Шинэ оны эхний өдөр Японы төв хэсэгт орших Ното хойг болон ойр орчмын бүс нутгуудад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 48-д хүрч нэмэгджээ. Аврагчид эрэн хайх аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байна.
Ишикава мужийн эрх баригчдын мэдээлснээр, Сүзү хотод 20 хүн, Важима хотод 19, Нанао хотод 5 хүн амиа алджээ.
Өчигдөр буюу даваа гарагт орон нутгийн цагаар 16:10 цагт 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас Ишикава мужийн Важима хотын дэд бүтэц ихээхэн сүйдэж, түймэр гарсан бөгөөд зам дээр нуранги үүссэн нь аврах ажиллагаанд саад учруулж байна.
Газар хөдлөлтийн улмаас 1.2 метрийн хамгийн өндөр давлагаа Важима боомтод бүртгэгдсэний дараа Япон тэнгисийн эрэг дагуух томоохон газар нутагт зарласан цунамийн түгшүүрийг мягмар гаргийн өглөө цуцалжээ.
Важима хотод долоон давхар байшин хажуу тийш нурсан бол өглөөний захаараа алдартай хотын төвийн дүүрэг өчигдөр гарсан томоохон түймэрт өртжээ.
Важимагийн төвийн 200 гаруй барилга галд автсан ч хяналтад авсан гэж Ишикава мужийн эрх баригчид мэдээлжээ. Тус хотод 14 хүн нурангинд дарагдсан гэсэн мэдээлэл ирсэн байна. Газар хөдлөлтийн улмаас мөн Нийгата, Тояма, Фүкүи, Гифү мужид хүмүүс бэртэж гэмтэж, дэд бүтэц эвдэрч сүйджээ.
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио хэвлэлийн бага хурлын үеэр, Ното хойгийн хойд хэсэг рүү тээврийн хэрэгслээр очиход туйлын хүндрэлтэй байгааг онцлоод, төв засгийн газар хөлөг онгоц ашиглан тусламжийн ачаа тээвэрлэх ажлыг зохицуулж байгааг мэдэгджээ. Түүнчлэн Өөрийгөө хамгаалах хүчний 1000 орчим алба хаагч аврах, тусламж үзүүлэх ажиллагаанд оролцож байна гэж тэрбээр хэлсэн байна.
"West Japan Railway" компани байгалийн гамшгийн дараа төмөр замууд болон бусад байгууламжийг шалгахаар Тояма, Каназава өртөөнүүдийн хоорондох Хокүрикү шугамд дөрвөн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосны улмаас суман галт тэргээр зорчиж явсан 1400 орчим хүн 11 цагийн турш гацжээ.
Японы Цаг уурын агентлагийн мэдээллээр, газар хөдлөлтийн голомт нь Важима хотоос зүүн хойд зүгт 30 км-ийн зайд 16 км-ийн гүнд байжээ. Тус улсад газар хөдлөлтийн хүчийг долоон шатлалаар хэмждэг бөгөөд энэ удаагийн газар хөдлөлтийг хамгийн өндөр түвшинд бүртгэсэн байна. Долоодугаар түвшний газар хөдлөлтийн үед хүмүүс зогсож чадахгүй болдог гэж тодорхойлсон байдаг. Хамгийн сүүлд 2018 онд Хоккайдод ийм хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэж байжээ.
Хүчтэй газар хөдлөлт болсноор хуурай газар ихээхэн хэмжээгээр хөдөлж шилжсэн нь тус улсын геодезийн судалгааны системд бүртгэгджээ. Важима дахь лавлах станц баруун тийш 1.3 метрийн зайд хөдөлсөн гэж Японы Газар зүйн мэдээллийн албанаас мэдээлсэн байна.
АНУ, Канад, Итали зэрэг улсын засгийн газрууд Японд тусламж дэмжлэг санал болгоод байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден газар хөдлөлтийн дараа гаргасан мэдэгдэлдээ, АНУ Японы ард түмэнд шаардлагатай бүх тусламжийг үзүүлнэ гэжээ.
Эх сурвалж: Kyodo /МОНЦАМЭ агентлаг/