Охины минь дурлах залууд илгээх захидал
Х.Болор-Эрдэнэ
Сайхан цэцгийг ургуулах гэж цэцэгчин хүн сар, нар, ододыг шинжин, өөрийгөө умартаж, ямх ямхаар дээшлэх ишийг нь энхрийлж, навчыг нь чийглэж, дэлбээлэх анхны нахиаг нь өхөөрдөн ширтэж суудаг гэсэн. Би бол цэцэгчин хүн. Харин надаас тасарч, сэтгэлээс бүтсэн энэ цэцэг одоо өөр гэрэл рүү тэмүүлж байна. Эгдүүцэн байж ургуулсан энэ эмзэгхэн нахиа ямархуу гоо үзэсгэлэнтэй цэцэг болон дэлгэрч байгааг чи одоо бахдан харж байна. Анх харахдаа л чи түүнд минь татагдсан бол түүнтэй үүрд үргэлжлэх болно гэдгийг сайтар тунгаагаарай. Тэгээд мянган жил ч байсан чиний тэр бахдал чамд аз жаргал хэвээрээ байна гэдэгт итгэлтэй байгаа бол түүнд минь гараа хүргэж болно. Харин тэгж бодож байхдаа эвшээлгэх юм бол чи өөрийгөө андуурсан гэдэгт итгэ. Тиймээс анзаараагүй мэт царайлаад цааш явж одоорой. Түүнд минь горьдлого төрүүлэх хэрэггүй. Тодорхойгүй эхлэлийг тавиагүй л бол аз жаргалгүй төгсгөл ирдэггүй юм.
Чамайг хайрлаг гэж би энэ жижигхэн хайрыг төрүүлсэн юм. Тэр хайрыг анзаараагүй өнгөрдөг байлаа ч нэгэн цогтой, халуун зүрхний гүнд маш олон жил чи хадгалагдах болно.
Чамайг хадгалж, нандигнаг гэж би энэ ариухан сэтгэлийг ургуулсан юм. Агаарын салхи, амьдралын салхи, анхны хайрын салхи охиноос минь төгсгөлгүй ундарч байгааг чи нэгэнт мэдсэн бол түүнийг минь битгий ширгээгээрэй. Битгий уйлуулаарай.
Нарны гэрэл нэвт харагдам бяцхан хуруугаа эсгэчихээд дуслах цусыг нь гайхан хараад “Ээж ээ, энэ юу вэ?” хэмээн асуусан тэр өдөр би огт танихгүй чамайг бодож зогссон юм шүү. Тэгээд үрийнхээ биеэс урссан тэр халуун шингэнийг угаалтуур луугаа дусаачихаад хамаад авчихаж чадахгүйдээ халаглаж байлаа. Харин чи тэгж чадаж байна уу?
Чамайг хайрлаж байгаа энэ бяцхан халуун ертөнцийг би өөрийнхөө хайраас тасалсан юм. Тэр хайр нүдэнд үл үзэгдэх хэрнээ зүрхийг минь шатааж байлаа. Шатам халуун ертөнцөд минь хаалга, үүд гаргах гэж надаас энэ охин ургасан атлаа яг одоо гагц чиний төлөө л үхэхэд бэлхэн зогсож байна. Надаас тасарсан хэрнээ чам руу тэмүүлж, намайг дуурайсан хэрнээ чамайг хайрлаж байна.
Ялимгүй омголон боловч энхрий зөөлөн сэтгэл түүнд минь бий. Шазуур зууж харагдах боловч дотроо нулимс үерлүүлж, шантгар зөөлхөн хамраараа хайр нэхэж байгааг нь би мэдэж байна. Чи түр зогсоод духан дээр нь үнс. Чимээгүйхэн эрүүг нь өргөөд уруулыг нь үнэрлэ. Ингэхийг чамд л би зөвшөөрч чадна. Инээмсэглэснийх нь дараа надад чи талархах болно.
Хэзээ ирэхээ мэдэгдэхгүйгээр чи хаашаа ч битгий яв. Мөч, хором, цаг бүхний тоогоор тэр минь чамайг хүлээх болно. Тийм их хүлээлтийн цаана тоолж боломгүй горьдлого, тийм хэмжээний гомдол буцалж байдаг юм. Тэгээд эргээд ирэхэд чинь дүрэлзсэн их гал саваа нэгэнт хальж, дөлгөөн уярангуй зан хөлдөж ширгэсэн байх болно.
