Дэлхийн эдийн засгийг “чичрүүлж буй” Израиль-Палестины мөргөлдөөн
2023, 10 сарын 11. 3:260

Палестины улс төрийн Хамас зэвсэгт бүлэглэлийн Израиль руу хийсэн дайралтаас үүдэн геополитикийн тодорхойгүй байдал газар авч буй явдал нь дэлхийн эдийн засагт шинэ эрсдэлийг үүсгэж байна хэмээн олон улс үзэж байна. Инфляцын өсөлт болон Орос Украинд халдан түрэмгийлсэн зэргээс болж хүндэрсэн дэлхийн эдийн засаг дахин дайны эрсдэлтэй нүүр тулж байгаа энэ үед АНУ-ын Холбооны нөөцийн сан зэрэг дэлхийн эдийн засгийг тэргүүлж буй томоохон орнуудын мөнгөний бодлогын эрх баригчдын санаа зовнил улам гүнзгийрэх төлөвтэй байна.

Тодруулбал өнгөрсөн амралтын өдрүүдэд Израиль болон Хамас бүлэглэлийн хооронд өрнөсөн мөргөөлдөөний дараачаас дэлхийн томоохон хөрөнгийн зах зээлүүд савлаж эхэлжээ.

Юун түрүүнд олон улсын түүхий газрын тосны үнийг тодорхойлогч West Texas Intermediate болон Brent маркийн газрын тосны фьючерс нэг өдрийн дотор дөрвөн хувиар өссөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Харин Солонгос, Японы хөрөнгийн зах зээлийн салбар бүх нийтийн амралтын өдөр таарсны улмаас хаалттай байсан ч томоохон орнуудын хөрөнгийн зах зээл нэлээд савлагаатай байв.

Тухайлбал Монголын цагаар мөн өдрийн 15:15 цагийн байдлаар Евро STOXX 600 индекс 443.35 нэгжид хүрч, өмнөх арилжаанаас 0.36 хувиар буурчээ. Их Британийн FTSE индекс өмнөх өдрөөс 0.07 хувиар буурч, 7489.51 нэгжид хүрсэн бол Францын CAC индекс 0.77 хувиар буурч 7005.78 нэгжид хүрсэн байна. Тэрчлэн Германы DAX индекс өмнөх арилжааны өдрөөс 0.74 хувиар буурч 15,117.26 болсон байна.

Харин 10 хоног үргэлжилсэн урт амралтын дараа арилжаагаа сэргээсэн Хятадын Шанхайн нэгдсэн индекс 0.44 хувиар буурчээ. АНУ-ын S&P 500 болон NASDAQ 100 индексүүд ч мөн буурах хандлагатай байв.

Ойрхи Дорнодын хөрөнгийн зах зээл ч мөн унажээ. Израилийн хөрөнгийн зах зээлийн жишиг үзүүлэлт болох Тель-Авивын хөрөнгийн бирж ч өмнөх өдрөөсөө 6.47 хувиар унасан ба Дубай, Кувейт, Катар улсууд хөрөнгийн зах зээл ч мөн арилжааны эхэн үед 1-2 хувиар буурсан байна.

Нөгөөтэйгүүр геополитикийн тодорхойгүй байдал нэмэгдэхийн хэрээр ам.доллар болон АНУ-ын засгийн газрын урт хугацаат бонд, алт зэрэг найдвартай хөрөнгө хүчээ авах хандлагатай ажиглагдав. Тухайлбал Bloomberg агентлагийн мэдээлснээр ам.долларын спот индекс 0.2 хувиар өссөн бол АНУ-ын 10 жилийн төрийн сангийн өгөөж мөн өссөн үзүүлэлттэй гарчээ. Мөн спот алтны үнэ унц нь 1850.52 ам.доллар болж, 1 хувиар өссөн байна. Алтны үнэ сүүлийн үед буурах хандлагатай болж, өнгөрсөн гуравдугаар сараас хойших хамгийн доод цэгтээ хүрсэн ч энэхүү үйл явдлын “ачаар” ийнхүү сэргэж буй бололтой.

Тэрчлэн уг мөргөлдөөн нь инфляц болон эдийн засгийн өсөлтийн аль алинд нь эрсдэлт хүчин зүйл болно гэж шинжээчид дүгнэж буй юм. Тодруулбал, цар тахал болон Украины дайнаас улбаатай инфляцын өсөлтийг саармагжуулахын тулд “байдаг аргаа барж” буй АНУ-ын Холбооны нөөцийн сангийн санаа зовнил улам томрох нөхцөл бүрдээд буй юм.

