Монгол биш МОНГОЛ ЗАЛУУС
Монгол биш МОНГОЛ ЗАЛУУС
Эртээд ийм нэг ярианы гэрч болсон юмаа, би. Их хурлын нэр бүхий хоёр гишүүн үр хүүхдүүдийнхээ асуудлаар ярилцаж байх юм. Эрхэм гишүүн Э ганц бандийгаа 12-тойд нь Америкт сургажээ. Англи хэлээр ус цас гэнэ. Тэгсэн гайгүй сургууль төгссөний хэрэг нэг л гарахгүй байгаа аж. Эх орондоо ирээд орчуулагчаас өөр ажил олдохгүй байна гэнэ. Тэрбээр "Эхнэр бид хоёр том алдаа хийсэн шиг байна. Монгол хэл, бичгийн боловсрол одоо олгох гэж 30 нас руу явж байгаа хүүхдэд маань том асуудал болоод байна. Гадаадын иргэн шиг байх боллоо. Ядаж албан бичиг монголоор хөтөлж чаддаггүй. Дунд сургуулийг нь энд төгсгөдөг байж" гэж. Өнөөх Б гишүүн нь нас биед хүрч байгаа хоёр охиныхоо зовлонг бас ярилаа. Мань эр хоёр охиноо дунд сургуулиас нь Америк руу аваачаад сургачихаж. Охид нь англи хэлээр ус цас гэнэ. Монгол хэл соёлоор паг гэнэ дээ. Монголоор зөв бичих нь бүү хэл зөв ярих тухайд асуудалтай болчихож. Аргаа бараад англи хэл хэрхэн сурсан аргачлалаар нь монгол хэл бичгээ сургаж байгаа гэнэ дээ.
Монгол хүн монгол хэлээ 20 нас гарсан хойноо сурна гэхээр чинь... одоо ямар байдаг юм бол. Байдаг л байх нь дээ. Бүр зовлон зүдгүүрийн хэмжээнд очсон байх нь. Төрийн хоёр түшээгийн монгол биш болчихсон монгол хүүхдүүдийнх нь зовлон ганц энэ хоёроор тогтохгүй болсонд эмгэнэл нь оршиж байгаа юм. Боломжийн амьдралтай, боловсролтой, соёлтой гэгддэг айл бүрийн хүүхдүүд бага насандаа гадагшаа гарч сурсан нь өнөөдөр тоогоо алджээ. Энэ улсын их том гэгдэж буй улстөрч хүртэл "Америкт л сургууль төгсөөгүй бол хүн биш" шахуу юм ярьж, хандах болсон зэрэг нь энэ мэтэд нөлөөлдөг биз. Их хурлын энэ 76, дээр нь том бага сайдууд, том жижиг дарга нар, компанийн захирлууд... ер нь бүгд л хүүхдээ гадагш нь явуулж сургаж байна. Зөв л дөө. Юм үзэж нүд тайлах хэрэгтэй. "Хор"-оо гаргах хэрэгтэй. Хоёр гурван хэлтэй байж хүн төрөлхтний хөгжилтэй хөл нийлүүлнэ. Монголынхоо хонхорт мод болоод дуусахыг хэн хүсэхэв. Гэхдээ учиртай, ухаалгаар сурч боловсрохыг нь зохицуулахгүй бол хэрмэлүүд болох нь. Цыганууд болох нь ээ, үр хүүхдүүд чинь. Эх оронтой эх оронгүйчүүд, монгол цустай монголгүйчүүд болох нь.
