодол, мөрөөдөл төдий. Халдварт өвчин дэгдэхэд олон хүний амь насны асуудал, хүн төрөлхтний үр хойч, оршихуйн асуудал шууд хөндөгдөж, шашин биш анагаах ухаан үүссэн. Шашин бол сайн дур. Анагаах ухаан бол бодит алба. Уран сэтгэмж бол сайн дур. Эрүүл мэнд бол бодит хэрэгцээ.

    Хүн бодит алба, бодит тэмцэл, бодит нээлт ололтын замаар л ертөнцийг үнэн зөвөөр нь нээнэ. Харин уран сэтгэмжээр бол ертөнцийг юу л бол юу гэж оношилж болно. Дэлхий аварга том яст мэлхийний нуруун дээр тогтдог, дэлхий бол бурхны бүтээл, бүх зүйл үйлийн үрийн бүтээл, бүх зүйл сэтгэлийн бүтээл, дэлхий бол чөтгөрийн бүтээл, ертөнц бол тэрний ч, энэний ч бүтээл, миний бурхан үнэн, чиний бурхан худал,.. гэх мэтээр дур зоргоороо сэтгэж, туйлширч, улмаар хядалцаж ирсэн түүхээ хүн мартаагүй байлгүй. Энэ мэт уран сэтгэмжинд хил хязгаар үгүй.

    Уран сэтгэмжээр орчлонг нээчихдэг бол ажил албаны хэрэг гэж алга. Нар бол бурхан гэж бодох хүн байхад нарны тухай огт боддоггүй хүн ч байна. Гэвч бодит байдал дээр нарыг аль аль нь эрх тэгш хэрэглэж байна. Агаарыг азот, хүчилтөрөгч болон бусад хийнээс бүтдэг гэж бид ярьдаг. Зарим уран сэтгэмжинд агаар ба орчлонг бурхны бүтээл гэнэ. Гэвч бодит байдал дээр агаарын найрлагыг мэддэг хүн ч, мэддэггүй хүн ч, агаарыг бурхны бүтээл гэж боддог хүн ч, боддоггүй хүн ч бүгд агаараар эрх тэгш амьсгалж байна. Хүний бодол орчлонгийн мөн чанарт падгүй. Хүний хөдөлмөр тэмцэл, нээлт ололт бол орчлонгийн мөн чанарт нэвтрэх зам мөн. Уран сэтгэмж бол нээлт ололт биш, уран зохиол төдий зүйл. Хүн юуг ч зохиож чадна. Хэнд ч сайн сайхныг хүсч мөрөөдөх сэтгэл бий. Хэн нэгнийхийг онцгойлоод үнэмлэхүй болгоод байх шаардлага байхгүй. Учир нь хүний бодол бодит албанд падгүй.

    Үзэл ажлыг шийддэггүй, ажил үзлийг шийддэг /Ийнийтэн Сант/. Чийдэнг зохион бүтээсэн эрдэмтэн хэдэн мянган удаа бүтэлгүй туршилт хийсэн гэдэг. Гэвч тэрээр энэ бүх бүтэлгүй туршилтаа "чийдэн хийж болохгүй төдөн замыг нээлээ" хэмээн өөдрөгөөр харж тодорхойлсон байдаг. Энэ мэт бодит алба, бодит нээлт ололт бол уйгагүй хөдөлмөр тэмцлийг шаарддаг зүйл. Хүн ийм хөдөлмөр тэмцлийн замаар л орчлон ертөнцийг нээж дуусгана. Өнөөдөр бүгд л чийдэнг хэрэглэж байна. Харин хэрхэн бүтсэн талаар нь бодож үзсэн хүн хэд байдаг юм бол.

  • А. Odloi 2012-02-09 18:36

    Донгио Долгион хоёрын хэлсэнтэй санал нэг байнаа. Дүүрэн дэмжиж байна. Үүнийг чинь ганцхан та хоёр ч хэлдэг юм биш. Далай лам өөрийн амьдарлын түүхээр мянган удаа хэлсэн юм. Хамгийн сүүлд нулимсаараа хэлэх шив. Шашны мөн чанарыг.......

