Оруулсан : Ж. Лувсандорж 2009-10-28 15:44:38

Хуримын ерөөл болон хуримын дэг /орчин үеийн/ - Танд хэрэг болж магад

Зээ
Хуримлагч хосын нэрс
.....................................................
.....................................................
Өвөг дээдсийнхээ ариун голомтыг өртөөлөн залгамжилж
Гал голомтоо бадрааж буй билэгтэй сайхан энэ өдөр
Үгийн сайхнаар ерөөл өргөж
Сэтгэлийн сайхнаар бэлэг барияа
Эцгийн ариун голомтыг
Ган тулгандаа бадрааж
Золгон учирсан энэ өдрөөс
Сэтгэл итгэлээрээ хайраа тэтгэж
Хазайсан газар нь нэгнээ түшиж
Хальтарсан газар биесээ тулаж
Нэгэн бие мэт нийлсэн сэтгэлээрээ
Насан буянаа тэгшитгэж яваарай.
Өвгөдийн шийрлэсэн хасагт тулганд
Өөдөө цоролзсон галаа өрдөж
Өрхөн дээр цугласан
Долоон бурханд
Өлгийтэй үрийнхээ дууг сонсгохоор
Өнөр өтгөн сайхан айл болоорой.
Ургийн холбоо батжих болтугай
Удмын өлзий дэлгэрэх болтугай
Нарт хорвоогийн буяныг эдэлээрэй
Насан туршид хамтран жаргаарай.
Амраг хосын эвийн сэтгэлээс мандсан
Алтан шаргал зүстэй наран юм шүү
Аавын охиныг түшиж жаргана гэдэг чинь
Алаг эрээн хорвоогийн жам л юм шүү
Энхрий хосын янаг зүрхнээс ургасан
Ээдэм цагаан өнгөтэй саран юм шүү
Ээжийн охиныг түшиж жаргана гэдэг чинь
Эргэх цэнхэр дэлхийн жам л юм шүү
Хайртай хосын аясыг дагаж эргэсэн
Хатан сүйхэн хээтэй орчлон юм шүү
Ханийн энгэр түшиж жаргана гэдэг чинь
Ханагар баян амьдралын жам л юм шүү
Уйлах инээх хоёрт цугтаа байж
Унах босох хоёрт хамтдаа байж
Үрсийнхээ дуунд хайрын илч нэмэгдээд
Өргөө цагаан гэртээ төвшин жаргаарай
Зочидод хандсан
Ховор эрдэнийн үнэтэй
Залуу сайхан нас
Хосоор амьдрах жамтай
Замбуу тивийн ёс
Урьсан бидний ураг батжиж
Уригдсан зочдын өлмий бат оршиг
Насанд энхжин, жарган дэлгэрэхийн
Хишиг буян, ерөөлийг айлтган
Наран хотолсон халуун голомтдоо
Хүндэт зочдоо өөдөө залъя!
Хуримлагч хос-д хандсан
Өвөг дээдсийнхээ ёсыг дагаж
Өөдөө ассан галаа бадрааж
Өрх гэрийнхээ үүдийг татаж
Өлгийтэй үрийнхээ дууг сонсохоор
Айл болж буй .......
Тоонот гэрээн барьж
Тогтуун жаргалтай амьдарюү
Тулгандаа галаан бадрааж
Түвшин жаргалтай амьдарюү
Өргөө гэрээн барьж
Өнөд жаргалтай амьдарюү
Үүрдийн ариун хайраар
Үрсээ өсгөн мөнхөрюү
Хуримын дэг
Бэлтгэл ажил:
Микрофон, аппарат, камер,
хэлэх үгс, шилдэг ширээний шагнал
Хуримын дуу, гэр бүл, аз жаргалын тухай дуу, бүжгийн ая
Зурагчин, зураглаач, дуучин, хуурч бэлтгэнэ
Эхлэл:
Суудлын төлөвлөгөө гаргана.
Ширээгээ зассан байна
Зочидоо угтан авч, ширээнд нь урьж суулгана. /2-3 охид/
Ширээ бүрийн сөнчийг сонгоно.
Хүн бүрт цайгаа барьсан байна
1. Ерөөл хэлнэ
2. Морин хуур
Уртын дуу /жавар үргээнэ/ /дууч, хуурч/, Энэ үед ширээ бүрийн сөнч нь хундага дүүргэх ёстой
3. Анхны хундага
4. Хүлэлцэн ирсэн хүндтэй хүмүүсийг танилцуулна.
5. 2 талын аав, ээжүүд нь сургаалиа хайрлана
6. Хундага өргөнө
7. Зураг даруулах үйл ажиллагаа, зурагчин ажиллах хэрэгтэй /нийтээр/,
Энэ үед хоолыг зөөнө.
8. Зочидоо зоогонд урина
9. Аяны дугараа /ээлж дараагаар/
10. Хуримын бэлэг, сэлтээ гардуулна
/Төрөл төрөгсөд, Найз нөхөд нь өөрсдийгөө танилцуулж
Хуримлагч хосдоо захиас сургамж, сэтгэлийн үгээ хэлнэ/
11. Хуримын хос маань төрөл төрөгсөд, найз нөхөддөө сэтгэлийн үгээ хэлнэ
12. Аяны дугараа /Хуримын хос ширээ бүр дээр очиж, хундага өргөнө/
13. Бүжиг
14. Ширээ бүрийн хооронд тэмцээн /дуу, шүлэг, бүжиг, ерөөл, магтаал/
15. Ширээнүүдийн хүмүүсийг сольж суулгана. Хүмүүсийг танилцуулна.

