Олон нийтийн сүлжээг хүний нөөцийн бүрдүүлэлтэнд үр ашигтай ашиглах нь
2013, 1 сарын 21. 15:310
Урд өмнө нь хүний нөөцийг татах болон сонгох ажиллагааг сонин сэтгүүлд зар гарган, танил тал болон бусад хүмүүсээр дамжуулан явуулдаг байсан бол орчин үед ажлын байрны зарыг олон нийтийн сүлжээг ашиглан маш үр ашигтайгаар хийдэг болжээ.

Facebook, Twitter, Linked In болон Biznetwork.mn зэрэг олон нийтийн сайтаар хэрхэн мэдээлэл хүргэх, түүнд анхаарах зүйлс болон тухайн олсон ажил горилогчийг судлах, цаашлаад байгууллагынхаа онлайн маркетинг хэрхэн хийх тухай товч зөвлөгөө өгъе. 
 

Юуны өмнө яагаад сошиал сайтууд нь уламжлалт зар сутгалчилгааны хэлбэрээс илүү үр дүнтэй байдаг талаар цухас дурьдая.

Мэдээллийн хэрэгсэлийн үнэ цэнийг харьцуулаад үзвэл, мэдээллийн нэг талт урсгалтай сүлжээ бол (жишээ нь: телевиз, радио, сонин, сэтгүүл) тухайн сүлжээний цар хүрээгээр тодорхойлогддог бол, хоёр чиглэлд урсгалтай сүлжээ нь (жишээ нь: телефон, энгийн интернет харилцаа, и-мэйлээр харилцах) үнэ цэнээ квадрат зэрэг дахин нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл, 10 хүнтэй ийм сүлжээ, энгийн телевизийн сүлжээнээс 100 дахин үнэ цэнэтэй болдог. Харин орчин үеийн сошиал сайтуудын харилцаан дахь мэдээллийн урсгал ямар ч загварт баригдахгүй, өөр хоорондоо чөлөөтэй, олон талт байдаг тул түүний үнэ цэнэ хоёрын, тухайн сүлжээ дэхь хүмүүсийн тоон зэрэгт хүрнэ (Рийдийн онол, David P. Reed, MIT). Энэ нь олон нийтийн сайтуудын хамгийн том давуу тал бөгөөд үүний улмаас л ийм төрлийн сайтуудын үнэ цэнэ хэмжээлшгүй өндөр байдаг юм.


Сошиал сайт нь маркетингийн нэг суваг болсон ба энэ зорилгоор байгууллагууд өөрийн сошиал хуудсыг нээх болсон ба 2010 онд eMarketer сэтгүүл 2012 он гэхэд нийт компаниудын 88% нь өөрийн сошиал хуудастай болно гэж мэдээлж байжээ.

Нөгөө талаас, сошиал сайт нь ажил хайгчид болон ажил олгогчдийг шууд хооронд нь холбодог бөгөөд энэ нь уламжлалт мэдээллийн сувгуудыг бодвол цаг хугацаа, хөрөнгө мөнгө, үйл ажиллагааг олон талаар хэмнэдэг юм.
 

Өнөөгийн сошиал сайтууд аль хэдийн өөр өөрийн зорилго, онцлогтой болж төрөлжжээ. Тэдгээрийн дотроос хүний нөөцийн зорилгоор ашиглагддаг, хамгийн өргөн хэрэглэгддэг, мэргэжлийн сүлжээ бол, дэлхийд LinkedIn, Монголд biznetwork.mn юм.
 
Linked In: Мэргэжлийн харилцаанд зориулсан олон нийтийн сайт бөгөөд 200 гаруй орны 90 сая гаруй гишүүнтэй, олон зуун төгсөгчид өөрсдийн мэргэжлийн ажлыг хайх гараагаа хамгийн түрүүнд эндээс эхэлдэг. Anderson Analytics-ийн судалгаагаар Linked In-ийн 28% - захирал, 30% - зөвлөх мэргэжилтэн байдаг ба хүн бүр нэг нэгэнтэйгээ (найзийн найз г.м) холбогдсоор дэлхийн бүх хүнтэй 6 үе шатаар холбож болно. Жишээ нь, 1 хүн 365 шууд холбоотой бол, тэдгээрийн сүлжээгээр мөн тухайн сүлжээ нэмэгдэж 7,700,000 хүн болно.
Тус сайтад 
  1. Хувь хүн мэргэжлийн зүгээс өөрийгөө харуулдаг тул албан харилцаанд тохиромжтой
  2. Хүний нөөцийн мэргэжилтэн заавал орсон байх сүлжээ. (компани/байгууллагын танилцуулгаа заавал оруулах хэрэгтэй)
  3. Ажлын зараа ч байршуулж болно (ялангуяа олон улсын хэмжээнд ажиллах хүчин хайж байгаа бол) .
  4. Хамгийн боломжит, чадварлаг мэргэжилтэнгүүдийг олох боломжтой.  (Ажил олгогч, хамтран ажиллагчийн тодорхойлолт орсон байдаг. Мөн ур чадварыг бусдаар үнэлүүлсэн байдаг.)
  5. Мэргэжлийн бүлгүүдэд элсэж, тухайн сэдэвт оролцох боломжтой. Эндээс хүмүүсийн санаа бодол, мэргэжлийн чадварыг харж болно. 
Харин улс орон бүрт өөрсдийн онцлогтой сошиал сүлжээ байдаг ба манай орны хувьд www.biznetwork.mn юм. Монголын чадварлаг мэргэжилтнүүдийн онлайн сүлжээ сайт болох Бизнетворк нь ажилтан, бизнес эрхлэгчдийг хооронд нь ажил хэргийн зорилгоор холбох платформ юм. Өнөөдрийн байдлаар 150,000 давсан гишүүнтэй энэ сайтад 40,000 гаруй ажил хайгч, 2,000 гаруй компани бүртгэгдсэн байгаа нь одоогийн хамгийн том, идэвхитэй ажил хайгч, ажил олгогчдыг хооронд нь холбогч сүлжээ болж байна.