    Үүнээс илүү яаж хэлүүлэх гэсэн хүн тэр Цолмонгэрэл. Ухаар сэхээр. Сансарын үзэлийг орхи. Тэгээд наад тархиныхаа бор гадаргууг тэнийчхээс нь өмнө........сайтар сонсож байгаарай. Миний хэлээд байгаа ТҮР ЗОГСОЛТЫГ хэрхэн яаж Донгио мэтийн өвөг дээдсүүд тансаглаж байсан тиймээс би тэдгээрээс илүүтэй тансаглах ёстой гэсэн үзэл бодолтой мянга мянган Донгиочуудын эрх ашигыг хохироолгүйгээр ......өөрөөр хэлбэл эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүйгээр хэрхэн яаж хийвэл дээр вэ........ингэхийн тулд ямар арга зам хэрэгтэй вэ гэдэгт тархиныхаа атирааг ашигла.

    Хүн төрлөхтөний өнөөгийн хамгийн тулгамдсан асуудал бол ТҮР ЗОГСОЛТЫГ хэрхэн яаж хийх вэ.......Үүнийг өнөөдөр ярихгүй байна. Гэвч маргааш ярина..........энэ бол үнэн. Бас нэгэн зүйл хэлхэд би ЭЦСИЙН ЗОГСООЛ хүртэл хоёрхон алхам үлдээд байнаа гэж хэлсэн......Үүнийг сонирхох хүн энэ дотроос гарахгүй юм гэж үү. Гайхалтай л хэрэг. Гэхдээ маргааш сонирхоно. Ийм л байна даа Цолмонгэрлээ. Ус нутгийн минь охиноо..........

  • А. Цолмон 2012-02-09 19:01

    Унаагаа юүлье, Түр зогсоё
    энэ хоёр яахаараа нэг утгатай болчихвоо? Тайлбарлаж өгөөч Одмандахаа.
    Эцсийн зогсоолд маргааш биш нөгөөдөр хүрэе өөрсөндөө нэг өдрийг гаргая. Ердөө л энэшдээ.
    Ердөө л энэ гээд бодох гэхээр их олон асуулт урган гарч хариу нэхээд болдоггүй ээ.

    Зогс гэсэн зоргоор зогсчихдог бол би танаас гуйя Оюу толгой Таван толгойн олборлолт өрөмдлөгийг зогсоогоод өгөөч. Удахгүй манай говь усгүй боллоо шүү дээ. Хамаг усны ундаргыг минь доогуур нь ховх сороод дууслаа. Секундэд мянган литр ус ашиглаж байна гэхээр жилд хэдэн мянган наяд тонн ус гарлагадахыг тооцоод аргатай бол тэр балмад үйлдлийг зогсоогоод өгөөч. Тэгж нэг манай говийг усгүй болох аюулаас аварч үзээч. Эс тэгвэл лав л манай бууц хавийн худгууд мал хангах усгүй болоод байна шүү дээ. Хэдхэн жилийн өмнө шавхагдана ч гэж мэддэггүй, лайдана ч гэж бараг байдаггүй, хичнээн ч мал ирсэн хангаад гаргадаг байсан худаг, \ганц манайх ч биш хамгийн элбэг устай гэгддэг байсан худаг ч ялгаагүй болж билээ\ бод байтугай хэдхэн бог мал нэг дор хангаж чадахгүй ундаргыг нь хүлээх ажил гардаг болж. ундаргыг нь хүлээж зогсохдоо энэ ус ундархаа байчихвал яанаа гэж би их айх юмаа. Тэгэхээр та ухамсарт үйл ажиллагаагаараа бидний уух усыг тэнд хайр найргүй урсгах тэр балмад үйлдлийг зогсоогоод өгөөч.