Ийм эмзэглэлээр энэхүү нийтлэлээ эхлүүлж цааш нь баримтаар үргэлжлүүлье. Ц.Нямбаяр гэх багын найз маань зургадугаар ангиасаа Туркийн лицей гэж сургуульд суралцах болов. 1997 онд юм байна. Гуравдугаар эмнэлгийн зүүн талд тийм нэг сургууль байгуулагдсан даа. Ингээд нэг жилийн дараа Турк улс руу нь сурахаар мордов. Тэгээд л сураггүй. Өнгөрсөн жил гэнэт гараад ирлээ. Монголдоо ирээд хагас жил болж байгаа гэнэ. Таньж ядлаа. Нүдний шилтэй болчихож, хөрслөг бор царай нь нимгэрч цайраад хот хүн болжээ. Гаднаасаа лав. Тэгсэн гаднахаасаа илүүтэй доторх нь бүр хүнийшиж гүйцсэн байх юм. Муу гэсэн утгаар биш л дээ. Монголын нийгэмд эзлэх байр сууриараа хүнийшжээ. Монгол эх оронд нь түүнд бараг таних хүн байхгүй болсон юм байх. Яриад суух гэсэн үг хэл нийлэх хүн олдохоо байж гэнэ. Ажил хайгаад явахнаа тэнцэх ажил алга гэнэ. Аваад унших гэхнээ ойлгодог сонин хэвлэл, ном товхимол үгүй байна гэнэ шүү. Өөрийгөө өөр улс оронд ирчихсэн юм шигээр харах болжээ. Гэтэл яах аргагүй Өвөрхангай аймгийн БаруунбаянУлаан сумын уугуул Цэрэнсамбуугийн Нямбаяр гэж монгол хүн, Монгол Улсын иргэн байгаад байдаг. Нөхөр зовлонгоо зөндөө ярьсан. Ярианд нь үнэндээ би гутарсан л даа. Нөхөр маань англи, араб хэлээр мундаг болсон нь тодорхой. Номын мөр хөөж 10 гаруй жилийг тэнд өнгөрөөсөндөө сэтгэл хангалуун байгаа юм ер алга. Ахиад л Арабын ертөнц рүүгээ буцаж тэндээ Азийн сангийн нэгэн нэгжид багахан шиг албаа хаших нь илүү амар байгааг хэлсэн юм. "Монголд би амьдарч чадахааргүй болжээ" гэсэн үгийг салахдаа хэлсэн дээ. Тэр зүг рүүгээ тэгээд явчихсан гэсээн. Тэндээ л шороо пур хийлгэхээс өөр замгүй болсон хүн юм шиг байна лээ. Яагаад гэвэл түүнд эх оронд нь дунд сургуулийн найз нөхөд алга, их сургуулийн найз нөхөд алга, ажиллаж байсан хамт олон гэж алга. Монголд түүний нэрийг ах дүү, хамаатан садан төдийнхөн хэдэн хүн мэдэхээс өөрөөр тэр бол монгол биш Туркийн иргэн. Ц.Нямбаяр маань Турктээ хичнээн хөдөлмөрлөлөө гээд тэрүүхэн тэндээсээ илүү гарахгүйгээ бас мэдэж байна лээ, ярианых нь өнгөнөөс.
Өнгөрсөн зун Мянганы сорилын санд ажиллах гээд бараагүй "америк" залуутай танилцсан юм. Монгол залуу л даа. Бас л бага нас, өсөх насаа Америкт үдээд Монгол эх орондоо иржээ. Тусгаар тогтносон Монгол Улсад бүх бичиг хэрэг монгол хэлээр явдаг болохыг тэр мэдээд, мэдрээд "нам" суужээ. Яагаад гэвэл тэр залууд англи хэлнээс өөрөөр мэдэх хэл, бичиг соёл байхгүй болохоор Монголын нэгэн яам тамгаас ороод ирж буй бичиг хэргийг хараад ойлгох аядах ч хариуг нь барих тал дээр харийн хүн болжээ. Ингээд л монгол хэл, бичгээ сурах ажилд шамдан суралцаж байгаа аж. Аав ээж нь гайгүй алба ажилтай хүмүүс болохоор Мянганы сорилын санд алба хашуулаад дээш нь явуулахаар төлөвлөсөн бололтой. Тийм зорилгын үүднээс монгол хэлээ идэвхийлэн суралцаж байгаа сайн залуу юм билээ, хөөрхий. Монгол хэлийг сурах ч амаргүй дээ. Хэцүү, хатуу хэл шүү дээ. "Та яасан хүдэг хийрхүү хүн бэ" гэж язгуурын монгол хэлээрээ ярихыг насаараа ч эдгээр залуус ойлгохгүй Монголын ирээдүй юм. "Чи яасан ааш муутай хулгайч вэ" гэдгийг ядаж ойлгохтойгоо монгол хэлээ сурчихаасай даа.
