“Оскар-2024” шагнал гардуулах ёслолын талаар мэдвэл зохих сонирхолтой баримтууд
3 сарын 11. 10:480

Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй наадмуудын нэг болох "Оскар"-ын шагнал гардуулах 96 дахь удаагийн ёслол АНУ-ын Лос-Анжелес хотын алдарт “Dolby” театрт гуравдугаар сарын 10-ны ням гарагт буюу өнөөдөр болж, шилдгүүдээ тодруулах гэж байна.

Ингээд энэ жилийн шагнал гардуулах ёслолын үеэр эвдэгдэж магадгүй амжилтууд, сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Эмма Стоун онцгой жүжигчдийн эгнээнд нэгдэж магадгүй

"Poor Things" киноны гол дүрийг бүтээсэн Эмма Стоун 35 нас хүртлээ хоёр удаа "Оскар"-ын наадмаас шагнал хүртсэн найм дахь жүжигчин болж магадгүй байна. Тэрээр өмнө нь 2017 онд "Ла Ла Лэнд" киноны дүрээрээ энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн билээ.

Дээрх амжилтыг Мерил Стрип, Жоди Фостер, Элизабет Тейлор, Бетт Дэвис, Луизы Райнер, Оливии де Хэвилленд, Хилари Суэнк нар үзүүлсэн юм. Харин эрэгтэй жүжигчдээс нэг нь ч ийм амжилт гаргаж байгаагүй аж.

Гэхдээ Э.Стоун “гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд шалгарах магадлал тийм ч их биш байгаа бөгөөд энэ шагналын төлөө түүнтэй ширүүн өрсөлдөх жүжигчин бол “Killers of the Flower Moon” киноны од Лили Гладстоун юм.

“Barbie” киноны дуу “Оскар” хүртэх өндөр магадлалтай

Тус киноны найруулагч, жүжигчид нэг ч шагналд нэр дэвшээгүй хэдий ч “Оскар”-ын түүхэнд хэдийнээ бичигдэн үлджээ. Тодруулбал, найруулагч Грета Гервиг анхны гурван бүтээлээрээ ("Lady Bird", "Little Women", “Barbie”) “шилдэг кино” төрөлд нэр дэвшсэн цорын ганц найруулагч болсон байна.

Гэвч түүний “Barbie” кино нь нэр дэвшсэн найман шагналынхаа зөвхөн нэгд нь ялж магадгүй бөгөөд Билли Айлишийн дуулсан "Was I Made For?” дуу нь “Оскар” хүртэх хамгийн өндөр магадлалтай байгаа юм.

2018 онд Брэдли Куперийн найруулсан "A Star Is Born" кино мөн найман төрөлд нэр дэвшиж байсан боловч Леди Гагагийн дуулсан “Shallow” дуу нь л шагнал хүртсэн билээ.

"Шилдэг кино" шагналд гадаад хэлээрх хамгийн олон кино нэр дэвшив

2020 онд “Шимэгч” кино Оскарын наадмын дээд шагнал болох “Шилдэг кино” шагналыг хүртсэн анхны гадаад кино болсон төдийгүй “Гадаад хэлээрх шилдэг кино”, “Шилдэг зохиол”, “Шилдэг найруулагч” шагналыг хүртсэн билээ.

Тус киноны найруулагч Бон Жун Хо "Алтан бөмбөрцөг" наадмаас “Гадаад хэлээрх шилдэг кино” шагналыг авах үеэрээ "хадмал орчуулгын нэг инчийн саадыг давснаараа та бүхэн маш олон гайхалтай киног үзэх болно" гэж хошигнон хэлж байжээ. Харин дөрвөн жилийн дараа Америкийн кино академийн гишүүд Жун Хогийн зөвлөгөөг сонссон бололтой. Энэ онд “шилдэг кино” төрөлд гадаад хэлээр хийгдсэн хоёр кино, мөн гадаад хэлээр хэсэгчлэн зургийг нь авсан Америкийн нэг кино нэр дэвшжээ.

Хэдийгээр энэ нь сонин содон биш мэт санагдаж болох ч шагналын 96 жилийн түүхэн дэх шинэ дээд амжилт бөгөөд “шилдэг кино” төрөлд англи хэлнээс өөр хэлээр бүтээсэн кино нэгээс олон нэр дэвшиж байгаагүй юм.

Киллиан Мерфи 10 гаруй жил үргэлжилсэн трэндийг эвдэж магадгүй

Энэ оны Оскарын наадмын хамгийн олон шагналд “Oppenheimer” кино нэр дэвшээд байгаа билээ. Хэрэв эл кино шилдгээр шалгарч, Ирландын жүжигчин Киллиан Мерфи “Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” шагналыг хүртвэл 2012 оноос хойш нэг кино “Шилдэг кино” болон “Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд “Оскар” хүртсэн анхны тохиолдол болно. Хамгийн сүүлд “The Artist” кино болон тус киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Жан Дюжарден ийм амжилтыг үзүүлж байв.

