Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх 7 содон арга
2015, 7 сарын 31. 13:280

Хэрэв та өөртөө итгэх итгэлийнхээ түвшинг хэзээ ч хэлбэлзэхээргүй тогтоон барьж чаддаг байсан бол юуг өөрөөр хийх байсан бэ? Өөртөө үргэлж итгэлтэй байдаг байсан бол юуг аль хэдийн хийж гүйцэтгэчихсэн байх байсан бол?

Өөртөө итгэх итгэл нь өөрийгөө эерэгээр үнэлснээр ирдэг бөгөөд, түүнийг идэвхтэйгээр нэмэгдүүлэх боломжтой зүйл юм. Юу ч хийхгүй зүгээр суугаад ямар ч үр дүнд хүрэхгүй.Хэрэв өөртөө итгэх итгэлийг гадаад хүчин зүйлээс эрвэл, тэрхүү итгэл чинь зөвхөн элсэн дээр бий болно. Харин хатуу, чулуун суурин дээр бий болгохын тулд зөвхөн өөрийнхөө дотроос түүнийг эрж ол.

Өөртөө итгэх итгэлийг бий болгох тал дээр маш олон нийтлэл, зөвлөгөө зөвлөмж бичигдсэн байдаг – төлөвлөгөө боловсруулах, зорилго тавих, багштай болох гээд л – харин таны төдийлөн сонсоогүй байж болох 7 аргыг бид энд танилцуулж байна:

1.Тав тухтай биш байсан ч, боломжийг бүү алд.

Ямар нэгэн зүйлийг хийж чадах эсэхдээ эргэлзэх мөчид, түүнийг хийх боломжоо үүрд алдаж байдаг. Тав тухгүй байдлыг мэдрэхээс бүү ай. Бусдын өмнө эвгүй байдалд орохоос, тэнэгдүү харагдахаас бүү ай.

Тэнэгдүү харагдаж, бусдын өмнө эвгүй байдалд орохоос айхгүй байх талаар боловч, олны өмнө дотуур хувцастайгаа гүйх тухай яриагүй байна. Юу хэлэх гээд байна вэ гэвэл, шинэ, таньж мэдэхгүй саад бэрхшээл, сорилтуудад өөрийгөө хүчилж болох, тав тухтай биш нөхцөл байдлуудад өөрийгөө байнга оруулснаар, дотоод хүч чадал, өөртөө итгэлээ олох тухай ярьж байна.

Шинээр суралцах, дасан зохицох, өсөн хөгжихийн тулд өөртөө амлалт өг. Өөртөө хязгаарлалт тавихаас илүүтэй, зорилго, алсын хараагаа тодорхойл. Туршиж үзэх зүрхтэй бай. Ая тухтай бүсийнхээ гадуур хөл тавь. Чадна гэдэгтээ итгэ, тэгвэл замынхаа хагаст хүрлээ л гэсэн үг.

2.Хурдан, бас байн байн бүтэлгүйт.

Хэрхэн ялагдахгүй байхад суралцахын тулд олон олон ялагдалтай учрах ёстой. Бүтэлгүйтэл гэдэг бол суралцах үйл явц; чамайг өсөн дэвжихэд, өөрийгөө хэн гэдгийг таньж мэдэхэд, бүтэлгүйтсэнийхээ дараа дахин хэрхэн босох ёстойг ойлгоход тусалдаг. Энэ бол амьдралынхаа туршид өөртөө итгэх итгэлээ аажмаар нэмэгдүүлэх үйл явц.

Урагшаа зогсолтгүй алхаж л байгаа бол, хэдэн удаа бүтэлгүйтгэх, хэр удаан явах чинь хэнд ч хамаагүй гэдгийг сана.

3.Заримдаа буруу байж болно гэдгээ хүлээн зөвшөөр.

Үргэлж бүхнийг зөв хийх албагүй, харин буруу хийлээ хэт их санаа зовох хэрэггүй.