Чамайг тийм халуун галд шатаж, тийм хүйтэн мөсөөр хайруулаасай гэж би хүсэхгүй байна. Миний тарьсан цэцгийг муухай болговол махчин ургамал ч болж чадах. Харин хайр, гэрэл хоёроор тасралтгүй тэтгэж чадвал чиний дулаан тавлаг гэр орон мэт байж чадна.
Тэрний нулимсыг арчих тоолондоо дотроо уйлдаг байсан ээж нь ганцхан чамд зориулан энэ мөрүүдийг тэрлэж байна. Хацрыг нь хорстол алгадаж ч үзээгүй хамгийн нандин дэлбээгээ одоо чиний мэдэлд шилжүүлье.
Гараа сайтар угаагаад хаттал нь арччихаад нарны гэрэл элбэг хүрэлцэх тийм л газар луу түүнийг минь зөөгөөрэй. Тэр чамд яг л өөр шигээ олон үзэсгэлэнт цэцгийг ургуулж өгөх болно. Тэднийг ч бас яг түүн шиг минь халамжлаарай. Ингээд чиний ачаар би ч бас цааш үргэлжлэх болно.
/*Би бид хоёр* номноос.../







Т. Батжаргал 2009-11-09 15:18
Үнэхээр сайхан бичиж ээ.
Охин минь, эсхүл охин дүү минь суух гэж буй хүнээ дагуулаад танилцуулах гээд ирэхэд нь, тэр залуугийнх нь нүүрэн дээр "Төгс төгөлдөр залуу" гээд биччихсэн байсан ч би лав ширүүхэн хараад л өнгөрнө...
Э. Мөнхтуул 2009-11-09 18:29
Уруул минь өмөлзөөд, сормуус минь нороод л ирлээ...
Тодорхойгүй эхлэлийг тавиагүй л бол аз жаргалгүй төгсгөл ирдэггүй юм.
Б. Мөнгөнцэцэг 2009-11-10 15:38
whahaha. tgd zad asgarahgui yagaav...
Б. Мөнгөнцэцэг 2009-11-10 15:38
whahaha. tgd zad asgarahgui yagaav...
Б. Цогзолмаа 2009-11-10 02:48
Би бол цэцэгчин хүн. Хамгийн нандин дэлбээгээ одоо чиний мэдэлд шилжүүлье... ёооо гоё бичих юмаа.
С. Бэгзсүрэн 2009-11-10 12:40
Хүний охин үрийг жаргааж чадахгүй юм бол авч суугаад хэрэггүй жаргаах нэг нь л гэргийгээ болгог.
Б. Мөнгөнцэцэг 2009-11-11 09:50
good. heregjuuleere ho.
У. Уранчимэг 2009-11-13 21:51
tiim shuu sanal jaraaj chadhaguin bol avj hanilj zaluu nasiin urj yadiin
Н. Хишигсүрэн 2009-11-10 12:58
үнэхээр сайхан захиас байна хүн бүхэн уншаасай
T. Manda 2009-11-11 09:57
Үнэхээр сайхан зүйл бичжээ. Хөвгүүддээ заавал уншуулнаа хэхэ
B. Anu-Ujin 2009-11-10 18:03
Молорт баярлаад баршгүй , тэгээд давраад дараагийнхий ни хүлээнэ шд
B. Anu-Ujin 2009-11-10 18:12
Эгдүүцэн байж ургуулсан энэ эмзэгхэн нахиа ...?
Г. Наранболд 2009-11-10 18:15
Б.Энхтуяа
Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл,
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна!
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлжтүүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла!
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо!
Зөөлөн булбарай хурууг нь зүүутастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла!
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла!
Охин үрээ хайрла!
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла!
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла!
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл!
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл!
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно, зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла!
B. Batgerel 2009-11-11 15:25
гоё шүлэг
Y. Хишгээ ( ♥ teamguin) 2009-11-10 19:30
ямар гоё юм бээ бүр уярчихлаа кккк
B. Naayaa 2009-11-11 11:11
Үнэхээр гоё бичжээ.. Яагаад ч юм "Хэзээ ирэхээ мэдэгдэхгүйгээр чи хаашаа ч битгий яв. Мөч, хором, цаг бүхний тоогоор тэр минь чамайг хүлээх болно. Тийм их хүлээлтийн цаана тоолж боломгүй горьдлого, тийм хэмжээний гомдол буцалж байдаг юм. Тэгээд эргээд ирэхэд чинь дүрэлзсэн их гал саваа нэгэнт хальж, дөлгөөн уярангуй зан хөлдөж ширгэсэн байх болно." энэ хэсгийг уншсан чинь
Өвөл болон ус хөлдөхөд
Хүйтэнд тэврэн дулаацуулана гэчээд
Өвөртлөхгүй намайг дааруулаад байхаар нь
Хөлдөөд хайлаад би нуур болчихсон
Намар болж орхин нисээд
Нуурандаа буцаад ирнэ гэчээд
Удаад намайг хүлээлгээд байхаар нь
Ууршаад би бороо болчихсон
Бүрхэг өдөр бороо асгарахад
Шүхэрэн доор хамтдаа зогсоно гэчээд
Бороо зогстол ирэхгүй болохоор нь
Шаргал наранд би солонго болчихсон
Долоон өнгө тодорсон солонго гарахад
Хоёулаа цугтаа бүхнийг эхлэнэ гэчээд
Дугарсан үгэндээ эзэн болохгүй болохоор нь
Хагацаад би дурсамж болчихсон
шүлэг санаанд ороод...
