“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
4 сарын 18. 11:230

“Долоогийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын гурван өдрийн уулзалт Италийн Капри арал дээр лхагва гарагт эхэлжээ.

АНУ, Их Британи, Франц, Итали, Герман, Канад, Японы сайд нар Израил, Ираны хурцадмал байдал, Газын зурвас болон Украинд үргэлжилж буй дайн зэрэг асуудлуудыг голчлон хэлэлцэх төлөвтэй байна.

“Долоогийн бүлэг”-ийг даргалж буй Итали улс Газын зурваст гал зогсоож, Ойрхи Дорнодын хурцадмал байдлыг намжаахыг хичээж байгаа боловч Израилын тал барууны орнуудын зүгээс хүлээцтэй байхыг уриалж байгааг үл харгалзан амралтын өдрүүдэд хийсэн Ираны дайралтад хариу цохилт өгөх магадлал өндөр байна.

Италийн Гадаад хэргийн сайд Антонио Таяни мэдэгдэхдээ, олон улсын хурцадмал нэмэгдэж байгаа үед Итали тэргүүтэй “Долоогийн бүлэг” энх тайвны төлөө ажиллах үүрэгтэй гэлээ.

Дөрөвдүгээр сарын 1-нд Дамаск хот дахь Ираны Консулын газрын байр руу Израилын талаас өгсөн гэж таамаглаж буй агаарын цохилтын улмаас Ираны хоёр генерал болон хэд хэдэн офицер амь үрэгдсэний хариуд хийсэн дайралтын дараа “Долоогийн бүлэг”-ийн орнууд Израилд дэмжлэг үзүүлэхээ амласан юм.

АНУ-ын тал ойрын өдрүүдэд Техраны пуужин болон нисгэгчгүй онгоцны хөтөлбөрт шинээр хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдээд холбоотнууд нь ч мөн адил арга хэмжээ авна гэж найдаж байна. А.Таяни энэ долоо хоногт “Ройтерс” агентлагт мэдээлэхдээ, хориг арга хэмжээ зөвхөн хувь хүмүүст чиглэж магадгүй гэжээ.

Өнгөрсөн бямба гарагт Ираны хөөргөсөн пуужин, нисгэгчгүй онгоцны ихэнхийг Израил болон түүний холбоотнууд сөнөөсөн бөгөөд хүний амь нас эрсдээгүй юм. Гэвч Израил тогтоон барих хүчнийхээ найдвартай байдлыг хадгалахын тулд хариу арга хэмжээ авах ёстой гэж мэдэгджээ. Иран энэ асуудлыг одоохондоо хаагдсан гэж үзэж байгаа хэдий ч Израил хариу арга хэмжээ авбал дахин хариуг нь барина гэдгээ мэдэгдсэн байна.

Украин

Украины дайн мөн Каприд болж буй уулзалтын гол сэдэв байх бөгөөд пүрэв гарагт Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нар хэлэлцээнд оролцохоор төлөвлөжээ.

Эрчим хүчний сүлжээнд нь өгч буй Оросын агаарын цохилтын улмаас Киевт учрах дарамт нэмэгдэж байгаатай холбоотойгоор “Долоогийн бүлэг”-ийн сайд нар Украинд нийлүүлэх агаарын довтолгооноос хамгаалах системийг хэрхэн нэмэгдүүлэх талаар ярилцана гэж Германы тал лхагва гарагт мэдэгдсэн байна.

Өөр нэг гол асуудал бол Европын Холбооны зарим гишүүн орнууд ийм алхам хийх нь хууль ёсны эсэх талаар эргэлзэж байгаа энэ үед барууныхны эзэмшиж буй 300 тэрбум ам.долларын Оросын царцаасан хөрөнгөөс Украинд тусламж үзүүлэхэд ашиглах арга зам байх ажээ.

Лхагва гаргийн орой болох уулзалтын нээлтийн хуралдаанд Газын зурвас болон Ираны асуудал яригдах бол пүрэв гаргийн өглөө Улаан тэнгис дэх нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ. Сайд нар Украины талаар хэлэлцэхээсээ өмнө Африк тивтэй харилцаагаа бэхжүүлэх арга замуудыг мөн авч үзэх төлөвтэй байна.

Түүнчлэн “Долоогийн бүлэг”-ийн сайд нар Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдлын талаар ярилцаж, дэд бүтцийн холболт, кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухааны талаар, мөн хуурамч мэдээний эсрэг тэмцэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж Италийн тал мэдэгджээ.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26