Ингээд яривал их "юм" байна аа, Монголын шинэ үеийнхэнд. Тэд маань гадагшаа явж сурч боловсрох л хэрэгтэй. Гэхдээ цаг үеэ мэдэрч, эх оронтой хүн шүү гэдгийг эцэг эх нь эхлээд бодолцож, эргэж ирнэ шүү, ирээд эх нутагтаа амьдарна шүү гэдгийг нь бүр сайн тооцоолж, явах насанд нь явуулж сургаж байвал яасан юм бэ. Америкт 10 настайдаа очиж суралцаад алдар хүндийн оргилд хүрэх нь хэд байх юм бол. Тэр хэрийн потенциалууд хэр олон бол. Тэнд нь нэг дэлгүүрийн менежер хийлгэсээр насыг нь дуусгахаар хүүхдийнхээ ирээдүйг харсан юм уу. Дэлхийд дээгүүр орох баялагтай эх оронд нь эзэн хүн шиг ажиллаж хөдөлмөрлүүлж, амжилт бүтээлтэй, алдар хүндтэй нэгэн явуулахыг аав ээжүүд мэдээж хүсч байгаа даа. Эцэг эх бүхэн үр хүүхдийнхээ ирээдүйг мэдээж сайхнаар л төсөөлж байгаа. Хүсч байгаа. Тийм бол эхлээд эх оронд нь монгол хүн болгож ав. Ядаж монгол хэл бичигт сураг. Эх хэлийг нь сургах хугацаа их удаад 18 нас хүртэл эх оронд нь байлгахад л хангалттай. Их сургуулийг эх орондоо дүүргэхэд 20 нас гарсан төдий байна шүү дээ. Болж өгвөл эх оронд нь хоёр гурван жил ажиллуулчих хэрэгтэй. Ингээд 23, 24 настай залуу гадагшаа явж суралцахад оройтоно гэж үү. Тачигнатал таван жил гадаадад суралцаад эх орондоо ирэхэд дунд сургуулийн нөхөд нь, их сургуулийн андууд нь, ажиллаж байсан хамт олон нь хэдүйн байр сууриа олчихсон байж байна. "Найз минь чи нааш ир" гээд сууж байна шүү дээ. Энэ л таны үр хүүхдийн нийгэмд эзлэх байр суурь юм. Нийгэмд ийм хүрээлэлгүй, ийм өөрийн гэсэн орчингүй бол таны хүүхэд таван их сургуулийг таван тивд төгссөн байгаад ч хэн ч биш юм. Хэн ч биш болцгоож байгааг нь энэ нийтлэлээрээ ойлгуулахыг хичээлээ. Монголын шинэ үеийнхний шинэ зовлон гэж энэ юм даа.








А. САРНЫ ХҮН 2012-01-28 17:33
Гоё!
А. САРНЫ ХҮН 2012-01-28 17:43
Яг үнэндээ тэд чинь орчуулагч ч хийж чадахгүй шүү дээ. Монгол хэлээ мэдэхгүй хүн чинь яаж орчуулах билээ дээ. Манай Биз-ийн захын гишүүний профайлд нэгээс хоёр гадаад хэл мэддэг болох нь бичээстэй байгаа. Харамсалтай нь гадаад хэлийг "гайхамшигтай" сурах зуураа монгол хэлээ мартчихаа юу гэмээр юм бичдэг улс их бий л дээ.