Яг л байн байн бүтэлгүйтдэг шиг, заримдаа буруу байх нь зайлшгүй зүйл. Үргэлж зөв байх байр суурийг сонгодог хүмүүс өөртөө итгэлтэй хүмүүс биш, харин цадиггүй, сайрхуу хүмүүс байдаг. Тэд өөрсдийгөө бүхнийг мэддэг гэж боддог ба чамайг ч бас түүнийг нь мэдээсэй гэж хүсдэг. Үргэлж зөв байх гэсэн шаардлага нь тэдний алдаанаасаа суралцах боломжийг хаачихдаг.

Хэрэв жинхэнэ итгэлтэй байдлыг өөртөө бий болгохыг хүсч байгаа бол, зарим үед буруу байж болохыг өөртөө зөвшөөр. Үзэл бодлынхоо төлөө бат зогс, харин байр сууриа буруу байгааг ухаармагцаа хүлээн зөвшөөрч сур. Энэ бол аль нь зөв гэдгийг чамд ойлгуулах гэсэн алдаа, туршилтын үйл явц. Зөв зүйлийг олж мэднэ гэдэг үргэлж зөв байхаас хамаагүй илүү чухал.

4.Бусдыг урамшуулж, инээмсэглэхэд нь тусал.

Амьдралын хамгийн сайхан нь зүгээр л оршин байхдаа биш, хүсэл тэмүүлэл, энэрэл нигүүлсэл, хошигнол, өгөөмөр зан, сайхан сэтгэлтэйгээр урган цэцэглэх, эдгээрийг ашиглан дэлхий ертөнцийг илүү аз жаргалтай газар болгох явдал юм.

Бид өөрсдийнхөө тухай сөргөөр бодох үедээ энэхүү мэдрэмжээ бусад руу онилон, тусгаж, тэдгээр нь буруушаал, хов жив, үл тоомсорлолт зэрэг хэлбэрүүдээр бидэнд буцаж ирдэг. Энэхүү сөрөг циклийг тасдахын тулд бусдыг магтаж, урамшуулах зуршлыг өөртөө хэвшүүлэх хэрэгтэй. Хэн нэгэн сайхан харагдаж байгаа бол, хэл. Ажил үүргээ маш сайн гүйцэтгэсэн бол, баяр хүргэ. Эргээд өөрийг чинь хорлох хов живнээс холуур байж, эргэн тойрон дахь хүмүүсээ магтан урамшуул. Ингэх явцдаа чи хүмүүст инээмсэглэхэд нь туслах ба, эргээд өөрийнхөө тухай сайхнаар бодож эхлэх болно.

Бусдын сайхныг нь олж харснаар, өөрийнхөө доторх хамгийн сайхныг гаргаж ирэх эхлэл болдог.

5.Сэтгэлээр унасан ч, царайндаа инээмсэглэл тодруул.

Хамгийн сайн эм бол маш хүчтэй инээд, мөн нөхцөл байдлыг тэр хэвээр нь үлдээх, сэтгэл зүрхнээсээ тавьж явуулах тэнхээ юм.

Аливаа зүйлс төлөвлөсний дагуу бүтээгүй үед, инээх эсвэл уйлах 2 сонголт л ихэнхдээ үлддэг. Учир нь энэ бол сэтгэлээр унасан үед хүмүүс зөнгөөрөө гаргадаг хариу үйлдэл юм. Аль аль нь зүгээр ч, инээх нь илүү сайхан мэдрэмжийг төрүүлдэг.

Хамгийн харанхуй мөчүүдэд ч, тухайн нөхцөл байдлын гэрэлтэй талыг олж харахыг хичээж, нүүрэндээ инээмсэглэл тодруул. Ингэснээр чи эерэгээр бодож сэтгэж, урд чинь тосч буй бүхий л боломжуудад итгэх итгэлээ дахин сэргээж чадна.

6.Ихэнх хүмүүсийн чиний талаар юу гэж бодож байгааг бүү тоо.

Чамд нэг их хамааралгүй хүмүүс өөрсдийн санаа бодлоороо чинийхийг хордуулахыг зөвшөөрөхөө боливол, амьдрал чинь хэр их өөр байх байсан бол?

