АНУ болон Европын холбоо Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна
4 сарын 17. 11:570

Financial Times зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 16-ны өдөр мэдээлснээр, АНУ болон Европын холбооны зүгээс Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа талаар онцолжээ. Израилын дайны сайд нарын танхим Ираны агаарын довтолгооны дараах гурав дахь хурлаа өнөөдөр хуралдуулж, хориг арга хэмжээний талаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мөн өдөр хийсэн мэдэгдэлдээ “АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Их 7”-гийн бүлгийн орнууд зэрэг холбоотнууд болон Конгресс дахь хоёр намын удирдлагатай иж бүрэн хариу арга хэмжээний талаар авч хэлэлцэж байна. Манай холбоотнууд болон түншүүд удахгүй өөрсдийн хориг арга хэмжээг мөн авч хэрэгжүүлнэ гэж найдаж байна” хэмээн цохон тэмдэглэжээ. Израилийн эх газар руу довтлох үеэр Ираны ашигласан нисгэгчгүй нисэх төхөөрөмж, пуужингийн хөтөлбөрүүд болон Ираны Хувьсгалт гвардийг хориг арга хэмжээний гол бай болгохоо ноён Салливан энэ үеэр мэдэгдэв.

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен мөн "Бид ойрын хугацаанд Ираны эсрэг нэмэлт эдийн засгийн хориг арга хэмжээ авах болно” хэмээн хэлсэн юм. Мөн өдөр дэлхийн өнцөг булан бүрээс Сангийн сайд, төв банкны дарга нарын хуран чуулсан ОУВС-гийн хаврын чуулганд оролцсон сайд Йеллен “АНУ холбоотнуудтайгаа Ираны дэглэмийн хорлонтой, тогтворгүй үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээний талаар хэлэлцэнэ. Ираны терроризмын санхүүжилтэд саад учруулж болох бүхий л хориг арга хэмжээг бид авч үзэх ба ялангуяа Ираны түүхий газрын тостой холбоотой асуудлыг ихээр хөндөх шаардлага тулгарах нь гарцаагүй” хэмээн өгүүлсэн байна.

1979 онд Иранд Исламын хувьсгал гарснаас хойш АНУ Ирантай дипломат харилцаагаа тасалснаар салбар салбарт хориг арга хэмжээ авч эхэлсэн билээ. Эдийн засгийн хориг арга хэмжээ нь Ираны түүхий газрын тосыг олон улсын хамтын нийгэмлэгт түгээхээс урьдчилан сэргийлэх, Ираныг санхүүгийн томоохон системээс тусгаарлах зорилготой байв. 2015 онд байгуулсан цөмийн хэлэлцээрийн үр дүнд арай зөөлөрч байсан Ираны эсрэг хориг арга хэмжээ ерөнхийлөгч асан Дональд Трампын засаглалын үед буюу 2018 онд АНУ бие даан энэхүү хэлэлцээрээс гарснаас хойш бүрэн сэргэсэн юм. Уг үйл явдлаас хойш жилийн дараа ерөнхийлөгч асан Трамп Ираны Хувьсгалт гвардийг алан хядах байгууллага хэмээн зарлах зэргээр нөхцөл байдал улам хурцадсан билээ.

АНУ-ын холбоотнуудаас Европын холбоо хамгийн түрүүнд Ираны эсрэг бие даасан хориг арга хэмжээ авах бололтой. Financial Times сонин дөрвөн эх сурвалжаас иш татан Европын холбооны томоохон орнууд Ираны дэмжлэгтэй бүс нутгийн зэвсэгт бүлэглэлийн хоорондын сүлжээг таслахын тулд шинэ хориг арга хэмжээ авах талаар хэлэлцэж байна хэмээн мэдээлэв. Украинтай дайтаж байгаа ОХУ-ыг нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон бусад цэргийн тоног төхөөрөмжөөр хангасных нь төлөө Ираны эсрэг хориг арга хэмжээг Европын холбооны зүгээс аваад байгаа билээ.

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Вербок нэмэлт хориг арга хэмжээ авахыг ихэд дэмжиж байгаагаа илэрхийлээд “Герман, Франц зэрэг Европын холбооны гишүүн орнууд өнгөрсөн оны сүүлээр Ираны зэвсэглэлд байгаа бусад төрлийн пуужингуудыг хамруулах зорилгоор хориг арга хэмжээний хамрах хүрээг өргөжүүлэх саналыг оруулсан. Европын холбоо нь хамтын нийгэмлэгийнхээ хүрээнд энэхүү алхмыг дуу нэгтэйгээр эцэслэн шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна" хэмээн өгүүлжээ.

Барууны орнууд 17-ны өдөр Италийн Капри хотноо 3 хоног үргэлжлэх "Их 7"-гийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын хурал, 19-нд Бельгийн Брюссель хотноо зохион байгуулагдах Европын холбооны дээд хэмжээний уулзалтаар энэ асуудлыг нухацтай хэлэлцэх төлөвтэй байна. АНУ, Европын холбоо зэрэг барууны орнууд Ираны эсрэг хэдэн зуугаар тоологдох хориг арга хэмжээг аль хэдийн авч хэрэгжүүлээд байгаа билээ.

Гэхдээ 120 мянган гишүүнтэй Ираны Хувьсгалт гвардийг алан хядах бүлэглэлд тооцох зэрэг өндөр түвшний хориг арга хэмжээ авах нь юу л бол. Учир нь Ойрх Дорнодын нөхцөл байдал аль хэдийн тогтворгүй болоод байгаагийн дээр “Эсэргүүцлийн тэнхлэг” хэмээн нэрлэгддэг Палестин дахь Хамас, Йемен дэх Хути босогчид, Ливан дахь Хезболла, Иракийн зэвсэгт бүлэглэл зэрэг Ираныг дэмжигч зэвсэгт бүлэглэлүүд үүнд татагдан орвол нөхцөл байдал улам хурцдаж болзошгүй гэх болгоомжлолтой холбоотой. Европын холбооны албан тушаалтан "Хориг арга хэмжээг өргөжүүлснээр Ираны эсрэг хөшүүрэг бүрэн алдагдана гэж эмээж буй эсэргүүцэгчид байсаар байна. Хувьсгалт гвардийн эсрэг шууд хориг арга хэмжээ авах нь дайн зарлахтай адил юм” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Ерөнхийлөгч асан Трамп Хувьсгалт гвардийг террорист байгууллага гэж зарлахад “Их 7”-гийн бүлгийн бусад орнууд ч ер дэмжээгүй юм. Энэ удаад Нидерланд, Швед, Чех зэрэг Европын холбооны зарим гишүүн орнууд Хувьсгалт гвардийг шууд онилгох арга хэмжээ авахыг уриалсан ч Герман, Франц болон бусад улс үүнийг эсэргүүцсэн гэх мэдээлэл байна. Европын холбооны хувьд гишүүн орнууд бүгд санал нэгтэйгээр хориг арга хэмжээг зөвшөөрөх ёстой байдаг билээ. Европын холбооны нэг дипломатч "Хориг арга хэмжээ нисгэгчгүй нисэх төхөөрөмж зэрэг зэвсэг техникээр хязгаарлагдсан нь зүйтэй. Хувьсгалт гвардийн эсрэг хориг арга хэмжээ болж өргөжих нь тийм ч зөв алхам биш” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09