Цаасан соруул нь хуванцар соруулын адилаар байгаль орчинд хор хөнөөл учруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.
Германы dpa мэдээллийн агентлагийн мэдээлснээр Бельгийн судлаачид тус улсад худалдаалагдаж буй байгаль орчинд ээлтэй цаасан соруул үйлдвэрлэгч 39 брэндэд перфторжуулсан нэгдэлийн (PFAS) шинжилгээ хийсний үр дүнд уг 39 брэндийн 69 хувиас нь буюу 27 брэндээс уг хортой нэгдэл илэрсэн болохыг онцлов.
“Устаж, үгүй болдоггүй химийн бодис” гэгддэг перфторжуулсан нэгдэл нь байгалийн жамаараа төдийлөн задардаггүй ба хүний бие, амьтан, ургамал, байгаль орчинд хортой бодис учраас улс орнууд уг нэгдлийн хэрэглээг зохицуулах тал дээр ихээхэн анхаарал хандуулж байгаа юм.
Судалгааны багийнхан цаасан сорууланд агуулагдах перфторжуулсан нэгдэлийн түвшин өндөр байгаа нь ус нэвтэрдэггүй бүрээстэй холбоотой байж магадгүй гэж үзсэн байна.
Түүнчлэн тус судалгааны багийнхан цаасан сорууланд агуулагдаж буй уг хортой нэгдэл ямар нэгэн шингэн зүйл уухад уусдаг эсэхийг хараахан судлаагүй аж.
Эрдэмтдийн үзэж буйгаар бүтээгдэхүүнд агуулагдаж буй хортой нэгдлийн хэмжээ өчүүхэн багын дээр ихэнх хүмүүсийн хувьд соруул нь байнгын хэрэглээ биш байдаг учир хүний биед үзүүлэх хор нөлөө бараг үгүй хэмээн цохон тэмдэглэжээ.
Европт анхдагч, дэлхийн хэмжээнд хоёр дахь нь болж буй энэхүү судалгааны үр дүнгийн талаарх нийтлэл олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүл болох “Food Additives and Contaminants” сэтгүүлийн сүүлийн дугаарт нийтлэгдсэн байна.
Эх сурвалж: MBC