    Түр гэдэг чинь бас зогсолт мөн үү үгүй юу? за ямар ч байсан та миний тэр айдсыг зайлуулаад өгөөч. Ядаж яаж тэр айдсыг үлдэн хөөх аргыг заагаад өгчихвөл би нэн даруй авч хэрэгжүүлмээр байна.
    Эсвэл Долгион надад бодит ажил хэргээр бүтээцэн усаа өгөх юм уу?
    Ганц намайг загнаж байхаар Сант гуайн тархинд боловсроод байгаа тэр уран сэтгэмжийг амьдрал дээр буулгаад, ажил хэрэг болгоод чадалтай чадвартай энэ олон улсаар бүтээлгээд агааргүй усгүй загас шиг, тарвага шиг болоод сандарч байгаа хөөрхий олны хүртээл болгож ач ивээлээ хайрлаач.

  • А. Odloi 2012-02-09 19:28

    Ач ивээлээ хайрлаач........... Чиний энэ үг чинь л ТҮР ЗОГСОЛТ хичнээн их хэрэг болоод байгааг илэрхийлэж байгаа юм. Ер нь дээрх сэтгэдэл чинь бүхэлдээ ТҮР ЗОГСОЛТЫГ ямар ихээр шаардсан үгс вэ......... Би тэгээд чамд хэлээд байна. Түр зогсолтыг өнөөгийн нөхцөлд шашнаар хийх боломжгүй. Харин ухамсраар л хийх боломжтой. Учир нь бид тэртээх 15 р зууны түүдэгчингүүдийн дунд амьдраагүй байна. Айдас үгүй гэсэн үг.

    Түр зогсолтыг тун удахгүй улс төрийн хэмжээнд бүр олон улсын хэмжээнд......... улс бүхэн төр засгийнхаа үндсэн бодлогын нэг болгон хэрэгжүүлэх болно. Хэрэгжүүлэх арга замууд анхнаасаа эхлээд байна............Хүлэмжийн хийг багасгах гэх мэт. Энэ бол түр зогсолт хэрэгжиж эхлэх анхны алхам.

    Би бас дээр хэлсэн дээ. Өндөр хөгжилийн 21 р зуунд ялаа шиг олшроод байгаа энэ олон бөө нар болон шаны номлолууд.........аль ч зууныхаас илүү байгаа шүү. Энэ бол бас л ТҮР ЗОГСОЛТЫН нэг хэлбэр юм. Өрөвдөлтэйн гэх юмуу.........юу гэмээр ч юм бэ дээ. Ямар ч гэсэн өөрсдийн мэдэлгүйгээр маш их ач холбогдолтой зүйлийг хийж байгаа улсууд даа энэ бөө нар. Хүмүүсийн сэтгэх цар хүрээг хязгаарлах гэдэг утгаар нь би эдэнд ийм өндөр ач холбогдол өгч байгаа юм шүү. Сэтгэх чадвар хязгаарлагдана гэдэг бол бас л ТҮР ЗОГСОЛТЫН нэг хэлбэр.

    Харж байгаа биз дээ. Би бүхнийг хүлээн зөвшөөр ч бүхэнд ач холбогдол өгч чадаж байна. Ямар вэ.

    Ийм байхад болон анхны алхамууд хэд хэдэн төрлөөр хийгдэж эхлэх гараагаа эхлээд байхад надаас авралыг эрэх чинь.........ойлгож байгаа байхаа гэж найдна.

    Ингээд миний дүү түүхэн шаардлагын улмаас үүсээд байгаа ТҮР ЗОГСОЛТЫГ бөө энэ тэрийн адил ухамсарт бус үйл ажилгаагаар биш харин ухамсарт үйл ажилгаагаар хийхэд гол дүрүүдийн нэгэнд байгаачээ гэдгийг л ах нь чамаас хүсээд байгаа юм. Ух бас сөх.

