Гэрээсээ ажиллах соёл дэлгэрэхийн хэрээр дэлхийн томоохон хотуудын үл хөдлөх хөрөнгийн эрэлт буурч байна
2023, 9 сарын 13. 11:160

Цар тахал дэгдсэнээс хойш гэрээсээ ч, оффисоос ч ажиллах боломжтой ажлын байрнууд бий болсноор дэлхийн томоохон хотуудын арилжааны үл хөдлөх хөрөнгийн үнэ 1.3 их наяд ам.доллароор буурна гэх таамаглал гарчээ.

Блүүмберг агентлагийн мэдээлснээр, МакКинсигийн олон улсын судалгааны хүрээлэн өнгөрөгч 7-р сард "Цар тахлын үл хөдлөх хөрөнгийн салбарт үзүүлэх нөлөөлөл" гэх тайлангаар дамжуулан Нью-Йорк, Лондон, Парис, Бээжин, Токио зэрэг дэлхийн есөн том хотод арилжааны үл хөдлөх хөрөнгийн үнэ 2030 он гэхэд 26-42 хувиар буурч магадгүй гэж таамагласан байна. Харилцан адилгүй хувиар буурч байгаагийн гол шалтгаан бол тухайн улс, орны баримталж буй төв банкны бодлогын хүү, уламжлалт хэв маягаар буюу оффисоос ажилладаг ажилчдын тоо гэх мэт хүчин зүйлүүдээс шалтгаалж байгаа аж.

Заавал оффист очиж ажиллах шаардлага багасахын хэрээр хотын зах руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн ихсэж, оффисууд төвлөрсөн газраар дэлгүүр хэсэх хүмүүсийн тоо багассан зэрэг цар тахалтай холбоотойгоор өдөр тутмын амьдралд үүссэн өөрчлөлтийн улмаас метрополитан хотуудын үл хөдлөх хөрөнгийн эрэлт буурна гэж МакКинси таамагласан байна. Хотоор нь авч үзвэл одоо л оффисын эрэлт нь 20 хувиар буураад буй Сан Франциско хамгийн их хохирол амсах төлөвтэй байгаа юм. Цаашлаад Нью-Йорк болон Мюнхен 16 хувь, Шанхай 14 хувь, Парис 13 хувийн хохирлыг тус тус амсах төлөв ажиглагдсан байна. Нөгөө талаар Хьюстон болон Бээжин хотуудын оффисын эрэлт 2 хувиар нэмэгдэнэ гэж таамаглажээ.

Мэдээж эдгээр хотуудад үйл ажиллагаа явуулдаг компаниуд нь ямар салбарт харьяалагдаж байгаагаас хамаарч оффисын эрэлт удаашрах эсвэл сайжрах эсэх нь шийдэгдэх нь дамжиггүй. Алсын зайнаас ажиллах боломж ихээхэн нээлттэй мэдээлэл, харилцаа холбоо болон санхүүгийн салбарын компаниуд төвлөрсөн Сан Франциско, Нью-Йорк хотууд дахь оффисууд хамгийн их нэрвэгдэж байгаа юм. Тухайлбал өнгөрсөн оны аравдугаар сард МакКинсигаас хийсэн судалгаагаар мэдээлэл, харилцаа холбооны салбарын компаниуд долоо хоногт 3.2 өдөр, санхүүгийн салбар 3.4 өдөр оффис дээрээ очиж ажиллаж байсан нь үйлдвэрлэл, түгээлт, барилга угсралт болон тээврийн салбартай харьцуулахад илүү өндөр хувьтай байгаа нь харагджээ.

Түүнчлэн бүс нутаг бүрт харилцан адилгүй байдаг ажлын байрны соёл нь гэрээсээ ажиллах эсэхэд томоохон нөлөөг үзүүлж байгаа нь тодорхой. Инсайд Бизнесийн сургуулийн профессор Марк Мортенсен, Хенрик Бресманн нар Европ болон Ази хүмүүс хамтран ажиллагсадтайгаа нийгмийн харилцаагаар нэлээд гүнзгий холбогддог учраас оффисоос ажиллахыг илүүд үздэг бол Америкчууд алсын зайнаас ажиллах нь ажлын бүтээмжинд сайнаар нөлөөлдөг гэж үздэг болохыг тогтоожээ. Эдгээр профессорын судалгаагаар "алсын зайнаас ажиллах нь ажлын бүтээмжийг сайжруулдаг” гэж хариулсан америкчуудын хувь бусад улсаас хоёр дахин их байсан болохыг онцлов. Гэтэл долоо хоногийн зургаан өдөр өглөөний 9 цагаас оройн 21 цаг хүртэл оффисоосоо ажилладаг “996” гэх соёл Хятадын зарим компаниудад байдаг аж.

Түүнчлэн хүрээлэн буй орчин ч ажил, амьдрал, чөлөөт цагаа нэг дор зохицуулж болохуйцаар шийдэгдсэн байх нь гэрээсээ ажиллахад нөлөөлөх гол хүчин зүйлүүдийн нэг юм. Энэ үзүүлэлтээрээ Европын хотууд өндөр оноо авсан байна.

Гэрээсээ ажиллах соёл дэлгэрч байгаагаас зарим газарт үл хөдлөх хөрөнгийн үнэ буурч байгаа бол нөгөөтэйгүүр өсөн нэмэгдэж буй "цахим нүүдэлчид"-ийг тун таатайгаар хүлээн авч буй хотууд ч бас бий. Португалийн Лиссабон хот үүний гол төлөөлөл юм. Лиссабон нь АНУ-тай харьцуулахад харьцангуй бага татвартайн дээр орон сууцны түрээсийн үнэ хямд байдаг нь хамгийн давуу тал. Португал улсын зүгээс өнгөрсөн оны аравдугаар сард “цахим нүүдэлчдийн виз” гэх визний шинэ ангиллыг гаргасан ба сарын орлого нь 3040 еврогоос дээш гадаадын иргэд хүсэлт гаргаснаар уг визийг авах боломж бүрдэх аж. Улмаар хагас жилийн хугацаанд гадаадын 930 иргэнд энэхүү визийг олгожээ.

Харин Европын орнуудын хувьд орон сууцны үнийн өсөлт зэрэг сөрөг нөлөөг харгалзан гадаад хүмүүст тэр бүр удаан хугацаагаар оршин суух виз олгохгүй байгаагийн улмаас алсын зайнаас ажиллагсад Ази тивийн томоохон хотуудыг сонгон ажиллаж амьдрах хандлага нэмэгдсээр байна. Тодруулбал цахим нүүдэлчдийн нийгэмлэг болох “Номад”-ийн мэдээлснээр, энэ оны эхнээс өнгөрсөн сарыг хүртэл алсын зайнаас ажиллахад хамгийн таатай газруудаар Малайзын Пенанг, Куала Лумпур, Өмнөд Солонгосын нийслэл Сөүл, Вьетнамын Да Нанг, Уругвайн Монтевидео, Филиппиний Манила зэрэг хотууд нэрлэгдсэнийг цохон тэмдэглэв.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35