Уг нь асуудал их энгийн л дээ. Хэрвээ таны хүүхэд гадаадад амьдрах бол асуудал алга. Харин эцсийн бүлэгт Монголд амьдрах л бол "монгол"-оор нь байлгах хэрэгтэй. Давуу байдлаа сул тал болгохгүй байх нь чухал гэсэн санаа.
Б. Tөгс 2012-01-28 18:19
ёстой гоё нийтлэл байнаа.Нээрээ л бодууштай, цаг үеэ мэдэрсэн нийтэл юм шиг санагдлаа...
O. OBilgee 2012-01-28 18:20
Миний хамгийн эмзэг сэдэв
Х. Oyunbold 2012-01-28 18:42
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
Х. Oyunbold 2012-02-01 13:41
хазайгаагүй гэхдээ ойлголоо.
Х. Oyunbold 2012-02-01 13:41
би уг нь үнэн юм бичсэн шүү
Ц. Халиун 2012-01-28 18:56
Зев сэдэв .Сэтгэл эмзэглүүлсэн , түгшээсэн асуудал.Манай хүүхдүүд энд Латвид ирэхэд том нь 5-р ангид, дараах нь 2,бага нь цэцэрлэгийн насных байсан.Одоо том нь л овоо монголоор ярьдаг,алдаатай ч гэсэн бичдэг. Бусад нь яг энэ дээр бичсэнтэй адил.Хамгийн бага нь энд терсен .9 настай.Монгол хэлээр ярихад ойлгоод байгаа хирнээ ярьж чадахгүй. Нэг удаа би монгол байж яагаад монголоороо ярьж чадахгүй байгаа юм бэ гээд асууж байна. Багаасаа үргэлж орос хүүхэлдэй , кино үзээр байгаад...ёстой уйлах ч хэцүү, инээх ч хэцүү гэдэг болоод байна даа.Гэхдээ л хэзээ нэг цагт Монголдоо очиж амьдарч таарна. Монгол хэлээрээ ярьдаг болно гэж бодоод явж байна.
C. Mongol zalu 2012-02-01 13:55
haha naad bodood yavj baina gedeg chini hudlaa daa hehe
М. Мишээл Пингвин 2012-01-28 19:45
одоо орос болон бусад гадаад хэл дээр хичээл нь явагддаг сургуулийн хүүхдүүд Монголоор бичиж чададгүй юм байна лээ, Монголдоо байгаа хүүхэд ийм байхад гадаад удсан хүүхдүүд бүр аргагүй дээ....эцэг эхийн л сонгосон зам даа... Мнгол хэлээрээ яриад байхад ойлгохгүй Монгол залууг харж байсаан хэхэ... бас гадаадад гайгүй сурууль төгсөж ирээд гайгүй том ажил хийж байгаа бүсгүй хууль, санхүүгийн хичээл уншаад ойлгохгүй байнаа гэжмбайхыг сонссон..
гэхдээ Монгол хүн юм чинь эх орондоо орчинд нь байхаар дорхноо сурчихдаг юм шиг байнэлээ...
/Аагий гишүүнийг энэ хүмүүсийн нэг байх гэж анх боддог байсан хэхэ/
C. Mongol zalu 2012-01-28 20:50
олон санаа зовж байдаг зүйлсийн нэг ни энэ байна даа. энэн дээр би хэдэн жишээ бас хэлий манай үеэл эгчтэй суусан нөхөр арван жилээ төгсөөд л солонгосруу ажилхаар явчиж тэгээд хэдэн жил ажиллаад ирсэн чини 10н жилийн найзууд ни ч олдохгүй олдсон ни тоохгүй байна гэнэ тэгээд монголоосоо манай эгчийг аваад солонгосруу явж өгсөн дөө монголд найз нөхөд байхгүй дээр ни дээд боловсролгүй ажилд орох боломжгүй учраас амидрал байхгүй гэж шийдсэн юм шиг байгаан монголд байзгүй солонгосд найзууд ни танидаг хүмүүс ни байдаг болохлээр тэнд амидрал байгаам шиг байгаан бас болоогүй ээ 3н хүүхдийн эцэг болцон тэд нар ни одоо жаахан л даа гэхдээ ирээдүйд эх хэлээ мэдэхгүй уг гарвал түүхээ соёлоо мэдэхгүй болж өснө харамсалтай ...