  • А. Цолмон 2012-02-09 21:10

    Унаагаа юүлье гэдгийг би цаашаа явъя гэж ойлгож байгаа. Яаж гэдэг дээр л яриа бий байх.
    Харин тэр ТҮР ЗОГСОЛТ-ыг чинь яаж ойлгохоо сайн мэдэхгүй байна.
    Донгио бол донгио шүү дээ. Түүнийг хязгаарлана зогсооно гэдэг юу л бол улаан чигээрээ л дайрна гэж мэд. Нүүрс түлэхээ зогсоо дэлхий ингэх гээд байна. Пакришик түлэхээ болио хүмүүс хордоод байна гэсэн зоргоор УХАМСАРЛААД гэмт үйлдлээ ЗОГСООНО гэж та бодож байна уу?
    Тийм бол аль хэдийнэ Улаанбаатар утаагаа шийдчих байлаа.

    За бас би мэт нь алт ухахаа болиочээ манай говь усгүй болох гээд байна гээд мянга уйлан гуйсан ч уурхайн эзэд амташсан үйлдлээ зогсооно гэж саналтгүй л болов уу. Ид урамшин хийж байгаа ажилыг нь хэн нэгэн мяндагтан хуулиар хязгаарлана зогсооно гэвэл ямар нэгэн аргаар хуулийн цоорхой олж дөнгөх л болов уу? тиймгүй байсан бол эцсийн зогсоол хүртэл хоёрхон алхам болтлоо дэлхийн байдал хүндрэх байсан гэж үү?

    Тиймээс “...өвөг дээдсүүд тансаглаж байсан тиймээс би тэдгээрээс илүүтэй тансаглах ёстой гэсэн үзэл бодолтой мянга мянган Донгиочуудын эрх ашигыг хохироолгүйгээр...” хөдлөх арга байж болохыг унаагаа юүлэх гэсэн байж болох уу? Магадгүй илүү ашигтайд уриалан дууддаг ч юм уу ....?
    Донгио бол өөрт ашигтай ажилд бол хөдлийшдэ. Харин одоо мань эр хир ашигтай ажиллаж байгаа бол?
    Масловын онолоор ярих юм бол 5 үе шатлалт хэрэгцээ шаардлагаа хир хангасан юм болоо?

  • А. Odloi 2012-02-09 21:34

    Цолмоон.........ингэе. Өвгөн докторын хэлсэн. ......... Би дүрсээ юүлэе гээгүй морио юүлэе гэж байгаа л ухаантай юм. Энэ үгийг ингэж ойлгох хэрэгтэй. ЦАГ ҮЕИЙНХЭЭ ОНЦЛОГИЙГ ХЭВЭЭР ХАДГАЛААД.... мөн үү.
    Тэгээд АРГА БАРИЛАА ӨӨРЧИЛӨЕ гэсэн үг гэж ойлговол зохилтой байхаа.

    Филисофийг өөрчилөе гэснийг нь СЭТГЭЛГЭЭГЭЭ ӨӨРЧИЛӨЕ. Мөнгийг тахин шүтэж хүмүүний алтан заяаг сүйрүүлхээ болие.

    За одоо ингээд нэг хар даа. Мөнгийг шүтхээ байвал хүмүүсийн сэтгэлгээнд баялагт шунах хүсэл үгүй болно гэсэн гаргалгаа харагдаж байгаа биз. Үүний дагаад л бүх зүйл өөрчилдөнө. Өөрөөр хэлбэл чиний хүсээд байгаа өнөөх эх байгалийг сүйрүүлэх хар хүчин алга болно. Өвгөн доктор чинь ингэж л хэлсэн байна шүү дээ. Чухам үүнийг чинь л би ТҮР ЗОГСОЛТ ГЭЭД байгаа юм. Одоо ойвуу.