9. Gegeen.mn 2009-11-11 12:40
ер нь яагаад эр эм гэлтгүй бусдаас их юм горьдох ёстой гээд ойлгуулчдын болаа.
эрт дээр үед ингэж нялцаганаж, элдэв юм нэгнээсээ нэхдэггүй, тэгсгээд л аав ээж нар нь удам судрыг нь харж байгаад хоорондоо эвлээд суу гэчихдэг, нээх тийм хайр дурлал, харилцан эрхлэлцэх, гуйж гуйлгах гэж юм мэддэггүй байсан юм шиг санагдаад байдышд xа xа. Тэр цагийнхан нөгөө тунгалаг тамирын Эрдэнэ, Долгорорхуу л санагддышд. Одоо цагт Америк кинуны Холливудын жүжигчид шиг л байх гэж хичээдэг болж дээ. Аав ээж нар маань л лав Лааны гэрэлд оройн хоол зооглох мэтийг хэзээ ч сэтгэж байгаагүйм шиг харагддышд.
орчин үе өөр болжээ, охид гэдэг нэлээн нарийн ажиллагаа, анхаарал халамж шаардсан, гуньдаг туньдаг, эрхэлдэг элдэвлэдэг, гуйдаг нэхдэг, гомддог уурладаг, айлгадаг аашилдаг, горьддог гоёдог ... ёооё би л лав орчин цагийн эр хүн байсан бол залхуу хүрээд одиноороо л гүйж явах байсан байхаа. xи xи.
S. АСААНЖ 2009-11-12 09:42
Один-роо байгаа шалгааныг минь бараг л олоод хэлчих юм да гэж.Гол нь хүмүүжил шүү дэ
Б. Уламбаяр 2009-11-12 09:43
xarin tx, engiin uuriinxuuruu bmaar bxiin...getel tsaad xumuu xni shaardaad bxiin, hehe
B. Enkhtuul 2009-11-11 23:56
Батжавхлаан ёстой гоё болсон байна...
В. Баярсайхан 2009-11-12 09:34
Би бид хоёр гэж их сайхан ном бололтой.
М. ПУНЦАГ 2009-11-12 10:02
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
М. ПУНЦАГ 2009-11-12 10:02
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
О. Алтансувд 2009-11-12 13:54
Охинтой эх хүний зовнил гэж. Үргэжл түгшүүртэй хэрнээ жаргалтай ч юм даа. Охин минь насанд хүрлээ ямар хүнээр хайрлуулж яаж энэ хатуу амьдралд хөл тавина даа
Н. Хишигсүрэн 2009-11-12 16:02
*Би бид хоёр* номыг олж авах юмсан. их сайхан ном байгаа байхдаа
Г. Наранболд 2009-11-12 16:27
Зохиогч нь өөрөө юм байна ш тээ мундаг хүн байна шүү.
Н. Хишигсүрэн 2009-11-13 13:35
аан Наранболдоо сэтгэл гаргасанд баярлала
Б. Наран 2009-11-13 13:26
Уншихад их сайхан байлаа. Охин үртэй хүн хорвоогийн бүх л юмнаас түүнийгээ харамлах сэтгэл төрөх юмаа. Ялангуяа хатуу хорвоогийн нугачааг туулна гэхээс дэргэдээсээ холдуулмааргүй. Амьдралын нугачааг бүдрэхгүй туулах аргыг л жаахан сэтгэхүйд нь суулгах юм сан. Миний охин ч жаахан л даа. Гэхдээ нэг л өдөр том болно. Амьдралд наана нь яаж бэлдэх вэ? гээд л бодол хөвөрнө. Сайн ханьтай учраад түүнийгээ сайн ойлгодог байвал хосын хорвоог бүдрэлгүй туулах болвуу? Эмэгтэй хүний ухаанаар л айл явдаг шүү дээ. Энэ талаар бичиж өгөөч гэж захиалвал яах бол?
