АНУ-ын засгийн газраас дэлхийн тойрог замд хог хаягдал үүсгэсэн этгээдүүдэд арга хэмжээ авах болж, түүхэндээ анх удаа эл хэрэгт хуулийн хариуцлага тооцжээ.
Тодруулбал, Холбооны Харилцаа холбооны Комиссоос Dish Network гэх компанид 150,000 ам.долларын торгууль ногдуулсан бөгөөд тэдний үзэж байгаагаар эл компани хуучирсан хиймэл дагуулаа дэлхийн тойрог замаас хангалттай холдуулж чадаагүй гэнэ. Улмаар Dish Network компанийн зүгээс ногдуулсан торгуулийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгджээ.
BBC сувгаас мэдээлснээр хүний үүсгэсэн сансрын хог хаягдалд дэлхийн тойрог замд байх, ашиглалтаас гарсан, бусад хиймэл дагуул, сансрын хөлөгтэй мөргөлдөх аюултай техникийн үлдэгдлүүд ордог гэнэ. Үүнд голчлон хуучирсан хиймэл дагуулууд болон сансрын хөлгийн эд анги багтдаг ажээ.
Dish Network компанийн хувьд урьд хиймэл дагуулаа дэлхийн тойрог замаас 186 милийн зайд гаргах үүрэг хүлээсэн ч хиймэл дагуулын түлш дуусахад ердөө 76 миль л холдуулж чадсан тул тэд ийнхүү сансрын хаягдал үүсгэсэн хэрэгт буруутгагдах болсон юм.
Үйл явдлын хүрээнд ажиглагчдын хэлж байгаагаар энэ төрлийн торгуулийн арга хэмжээг авах нь цааш цаашдаа бусдад ч сануулга болно гэжээ.
Эх сурвалж: BBC