  • А. Цолмон 2012-02-09 22:17

    Арга барилаа өөрчилье гэдэг дээр бидний ойлголт яв цав нийлсэн байх чинь. Түр зогсолт гэхээрээ л биш болоод байна. Гэхдээ тиймээ таны зөвөө гээд хэлчихэд болохгүй ч юм алга л даа. Монголчууд бид чинь буруу ярьж зөв ойлгодог улс гэдэг байхаа.
    Хөгжил бол мэдээж зогсоно гэж байж таарахгүй. Харин арга барилаа өөрчлөөд цаашаа урагшилж болох юм. Бод л доо Зорилгогүй амьдрал гэж байж таарахгүй биз дээ?
    Тэгэхээр гол яриа Зорилго дээр чиглэж таарч байна уу?
    Тэгэхээр зөв зорилго руу чиглүүлэх мэргэн арга л бүхнээс чухал болж байгаа биз?
    Гэтэл та тэр гол юмаа “шашнаар биш ээ” гээд тас гэдийгээд байгаа юм биш бээз?

    Бас нэг ойлгомжгүй зүйл:
    *....ЦАГ ҮЕИЙНХЭЭ ОНЦЛОГИЙГ ХЭВЭЭР ХАДГАЛААД....*
    *....Мөнгийг тахин шүтэж хүмүүний алтан заяаг сүйрүүлхээ болие....*
    Үүнийг нэг гэж ойлгоё гэхээр хоорондоо зөрчилдөөд байх шиг......
    Бас
    “...Мөнгийг шүтхээ байвал хүмүүсийн сэтгэлгээнд баялагт шунах хүсэл үгүй болно гэсэн гаргалгаа...” ч сайхан л байна л даа. Гэхдээ өмнөх хуудсанд өөрийн чинь хэлсэнтэй зөрчилдөөд байх шиг.

    *....Баялаг дууслаа л бол КОНЕЦ ФИЛЬМА..........тэр юу ч биш. Нойлын цаасны үнэд ч хүрэхгүй. Нойлын цаасыг бид зориулалтынх нь дагуу хэрэглээд байдаг бол мөнгийг тэгэх боломж үгүй. Адаглаад л хатуудна биз....*
    Эндээс харахад баялаг дуусч байж мөнгө шүтэхээ болино гэсэн гаргалгаа харагдах шиг. эсвэл би буруу зөрүү хараад зөвийг буруугаар ойлгоод байгаа юм болов уу?
    Гэхдээ ерөнхийдөө бид ойлголцож болмоор юм шиг бодогдож байна.

  • А. Odloi 2012-02-09 23:10

    Баялаг дуусаж байж мөнгө шүтэхээ болино. Энэ бол үнэн юм. Хамгийн харамсалтай нь үнэн гэдгийг бид тэр цагт нь ойлгоно. Энэ янзаараа улайраад зүтгээд байвал хэзээ ч наана нь ухаарахгүй. Наана нь ухаарая гэсэн санаа доктор бидэн хоёрын хүслийн туйл болчихоод байнашдээ. Чи тэрхүү өмнөх хуудсыг дутуу уншсан байна. Эсвэл нэг л өгүүлбэрийг миний эсрэг ашиглахад зориулан гогдоод гаргаад ирж.

    Цаг үеийнхээ онцлогийг хэвээр нь хадгалая гэдгийг ч мөн адил. Мөнгийг тахин шүтхээ болиод. Өөр тахин шүтэх зүйлийн эрэлд мөн үү...........гэхдээ энэ бол шашинийг хэлээгүй юм шүү доктор. Үүнийг дээр хоёр ДО сайтар ойлгосон байгаа.

    Хүмүүний алтан заяанд хор учируулахгүйгээр өнөөгийн хөгжилийг хэвээр хадгалаад хэн нэгнийг эх дэлхийд хөнөөлгүйгээр хэний ч эрх ашигийг хөндөхгүйгээр цааш үргэлжлэх тийм арга зам байна уу. Үүний хариуг биднээс асуулсан юм шүү дээ Доктор.

    Мэдээж байгаа байх л даа. Гэвч олдотлоо хугацаа орно. Олдож амжихаас нь өмнө бүхнээ сүйрүүлээд эх болсон дэлхийтэйгээ ...................ойлгож байгаа байх. Ингэхгүйн тулд ТҮР ЗОГСОЛТ......... мөн үү........ Цолмоон би яасан их тайлбарлаж байнаа.