Facebook –т 5000 найзтай, Twitter –т 20000 дагагчтай юу? Мэргэжлийн болон хувийн сошиал сүлжээндээ хэдэн зуу, хэдэн мянган найзтай юу? Тэгвэл сайн л байна. Гэхдээ энэхүү томоохон сүлжээ бүхий танилуудаас чинь илүүтэйгээр хамгаас үнэ цэнтэй гэр бүлийнхэн, найзуудынхаа итгэл хүндлэлийг олж, хадгалах нь л чухал гэдгийг мартаж болохгүй. Энэхүү онцгой хүмүүсийн итгэл, хүндлэлийг олсон цагт, хаана ч явсан, юу ч хийхээр зориглосон, итгэл дүүрэн гүйцэтгэх болно. Учир нь чамд үнэхээр чухал хүмүүс чиний ард үнэнчээр зогсож байгаа гэдгийг чи мэдэж байгаа учраас.

Өнөөдрийг гадны ямар нэгэн баталгаа нотолгоо хайх шаардлагагүйгээр, өөрийнхөө гэрэлтүүлгийн дор бат зогсох өдөр болгоё. Өрөөл бусдын хэлэхийг тоолгүй, зөвхөн чиний хувьд үнэ цэнтэй хүмүүсийнхээ санаа бодлыг л сонсоё.

7.ЯГ ОДОО эхэл.

Аливааг эхлүүлэхээс татгалзана гэдэг хамгийн хялбар сонголт байж болох ч, эцэстээ хүссэн үр дүндээ хэзээ ч хүрэхгүй болохыг чинь баталдаг цор ганц сонголт.

Бид хүлээлтийнхээ хохирогч болох нь олонтаа. Бид тохиромжтой цаг ирэхийг хүлээх ёстой мэт санадаг: албан тушаалд томилогдох, дэвших, бэлэн болох, дээд удирдлагууддаа сонгогдох гээд л. Гэв гэнэтхэн л юм бүхэн төгс төгөлдөр болох цаг ирнэ гэж мөрөөддөг.

Үнэндээ “Яагаад би биш гэж?, Яагаад одоо биш гэж?” гэж бодохтой л холбоотой байдаг.

Одоогийн дижитал, хоорондоо холбоо сүлжээ бүхий ертөнцөд хүссэн бүхий л зүйлдээ хандахад хялбар болж. Хэрэгтэй байгаа бараг л хэнтэй ч шахам сошиал медиагаар дамжуулан холбогдох боломжтой болсон. Өөрийн найз нөхөд, мэргэжлийн салбарынхантайгаа холбоо тогтооход хялбар болсон. Чи өөрийн гэсэн профайл, бүтээгдэхүүнээ загварчилж, зохион бүтээх боломжтой болсон. Хүмүүсийн анхаарлыг, хэрэглэгчид, хөрөнгө оруулалтыг татахын тулд блог хөтөлж, контент маркетинг явуулах боломжтой болсон. Замаа өөрөө сонгох боломжтой болсон – хүссэн хичээлээ сонгон суралцах боломжтой болсон.

Яг одоо, хүссэн зүйлдээ хүрэх эхлэлийг тавь. Жижигхэн алхам урагшил, дахиад нэгийг. Гишгэсэн алхам бүрийнхээ тоогоор чи улам хүчирхэгжиж, өөртөө улам илүү итгэлтэй болох болно.

Чиний ээлж...

Энэхүү нийтлэлийг эхлүүлсэн асуулт руу эргэн зочилъё: Хэрэв та өөртөө итгэх итгэлийн түвшингээ хэзээ ч хэлбэлзэхээргүйгээр тогтоон барьж чаддаг байсан бол юуг өөрөөр хийх байсан бэ?

Энэхүү жагсаалтанд юуг нэммээр байна вэ? Өөртөө итгэх итгэлтэй болоход танд юу тусалсан бэ? Бидэнтэй туршлагаасаа хуваалцана уу.

Эх үүсвэр:

http://www.marcandangel.com/2013/06/27/7-unconventional-ways-to-build-your-confidence/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
35
4
0
1
0
1
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35