Дэлхий дахинаа аравдугаар сарын 31-ий өдрийг “Сүнсний баяр” хэмээн тэмдэглэдэг билээ. Хэдийгээр угсаа гарал, түүхийг нь судалбал Христийн шашинтнуудын баяр ч өдгөө олон улсад Христийн шашин шүтдэггүй ч эл өдрийг ямар нэг дүрд хувирч, хөгжилдөн өнгөрүүлэх нь нийтлэг үзэгдэл болсон. Тэгвэл бид танд энэ удаагийн мэдээгээрээ 2023 оны Сүнсний баяраар дэлхийн одод ямар, ямар дүрд хувирсныг танилцуулъя.
Парис Хилтон
Саяхан дуучин Бритни Спирс өөрийн дурдатгал бүхий номыг худалдаанд гаргасан билээ. Тэгвэл энэ Сүнсний баяраар түүнд хүндэтгэл үзүүлэн дүрд нь хувирсан хүмүүс цөөнгүй байлаа. Тэдний нэг бол Хилтон зочид буудлын өв залгамжлагчдын нэг Парис Хилтон юм. Энэ оны Сүнсний баяраар тэр дуучин Бритни Спирсийн “Toxic” дуун дээрх бүхээгийн ажилтны дүрд хувирчээ.
Кендалл Женнер
Супермодель Кендалл Женнер энэ оны Сүнсний баяраар биднийг цаг хугацаагаар аялуулж, Холливудын алдарт жүжигчин асан Мэрилин Монрогийн дүрд хувирчээ.
Адель
Алдарт дуучин Адель энэ Сүнсний баяраар “Аддамсын Гэр бүл” киноны гол дүр болох Мортишиа Аддамсын дүрд хувирч, хар урт хиймэл үс зүүн, түүний онцлох шинж болж чадсан нүүр будалтыг хийлгэжээ.
Коуртни Кардашьян
Энэ удаагийн Сүнсний баяраар реалити шоуны од, хөл хүнд Коуртни Кардашьян өөрийн дүү Ким Кардашьяны дүрд хувирч, түүний 2013 онд Met Gala хандивын арга хэмжээнд оролцсонтой ижил хувцас, нүүр будалт, үс засалтаар гоёжээ.
Меган Фокс болон Машин Ган Келли(Пулемёт Келли)
Холливудын хамгийн халуухан хосуудын нэгт зүй ёсоор тооцогддог жүжигчин Меган Фокс, реппер, дуучин Машин Ган Келли нар энэ жил “Kill Bill” буюу “Биллийг хөнөө” киноны дүрүүдийг амилуулжээ. Улмаар жүжигчин бүсгүй маань киноны Гого Юбаригийн дүрд хувирсан бол Машин Ган Келли “Сүйт бүсгүй”-н дүрд хувирсан байна.
Эх сурвалж: The Cut