    Бидэнд зайлшгүй түр зогсолт хэрэгтэй. Ингэх арга барилыг олж чадахгүй бол хамаагүй тэр эртний бөө энэ тэрийг шүтээд нүдээ аниад бөөгөөр оруулгуулаад сууж байхад ч бэлэн байна. Өнгөрсөн хойно нь .......Ай даа тэгэх минь ч яалаа гэж байснаас хамаагүй дээр шүү дээ. Яахав жаахан хуучны л......... ТҮР ЗОГСОХ хэлбэр юм даа. Гэхдээ өмнөө даан ч их хугацаагаар түр зогсолтыг хийлгэж байсан ачтан шүү дээ.

    Олж чадахгүй байж байгаад сүйр ч байснаас л .......... гээд байна.

  • А. Odloi 2012-02-09 23:36

    Бас нэгэн инээдтэй зүйлийг нэмж хэлэе. Хүн төрлөхтөн ТҮР ЗОГСОХ арга барилыг олж чадахгүй байсаар байгаад түр зогсолтыг гарцаагүй шаардсан тэр цагтай тулгарлаа гэж бодоё. Энэ цагт яалт ч байхгүй төр засгийн зүгээс хүн ардаа БӨӨГ шүтхийг хуульчлан тотоож магадгүй юм шүү. Ямар тохиолдолд бид хаясан юмаа эргүүлэн ашигладаг билээ. Ийм л байгаа юм. Ер нь тэгээд аливаасыг ургуулан бодоод л байвал ургаад л байдаг гайхал шүү дээ. Иймээс элдэвийг ургахаас өмнө үнэн гэсэн хувилбар дээрээ зогсох хэрэгтэй юм даа Цолмон минь.

  • А. Цолмон 2012-02-10 07:02

    За тийм байж болноо. Таны бичсэнийг дутуу уншсан эсвэл дутуу ойлгосон байж болно. Тэгэхээр 2лаа хэн хэн нь тогтож уншиж, тогтож ярия.
    Та бол шашин л биш ерөөсөө тэр л биш, түр зогсолт л гээд байгаа.
    Тэгэхээр нь үгэн дээр нь гацаад байдаг юм болов уу? гээд ШАШИН, СҮСЭГ, БИШРЭЛ, гэдэг үгсийг тус тусд нь доош нь өрж жагсаан байгаад товчхон тайлбар хийсэн. Докторын дэвшүүлсэн “Мөнгөний шашин” дээр жишээлж байгаад. Та үүнийг тогтож уншсангүй юу?
    Уншаад уншаад хэвшсэн ягшмал ойлголт чинь тээг болоод байна уу?

    Ингэхэд та докторын дэвшүүлсэн “Мөнгөний шашин” гэдгийг юу гэж ойлгож байна?
    Мөнгөнөөс татгалзая гэсэн санааг бол хэн хэн маань сайн ойлгож. Харин тэр ойлголтоо та болохоор түр зогсолт гэж тайлбарлаад байна. Арга барил байж болно шашин л биш гэдэг үүднээс.
    “....Мөнгийг тахин шүтхээ болиод. Өөр тахин шүтэх зүйлийн эрэлд мөн үү...........гэхдээ энэ бол шашинийг хэлээгүй юм шүү...” гээд байна МӨН ҮҮ?

    Мөнгийг “ТАХИН ШҮТЭХ” хэлбэр чинь “ШАШИН” биш үү?
    Тахин шүтэх хэлбэр нь шашин мөн бол “мөнгийг тахин шүтэхээ болиод өөр тахин шүтэх зүйлийн эрэлд...” гэдэг чинь мөнгөний шашинаа болиод өөр “шашны эрэлд” гэсэн үг биш үү?
    Тэгэхээр та наад тахин шүтэх гэдэг үгээ анхаараад “шашин” гэдэг үгэн дээр дахиад нэг анхаар даа.

