Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй инфляцын улмаас кофе, шоколадны үнэ цаашид ч өсөх нь
4 сарын 16. 8:540

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй инфляц (climateflation)” гэх нэр томъёо жинхэнэ утгаараа биелэлээ олж эхэллээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй инфляц гэдэг нь байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын эрс тэс нөлөөгөөр газар тариалангийн үйлдвэрлэл буурч, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх үзэгдлийг хэлж буй явдал юм.

Тодруулбал кофе, какао, элсэн чихэр, оливын тос гээд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрс тэс уур амьсгалын нөлөөгөөр огцом удааширч байгаа нь дэлхийн зах зээлд эдгээр бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, хэрэглэгчдийн хүнсэнд зарцуулах төсөвт томоохон нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

ХБНГУ-ын Потсдам Уур амьсгалын нөлөөллийн судалгааны хүрээлэнгээс 2022 оны зун Европын орнуудад түүхэнд байгаагүй их халуун нүүрлэсний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ 0.43-0.93 пунктээр өссөн гэж дүгнэжээ. Түүнчлэн 2035 он гэхэд “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй инфляц”-аас болж хүнсний бүтээгдэхүүний үнэ 3.2 хувиар өснө гэх таамаглалыг гаргасан байна.

Вьетнам, Индонези зэрэг Зүүн өмнөд Азийн томоохон кофе үйлдвэрлэлийн бүс нутаг ган гачигт нэрвэгдсэн нь кофены үнэ тэнгэрт хадахад хүргэв.

Салбарын шинжээчдийн 15-ны өдөр мэдээлснээр, бидний хэлдгээр нэг удаагийн кофе буюу уусдаг кофенд ихэвчлэн хэрэглэдэг харьцангуй хямд Робуста сортын кофены үнэ урьд өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрсэн хэмээн онцолжээ. Дэлхийн кофены жишиг Лондонгийн Робустагийн фьючерсийн үнэ 12-ны өдөр бүх цаг үеийн дээд цэгтээ хүрч, тонн тутамдаа 3948 ам.долларт хүрсэн нь жилийн өмнөхөөс 60 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм.

Энэ нь гол ханган нийлүүлэгчид болох Вьетнам, Индонезийн үйлдвэрлэл буурсантай холбоотойгоор нийлүүлэлтийн хомсдол үргэлжлэх вий гэсэн болгоомжлолтой холбоотой. Робуста сортын кофены үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Вьетнамын Хөдөө аж ахуйн яам гангийн улмаас тус улсын кофены үйлдвэрлэл 2023-2024 оны улиралд 20 хувиар буурна гэж таамаглажээ.

Робуста сортыг бодвол илүү үнэтэй Арабика кофе Нью-Йоркийн фьючерсийн зах зээл дээр нэг фунт нь 2.34 ам.доллар болж өссөн нь 2022 оны есдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Арабика кофены хамгийн том үйлдвэрлэгч Бразилд нүүрлэсэн ган гачиг нь Арабика кофены үнэ өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл хэмээн үзэж болох юм.

Шоколадны гол түүхий эд болох какаоны фьючерсийн үнэ мөн нэг жилийн дотор гурав дахин өсөж, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ. Фьючерсийн зах зээл дээр какаоны үнэ өнгөрсөн сард 49 хувиар өссөнөөр тонн тутамдаа 10.000 ам.долларыг давж, улмаар 10.050 ам.долларт хүрсэн байна.

Дэлхийн какао үйлдвэрлэлийн 80 хувийг бүрдүүлдэг Баруун Африкт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган гачгийн улмаас үйлдвэрлэл огцом буурчээ. Тодруулбал Номхон далайн зүүн бүсийн халуун орны гадаргын усны температур нэмэгдэхэд хүргэдэг "Эль Ниньо" үзэгдэл дэлхийн хамгийн том какао үйлдвэрлэгч Гана болон Кот-д'Ивуарт ган гачиг нүүрлэхэд хүргэсэн байна.

Олон улсын какаоны байгууллага 2023-2024 оны улиралд дэлхийн какаоны нийлүүлэлт 11 хувиар буурна гэж таамаглажээ. JP Morgan банкны шинжээчид олон улсын зах зээл дэх нийлүүлэлтийн хомсдол үүний гол шалтгаан хэмээн дүгнэжээ. Түүнчлэн фермийн хөрөнгө оруулалт удаашралтай байгаа зэрэг бүтцийн асуудлаас гадна сүүлийн үед нэмэгдэж буй эрэлт үнийн өсөлтөд ихээр нөлөөлөв.

Дэлхийн оливын тосны хамгийн том үйлдвэрлэгч Испанид мөн л ган гачиг нүүрлэсний улмаас энэ төрлийн тосны үнэ огцом өсжээ. Оливын тосны тэн хагасыг үйлдвэрлэдэг Испани улс хоёр жил дараалан ган гачигт нэрвэгдээд буй юм. Испани жил бүр 1.4 сая тонн оливын тос үйлдвэрлэдэг ч ган гачигтай холбоотой усны хомсдолоос болж үйлдвэрлэл хоёр жил дараалан хоёр дахин буурах төлөвтэй байна.

Испанийн оливын тосны үнэ нэг жилийн дотор хоёр дахин нэмэгджээ.

Цэвэр оливын тосыг дулааны боловсруулалтдаа хэрэглэдэг гэдгээрээ алдартай Chicken franchise BBQ шарсан тахианы сүлжээ өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн оливын тосны үнийн өсөлтөөс шалтгаалж ургамлын тос хэрэглэхээс аргагүйд хүрснээ зарласан юм.

Эх сурвалж: SBS Biz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01