Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

Цаг тоолол ба хүн төрөлхтөн түүнийг хэмжихүй Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Чөлөөт сэдэв , Э. Уянгабилиг 2009-12-24 17:36 нэмсэн. 2 хариулттай

Блогууд уншиж яваад мэдүүштэй нэг бичлэг олсноо хуваалцахаар шийдлээ. Хүмүүсийн оруулсан сонирхолтой бичлэгүүдийг уншаад байгаа болохоор өөрөө бас оруулж, мэдлэгээ солилцох хэрэгтэй гэж боддог юмаа.

Хүн төрөлхтөн аль эрт дээр үеэс цаг хугацааг тоолж, хэмжиж ирсэн билээ. Гэхдээ яг хэдий үеэс цаг хугацаа гэдэг ойлголтыг гаргасан, хэрхэн хэмжиж тоолж эхэлсэн талаар одоо хүртэл түүхчид маргалддаг. Лавтай мэдээллээс хүн төрөлхтөн цаг хугацааг “сарны тооллоор” хэмжиж эхэлсэн байна. Учир нь сар ямагт хэлбэр дүрсээ байнга өөрчилдөг учир түүнийг ажиглах, тоолж хэмжихэд илүүтэй хялбар байдаг аж. Ийм ч учраас маш олон улс гүрэн, үндэстэн ястанд сарны тоолол өргөн тархжээ.

Гэхдээ сарны мөчлөг 29.5 хоног байдаг болохоор хагас өдөр нь хоёрын сарын дотор бүтэн хоног болдог учир “засварын програм” хэрэгтэй болж, өөр өөрийн аргачлалаараа энэ “алдааг” засварладаг болсон юм.
Жишээлбэл монгол зурхайд илүү хоногтой сар, илүү сартай зун хэмээх ойлголтуудаар үүнийг засварладаг аж.

Хүн төрөлхтөн сарны тооллоос гадна “нарны тоолол”-ыг давхар ашигласаар ирсэн билээ. Нарны “засварын програм” нь сарныхаас тун бага. Манай цэнхэр дэлхий маань нарыг нэг бүтэн тойрохдоо 23 цаг 56 минут 04.090504 секунд зарцуулдаг (NASA – Үндэсний сансар судлалын төвийн судалгаагаар).

Мөн л сарны тооллын адил соёл иргэншил бүрд өөр өөрийн хуанлийг (календарь) авч ашигласан түүхтэй. Эртний Болгарийн хуанли, Македоний хуанли, Атикийн хуанли, Азтекийн хуанли, Ромын хуанли гээд нарны тооллын систем дээр тулгуурласан олон олон хуанлиг хүн төрөлхтөн ашиглажээ. Гэхдээ ихэнх улс орнууд Европын иргэншлийн нөлөөллөөр нэг жил 354 хоногтой Ромын хуанлиг ашиглаж байсан юм.

Хожим нь энэ “алдаа” сунжран сунжирсаар МЭӨ 46 онд Юлий Цезарийн даалгавраар тус оныг 445 хоногтой болж байсан аж. Түүхэнд тухайн жилийг “Будлиант жил” хэмээн нэрлэдэг билээ. Энэ үеэс Ромын хуанлиг Юлийн хуанлигаар сольж ашиглаж эхэлсэн юм. Юлийн хуанлид нэг жилд 365.25 хоногтой буюу 4 жил тутамд илүү 1 хоногтой болгохоор тохиролцсон байдаг. (Гэхдээ Юлийн хуанлийг одоо хүртэл Ортотоксийн шашины сүмүүд ашигласаар байна). Гэвч энэ нь бас л алдаатай байсан юм. Юлийн хуанли нь жилд 11 минут 14 секунд илүүдэлтэй байсан боловч үүнийг мэдэлгүй даруй 1500 жил Европ, Баруун Ази хэрэглэсэн байдаг.

1580-аад оны үед Григорийн одон орончид энэхүү 1500 жилийн хугацаанд дээрх алдаа нь 10 хоног болсныг тооцоод 1582 оны 10 дугаар сарын 4-ний маргаашийг шууд 15-ны өдөр болгожээ. Бас 400 жил тутам 1 өндөр жилийг орхих тооцоо хийсэн юм. Ингээд Ромийн пап Григорийн лүндэн гарч, өөрийн нэрээр нэрлэгдсэн “Григорийн хуанли”-ийг гаргасан түүхтэй. Хуучны Григорийн хуанли нь 3 дугаар сарын 25-ны өдрийг “Шинэ жил”-ийн эхний өдөр байсныг хожим 1 дүгээр сарын 1-ний өдөр болгосон байдаг.

Өнөөдөр Григорийн хуанлийг дэлхий даяараа ашигладаг болоод байна. Манай хойд хөрш Орос улс 1918 он, харин Монгол орон маань улс 1940 онд энэ хуанлийг ашиглах болсон юм.

Хүн төрөлхтөн мөн түүхэндээ цаг тооллоо “МЭ”, “МЭӨ” гэж “хоёр хуваасан” байдаг. Одоогоос 2 мянга орчим жилийн өмнө манай дэлхий дээр “бурханы хүү” Есүс Христос гэдэг хүмүүн мэндэлж ирсэн гэдэг. МЭ 532 онд Дионисиус Эксикус гэдэг санваартан эр Есүс Христосийн төрсөн хугацааг тооцоолж, тухайн оныг латинаар “Анно Доминий” (AD – “Anno Domini Nostri Iesu (Jesu) Christi” буюу “Манай Эзэн Есүс Христийн жил” гэсэн утгатай) нэрлэсэн гэдэг.