2р жишээ бас нэг үеэл японд байдаг 2 хүүхэдтэй 2 хүүхэд ни бага сургуулийн хүүхдүүд тэд бүгд эх хэлээ мэдэхгүй япон хэлийг эх хэл япон улсийг өөрийн улсаа гэж боддог
3р жишээ бас японд байдаг гэр бүл 15н жил болсон хүүхэд ни 20,17,8тай хүүхдүүдтэй 5,2 настай байхад ни японд дагуулж ирсэн эхэндээ жил болгон монгол явуулдаг байснаа сүүлдээ хичээл сургуули бас уг хүүхэд өөрөө явхийг хүсэхгүй болсон одоо монгол хэлээр яривал ойлгоно гэхдээ уншиж бичиж яриж чадахгүй монгол найз гэж байхгүй япон хүн болсон монгол явна гэж бододгүй
4р жишээ манай найзийн уеэл амралтаараа ирхэд ни уулзаж танилцсан амэрикт төрж өссөн монгол одоо 19тэй монгол хэлээр муу ойлгоно яридаггүй
энэ мэт жишээнүүд ирэх он жилүүдэд улам нэмэгдэнэ гэж бодож байна 2000 оноос гадаадруу гарах монголчууд эрс нэмэгдсэн . гадаадруу гарагсад хувиа хичээж хэдэн бор юм олчих гээд хүүхдүүдээ хэд хүрч байгааг анзаардаггүй өөр дээрээ байлгахийг илүүд үздэг нас ахихаар орчиндоо дасах чадвар буурдгийг мэдэдгүйм шиг байгаан дээр бичсэн Ц.халиун бол бодоод л явж байна гэж байна шуудхан хэлхэд хүүхдүүд ни 10аас дээш настай болоод ирхэд улам л хэцүү болдог юм билээ ийм маш олон хүнтэй таарч явна өвөр
C. Mongol zalu 2012-01-28 20:53
энд нэг юм хэлхэд би 3н өвөр монгол айлд зочилсон тэд бүгд хүүхдээ цэцэрлэгт явуулдаггүй гэрээр монгол бичиг үсэгээ зааж өгөөд ойр байдаг танидаг өвөр монгол айлруугаа байнга очиж тоглож хамт хөгжилддөг юм байна лээ
өвөр монголчуудаас сурах юм их байна лээ шүү
Б. Энхтайван 2012-01-28 21:08
Монгол xүний гайхамшигт ген ингээд xарь оронд уусаад байхаар жинхэнэ Монгол цусний хүн үлдэх үү? Монголдоо насаараа амьдарсан xүн ч гэсэн жинхэнэ эх хэлээ төгс мэдэхээ больсон цаг үе шүү дээ. Эртнээс л хэрэглэж ирсэн Монгол бичгээ сэргээж үзэх цаг хэдийн болсон байх аа Монголчууд аа! Монгол хэл үгсийн санг хэдхэн хэл шинжлэлийн докторуудаас өөр мэдэх хүн ер нь байгаа болов уу даа...
Эх хэлнийхээ үгсийн утга санааг илтгэн бичсэн толь бичигтэй ном гаргах хэрэгтэй гэж би хувьдаа бодож байна. Дэлхийн талийг эзэлж байсан Монголчууд ирээдүйд доройтон мөхөхийг хараад суух уу? Эсвэл Монгол ухаанаар тэмцэх үү? Монгол хүний гайхам ухаан юм юм л бүтээж чадна даа.... :/
Т. Санаа 2012-01-28 22:07
Наадаx чинь юм үзээгүй тэнэгүүд нь тэгдэг юм. Гэтэл гадаадад 20жил болчиxоод монголоороо сайxан яридаг монголдоо xийx юмаа xийж байгаа xүмүүс намайг тойроод л байна. Тэр Амеркийн өнгө гээд нэвтрүүлгийг үзэж байxад яг наад асуудалийн чинь талаар дургүй xүрсэн шүү!!! Xөгширсөн xойноо тэнд очиж 3,4xэн жил болчиxоод монголоороо сайн яриxгүй аялагтай яриад тэнэг юм нар. Дургүй xүрмээр xүмүүс загвартаад байгаа юмуу xаашаа юм.Тиймэрxүү xүний оронцог нар үxэxдээ ясаа тавиx газаргүй тэнээд явцагаан биз.
