Москва хотноо болсон террорист халдлагын ард чухам хэн байсан бэ?
3 сарын 25. 3:101

137 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархадсан ОХУ-ын Москва хотын захад орших концертын танхимд болсон террорист халдлагын хариуцлагыг ОХУ-ын тал Украинтай холбож буй нь маргаан дэгдээж байна. Энэ үйл явдлын хариуцлагыг хэт даврагч Исламын зэвсэгт бүлэглэл болох “Исламын улс“ өөртөө хүлээсэн юм. АНУ-ын засгийн газар “Исламын улс” бүлэглэлийн террорист ажиллагааны талаар ОХУ-д урьдчилж анхааруулсан гэдгээ мэдэгдээд “Орос улс энэхүү террорист халдлагаас урьдчилан сэргийлэх бүрэн болрмжтой байсан гэх хариуцлагаас мултрахыг хичээхийн зэрэгцээ Украинтай холбоотой гэх цуу яриаг дэгдээж буй нь уг үйл явдлыг дайны цар хүрээг тэлэх шалтаг болгон ашиглах гэж байгаа гэх харыг төрүүлж байна” гэв.

Исламын улс Хорасан (ISIS-K)” бүлэглэл: Исламчуудын эсрэг тэмцэж буй улс орнуудтай дайтахад бэлэн.

“Исламын улс” бүлэглэлийн Афганистан дахь салбар болох “Исламын улс Хорасан (ISIS-K)” бүлэглэл орон нутгийн цагаар 22-ны өдөр болсон энэхүү аймшигт үйл явдлын дараахан Telegram платформоор дамжуулан хийсэн мэдэгдэлдээ, “”Исламын улс” бүлэглэлийн дайчид энэхүү халдлагыг үйлдэж, олон зуун хүнийг хөнөөж, шархдуулсан" хэмээн цохон тэмдэглэжээ.

Аймшигт үйл явдлын маргааш тэд дөрвөн халдлага үйлдэгчийн гэрэл зурагнаас гадна зэвсэгт этгээдүүдийн нэг нь олон хохирогчийг буудаж буй 90 секундын бичлэгийг мөн олны хүртээл болгосон байна. Түүнчлэн “Энэ халдлагыг “Исламын улс” бүлэглэлийн дөрвөн гишүүн үйлдсэн. Исламын шашинтнуудад аюул заналхийлэл учруулдаг улс орнуудын эсрэг тэмцэж буй л энгийн хэлбэр” хэмээн нэмж дурдсан байна.

Гэвч ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба 23-ны өдөр гол сэжигтнүүдийг баривчилсныхаа дараахан “Сэжигтнүүд халдлага үйлдмэгцээ Орос-Украины хилээр нэвтрэхийг завдсан. Тэд Украинтай холбоотой байсан” гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч Владимир Путин ч мөн ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Тэд Украин руу зугтахаар завдсан бөгөөд анхны мэдээллээр Украины талаас хилээр гарах “цонхыг” бэлдсэн байсан” гэж онцолсон юм. Тэрээр үргэлжлүүлэн “Тэднийг хэн зөөвөрлөж, зэвсэг өгсөн болохыг тогтоохоор ажиллаж байна. Энэ хэргийг үйлдсэн, захиалсан бүх этгээдүүд зохих шийтгэлээ хүлээх болно” гэв.

Харин АНУ-ын тал уг халдлагын ард “Исламын улс” бүлэглэл байгаа хэмээн буруутгаж, Украин гэх хардлагыг үгүйсгэсэн байна. Financial Times сонины мэдээлснээр Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Адриан Ватсон "Энэ халдлагын хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл бүрэн хариуцах ёстой. Харин Украин огт оролцоогүй" хэмээн мэдэгдсэн байна.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський мөн “Путин болон бусад хүн дүрст хог шаарнууд энэ бүхний бурууг гэмгүй хүмүүст нялзаахаар хичээж байна” гэж шүүмжлэв. Украины Батлан хамгаалахын яамны харьяа Тагнуулын ерөнхий газар “Москвад болсон террорист халдлага бол В.Путины тушаалаар Оросын тусгай хүчнийхний зохион байгуулсан, санаатай өдөөн хатгасан ажиллагаа байсан” гэж өөрсдийг нь хүртэл буруутгаад амжив.