    Бас нэг анхаарах зүйл:
    “...Хүмүүний алтан заяанд хор учируулахгүйгээр өнөөгийн хөгжилийг хэвээр хадгалаад...”
    Үүнийгээ та дахиад нэг бод доо. Зүгээр л сайн бод. Хүмүүний алтан заяанд учирсан, учраад байгаа, цаашид учирч болох хор хохиролуудыг бодож, тооцоолж үз. Нүдээр харснаасаа өгсүүлээд цаашид яах бол гэдэг дээр төсөөлж байгаа бүхнээ алдалгүй бодож тооцож үзээд үүн дээр л нэг няхуур ажиллаатах. Ингэж л таниас гуйж байна. Тэр ч үүднээс бодит байдлыг уйгагүй бүх талаас нь ухаж төнхөж, нэг учирыг үлдээлгүй хөөж гаргах оролдлого хийж байна. Учир нь эндээс л ямар нэгэн мэргэн санаа төрж магадгүй гэж.. Тэр нь Донгиод илүү ашигтайг сануулах арга барил байхаа магадгүй гэж л....
    Арга барил гэдгийг чинь бол би хүлээн зөвшөөрөөд байгаа шүү дээ.
    Харин тэр “түр зогсолт” гэдгийг яаж ч тайлбарлаад яагаад ч ойлгож хүлээж авч чадахгүй нь.
    Юү гэсэн үг юм бэ?
    Хүмүүсийн амбийцыг хязгаарлана гэсэн үг юм уу?
    Тэгэхээр хүмүүс хэлнэ дээ “ЗОРИЛГОГҮЙ АМЬДРАЛ БОЛ ҮХЭЛ МӨН” гэж.
    Хүмүүний санаархал гэдэг хязгааргүй, ямар ч хуулиар хориглон баришгүй эд мөн үү?
    “үнэн гэсэн хувилбар дээрээ зогсоно” гэвэл юу үнэн тэр л үнэн.

    Юуг ч хуульчлан тогтоож чадахгүй. “...түр зогсолтыг гарцаагүй шаардсан тэр цагтай тулгарлаа ч..... төр засгийн зүгээс хүн ардаа БӨӨГ шүтхийг хуульчлан тотоож...” чадахгүй. Бөөг хүмүүс харин ч мөнгөтэй болно, ажлаа \санаархлаа\ бүтээлгэнэ гэж л шүтээд байгаа юм биш үү? Тэгэхээр энэ таны хэлээд байгаа тэр түр зогсолт мөн үү? Харин ч ханаж гүйцэлдэшгүй санаархлаа бүтээлгэнэ гэж, тэр нь мөнгөний зүг чиглэж байвал түр зогсолт биш харин ч бүр эсрэгээрээ тэр эцсийн зогсоол руу чинь хурдасгах хөдөлгүүр байж болох биш үү?

    “...Ямар тохиолдолд бид хаясан юмаа эргүүлэн ашигладаг билээ. ...”
    Энэ үг чинь харин өлгөөд авчихмаар үг байна. гэхдээ зогсолт биш “жинхэнэ хөгжил” гэдэг утгаар.
    Зогсолт гэдгийг харин яагаад ч ойлгохгүй юм байна.
    Хөдөлгөөнгүй байрандаа зогсоод байж байдаг мал ч хүртэл байдаггүй биз дээ?
    Даарвал уруудна, халуудвал салхи сөрөөд хаа хамаагүй тэнээд явчихна. Хүн ч гэсэн ялгаагүй шүү дээ. Даарвал хөлдөж үхэлтэй нь биш хагалаад түлэхгүй яах юм бэ тэр хайрлаад байгаа туулын бургас, уулын модыг чинь. Ингэж л уруудаж явна өнөөдөр Монголын ард түмэн.
    Харин тэгж уруудахгүйн тулд физиологийн биш оюун сэтгэхүйн хөгжил хэрэгтэй. Үүнийг л Энхмаанууд яаж ч хэлээд та сонсохыг ч хүсэхгүй чигээрээ дайраад байна. Яаж гээч?
    Ингэж
    “...Хүн төрлөх өнөө нээгдээгүй байгаа олон юмыг өнгөрсөнд нээчихсэн байсаан гэвүү. Мэдэхгүй юм. Харин нэг зүйлийг сайн мэдэж байна. Хүн төрлөхтөнд хараахан нээж чадаагүй хоёрхон юм л байгаа. Тэр хоёрыг л нээчихвэл тэгээд л дуусаа. Бүх юм сонирхолгүй болно....”
    ингэж л та нүдээ аниатай чигээрээ дайраад байна.Яахав асууя л даа таны үгийг бүрэн сонсохын тулд гүйцээгээд асууя хараахан нээж чадаагүй байгаа тэр хоёр чинь юу юм бэ?

