​Ажлын байраа илүү сайхан газар болгох 9 арга
2015, 9 сарын 8. 13:490

Хамт олондоо хайртай биз дээ? Үнэнээсээ асууж байна, учир ньтухайн өдрийн өнгө тэднээс ихээхэн шалтгаалдаг. Харин тэд ийм чухал хүмүүс гэдгээ мэддэг болов уу? Хамт ажиллагсдаа магтаж урамшуулснаар стресс буурах, бусдыг ойлгох чадвар нэмэгдэх, түүнчлэн эрүүл мэндэд ч маш сайнаар нөлөөлдөг гэх мэтээр тоо томшгүй олон эерэг өөрчлөлтийг өөртөө авчрах боломж хүн бүрт байдаг гэнэ. 

Ажил дээрээ талархал, хүндэтгэлтэй харилцааг бий болгосноор багийн ёс зүйг сайжруулж, өөрийгөө болон эргэн тойрныхноо илүү аз жаргалтай болгох нөхцлийг бүрдүүлдэг байна. Мэдээжийн зүйлс шиг сонсогдож болох ч, тийм ч олон хүмүүс үүнийг хэрэгжүүлж чаддаггүй бололтой.

Ажлын байрандаа аз жаргалтай орчин бүрдүүлэх энгийн аргууд:

  • Зурвас бичиж үлдээх

Нэгэн өдөр ажилдаа очиход ширээн дээр минь гараараа нямбайлан бичсэн зурвас намайг хүлээж байлаа. Үргэлж л данс тооцоо, хэрэггүй спам, янз бүрийн сурталчилгааны каталог хүлээж авдаг надад жинхэнэ захиа авахад маш сайхан санагдсан.

Үнэнийг хэлэхэд би талархлаа илэрхийлсэн зурвасуудыг нүдэндээ харагдахаар газар байрлуулчихдаг. Учир нь ажил дээрх харанхуй өдрүүдийг гэрэлтүүлж, бачимдсан сэтгэлийг минь тайвшруулж өгдөг.

  • Магтан сайшаах

Ажлын уулзалт хурал, имэйл хэлэлцүүлгийн үеэр хэн нэгэн тухайн төсөл дээр гаргасан амжилтын чинь талаар дурдвал, хэрэв тухайн төсөл багийн ажиллагааны үр дүнд амжилтанд хүрсэн бол, хувь нэмэр оруулсан гишүүн бүрийн нэрийг заавал онцол. Тэд чухам юу хийсэн талаар, гарсан үр дүн тэдний хичээл зүтгэлтэй шууд хамааралтай байсан талаар тодотго. “Асademy awards”дээр үг хэлж байгаа юм шиг хэтэрхий урт жагсаалт болох гээд байвал, товчхон байдлаар “Маркетингийн баг бүхэлдээ үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан шүү” гэж хэлж болно.

  • Эерэг урам өгөх

Хэн нэгний гаргасан амжилт, үр дүнгийн талаар харж, дуулсан бол тэднийг магтан сайшаа. Заавал урт, утга уянгын имэйл бичих шаардлагагүй – зүгээр л олны дунд чангаар, бахархалтайгаар магтан сайшаа. Тухайн амжилт яагаад сэтгэлийг тань хөдөлгөсөн, түүний гаргасан хичээл зүтгэл танд, танай хамт олонд, байгууулагад, цаашлаад хэрэгчлэгдэд хэрхэн ашиг тусаа өгсөн талаар тодорхой жишээгээр тайлбарлан хэл.

  • Дарга, удирдлагадаа хэлэх

Та дарга, удирдах албан тушаалтан биш үү? Тэгвэл, хамтран ажиллагчийнхаа гүйцэтгэсэн гайхалтай ажлын талаар түүний цалин, урамшуулал, ажлын гүйцэтгэлийг дүгнэдэг удирдлагад нь эерэг үгсийг дамжуулж болно шүү дээ.

Жишээ болгон хэлэхэд, манай хэлтсийн дарга саяхан надтай хамтран ажиллахдаа үнэхээр таатай байдаг талаар удирдлагын бүрэлдэхүүнд багтдаг 2 хүн түүн рүү имэйл бичсэн тухай ярьсан юм. Би өөрөөрөө маш их бахархсан: энэ мэдээ тэр өдрийг үнэхээр гайхалтай өдөр болгон өөрчилж чадсан.