C. Mongol zalu 2012-02-01 17:09
hehe mini hugshin gadaadad amidral zohiogood uzcheed ingej helee ho
С. Мөнх-Идэр 2012-02-01 17:15
Нил уур хилэн
Г. бямбасүрэн 2012-01-29 01:17
гэхдээ гададад олон жил сураад ирэхэд эх орондоо таних хүнгүй амьдарах гэр бүлгүй найз нөхөд гв бүгд л сайхан гэр бүлтэй амьдрал гь тэгширчихсэн байхад өөр нь таарах олигтой хүн байхгүй хэцүүл юм байдаг шиг санагдсан шдээ
Х. Oyunbold 2012-02-01 20:17
тэр ч үнэн шүү гэхдээ ажиллаад амьдраад ирэхээх хүмүүс таньдаг болноо гэж
9. Gegeen.mn 2012-01-29 06:35
ГАДААД руу гараад 8 жил болчлоо. ХҮҮХДЭЭ бодоод хамт бх хүслээ тэвчээд монголоо голдуу байлгасаан. УУЛ н 3-р анги хүртэл н гадаадад сургасын, гадаад хүүхэд монголоор ярьж бгаам шиг яриандаа аялга оруулж эхлээд хэхэ, дээр н бага ангийн багш биш болохоороо крилл цагаан толгой зааж бн гэж цагийн гарз хийгээд, сүүлдээ бараг амарчлаад монголд үргэлжлүүлэн сургаж бгаам. ОДОО зовлон жаргалыг н хуваалцаж олон сар өдрөөр хамт бгаагүйн гор гарах гээд утсан дээр ярьдаг асуудаг зүйлсийн тоо ч цөөрөөд хөндийрөөд иржаахымаа. АМИНДАА өөрөө монголдоо амьдраx гээ л дасан зохицох гээ л олон жил сараар 2 талд байж үзсүн биш хосын амьдралаа ч алаад бүр утгагүй юм болж бн. 2 газар амьдрал босгоод 2 талд сүлжээ үүсгээд яваад бдг, гийгүүлжийгаа ч юм бгаму гүй юу. ХООРОНД н харьцуулж харах юм их л гарахын, 2 3 нутагтан шиг их л бэлчлээ. НҮҮДЛИЙН шувуу шиг л кк.. НУУРАНДАА 1 ирж өвөлжөө л яах гээд бга н ч мэдэгдэxгүй 2 талд цуглуулсан юмс нохойн замаар ороо л сүүлдээ ч нөхөр гадаадад шингэх шинжийн, би монголоос хань хайдымуу болцон ч явжаах шиг..
ОЛООН жилийн дараа эргээд ирэxэд н хүлээж аваx хэмжээнд бж чадахымуу гүймүү, хол бгаад бхаар 2 өөр зам туулаад хоорондоо ярьдаг, сонирхдог зүйлс н ч зөрөлдөөд, танилын хүрээ н ч зөрчилдөөд тээртэймаа.
ГАНЦ өөрийгөө л барж яваа улс бас ч гэж гайгүй, ганц биеэ гамгүй олон хуваацан улс шууд бүгдээрээ нэг тийшээ ханарна гэж бхгүй болтойм бшдэ. БИ ч яахав худлаа үнэн ирэн очин бсных нүхээ малтаад хөеөгөө бэлдээд шинээр найзалж нөхөрлөөд бж гэхэд надаас бусад маань найз нөхөд хамт олон хамаатан саднаасаа хөндийрөөд удцан байшдээ.