Тус сайтад байгууллага гишүүн болсноор Хүний нөөцийн төрөл бүрийн үйлчилгээ авч болохоос гадна сайтын санд буй идэвхитэй ажил хайгчдын мэдээллээс анкет үзэж, шүүлт хийх боломжтой байдаг нь одоогийн хөдөлмөрийн бирж дээр хийгдэх боломжгүй ажиллагааг боломжтой болгосон юм. Тухайн сайтын гишүүд нь туршлагатай, чадварлаг мэргэжилтэнгүүд байдаг бөгөөд компаниудын гаргасан ажлын зарыг тогтмол и-мэйлээрээ хүлээн авч байдаг. Мөн шинэ гарч буй ажлын байрны тухай мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч, компани аж ахуйн нэгж, байгууллагатай шууд холбогдох боломжтой байдаг.
Ажил олгогчдын хувьд ч тэдгээрийн ажлыг олон талаар хөнгөлсөн байдаг ба дэлгэрэнгүй анкетаас гадна ажил горилогчдын ур чадварыг үнэлэх шалгалтын цэс хүртэл орсон. Ажил хайгчийн ур чадвар, мэдлэгийг бодитоор үнэлэх энэхүү цэсд өргөн хэрэглээний компьютерийн програмын мэдлэгээс эхлээд, англи хэл, интернет орчны хэрэглээ төдийгүй, төдийлөн үнэлэхэд бэрхшээлтэй байдаг логик сэтгэлгээ, шийдвэр гаргалтыг үнэлэх шалгалт хүртэл орсон тул гишүүн байгууллагууд өргөнөөр ашиглах боломжтой, оновчтой шийдэл юм.

Байгууллагын онлайн брендийг бий болгох нь зөвхөн маркетингийн салбарынханы ажил биш, энд хүний нөөцийн бодлого ч хамаатай. Иймээс хүний нөөцийн мэргэжилтэн ч хийж болох байгууллагын онлайн брендийг бий болгох хэдэн алхамт энгийн зөвлөгөө өгөе. Ерөнхийдөө байгууллагын тухай мэдээлэл маш тодорхой, тогтвортой, тод буюу зорилтод хэрэглэгчиддээ ил байх ёстой бөгөөд дараах 5 энгийн алхамын дагуу бий болгож болно. Үүнд:
  1. Байгууллагын хуудас бий болгох (жишээ нь Facebook, Linked In, Biznetwork-д байгууллагын танилцуулга хуудас бий болгох)
  2. Хооронд нь бүгдийг нь зөв холбох, хариуцсан хүнтэй байх
  3. Хэрэглэгч, сонирхогчидтой холбогдох, харилцаатай байх (Like, follower, гишүүн)
  4. Мэдээлэл (сонирхол татсан видео, зураг) байнга оруулах
  5. Хэрэглэгчдийн асуултанд хариу өгөх
Ямарваа мэдээлэл оруулж онлайн брендээ үүсгэсэн бол, түүнийгээ хянахын тулд Google alert, TweetBeep.com, SocialMention.com, Tweetdeck.com, HootSuite.com, twitterfall.com зэрэг сайтуудыг ашиглаж болно. Үүгээр буруу болон худал мэдээллийг хянаж, хүсээгүй мэдээллийг арилгаж болдог.

Эцэст нь, хүний нөөц бүрдүүлэлтийн дэлхийн чиг хандлагыг харвал, онлайнаас илүү сошиал сайтад шилжиж, зөвхөн харилцаа үүсгэх бус сүлжээ үүсгэдэг болсон байна. Мөн ажилтнаа сургахдаа хувь хүний хөгжлийг чухалчлах болжээ. Цаашлад ажилчдын ур чадварыг техникийн дэвшилд суурилсан шалгалтаар үнэлэх нь илүү хялбар болсон байна.

Түүгээр зогсохгүй, ажилтанг ажилд авахдаа, ялангуяа менежер болон түүнээс дээш удирдах албан тушаалд, ирүүлсэн анкетаас илүүтэйгээр тухайн хүний сошиал орон зайг судлах болсон ба үүнийгээ интернетээр төвөггүй хийдэг байна. АНУ-д менежерийг ажилд авахдаа, тэдгээрийн 79% нь тухайн ажилтны тухай хайлт хийж үзсэн байдаг ба тэдгээрийн 70% нь хайлтын үр дүнгээс болж авахаас татгалзсан байдаг. Тухайн ажил горилогчийн тухай мэдээллийг интернетээс, тухайлбал олон нийтийн сайтаас үзэх нь түүний найз нөхөд, хүрээлэл, сонирхолыг нь мэдэх таатай боломж юм.
Н.Жавхлан.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35