  • Тусламж санал болго

Баг хамт олны чинь хэн нэгэн ажилдаа дарагдсан, бачимдсан байдалтай байгаа бол, тусламж санал болго. Тийм ээ, мэдээж та жаахан оройтож харих хэрэгтэй болох ч, хамт ажиллагсад тань шаардлагатай үед өөрт нь туслах хүн бий гэдгийг мэдрэхдээ таатай байх болно.

Сул зогсолт бүхий ажлын өдрөө багийнхаа гишүүд рүү имэйл илгээж, тусламж шаардлагатай хүн байгаа эсэхийг асуу. Их ажилд нь ханцуй шамлан орох, тайлан мэдээг нь хэвлэх, илтгэлүүдийг нь үдэж хавтаслах, дуусгах шаардлагатай ч сонирхолгүй ажил үүрэгт нь сайн дураараа туслах нэгэн бай. Хүмүүс танд талархаад зогсохгүй, шаардлагатай үед танд хариу талархлаа илэрхийлэн гар сунгахдаа таатай байх болно.

  • Бодит шүүмжлэлийг өөртөө тусган хүлээн авах

Шүүмжлэл тийм ч амттай байхгүй. Харин зөвхөн өөрийгөө хамгаалах гэхгүйгээр, тухайн хүн яг юу хэлэх гээд байгааг чин сэтгэлээсээ анхааран сонсвол, шүүмжлэл хэлсэн хүнд талархалтай санагдана. Мэдээжээр хатуу шүүмжлэл сонсоно гэдэг хэцүү ч, тэрээр таныг илүү сайжраасай гэж үнэн сэтгэлээсээ хүссэндээ л өөрийн сэтгэл, цагаа зарцуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүний зөвлөгөөг авч хэлэлцсэнээрээ, үзэл бодлыг нь хүндэтгэж байгаагаа илэрхийлэн харуулах сайхан боломж юм.

  • Хамтран ажиллагсдаа эхэнд, ажлаа хоёрдугаарт тавь

Аливаа нэгэн зүйлд утга агуулга нэмэх нь таны бодож байгаагаас хамаагүй энгийн. Хэн нэгэн рүү илтгэлдээ зарим шаардлагатай зүйлсийг нэмэх хэрэгтэйг нь сануулан бичихдээ амралтын өдөр нь хэрхэн өнгөрсөн талаар асуу. Хамтын ажиллагааг тань илүү зугаатай, сэтгэл хангалуун болгоод зогсохгүй, багийн хамтрагчаа хүн гэдэг талаас нь хардаг гэдгийг тань илтгэх болно.

  • Уламжлал, зан үйл бий болго

Компанийн уламжлал, зан үйл нь багийн гишүүдийн харилцааг бэхжүүлж, ёс зүйг дээшлүүлэх гайхалтай үйл ажиллагаа юм. Жишээ нь, манай байгууллага багийн уулзалт бүр дээрээ “Хатан, Хаан” –ыг сонгодог уламжлалтай. Хаан, Хатанд хэн нэгний нэрийг дэвшүүлэхдээ тухайн хүний хийж гүйцэтгэсэн онцгой ажил үйл, тэр нь танд, баг хамт олонд, хэрэглэгчдэд, төслийг гайхалтай амжилтанд хүрэхэд хэрхэн нөлөөлсөн талаар тодотгож өгдөг.

  • Баярлалаа гэдгээ хэл

Мэдээжээр яриангүй тодорхой зүйл боловч, зүгээр л дахин сануулах үүднээс энэхүү жагсаалтад оруулж байна. Талархлаа илэрхийлэх хамгийн энгийн арга бол “баярлалаа” гэж хэлэх. Харин зүгээр л баярлалаа гэж хэлэх биш, чухам юунд, яагаад талархах болсноо тодорхой хэл.

Тэгэхээр, эдгээр 9 зөвлөгөөг өнөөдрөөс хэрэгжүүлж эхлээрэй. Зөвхөн хамт ажиллагсдад тань таатай сэтгэгдэл төрүүлээд зогсохгүй, та өөрөө стрессгүй, илүү эрүүл нэгэн болсноо мэдрэх болно. Сайхан биш гэж үү?

Эх үүсвэр:

https://www.themuse.com/advice/9-ways-you-can-personally-make-your-office-a-happier-place-to-work-every-day

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18