Хожим үүнийг “Манай Эрин”, “Нийтийн эрин” (Common Era), “Христийн эрин” (Christian Era), “Одоогийн эрин” (Current Era) гэж олон янзаар нэрлэдэг болсон юм. Энэ уламжлалыг Григорийн хуанли тусгаж, өөрийн оноо 1-ээс эхлүүлэн шинээр он тооллыг тоолж эхэлсэн юм. Харин Есүс Христосийн төрсний өмнөх үеийг “Манай Эриний Өмнө”, “Христийн өмнө” (Before Christian), “Христийн өмнөх эрин” (Before Christian Era), “Нийтийн эриний өмнө” (Before Common Era), “Одоогийн эриний өмнө” (Before Current Era) гэж олон янзаар нэрлэн хэрэглэж байна.

Монголын түүхчид энэ хоёр эринийг “Манай Эриний (МЭ)”, “Манай Эриний Өмнө (МЭӨ)” гэж нэрлээд заншиж байна. Харин барууны түүхчид МЭ-ийг CE эсвэл AD, МЭӨ-ийг BC эсвэл BCE гэж товчилон ашигладаг. Энд нэгэн зүйлийг нэмж хэлэхэд МЭӨ 4000 жилийн өмнө зэсээр хөдөлмөрийн багаж хийж байсан гэвэл яг одоогоос 6000 жилийн (МЭӨ 4000 + МЭ 2000 = 6000) орчим хүн төрөлхтөн зэсийг ашиглажээ гэж ойлгох хэрэгтэй шүү :).

Би энд Есүс Христосийг ярихыг хүссэнгүй, гагцхүү зөвхөн хүн төрөлхтөн цаг хугацааг хэрхэн тоолж, хэрхэн засварлаж ирсэн сонин түүхийг товч дурьдахыг хүслээ.

Эх сурвалж: http://tsogbadrakh.blogspot.com

Хариулт (2)

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    E. Davaakhuu 2009-12-28 19:49 бичсэн.
    Энд цаг тхугацааны талаар өгүүлж байна. Орчин үеийн шинжлэх ухаанд цаг хугацааг хэмжих асуудлыг их өндөр түвшинд тавьж байна. Бидэнд өнөөдөр өдөр шөнө солигдоход дэлхийн жигд бус эргэлтийн хөдөлгөөнд ямар хүчин зүйл голчлон нөлөөлж байгааг судлах нь бүрэн тайлагдаагүй асуудал юм. Эрт үеэс цаг хугацааны талаар судалж ирсэн тоо баримт олон байдаг. Гэхдээ энд шинжлэх ухааны талаас нь шийдвэр асуудлыг шашинтай холбож үзэх талаар бид санал нийлдэггүй. Өнөөдөр цаг хуацааг хэмжих түүний нарийвчлан тодорхойлох нь нанотехнологийн хүрээнд яригдаж тэр чиглэлд түлхүү хандах болсон. Монгол орны хувьд нарийн цаг хугацааг хэмжиж тодорхойлох судалгааны ажил анх 1967 оноос эхлэн хийгдсэн түүхтэй. Монголын одон орныг судлах оргилд анхны цагийн алба байгуулагдаж кварц болон атомын стандарт бүхий хэмжилийн нарийн төхөөрөмжтэй хослон астрономийн ажиглалт болон шинээр зохион бүтээсэн гурван сувагт фотоцахилгаан төхөөрөмжөөр бүртгэн Улаанбаатарын уртрагын утгыг мянганы нарийвчлалтайгаар анх удаа тодорхойлсон. Энэхүү судалгааны ажлын чиглэлээр 7 судлаачид өөрийн хүч чадал авъяас билгээ 40 жилийн хугацаанд дайчлан ажиллаж эрдэмтэний эгнээд нэгдэх болсон. Монгол орны хэмжээнд нарийн цаг хугацаа давтамжийн асуудал өндөр тавигдаж анхны цагийн лабораторийг Монголн Стандарт Хэмжилзүйн төвд байгуулсан нь нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд атомын стандарт цаг бүхий эталон тоног төхөөрөмжийг ашиглан цагийн нэгж секунд, үндэсний цагийн хуваарь болон эталон давтамжийн сүлжээг хадгалж , дамжуулан хэрэглэгчдийн хэрэгцээг, улсын хэмжээнд цаг хугацааны үнэн зөв нэгдмэл байдлыг хангаж, хэмжилзүйн бодлогыг
    хэрэгжүүлэн ажиллаж байна.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    E. Davaakhuu 2009-12-28 19:51 бичсэн.
    Хариултыг бичсэн Г.Даваахүү

Хариулт Бичих

Таны оруулах бичлэг нь
  • Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
  • Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Та мэдээллээ үнэн зөв оруулснаар BizNetwork-ийн агуулга монгол хэлээр уншиж бичдэг хүн болгонд хэрэгцээтэй эх сурвалж болж чадна! Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй. Бүртгэлгүй бол энд дарж BizNetwork-д элсэнэ үү!