АНУ-ын террорист халдлага болж болзошгүй талаар урьдчилан анхааруулсан гэх мэдэгдэлд Оросын тал "албан ёсны мэдээлэл огт ирээгүй" хэмээн үгүйсгэжээ.

АНУ-ын зүгээс террорист халдлага үйлдэж болзошгүй талаар ОХУ-д урьдчилан анхааруулсны дараа уг террорист халдлага болсонд барууны хэвлэлүүд ихээхэн анхаарал хандуулж байна. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Адриан Ватсон “АНУ-ын засгийн газар энэ сарын эхээр Москвад террорист халдлага үйлдэж болзошгүй гэх мэдээллийг авч, улмаар Оросын эрх баригчидад анхааруулсан” гэж мэдэгдсэн юм. Харин АНУ-д суугаа ОХУ-ын элчин сайд Анатолий Антонов “Албан ёсоор ямар нэгэн мэдээлэл ирээгүй” хэмээн энэ мэдээллийг эрс үгүйсгэсэн билээ.

АНУ-ын тал анхааруулга хүргүүлсэн гэх энэхүү мэдэгдлийн тухайд ерөнхийлөгч Путин “Ерөнхийлөгчийн сонгуулийн яг дараа ОХУ-ын нийгэмд заналхийлэл учруулж, тогтворгүй болгох зорилготой үйлдэл байсан” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Үүнтэй холбогдуулан Британийн Telegraph сонин “Ерөнхийлөгч Путин өөрийн бардам зангаасаа болж АНУ-аас анхааруулсан мэдээлэлд үл итгэснээс гадна сонгууль болохоос ердөө долоохон хоногийн өмнө анхааруулга өгсөн зэргээс шалтгаалж үүнд тоомжиргүй хандсан байх магадлалтай” хэмээн дүгнэжээ.

Гэсэн хэдий ч энэхүү террорист халдлага ерөнхийлөгч Путины хувьд эерэг нөлөөтэй, нэгэн боломж ч болж мэдэх юм хэмээн шинжээчид харж байна. Тодруулбал уг террорист халдлагын улмаас Оросын ард түмний аюулгүй байдалд аюул заналхийлэл учирч, иргэдийн сэтгэл санаа тогтворгүй байгаа энэ эмзэг үед халдлагын хариуцлагыг Украины талд тохож, оросуудыг Украин дахь дайнд оролцохыг уриалах нэгэн зэвсэг болгон ашиглаж мэдэх юм.

500 мянган рублийн төлөө үүнийг хийсэн.

Үүний зэрэгцээ зарим сэжигтнүүдээс ярилцлага авч байгаа бичлэг Оросын нэгэн хэвлэл мэдээллийн агентлагийн томоохон албан тушаалтны Telegram хуудсаар цацагдсан байна. Уг бичлэг дээр гарч байгаа сэжигтэн хэлэхдээ “номлогч” хэмээн нэрлэсэн нэгэн үл мэдэгдэх хүнтэй Telegram хаягаар дамжуулан холбогдож, өнгөрөгч 4-нд Туркээр дамжин Орост нэвтэрсэн хэмээн мэдэгдсэнийг Daily Mail сонинд мэдээлсэн байна.

Сэжигтэн “Мөнгөний төлөө үүнийг хийсэн” гэж хэлээд халдлага үйлдсэнийхээ “шанд” 500 мянган рубль авахаар анх тохиролцсон гэдгээ хүлээжээ. Тэрчлэн Туркт байдаг зэвсгийн дэлгүүрийн тухай мэдээлэл аваад тэндээс зэвсэг худалдан авсан болохоо мөн ярьсан байна. Мөн захиалагч этгээд “Дахин 1 сая рубль өгнө” гэж амласан гэв.

Өөр нэгэн бичлэг дээр гарч буй этгээд эрх баригчдын асуултад тажик хэлээр хариулж буй нь харагдах аж. ОХУ-ын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр дөрвөн гол сэжигтний дунд ОХУ-ын иргэн байгаагүй болохыг мэдэгдэв. Тэдний зарим нь Тажикстан улсын иргэд байсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Үүнтэй холбогдуулан Тажикистаны алан хядагчид өөрсэдтэй нь ямар ч хамаагүй хүмүүс хэмээн мэдэгдсэн болохыг France Press агентлаг мэдээлэв. Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон 24-ний өдөр ерөнхийлөгч Путинтэй утсаар ярихдаа "Террористуудад иргэншил, эх орон, шашин шүтлэг гэж байх ёсгүй" хэмээн мэдэгдсэн байна. Тажикистаны Гадаад хэргийн яам мөн өмнөх өдөр нь энэхүү террорист халдлагад өөрийн иргэдийг оролцсон гэх цуурхлыг “хуурамч мэдээлэл" хэмээн няцаасан билээ.

