Өнгөрөгч баасан гарагт дуучин Тэйлор Свифт “The Tortured Poets Department” гэх шинэ цомгоо худалдаанд гаргаж, сонсогчдын хүртээл болгосон билээ. Тэгвэл түүний шинэ цомог худалдаанд гарснаасаа хойш ердөө 24 цагийн дотор нийт 1.6 сая гаруй ширхэг борлуулагджээ. Улмаар хэвлэлийнхний зүгээс эл цомгийг түүхэн дэх хамгийн өндөр борлуулалттай цомгуудын нэг болох гараагаа тавилаа хэмээн мэдээлж байгаа юм.
Харин Spotify тоглуулагч дээр тус цомог худалдаанд гарсан эхний 12 цаг хүрэхгүй хугацаандаа л гэхэд тус платформ дээр нэг өдрийн дотор хамгийн их тоглуулагдсан цомгийг дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Тодруулбал, өмнө нь тус платформ дээр нэг өдрийн дотор хамгийн их тоглуулагдсан цомог нь дуучин Бейонсигийн “Cowboy Carter LP” байсан бол дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог эл амжилтыг ядах юмгүй эвдсэн байна.
Цомгийн тухайд товчхон мэдээллийг өгөхөд, дуучин бүсгүйн зүгээс өнгөрөгч Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр шинэ цомгоо гаргах гэж буйгаа мэдэгдсэн бөгөөд энэхүү цомог нь түүний 2022 онд гаргасан Midnight цомгоос хойших анхны цомог болж байгаа юм. Нийт 31 дуутай тус цомгийг олон нийтийн зүгээс түүхэн дэх хамгийн их хэл ам дагуулсан цомог байж болох юм хэмээж буй. Учир нь дуучин бүсгүйн зүгээс эл цомогтоо хэд хэдэн хүнд зориулсан байж болзошгүй хоржоонтой өгүүлэл бүхий дуунуудыг багтаасан юм.
Эх сурвалж: Billboard