Цагаан будааны үнэ 40 хувиар өссөнөөр Азийн орнуудад инфляцын түвшин нэмэгдэж байна
2023, 12 сарын 26. 13:410

Азиудын гол хүнс болох цагаан будааны үнэ сүүлийн үед өссөөр байна. Энэ жил тохиосон Эль-Ниньо (далайн усны температурын өсөлт) үзэгдлийн улмаас ган гачиг болж, үүний үр дүнд гол үйлдвэрлэгч орнуудын ургац буурч байгаатай шууд холбоотой юм. Түүнчлэн Энэтхэг болон бусад улс орнууд үнийг тогтворжуулах зорилгоор цагаан будааны экспортоо зогсоосон нь үнийн өсөлтийг улам хөөрөгдөх бас нэгэн шалтгаан болж байна.

Японы Nihon Keizai Shimbun сонины 24-ний өдөр мэдээлснээр, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдсэн инфляц Азийн орнууд даяар томоохон асуудал болж байна хэмээн онцолжээ. Филиппин, Энэтхэгийн хувьд инфляцын 50-70 орчим хувь нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан нь судалгаагаар тогтоогдсон байна.

Филиппинд өнгөрсөн сард инфляцын түвшин 4.1 хувьд хүрсэн нь АНУ-д 3.1 хувь, Евро бүсэд 2.4 хувь байсантай харьцуулахад харьцангуй өндөр байв. Будааны үнэ өссөн явдал нь инфляцын өсөлтийн 30 гаруй хувь нь цагаан будааны үнийн өсөлттэй салшгүй холбоотой байгааг шинжээчид цохон тэмдэглэсэн байна.

Өнгөрсөн жил ОХУ Украин руу халдан довтлох үед дэлхий даяар улаан буудай, эрдэнэ шишийн үнэ огцом өсөж байсан билээ. Үүний үр дүнд улаан буудайн талхыг өргөнөөр хэрэглэдэг Европ, АНУ-д хүнсний үнэ огцом өссөн юм.

Харин энэ он гарсаар олон улсын зах зээл дэх улаан буудайн үнэ буурах хандлага ажиглагдаж, 2020 оны эхэн үеийн түвшиндээ эргэж очихтой зэрэгцэн цагаан будааны үнэ огцом өсөж эхлэв. Оны эхээр тун тогтвортой байсан цагаан будааны үнэ сүүлийн үед зогсолтгүй өссөөр өдгөө оны эхнээс даруй 40 хувиар өсөөд байна.

Тайландын цагаан будааны экспортын нийгэмлэгийн мэдээлснээр, 20-ны өдөр нэг тонн цагаан будааны үнэ 666 ам.долларт хүрч энэ оны хамгийн дээд түвшинд очсон болохыг дурдав. Түүнчлэн оны эхэн үетэй харьцуулахад 40 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэжээ. Чикагогийн худалдааны бирж дээр арилжаалагдсан олон улсын цагаан будааны фьючерсийн үнэ мөн сүүлийн зургаан сарын хугацаанд 10 гаруй хувиар өсч, 100 килограмм нь 17.39 ам.долларт хүрчээ.

Дэлхийн нийт цагаан будааны хэрэглээний 80 хувь нь Ази тивээс хамаардаг аж. Өөрөөр хэлбэл цагаан будааны үнэ өсөж буй нь Азийн орнуудын инфляцыг өдөөж, эдийн засагт нь шууд нөлөөлөх үзүүлэх нь тодорхой юм.

Цагаан будааны үнэ ийнхүү өсөж буйн гол шалтгааныг цаг агаарын хүндрэлтэй шууд холбон тайлбарлахаас аргагүй. Тодруулбал далайн усны температурын өсөлтөд нөлөөлдөг Эль-Ниньо үзэгдэл энэ оны хавраас эхлэн гарснаар Зүүн өмнөд Азийн тариалангийн гол бүс нутгуудад ган болж, ургац эрс багассан байна.

АНУ-ын Хөдөө аж ахуйн яам дэлхийн цагаан будааны үйлдвэрлэл энэ онд өмнөх оноос 0.8 хувиар буурч, 510 сая тоннд хүрнэ гэж таамаглажээ. Энэ нь Эль-Ниньо үзэгдэлийг огт тооцоололгүйгээр гаргасан таамаглал бөгөөд хэрэв уг үзэгдлийн хор уршгийг хамтруулан тооцвол 500 сая тоннд ч хүрэхгүй байх магадлалтай гэж зарим мэргэжилтнүүд үзсэн байна. Нөгөөтэйгүүр, энэ оны хэрэглээ өмнөх оныхоос 0.2 хувиар нэмэгдэж, 520 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа аж.

Азийн томоохон орнууд дэлхийн цагаан будааны үйлдвэрлэлийн 80 орчим хувийг эзэлдэг. Тухайлбалт Хятад улс зах зээлийн 30 хувийг эзэлдэг үзүүлэлтээрээ дэлхийд нэгдүгээрт жагсдаг бол Энэтхэг, Бангладеш, Индонез, Вьетнам, Тайланд зэрэг улсууд удаалдаг байна. Сонирхуулахад Хятад улс үйлдвэрлэлийнхээ ихэнх хувийг дотооддоо хэрэглэдэг ба арав хүрэхгүй хувийг экспортолдог аж.

Харин Энэтхэг улсын хувьд цагаан будааныхаа 40 хувийг экспортолдог юм. Энэ оны сүүлийн хагаст дэлхийн зах зээлд цагаан будааны үнэ өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл бол өнгөрсөн долдугаар сард Энэтхэг улс цагаан будааны экспортод хориг тавьсан явдал байв.

Үйл явдлыг эргэн сануулахад Модигийн засгийн газар ирэх жилийн сонгуулийн өмнө үнийн тогтвортой байдлыг чухалчилж буйгаа илэрхийлэн Энэтхэгийн нийт цагаан будааны экспортын 25 хувийг эзэлдэг Басмати бус цагаан будааны экспортыг бүрэн зогсоосон билээ. Энэтхэгийн инфляцын түвшин өнгөрсөн сард 5.6 хувьд хүрсэн ба инфляцыг өдөөж буй хүчин зүйлсийн 70 хувь нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шууд хамаарч байгаа талаар эдийн засагчид дүгнэжээ.

Хэдийгээр сүүлийн үед инфляцын түвшин хоёр орчим хувь дээр тогтворжоод байгаа ч ирэх онд ерөнхийлөгчийн сонгуулиа хийх Индонези улс үнийг барих зорилгоор цагаан будааны экспортыг түр зогсоох магадлал өндөр байгаа юм.

Одоогоос 15 жилийн өмнө дамын сангийн урсгалын улмаас дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсч, хүнсний хямралд хүргэж байсан 2008 оныг дэлхийн зах зээл мартаагүй билээ. Тухайн үед цагаан будааны үнэ хоёр дахин өсөж байсан ба сүүлийн үед үүнтэй төстэй явдал ажиглагдаж байгааг шинжээчид онцолсоор байна.

Нэмж дурдахад, Зүүн өмнөд Азийн орнуудад хэрэглээний эзлэх хувь өндөр буюу 30-50 хувь байгаа тул хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт нийт эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ гэж Nihon Keizai Shimbun сонины зүгээс дүгнэв. Энэ нь Азийн орнуудын эдийн засгийн сэргэлтийг удаашруулахад хүргэнэ хэмээн таамаглаж иргэд идсэн хэмжээгээ бууруулахаас өөр мөнгө хуримтлуулах арга байхгүй, Засгийн газар инфляцыг барихын тулд бодлогын хүүгээ өсгөх ёстой.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35