H. АннА ღ◕‿◕ღ 2011-10-15 12:50
Хүүгийн минь дурласан эмэгтэйд бичсэн захидал Уул сүүдэрлэж, тэнгэр баганадсан том эр хажууд чинь суугаад өөртөө баймгүй намуухан дуугаар чамд эв хавгүйхэн бүүвэйн дуу дуулж өгч байна уу? Тэр чинь миний хүү. Ийм том эрийг төрүүлсэн ээж нь одоо эрхийхэн чинээ жижигхэн хүн болчихсон гэвэл чи итгэх үү? Үрийнхээ даахьтай зулайг үнэрлэнхэн энхрийлж, өөдсийн чинээхэн хөлийг нь төөлөн сууж байсан тэр л ээжээс бүсгүй чамд ийм нэгэн зурвас илгээхээр шийдлээ. Ханхар том мөрийг нь налаад, хажууд нь эрхлэнхэн суугаа чи хүссэн бүхнийг чинь гүйцээх ийм нэгэн залуу дэргэд чинь мөнх амьдарна гэж итгэдэг үү? Итгэж болно оо. Гэхдээ тийм удаанаар хайрлуулж чадах ухааныг ганцхан бүсгүй хүн л олж чаддаг юм шүү. Наад мөрийг чинь ийм том болсныг, чи хүртэл бүтнээрээ багтчих шахам тийм ханхар болсныг харин ганц л хүн хүлээн зөвшөөрч чаддаггүй юм. Тэр бол ээж би. Тэр том мөр төө хүрэхгүй жижигхэн байхад, энэ том эр тохой хүрэмгүй бяцхан байхад ээж нь ургийн сүүгээрээ нүүрийг нь арчиж, уртын дуугаар бүүвэйлэн хурайлсан юм. Үр минь нэгэн цагт өсөж том болно. Өөр нэгэн бүсгүйг ижийгээсээ илүү хайрлана гэдгийг тэгэхэд л би ойлгосон. Гэвч чамаас харамлаж байсан удаа нэгээхэн ч үгүй. Надаас авсан тэр их хайраар чамайг л гагц бүтэн хайрлаасай гэж, надтай өнгөрүүлсэнээс илүү жаргалтай цаг хугацааг чамтай л гагц элээгээсэй гэж хоног өдрийн уртад зальбиран зальбиран хурайлсан юм. Хол ойрын зайд санан санан ерөөсөн юм. Хүү минь хүний бүсгүй үрийг хожим нэг гомдоох вий гэхдээ ээж нь өдөр бүр заан сургаж, эндэгдэл бүрт нь эмнэж өгдөг байлаа. Хүзүүнийх нь хонхорхойд хэлээ дүрэн гижигдэж, хөлийнх нь улыг өхөөрдөн илж суухдаа бүсгүй чамайг нэг бус удаа санаж л суусан юм. Үр минь өлсөж чадна, бас өвдөж ч мэднэ. Хад чулуугаар хийгээгүй юм шүү гэж хайртай ээж нь чамд сануулъя. Хат суух яагаа ч үгүй байна. Хааяа ч гэсэн аргадаж байгаарай. Бүсгүй хүн омголон доо омголон. Би өөрөө ч тийм л байсан. Уурлаж тунирхаж бололгүй яахав, эрчүүд гэдэг мартамхай улс даа. Уулзах цагаасаа хоцорч, ууж наргиж ганц нэгхэн явж мэднэ. Уучилж нэг л удаа өнгөрүүлээрэй. Урьдчилж заавал тэрнийгээ сануулаарай. Ход ход инээн үнэгчилж, хоёрхон сартайдаа ижийгээ нэг их баярлуулж билээ. Тэр өдрийг хүртэл хүү минь нүдээ ч бүтэн нээлгүй, өсөж хурдхан том болох гэж өдөр шөнийн уртыг унтаж бардаг байсан юм. Ганганаж ганц нэгхэн үг хэлдэг байхдаа гараа өхөөрдмөөр тосож ирээд "Надаа" гэж гуйж байсныг нь мартаж яаж ч чадах билээ. Энэ орчлонгоос, бас ээжээсээ амьдрал гуйж тийнхүү алгаа тосож байхад нь би хожмын гэрэлт өдөр учрах бүсгүй чамайг бас л санаж билээ. Алгаа тосон хайр гуйж байгаа хүүд минь хэн нэг нь хатуурхаж бүү хараагаасай гэж, шоолж битгий элэглээсэй гэж ээж нь тэгэхэд зальбирч байсан