  • Д. Энхмаа 2012-02-10 08:48

    Саруул оюут Махагашиб тэргүүтний
    Санаа саванд ч ахадсан сургаал
    Таны оюунд багтаагүйн төлөө
    Үнэн ном биш болох уу?

  • Д. Энхмаа 2012-02-10 08:51

    Үзэгдэх хэлбэр янагуухь үнэн
    Үнэмлэхүй чанар чанадын үнэн
    Янагуухь үнэн оюунд хүртэгдэнэ
    Чанадын үнэн оюунаас хэтийднэ.

  • Д. Энхмаа 2012-02-10 08:55

    Энгийн туршлагаар нэрлэсэн төдий нь
    Үнэний шалгуураар яахан нотлогдох.

    Үйл зовлонгийн үндэс болсон
    ҮНЭМШИН ТӨСӨӨРӨХ үзлийг л тасалъюу.

  • Д. Энхмаа 2012-02-10 09:05

    Шашин гэдэг үгийг тас мартаад зүгээр л сайн тунгаа. Энд хийсвэр юм юу ч байхгүй, жирийн амьдралыг алган дээр тавьсан мэт ил харж болохоор болгоод өгчихсөн л байгаа хэрэг. Бидэнд талцаж маргалдах шалтгаан байхгүй шүү дээ. Ямар ч үгийг аль ч тал руу мушгиж болношдээ. Хэрвээ ойлгоё гэж бодвол хамгийн энгийн үнэн шүү дээ.

    Шалтгааны урсгал тасраагүй цагт
    Хорвоогийн үзэгдэл зогсох цаггүй.



  • Д. Энхмаа 2012-02-10 09:22

    Баялаг дуусахаар хүний шунал дуусна гэдгийг уншаад, уучлаарай арай л хэцүүхэн дүгнэлт байна даа. Юу ч гэхэв дээ. Хүмүүс үнийг зохиодог, үнэтэй гэж үзэж байгаа зүйлэээ баялаг гэж нэрлэсэн. Ахуй амьдралд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Хэрэгцээг хангах чадамжаар нь үнэлж байгаа хэрэг л дээ. Тэгвэл хэрэгцээ ба ханамж гэдэг хоёр ухагдахууныг хаанаас нь яаж харах өнцгөө л өөрчилчихвөл баас, алт хоёр адилхан үнэлэмжтэй болно. Ингэж хардаг хүмүүс байсаар ирсэн одоо ч байгаа. Хөдөө хээр амьдарч байгаа хүн, үнэтэй хороололд амьдарч байгаа хүн хоёрын хэрэглээг харвал хүн өөрөө хэрэглээг зохиомлоор үүсгэдэг нь тодорхой болно. Зохиомол хэрэгцээ ар араас нь үүсгэхийг бизнес гээд байгаа юм л даа. Тэгвэл өөр төрлийн гэхдээ бүр хүний баясал өөрийн эрхгүй төрүүлдэг, хаашаа ч гарахгүй уг шалтгаанд харгалзсан үнэт хэрэгцээг амтлуулж чадвал материйллаг баялаг аяндаа л үнэ цэнээ алдана.