Яг одоо улс орнуудын мөнгөний эрх баригчид энэхүү мөргөлдөөний улмаас олон улсын зах зээл дэх газрын тосны үнэ цаашид хэрхэхийг ажиглаж байгаа ба арай гэж “хазаарлаж буй” инфляцын өсөлтийг дахин өдөөх вий хэмээн санаа зовж буй нь ойлгомжтой. Израиль ч, Палестин ч түүхий газрын тос үйлдвэрлэгч орон биш ч бүс нутгийн тээврийн гол зам болох Суэцийн суваг тун ойрхон байдаг билээ. Түүнчлэн Иран, Саудын Араб зэрэг газрын тос олборлогч томоохон орнууд мөргөлдөөнд татагдан ороход хүрвэл газрын тосны үнэ цаашид өсөх магадлал өндөр юм.

Их Британийн хөрөнгө оруулалтын Hargreaves Lansdowne фирмийн зах зээл хариуцсан захирал Сюзанна Стритер Guardian сонинд ярилцлага өгөх үеэрээ Хамас бүлэглэлийн Израиль руу хийсэн дайралт нь эрчим хүчний зах зээлийн урсгалд нөлөөлж болзошгүйд санаа зовниж буйгаа мэдэгдээд “мөнгөний хатуу бодлого үргэлжилсээр байгаа хэдий ч АНУ-ын эдийн засаг “айдгаа авдартаа хийсэн” хэмээн баярлаж амьсгаа авахтайгаа болж байсан хөрөнгө оруулагчдын хувьд сэтгэл санааг нь түгшээх томоохон асуудал болж буй нь дамжиггүй” хэмээн дурджээ.

Газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалж инфляцын түвшин нэмэгдэж буй тохиолдолд суурь хүүг өсгөх нь мэдээжийн асуудал. Гэвч хамгийн гол асуудал нь зэвсэгт мөргөлдөөн дайн болон даамжирсан тохиолдолд эдийн засгийн өсөлт саарах эрсдэл мөн бий. Дайны нөлөөгөөр эдийн засгийн өсөлт удааширвал үндсэн хүүг бууруулах нь зүйтэй. Тиймээс энэхүү мөргөлдөөн нь дэлхийн эдийн засгийн хувьд яг л хоёр үзүүртэй зүү шиг хүндхэн нөхцөл байдал болоод буй юм.

Triple Eye Asset Management-ийн ахлах эдийн засагч Карим Баста "Дайн нь инфляц болон эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөвт аль алинд нь эрсдэл учруулдаг" гээд Холбооны нөөцийн сан одоо үнийн өсөлтийг тогтоон барих уу, аль эсвэл эдийн засгийн өсөлтийг хойш нь чангаах уу гэдэг хоёр сонголтын аль нэгийг нь хийх шаардлага тулгарч мэднэ хэмээн цохон тэмдэглэсэн байна. Швейцарийн Quot банкны ахлах шинжээч Ипек Озкардская “Ойрхи Дорнод дахь хурцадмал байдал улам даамжирч, сунжирсан тохиолдолд дэлхийн эдийн засгийг уналтын ирмэг рүү түлхэх шийдвэрлэх цохилт болж магадгүй” хэмээн санаа зовниж буйгаа илэрхийлэв.

Гэвч энэхүү үйл явдал дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг тодорхойлоход тодорхой хугацаа шаардагдана гэж зарим шинжээчид таамагласан байна. Хэр хугацаагаар үргэлжлэх, хэр өргөн хүрээг хамрах эсэхээс шалтгаалж хэрхэн нөлөөлөх нь тодорхойлогдоно хэмээн үзэж байгаа аж. Олон улсын төлбөр тооцооны банкны ерөнхий нарийн бичгийн дарга Агустин Карстенс "Газрын тос болон хөрөнгийн зах зээлд үр нөлөө нь шууд анзаарагдаж магадгүй ч том зургаараа хэрхэн нөлөөлөхийг хэлэх арай эрт байна” хэмээн өгүүлжээ.

Энэхүү үйл явдал нь дэлхийн эдийн засгийн удирдагчдын цуглардаг Мароккогийн Марракеш хотноо гол сэдэв болох нь дамжиггүй юм. Марракеш хотноо жил бүр зохион байгуулагддаг “Их 20" бүлгийн томоохон орнуудын Сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгч болон Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хамтарсан хурал ирэх 15-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах билээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01