Сэтгэгдлүүд


  • Н. Хишигсүрэн 2009-10-30 12:10

    хөөх мэдэж байхад дараа хэрэг болно байхдаа баярлалаа

  • Б. О Ю У 2009-10-30 12:33

    ~ Баярлалаа хэрэгтэй мэдээлэл байна.

  • Б. О Ю У 2009-10-30 12:35

    Хуримын найран дээр хүүгийн эцгийн хэлсэн үг

    Эрхэм хүндэт ах дүү төрөл төрөгсөд,
    Хүндэт худ ураг, найз нөхөд,
    Хайрт хүү, бэр

    Та бүхнийхээ энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж хүү бэр хоёрынхоо хурим найрын баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

    Миний хүү _________________ Хүндэт бэр __________________ нар маань өлзий дэмбэрэл бүрдсэн намрын дунд сарын _____________ энэ ерөөлт сайхан өдөр хэдхэн хормын өмнө төрдөө бүртгүүлж, хууль ёсны гэр бүл болсон, хүмүүний амьдралд хэзээ ч үл мартагдах энэхүү баярт үйл явдлыг бидний хамгийн хүндтэй ойр дотны хүмүүс болох та бүхэнтэйгээ хамтран тэмдэглэхээр саруул сайхан энэ танхимд та бүгдийгээ урин залсан юм.

    Ирээдүйн амьдралаа төвхнүүлж, гал голомтоо бадрааж байгаад аав ээж 2 чинь чин сэтгэлээсээ баярлаж байна. Юм гэдэг дандаа санасан хүссэн мөрөөдсөнөөр болохгүй ээ, амьдрал баян, байнга шулуун дардан зам ч тааралдаад байдгүйг бодож аливаад ухаалаг, хүлээц тэвчээртэй хандаж, голч шударга чиг шугамыг амьдралынхаа зарчим, хэм хэмжээ болгож байх нь чухал шүү.

    Сурч мэдэхийг эрхэм зорилгоо, хийж бүтээхийг ариун үйлсээ болгож нийгэмд эзлэх өөрсдийн байр сууриа зөв олж нэртэй хүндтэй явах шиг бахархалтай зүйл иргэн хүнд байдаггүй юм шүү.

    Айл гэрийн амьдрал өөдрөг байх нь гэр бүлийн нөхөр эхнэр 2-ын өөрсдийнх нь хичээл зүтгэлээс ихэнхдээ шалтгаалдаг юм.

    Бие биенээ хайрлан хүндэтгэж, нэгдмэл санаа нэг зорилготой амьдарч, өвлүүлсэн багахан өв, өөрсдийн бүтээх чадвартаа түшиглэн айл гэрийг авч явахад гэрийн эзний үүрэг илүү их гэдгийг санаж явахыг хүүдээ, гэр бүлийн дотор халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж эвтэй найртай байлгахад айлын журамт эзэгтэй, эх хүний нандин мэдрэмтгий, уян зөөлөн харьцаа чухал байдгийг хүндэт бэрдээ хандаж аав ээж 2 нь зөвлөн сануулья. Хүүхдүүдийн маань ирээдүйн амьдрал гэрэл гэгээтэй, үеийн үед бат цул нэгдэлтэй байж үрээр өнөр, үндсээр арвин, үйлс бүтээлээр баян, дүүрэн баяр, түвшин жаргалтай байхын өлзтйтэй ерөөлийг өргөн дэвшүүлж аав ээж 2 нь алд цэнхэр хадаг, амсар дүүрэн мэлтэлзэх ариун цагаан сүүгээрээ 2 хүүгийнхээ аз хийморийг мялаая.

    - Хурим найраа хийж байгаа 2 хүүхдийн минь хойшдын амьдрал баяр цэнгэл, аз жаргалаар ямагт бялхаж байх болтугай.
    - Хуран цугласан хоёр талын ах дүүс та бидний ураг төрлийн ариун холбоо улам бүр батжин бэхжих болтугай.
    - Төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан байхын ерөөлийг Та бүхэндээ өргөн дэвшүүлж баяр найрын энэхүү хундагыг бүгдээрээ тогтоон болгоохыг хүсье.

  • Б. О Ю У 2009-10-30 12:36

    ~ Энэ ерөөлийн үгнээс бас хэрэгтэй үг байвал аваарай :)

  • Д. Энхбаяр 2009-10-30 13:01

    Хэзээ нэгэн цагт хэрэг болох юм байна баярлалаа хэвлээд наагаад цээжлэнээ хэ хэ

  • Ц. Сүхбаатар 2010-03-24 13:39

    Өө баярлалаа тун хэрэгтэй мэдээлэл байна. Удахгүй хэрэглэх юм байнаа

  • Б. { Э м а } 2012-01-06 17:09

    хэрэгтэй мэдээлэл байна




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold