Холливудын жүжигчдийн ажил хаялт дөрвөн сар орчим үргэлжилсний эцэст сая нэг дуусгавар болжээ.
Холливудын жүжигчид, нэвтрүүлэгчдийн үйлдвэрчний эвлэл орон нутгийн цагаар 8-ны өдөр мэдэгдэл хийхдээ “Өнөөдөр үдээс хойш бид Кино, телевизийн продюсеруудын холбоотой 118 хоног үргэлжилсэн ажил хаялтыг зогсоох урьдчилсан хэлэлцээрийг амжилттай хийлээ. Ажил хаялт 9-ний өдрийн 01:01 цагт албан ёсоор дуусна” хэмээн өгүүлсэн байна.
Үйлдвэрчний эвлэл болон продюсеруудын холбоо нь урьдчилсан хэлэлцээрийн хүрээнд жүжигчдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, стриминг үйлчилгээ үзүүлэгч компаниуд жүжигчид болон зохиолчдод олгох ёстой хувийг ном ёсоор өгөх, эрүүл мэнд болон тэтгэврийн сангийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэсэн аж.
Мөн жүжигчдийн хүсэлтээр хиймэл оюун ухааны технологийг ашиглахтай холбоотой шинэ дүрэм журмыг ч мөн хавсаргаж өгсөн байна.
Жүжигчдийн үйдвэрчний эвлэлийн зүгээс Netflix, Disney зэрэг Холливудын томоохон компаниудыг төлөөлдөг Кино, телевизийн продюсеруудын холбооны эсрэг өнгөрөгч долдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ажил хаялт зарлаад байсан билээ.
Тэд хэд хэдэн шаардлага тавьсны нэг нь стриминг платформ дээрх уран бүтээлийг нь үзэгчид үзэх тоолонд авах ёстой хувиа ёс журмынх нь дагуу авч чадахгүй байгаа гэдгээ тухайн үед онцолж энэ асуудлыг шийдвэрлэхийг шаардсан юм.
Түүнчлэн жүжигчдийн дүрс, дуу хоолойг хиймэл оюун ухааны технологийн тусламжтайгаар зөвшөөрөлгүй ашиглах нөхцөл байдал үүсэхээс сэргийлэн, арга хэмжээ авах шаардлагыг мөн хүргүүлээд байв.
Эх сурвалж: MBC