Зэвхий хүйтэн автобуснууд буудлаа зарладаггүй
Зэвхий хүйтэн автобуснууд буудлаа зарладаггүй
Жил бүрийн эхэнд хотын удирдлагууд иргэдэд үйлчилдэг гол үйлчилгээний байгууллага болох нийтийн тээврийн үйл ажиллагаатай газар дээр нь явж танилцдаг уламжлал тогтоод байгаа. Өнгөрсөн оны нэгдүгээр сард хотын дарга хойд чиглэлийн хэд хэдэн автобусаар зорчин, нийтийн тээврийн үйлчилгээний байдалтай танилцаж, автобусны компаниудын удирдлагуудад тодорхой үүрэг чиглэл өгсөн.
Энэхүү үүрэг даалгаварыг биелүүлж хийсэн ажил, гарсан үр дүн болон нийтийн тээвэрт цаашид анхаарах ямар асуудлууд байгаатай Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг өнөөдөр явж танилцлаа.
Нийслэлийн зүгээс нийтийн тээврийн үйлчилгээнд онцгой анхаарч тулгамдаж буй асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэж байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээвэрт 70 гаруй чиглэлд 1600 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байна. Өнгөрсөн онд нийтийн тээврийн салбарт нийтдээ 45,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний үр дүнд автобус компаниудын санхүү эдийн засгийн чадамж сайжирч, том оврын автобустай 24 компаний 18 нь буюу 75 хувь нь өөрийн гэсэн дулаан гражтай болжээ. Мөн хувийн хэвшлийн компаниуд өөрсдийн хөрөнгөөр 198 том оврын автобусаар парк шинэчлэл хийсэн байна.
Нийслэлийн Засаг дарга нийтийн тээврийн компаниудын үйлчилгээний алдагдлыг бууруулах, чадамжийг сайжруулах үүднээс санхүүгийн дэмжлэг үзүүлэн 4,9 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс шийдвэрлэж өгсөн. Мөн жолооч, кондукторуудын ажиллах нөхцлийг сайжруулах үүднээс 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, автобусны эцсийн 4 буудлыг иж бүрэн тохижуулсан гээд нийслэлээс боломжийн хэрээр үзүүлж буй энэ мэт дэмжлэгийн үр дүнд автобусны үйлчилгээ эрхлэгч компаниуд үйлчилгээний чанар, соёлоо сайжруулахыг хотын зүгээс шаардаж байгаа.
Энэ үүргийн хэрэгжилт хэр байгааг хотын нэгдүгээр орлогч өнөөдөр шалгаж, Офицеруудын ордон-БММЗ чиглэлийн троллейбус, 3,4-р хороолол-Шархад чиглэлийн автобус, мөн Салхит чиглэлийн автобусаар зорчин, үйлчилгээний соёл, иргэдэд үйлчилж байгаа байдал, автобусын цэвэрлэгээтэй газар дээр нь танилцаад Нарантуул зах орж, 32 чиглэлд үйлчилдэг 430 микро автобусны үйлчилгээ хэр байгааг үзэж сонирхсон. Мөн Автобус-3, Автобус-1 компаниар орж, ажил байдалтай нь танилцсан. “Төсөв хүнд байгаа ч гэлээ нийтийн тээвэрт шаардлагатай төсвийг нь өгөх гэж чармайж байгаа. Өмнө нь өгсөн санхүүжилтээр хийсэн ажил, гарсан үр дүн байна. Мөн анхаарах зүйлүүд ч байна. Сая автобусаар явж байхад буудлаа зарлахгүй байна, бас автобус хүйтэн байна” хэмээн хотын нэгдүгээр орлогч онцлоод нийтийн тээврээр үйлчилж буй жолооч кондукторуудын харьцаа, үйлчилгээний соёл, хариуцлага, шаардлагыг өндөрсгөхийг нийтийн тээврийнхэнд үүрэг болголоо.
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэдийн дунд хийсэн судалгаагаар санал асуулгад оролцсон хүмүүсийн 85 хувь нь нийтийн тээврийн ариун цэвэр, тохижилт дунд зэрэг, 62 хувь нь үйлчилгээний соёл, зан харилцаа муу, 98 хувь нь буудлын зарлалт дунд зэрэг гэсэн үнэлгээ өгчээ.








D. Batkhuu 2012-02-06 23:00
Автобусны үйлчилгээ их л муу байна даа. Магтъя гэхээр магтах зүйл үнэндээ олдохгүй байна. Сайжуурлах хэрэгтэй хэдэн зүйл хэлмээр байна. - Жолооч өөрөө дараагийн буудлаа зарлавал зүгээр байна. /эхний буудлаасаа дараагийн буудал яг явах үе буюу зогс ч байхдаа хэлвэл зүгээр байна. Гэхдээ уурласан загнасан зандарсан байдалтай жолооч хэлээд байвал нөгөө бичлэгээ тавьсан нь илүү дээр байх/ Уг нь жолооч зорчигчдод хандан эелдэг, тайванаар хэлвэл зүгээр байна - бас өөрт нь ч хэрэгтэй. - Хэтэрхий удаан автобусны буудал дээр хаалгаа онгорхой зогсч байна. Хэлээд байвал их зүйл байна дөө. Болдог бол манайхаас сургалт ажилчиддаа аваасай. Авах үйлчлгээний байгууллага иргэдэд яаж хандах нь чухал болохыг - өөрсдийг нь ч ямар чухал ажил хийж байгааг нь хэлж өгөх юмсан. Хүн хэлэхээс цаас чичлэхээс гэдэг дээ - Цаашдаа үйлчилгээгээ илүү сайжруулаасай гэж хүсч байна шүү Автобус компаныханд - Амжилт хүсье - Үйлчилгээ нь сайн болоод ашиг орлого нь илүү болох болтугай.