С. Баяр(bayardub) 2012-01-29 07:00
Гадаадад баигаа Монголчууд Монголыг хөгжуулэхгуи гэж ...Эргэн тоироныхондоо хэлээд ад болдог юм. Нэг сэжуурииг ни дээр өгуулж баих шив дээ. Харин Монголдоо баигаанууд нь гадаадад баигаануудаа хэрхэн ашиглахаа мэддэг болоод гадаадад баигаанууд нь дотоодод баигаануудыгаа оилгоод тулах хуч нь болоод ирвэл ч өөр л дөө. Ингэхиин тулд бас л цаг хугацааг туулах бололтои. Гэхдээ туилширан оилгож болохгуи л дээ... Гол нь залуу ирэж буи үеиинхэнии хандлаг нь нэг иимэрхуу болоод л баигаа нь эмзэглуулээд баидаг даа...
Б. Anir 2012-01-31 19:31
Сайхан нийтлэл байна.Хэтэрхий их гадаад хэл гэж шуурахаар тэгээд төрөлх хэл ч байхгүй, үндэсний бахархал ч гэж байхгүй болж байна ш дээ.Хаа сайгүй л алдаатай бичдэг болчихсон.ТВ, сонин нь хүртэл алдаатай юм бичээд байна ш дээ.Ядаж л байгууллагууд хаягаа монголоор бичмээр байна ш дээ.Тэр хятад, солонгосчууд гаднах хаягаа төрөлх хэлээрээ биччихээд дараа нь хоёрдогч хэлээр доор нь бичиж байна.Ядаж л хаягаа чмонголоор сайхан бичиж болмоор л юм даа.
Х. Oyunbold 2012-01-31 20:34
тийм шүү ядаж бүх газрууд монголоор хаягаа бичдэг болбол зүгээрсэн.
М. Мандшир 2012-01-31 21:21
Ёстой нэг зөв сэдэв хөндөж дээ. Энэ бол маш чухал асуудал бөгөөд Монгол хүн болж төрчихөөд түүгээрээ бахархаж явахын оронд яах ч аргагүй ийм байдалд хүрч байвал энэ үнэхээр эмгэнэл.
Бас сүүлийн үед гадаадад хэдэн жил амьдарч байгаад ирсэн нөхдүүд болон манай зарим нэг залуучууд хэлээ мэддэг хэрнээ худлаа хүнд нэг хэлтэй устай болж харагдах гэдэг юмуу яадаг юм яриандаа хэргээр гадаад үг ашиглаад дүйнгитээд байдаг тэд нарт бол их л сургамжтай юм даа. Бас нэмж хэлэхэд Монгол хэл бол үг, утгын яндашгүй их баялагтай агаад ямарч гадаад хэлцийг орлох монгол хэллэг хэд хэдээрээ байдаг юм.
Аялгуу сайхан Монгол хэл
Мартаж болшгүй соёл.
М. Мандшир 2012-01-31 21:32
Бас нэг юм санаанд орчлоо нөгөө Жавхлан нэг ярьж байсан зүйл.
Багш нь англи хэл сур гэхээр нь - би яагаа заавал англи хэл сурах ёстой юм надтай харьцах хүсэлтэй бол тэр өөрөө Монгол хэл сурахгүй юу гэсэн байгаа юм. Мэдээж хэлний мэдлэг амьдралд хэрэгтэй гэхдээ энэ санаа бол бас л бодмоор шүү хэн нэгэн харь нөхөр надтай ярьмаар байгаа бол миний хэлээр л ярь чадахгүй бол яая гэхэв.
Б. Норовсүрэн 2012-02-03 21:30
Монгол биш МОНГОЛ ЗАЛУУС
Эх сурвалж: http://www.medee.mn/main.php?eid=9118
Нийтлэлч: П.Хашчулуун
Б. Норовсүрэн 2012-02-03 21:31
Сайхан нийтэл оруулсан Оюунболддоо баярлалаа.