Jiji News зэрэг Японы орон нутгийн хэвлэл мэдээллийн агентлагийн 17-ны өдөр мэдээлснээр, Тоyota Motors компанийн сэлбэг нийлүүлэгч түнш компанийх нь үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас сэлбэг, эд анги худалдан авахад багагүй хүндрэл учирч байгаа тул зарим үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсоохоос аргагүйд хүрсэн тухай онцлов.
Тус мэдээнд дурдсанаар 16-ны өдөр Айчи муж дахь автомашины пүршний үйлдвэрийн эд анги хатаах зуух дэлбэрсэн осол болсон аж. Үүний улмаас сэлбэг, эд ангийн нийлүүлэлт тасалдаж, Тоyota Motors компани болон түүний охин компаниуд нэгэн зэрэг 6 үйлдвэрийн 10 үйлдвэрлэлийн шугамаа зогсоосон байна.
Тодруулбал осол гардаг өдөр буюу 16-ны өдөр “Land Cruiser” загварын автомашин үйлдвэрлэдэг Тоёота хотын Ёшивара үйлдвэр болон Мие мужийн үйлдвэр, Айчи мужийн үйлдвэрүүдийн зарим үйлдвэрлэлийн шугам зогсжээ. Харин 17-ны өдрийн өглөөнөөс эхлэн “RAV4" загварын автомашин үйлдвэрлэдэг Тоёота хотын Такаока үйлдвэр болон Нагакуса үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон байна.
Компанийн зүгээс 18-ны өдөр дээр дурдсан үйлдвэрүүдийг эргэн ажиллуулах эсэхээ шийдэхээр төлөвлөж байгаа аж.
Эргэн сануулахад тус компани нь ердөө хоёрхон сарын өмнө сэлбэг, эд ангийн нийлүүлэлтийн асуудлаас болж мөн л үйлдвэрлэлээ зогсоож байсан билээ. Тодруулбал өнгөрөгч наймдугаар сард сэлбэг, эд ангийн захиалгыг удирддаг дотоод системд асуудал үүссэний улмаас Япон дахь 14 үйлдвэрийнхээ үйл ажиллагааг хоёр хоног орчим зогсоож байсан юм.
Мөн өнгөрсөн оны гуравдугаар сард сэлбэг, эд анги нийлүүлэгч түнш компани нь кибер халдлагад өртөж, мөн л Япон дахь бүх үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохоос аргагүйд хүрч байв.
Эх сурвалж: Asiae