Йемений Хусит босогчид Улаан тэнгис дэх худалдааны хөлөг онгоц болон бусад хөлөг онгоцнууд руу дайрсаар байгаатай холбоотойгоор Улаан тэнгисээр дамжин өнгөрөх чингэлэгүүдийн тоо энэ онд 30 орчим хувиар буураад буй талаар Олон улсын валютын сан (ОУВС) мэдэгдэв.
ОУВС-гийн Ойрх Дорнод, Төв Азийн асуудал хариуцсан захирал Жихад Азур мөн өдөр цахим хэлбэрээр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ "Улаан тэнгис дэх чингэлэг тээвэр бараг 30 хувиар буураад байна. Энэ он гарснаас хойш бүр илүү эрчимжсэн” хэмээн дурдсаныг France Press агентлаг орон нутгийн цагаар 31-ний өдөр мэдээлсэн байна.
ОУВС-гийн PortWatch платформд өгүүлснээр, нэгдүгээр сарын 1-16-ны хооронд Суэцийн сувгаар дамжин өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37 хувиар буурсан гэв. Суэцийн суваг нь Улаан тэнгис, Газар дундын тэнгисийг холбодог билээ.
Хусит босогчдын халдлагын улмаас зарим тээврийн компаниуд Улаан тэнгисээр дамжин өнгөрөхөөс зайлсхийн Африкийн өмнөд хэсгээр буюу хамаагүй тойруу замаар явахаас өөр аргагүйд хүрч байна хэмээн Олон улсын усан тээврийн танхим мөн мэдэгдэв.
Ираны дэмжлэгийг авдаг гэгддэг Хусит босогчид өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 19-нд Израиль болон ХАМАС-ын хооронд мөргөлдөөн үүссэний дараачаас эхлэн Улаан тэнгисээр дамжин өнгөрч буй иргэний болон худалдааны хөлөг онгоцнууд руу дайрах болсон билээ. АНУ-ын тал Хуситуудыг "тусгайлан бэлтгэгдсэн олон улсын террористууд" гэж тодорхойлсон байдаг юм.
Эх сурвалж: Newsis