юм. Ирээдүйг нь гэрэлтэй сайхнаар төсөөлж суусан юм. Харин чи тэгж чадаж байна уу? Хүү минь хэрвээ алгаа тийнхүү тосож байвал хүүхэн үр минь чи гараа бүү харамлаарай. Хайраа бүү нуугаарай. Ганцхан л удаа гуйдаг юм шүү, эр хүн чинь. Ганц л бүсгүйг мартахгүй санаж явдаг юм шүү. Тэр нь чи байгаасай. Чамайг би гэрэл гэж нэрлэе. Миний л хүү чамайг хайрласан юм чинь чи энэ орчлонгийн хамгийн сайхан нь байж таарна. Миний л хүү чамайг сонгосон юм чинь чи надаас ч илүү үнэтэй байж таарна. Тийм үнэт эрдэнэ хүүд минь олдож, тийм сайхан гэрэл хүүг минь гэрэлтүүлж байвал би ч бас жаргалтай явах болно. Харин тэр их гэрэл үргэлж асан дүрэлзсээр байвал түймэр болон дэгдэнэ. Тэр түймэрт хажууд чинь хамгийн ойрхон суугаа хүүгий минь зүрх ч бас хорсож түлэгдэх нь гарцаагүй. Нэг л удаа түлэгдэж орхивол зүрхэнд нь үрчлээ суучихна шүү. Үрчлээтэж, нэгэнт түлэгдсэн зүрх дахин чамайг урьдынх шигээ хайрлаж чадна гэж би бодохгүй байна. Тиймээс өргөс шиг үгээр дандаа бүү шив, өрвөлзөж өөлсөн нүдээр үргэлж бүү ширвээрэй. Тэвчиж бүр болмооргүй шиг байвал эхлэл дээр нь орхиорой. Эргэж битгий хараарай. Эмзэг залуу зүрх нэг л удаа дурлана биз, яадаг юм. Энэ яваа насандаа чамайг л ганц бодно биз, яахав дээ. Хүүгээ би уул гэж нэрлэе. Хамгийн өндөр ууланд ч сүүдэртэй тал байдаг юм даа. Хаана нь удаан зогсохоо чи өөрөө л шийднэ. Даараад байвал нар туссан энгэр дээр нь оч. Цэцэгс найгаж, эрвээхэй хөөцөлдсөн тийм сайхан нугыг хүү минь чамд үзүүлнэ. Ширхэг үндэс бүрийг нь ээж нь тарьж өгсөн юм шүү. Шинэхнээрээ байгаа дээр нь амжиж эрхэлж ав. Үүнийг чамд л зөвшөөрч чадна. Халууцаж бахардаад байвал сүүдэрт нь түрхэн зогс. Хааяа нэгхэн үлээсэн сэрүүхэн салхийг мэдэр. Тэр салхи заримдаа их ухаарлыг үлдээдэг юм. Тэгж бас үзсэн болоод л би бүсгүй хүнийхээ хувьд чамд үүнийг тэрлэж сууна. Онголж тахисан тэр нарлаг уулын орой нь дэндүү өндөр дөө, дээр нь бүү зайдла. Бүсгүй хүн уулыг зайдалдаггүй юм. Арга билгийн орчлонд аядуухан л байсан хожино доо. Аальхан хонгор зан аль л хатууг зөөллөнө дөө. Хүүгий минь тэргүүнд чи гараа хүргэж болно. Хөмсөг нүдийг нь үнсээд эрхлэн жаргаж болно. Хүзүүн дээр нь л бүү зайдлаарай, нүгэл гэлцдэг юм билээ. Хийморь юуг нь гамнаарай, хожим чамд л хэрэг болно. Өрх гэрийнхээ тоонон дээр нохой ч гаргахыг цээрлэдэг өвгөд минь тэгж захисан юм шүү, учир байж л таарна. Энэ бүхний эцэст би уул шиг том болсон хүүгээ чамд өгье. Ээжийгээ санан бэтгэрч, энгэрт минь нүүрээ нуудаг байсан жаахан хүү минь одоо бүхлээрээ чинийх боллоо. Үзэсгэлэнт нугад нь өөр шигээ олон олон цэцэгсийг ургуулаарай. Сүүдэрт нь суугаад өөрийнхөө их гэрлээс жаахныг ч болсон тусгаж бүлээцүүлээрэй. Тэр гэрэлд чинь би ч бас бүлээцэн жаргая. Тэмүүлэл мөрөөдөл бүхнийг чинь хүүтэйгээ хамт биелүүлье. X.Болор-Эрдэнэ