"Исламын улс Хорасан (ISIS-K)”бүлэглэл нь Путиныг мусульманчуудын цусаар “гараа угаасан” гэж шүүмжилсээр иржээ.

“Исламын улс Хорасан (ISIS-K)” бүлэглэл сүүлийн жилүүдэд ерөнхийлөгч Владимир Путиныг шүүмжилсээр ирсэн болохыг терроризмын эсрэг шинжээчид онцлов. Тухайлбал ерөнхийлөгч В.Путин Чеченьд харгис хэрцгий цэргийн ажиллагаа явуулснаас гадна ЗХУ-ын үед Афганистан руу довтлон лалын шашинтнуудын эсрэг харгислал үйлдэж байсан хэмээн буруутгадаг аж.

Америкийн терроризмын эсрэг судалгааны хүрээлэн болох Soufan төвийн ажилтан Колин Кларк New York Times сонинд өгсөн ярилцлагадаа “”Исламын улс Хорасан (ISIS-K)” бүлэглэл сүүлийн хоёр жилийн хугацаанд Орост анхаарал хандуулах нь нэмэгдсэн ба суртал ухуулгын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ерөнхийлөгч Путиныг байнга шүүмжилсээр ирсэн” хэмээн дурдсан байна.

Тэрээр "“Исламын улс Хорасан (ISIS-K)”бүлэглэл нь Афганистан, Чечень, Сирийн улс төрийн нөхцөл байдалд ОХУ-ыг хөндлөнгөөс оролцсон хэмээн буруутгаж, Кремлийг мусульманчуудын цусаар “гараа угаасан” хэмээн шүүмжилсээр ирсэн” хэмээн нэмж онцлов.

Исламын улс Хорасан (ISIS-K)”бүлэглэлийн талаар.

“Исламын улс Хорасан (ISIS-K)”бүлэглэл нь Исламын хэт даврагч “Исламын улс (IS)” бүлэглэлийн Афганистан дахь салбар юм. Хорасан гэдэг нь Иран, Афганистаны хэсэг бүс нутгийг нэрлэдэг эртний нэр аж. Тус бүлэглэл нь 2015 онд Афганистаны зүүн хэсэгт үүсгэн байгуулагдсан бөгөөд маш харгис хэрцгий үйлдлээрээ богино хугацаанд олонд танигдсан юм.

Түүнчлэн энэ бүлэглэл өнгөрсөн нэгдүгээр сард Ираны Хувьсгалт гвардийн Кудс хүчний командлагч Кассем Солейманигийн дурсгалыг хүндэтгэх ёслолын үеэр 80 орчим хүний ​​аминд хүрсэн дэлбэрэлтийн хариуцлагыг өөртөө хүлээсэн байна.

Үүнээс гадна 2022 онд Афганистан дахь ОХУ-ын Элчин сайдын яаманд болсон амиа золиослогчийн дэлбэрэлтийн хариуцлагыг өөртөө хүлээгээд зогсохгүй 2021 онд Кабулын олон улсын нисэх онгоцны буудалд болсон халдлагын хариуцлагыг мөн хүлээсэн юм.

“Исламын улс” бүлэглэл ОХУ-д халдсан тохиолдол өмнө нь ч гарч байсан удаатай. Тодруулбал 2015 онд Оросын онгоц Египетийн Синайн хойгийн дээгүүр нисэж байх үедээ осолдож, онгоцонд явсан 224 хүн бүгд амь үрэгдсэний ихэнх нь оросууд байсан бөгөөд тухайн үед “Исламын улс” бүлэглэл хариуцлагыг өөртөө хүлээж байсан билээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
59.153.87.1
   /
3 сарын 27. 7:38

Халдлага болоод өнгөрлөө. Хэнд ашигтай, хэний нэр хүндэд муугаар нөлөөлөх вэ гээд бодохоор захиалагч нь тодорхой харагдана. ФСБ

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35