К.Мерфи мөн “Гол дүрийн шилдэг эрэгтэй” төрөлд шалгарсан, Ирландын анхны жүжигчин болж магадгүй байна.

Энэ онд анх удаа эмэгтэйчүүдийн найруулсан гурван кино "Шилдэг кино" төрөлд нэр дэвшив

Энэ онд эмэгтэй найруулагчдын найруулсан гурван кино ("Barbie", "Anatomie d'une chute", "Past Lives") "Шилдэг кино" төрөлд нэр дэвшиж байгаа нь Оскарын түүхэн дэх анхны тохиолдол юм. Мөн уг шагналд нэр дэвшсэн 10 киноны дөрвийнх нь зохиолыг эмэгтэй уран бүтээлчидтэй хамтран бичжээ.

Брэдли Купер Оскарын шагналд нэр дэвшсэн боловч хүртэж чадаагүй хүмүүсийн жагсаалтын тавдугаарт бичигдиж байна

Тэрбээр бүтээсэн олон дүрээрээ, найруулсан киногоороо, бичсэн кино зохиолоороо Оскарт 12 удаа нэр дэвшиж байсан боловч нэг ч удаа хүртэж байгаагүй юм.

Түүнээс гадна, дууны найруулагч Грег Рассел (16 төрөлд), хөгжмийн зохиолч Томас Ньюман (15), дуу зохиогч Дайан Уоррен (15), тусгай эффектийн найруулагч Даниел Судик (13) нар мөн нэр дэвшсэн ч хүртэж байгаагүй аж.

Энэ удаа Б.Купер “Maestro” киногоороо “Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг кино”, “Шилдэг эх зохиол” гэсэн төрлүүдэд нэр дэвшиж байгаа ч ялах магадлал бас л тун бага байна.

Ижил хүйстэн хоёр жүжигчин түүхэнд бичигдлээ

Оскарын түүхэнд анх удаа ижил хүйстэн жүжигчид ижил хүйстнүүдийн дүрд тоглосон дүрээрээ нэр дэвшиж байна. Тэд бол “Rustin” кинонд иргэний эрхийн төлөө тэмцэгч Баярд Растины дүрийг бүтээсэн Колман Доминго, “Nyad” киноны гол дүр усанд сэлэлтийн тамирчин Дайана Найэдын найз бүсгүй, дасгалжуулагч Бонни Столлын дүрд тоглосон Жоди Фостер нар юм.

Ижил хүйстний дүрд тоглосон ижил хүйстэн жүжигчин Оскарт нэр дэвшсэн цорын ганц тохиолдол нь 1998 онд буюу жүжигчин Иан МакКеллен "Бурхад ба мангас" кинонд бүтээсэн дүрээрээ нэр дэвшиж байжээ.

Лили Гладстоун — гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчинд нэр дэвшсэн Америкийн анхны уугуул иргэн

Өдгөө 37 настай Лили Гладстоун "Killers of the Flower Moon" кинонд бүтээсэн дүрээрээ "Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин"-ий шагналд нэр дэвшсэн Америкийн анхны уугуул иргэн гэдгээрээ Оскарын түүхэнд бичигджээ. Жүжигчин бүсгүй Монтана муж улсын хойд нутгийн блэкфит овгоос гаралтай аж.

“American Fiction” кино дээд амжилтыг эвджээ

Жеффри Райт, Стерлинг К.Браун нар хоёулаа Оскарт нэр дэвшихдээ хоёр өнгөт арьст жүжигчин нэг кинонд бүтээсэн дүрээрээ гол болон туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин төрөлд нэр дэвшсэн анхны тохиолдол болжээ.

Тэдний тоглосон “American Fiction” кинонд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, дорд үзэх хэвшмэл ойлголтын талаар ёжлон бичдэг өнгөт арьст зохиолчийн тухай өгүүлдэг.

Оскарт нэр дэвшихээсээ өмнө нас барсан хөгжмийн зохиолч

“The Band" рок хамтлагийн гишүүн, Канадын хөгжимчин, хөгжмийн зохиолч Робби Робертсон "Killers of Flower Moon" киноны хөгжмийг зохиожээ. Р.Робертсон, найруулагч Мартин Скорсезе нар олон арван жилийн турш хэд хэдэн кинон дээр хамтран ажилласан боловч тэрбээр өнгөрсөн наймдугаар сард кино нь гарч амжаагүй байхад харамсалтайгаар нас баржээ. Түүнийг нас барсны дараа зохиол нь шилдэг хөгжим төрөлд нэр дэвшсэн бөгөөд найруулагч Мартин Скорсезе "Killers of Flower Moon" киногоо түүний дурсгалд зориулжээ.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35