Европын холбоо олон улсын байгууллагуудаар дамжуулан Газын зурваст 25 сая еврогийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэрийг орон нутгийн цагаар 6-ны өдөр гаргасан байна.
Бельгийн Брюссель хотноо зохион байгуулагдсан Европын холбооны Элчин сайд нарын 2023 оны бага хурал дээр Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен үг хэлэх үеэрээ “Хэрэв энэ удаагийн нэмэлт тусламжийг тооцвол Газын зурвас дахь энгийн иргэдэд үзүүлж буй дэмжлэгийн хэмжээ 100 сая евро болох болно” хэмээн ийнхүү шийдвэрлэснээ зарлажээ.
Тэрээр үргэлжлүүлэн “Хүмүүнлэгийн коридорыг нээж, цэргийн ажиллагааг түр хугацаагаар зогсоох зэрэг асуудлаас гадна Газын зурваст тусламжийн бараа ачсан ачааны машиныг аль болох олон тоогоор нэвтрүүлэхийн тулд Израиль, Египет, НҮБ-тай хамтран ажилласаар байна” хэмээн цохон тэмдэглэв.
Түүнчлэн “Одоогоор хүмүүнлэгийн бараа ачсан ачааны машинууд Рафах боомтоор дамжин Газын зурвас руу явсаар байгаа ч тус бүс нутагт асар их хэмжээний хүмүүнлэгийн хэрэгцээ шаардлагатай байгаатай харьцуулахад эдгээр тусламжийн цуваа нь тун хангалтгүй байгаа юм. Мөн Кипрээр дамжин өнгөрөх далайн гарц зэрэг нэмэлт замуудыг ашиглах асуудлыг шийдвэрлэхэд бид хүчин чармайлт гарган ажиллаж байна” хэмээн дурджээ.
Урсула фон дер Ляйен “Израиль улс Хамас бүлэглэлийн эсрэг тэмцэх эрхтэй ч энгийн иргэдийг хохироохоос зайлсхийх нь тун чухал асуудал юм” хэмээн шаардлага тавьсан байна.
Ийнхүү шаардсан явдал нь уг дайн дэгдсэнээс хойш Газын зурвас дахь энгийн иргэд их хэмжээний хохирол амссан ч Европын холбооны тэргүүнийхээ хувиар Израилийг дэмжсээр байна гэх шүүмжлэл олон улсын хэмжээнд газар авч байгаатай холбоотой болов уу хэмээн шинжээчид дүгнэжээ.
Өнгөрсөн сарын 7-ны өдөр Палестины улс төрийн, зэвсэгт Хамас бүлэглэл Израиль руу гэнэтийн дайралт хийсний хариуд Палестины эрх баригчдад үзүүлэх тусламжаа "бүрэн зогсооно" гэж Европын комиссын зүгээс мэдэгдэж байсан ч шүүмжлэлд өртсөний улмаас энэхүү шийдвэрээ эргүүлэн татсан юм.
Эх сурвалж: SBS